Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2023/00013

 

 

 

     

 

                      

С.Е-, Ө.Б- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00880 дугаар шийдвэртэй, **** оршин суух Ө.Б-, *****оршин суух С.Е- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж-/-д холбогдох,

“Ө.Б-ийг Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, С.Е-ыг барилгын инженерийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч Ө.Б-, С.Е-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Байгонак, хариуцагчийн төлөөлөгч Ш.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. С.Е-, Ө.Б- бид хоёр тус байгууллага анх байгуулагдсан үеэс буюу 2010 оны 5 дугаар сараас эхлэн Ө.Б- жолоочоор, С.Е- барилгын хяналтын инженерээр тус тус ажиллаж ирсэн.

1.2. Энэ хугацаанд бид хоёр зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ө.Б- намайг сайн ажиллаж байсныг аймгийн зохих шатны удирдлагууд өндрөөр үнэлж “Онц тээвэрчин” цол тэмдгээр, аймгийн тэргүүний ажилтан, Өлгий сумын хүндэт өргөмжлөл, Барилга захиалагчийн хүндэт өргөмжлөл, Барилгачдын 90 жилийн ойн тэмдэг зэргээр шагнуулсан. С.Е- намайг Барилга захиалагчийн албаны аварга, Өлгий сумын Засаг даргын хүндэт өргөмжлөл, Барилга хот байгуулалтын сайдын Тэргүүний барилгачин, Баян-Өлгий аймгийн барилгачдын холбооны 60 жилийн ойн тэмдгээр тус тус шагнуулж байсан. Бид хоёр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь түргэн шуурхай чанартай биелүүлж ирснийг манай хамт олон мэднэ.

1.3. Шинээр даргаар томилогдож ирсэн Ш.Ж- нь гэнэт ямар ч ор үндэслэлгүйгээр бид нарт мэдэгдэхгүйгээр С.Е- намайг 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, Ө.Б- намайг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажилд оруулахгүйгээр, өнөөдрөөс эхлэн ажлаас халсан гэж хэлсэн. Бид нарт тушаал гардуулж өгөөгүй. Улмаар бид нар ажлаас чөлөөлсөн тушаал асуухад тушаал авах гэж байгаа бол ажлаас чөлөөлж өг гэсэн өргөдөл өг гэж хэлсэн.

1.4. Ө.Б- би байгууллагын тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр намайг ээлжийн амралттай байхад “энэ машиныг актлах гэж байна, аймгийн захиргаанд хүлээлгэж өгөхөөр болсон, аймгийн Төрийн өмчийн газрын дарга Т.Н авчир гэж шаардаж байна” гэж хэлээд машиныг авсан. Би маргааш нь Т.Н даргаас лавлаж асуухад тэрээр “би танай байгууллагын тээврийн хэрэгслийг аваагүй, танай байгууллагын бүх эд хөрөнгийн жагсаалт нь манай байгууллагын жагсаалтад байхгүй, танай машиныг хурааж ир” гэж хэлээгүй гэж хэлсэн. Үүнээс үзэхэд тэрээр надаас уг хоёр машиныг салгаж авах гэсэн санаа байсан гэдгийг сүүлд ойлгосон.

1.5. Бид хоёр аль аль нь ч гэсэн цалингаараа амьдарч байгаа, цалингийн зээлтэй хүмүүс, илүү хөрөнгө, харилцах компани гэх мэт өөр орлогогүй хүмүүс. Иймд нэхэмжлэгч Ө.Б- намайг Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, С.Е- намайг барилгын хяналтын инженерийн ажилд тус тус эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. С.Е-, Ө.Б- нар тус Барилга захиалагчийн албанд 2012 оноос өдий хүртэл ажиллах хугацаанд байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс авч ажиллаж ирсэн байна.

2.2. Тэрээр төрийн албан хаагчийн захирагдах зарчмыг хүлээн зөвшөөрдөггүй, даргын тавьсан шаардлыг хүлээж авдаггүй, ажлын цаг баримталдаггүй, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаггүй, сахилга бат тааруу ажилчид юм. С.Е-ы хувьд тус байгууллагад ажилладгаас гадна 2015 оноос “О” ХХК-ийг байгуулж, улмаар барилгын мэргэшсэн төсөвчний зэрэг авч, төсөл арга хэмжээний жагсаалтад орсон барилгын ажлын өртөг өндөр барилга угсралт, засварын ажлуудад төрийн ажлыг хувийн болгож хавсарган, зураг төсөл зохиож өөрийн зохиосон зураг төсөл дээр өөрөө хяналт тавьж ирсэн байна. Барилга захиалагчийн дүрэм болон Барилгын тухай хуульд захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн албан хаагч, хяналтын инженер барилгын болон зураг төслийн хувийн компанитай байж болохгүй гэж заасан байдаг. Үүний тод жишээ нь тус аймгийн Цэнгэл сумын соёлын төвийн дээврийн барилгын засварын ажлын зураг төслийг зохиож өөрийн компани болох “О” ХХК-ийн инженерээр ажиллаж засварын ажлын комиссын бүрэлдэхүүний гишүүн, дүгнэлт гаргаж, саналаа дэвшүүлж, актад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

2.3. Мөн Өлгий сумын 2 дугаар бага сургуулийн засварын ажлын зураг төсвийг хийж, өөрийн зохиосон зураг төсөл дээр өөрөө давхар хяналт хийж сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, барилгын ажлыг чанаргүй хийлгүүлснийг аймгийн аудитын шалгалтаар зөрчил илэрсэн болно. Иймэрхүү байдлаас болж удаа дараа түүнд сануулга өгсөн боловч анхааралдаа аваагүй тул 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын нийт ажилчдын дунд хурал зарлаж, С.Е-д Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар сахилгын шийтгэл ногдуулсан.

2.4. С.Е- нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өглөө ажилд 8:42 минутад ирсэн ба өдөр 10:00 цагийн үед ажлаас гарч яваад сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн нэг сар хорин хоног дараалан ажил тасалсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан учир ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гарт нь өгөх гэхээр гар утас нь холбогдохгүй байсан тул 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар хүргүүлсэн.

2.5. Жолооч Ө.Б- нь тус Барилга захиалагчийн албанд 2012 онд ТҮ-2-1 зэрэглэлээр жолоочийн орон тоонд орсон байна. Ө.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтыг биеэр эдэлсэн бөгөөд мөн оны 6 дугаар сарын 28-ны өдөр эргэж ажилд орох байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 хоног ажил тасалсан. Тус Барилга захиалагчийн алба 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр УАЗ-31512 маркийн цагаан саарал өнгөтэй, 0072943 хөдөлгүүртэй, 0021227 арал, кузовтой, АЯ серийн 0135115 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг тухайн үед 7,000,000 төгрөгөөр худалдан авч байгууллагын дансанд бүртгэж авч, Ө.Б-д итгэл үзүүлэн хариуцуулсан байдаг. Тус Барилга захиалагчийн албаны даргын дугаар А/01 дугаар тушаалаар байгууллагын үндсэн хөрөнгө эд материалын тооллого хийх комисс байгуулж, даргаар нь Ж.К-ныг томилсон. Улмаар Ө.Б-д хариуцуулсан УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг тооллогын комисст үзүүлж, байгууллагын хашаанд авчирч тавихыг удаа дараа шаардсан боловч шаардлагыг эс зөвшөөрсөн. Байгууллагын эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд ажлын хэсэг шалгалт хийх явцад Ө.Б- нь гэрээсээ гарч ирэн энэ тээврийн хэрэгсэл Барилга захиалагчийн албаны эд хөрөнгө биш, тээврийн хэрэгсэлд байгаа бүх зүйл миний хувийнх та нар авбал хоосон машины бүхээг авцгаа гэж ажилчдыг хэл амаар доромжилсон.

2.6. Мөн 2014 онд авсан байгууллагын дансанд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг 2016 онд Оросын Холбооны Улсын “Хош-агач” районд Ө.Б- согтуугаар жолоодож яваад онхолдуулсан байна. Тухайн тээврийн хэрэгслийг тэнд үлдээсэн бөгөөд адилхан УАЗ маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр буюу 300000 төгрөгөөр худалдан авч хуучин тээврийн хэрэгслийн бичиг баримтыг ашиглаж ирсэн байна. Ө.Б- нь уг тээврийн хэрэгслийг өгөхгүй гэхээр нь аргагүй эрхэнд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу 6 дугаар сарын 16-ны өдөр байгууллагад авчирч өгсөн. Гэвч уг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэхэд моторын радиатор болон 5 ш дугуйг бүрэн сольсон, машины бүхээгийн шалавчийг хүртэл авч үлдсэн байсан. Түүнийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00880 дугаар шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан Ө.Б-ийг Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, С.Е-ыг Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны барилгын инженерийн ажилд тус тус эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албанаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Нэхэмжлэгч С.Е-, Ө.Б- нарт хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэж, ажлаас чөлөөлсөн. С.Е- нь өмнө нь сахилгын шийтгэлтэй байсан хугацаанд дахин ажил тасалж сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Ө.Б- нь хариуцуулсан байгууллагын эд хөрөнгө болох Уаз 315120 маркийн БӨТ-**** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ээлжийн амралттай буюу чөлөөтэй байх хугацаанд ашиглалт, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгахгүйгээр гэртээ авч явж, хувийн хэрэгцээнд ашигласан ба байгууллагын үйл ажиллагаанд ашиглахад саад учруулсан, эд хөрөнгийн тооллого хийхэд саад учруулсан, шалтгаангүй 2 хоног ажил тасалсан зөрчлүүдэд сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас чөлөөлсөн. Ажилтнуудын эдгээр зөрчлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх ажилтнуудыг ажилд эгүүлэн томилсон шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.

4.2. Шүүхээс “ажилтан С.Е-, Ө.Б- нартай ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулж ирсэн, ... зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Ажилтнууд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэсэн байхад шүүх ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

4.3. Ажилтнууд нь илэрхий зөрчил буюу ажил таслах зөрчлийг гаргасан байхад тэднийг зөвтгөж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал гэж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл удаа дараа ажил тасалж байгаа ажилтныг ямар ч зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж болохгүй. С.Е-ы зөрчил тогтоогдоогүй гэжээ. С.Е- нь сануулах шийтгэл хүлээсэн байх бөгөөд уг тушаал шийдвэрт гомдол гаргаагүй. Ингэж сахилгын шийтгэл хүлээсний дараа ажилдаа ирэхгүйгээр орхиж явсан. Шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан зөрчилд нь урьд нь сахилгын зөрчилтэй байсан учраас ажлаас халахаас өөр аргагүй байсан. Ө.Б-ийг хариуцуулсан байгууллагын эд хөрөнгө болох Уаз 315120 маркийн БӨТ-**** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ээлжийн амралттай буюу чөлөөтэй байх хугацаанд ашиглалт, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгахгүйгээр гэртээ авч явж, хувийн хэрэгцээнд ашигласан ба байгууллагын үйл ажиллагаанд ашиглахад саад учруулсан, эд хөрөнгийн тооллого хийхэд саад учруулсан зөрчлүүд нь тус тус тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг огт үнэлэхгүйгээр буруу дүгнэлт хийж, Ө.Б-ий зөрчил тогтоогдоогүй гэж байгаа нь хэт нэг талыг баримтлан илтэд хууль бус дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.4. Сахилгын зөрчил гаргасны дараа 1 сарын дараа ажлаас чөлөөлсөн гэжээ. С.Е- нь олон хоног ажил тасалсан ба түүний ажил тасалсан шалтгааныг тодруулахгүйгээр шууд хариуцлага хүлээлгэж болохгүй байсан. С.Е- нь ажилдаа ирэхгүйгээр ажил тасалж байсан ба дуудахад ирэхгүй байсан тул түүнийг ажил тасалсан гэж үзэх үндэслэл бий болсон. Тэгээд түүний ажил тасалсан үйлдэл үргэлжилж байсан тул хамгийн сүүлд ажил тасалсан хугацаанаас хойш нэг сарын дотор арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00880 дугаартай шийдвэрийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч Ө.Б-ий давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

5.1. Миний бие Барилга захиалагчийн албыг анх байгуулагдах үед хамт байгуулаад, 2010 онд жолоочоор ажилд орсон. Тэрнээс хойш ажиллаж байх хугацаандаа нэг ч зөрчил гаргаж байгаагүй. 2021 онд Ж- манай байгууллагад замын инженерээр орсон боловч Оросын Холбооны Улсаас төгссөн диплом нь хуурамч байж таараад ажлаас халагдсан байсан. Нэг сарын дараа Сайранбек дарга өндөр настны тэтгэвэрт гарсны дараа Ж- даргаар томилогдсон.

5.2. Ажлаа авангуутаа бид нарыг дарамталж, намайг ээлжийн амралтаа эдлээд ирэхэд ажлаас халсан байсан. Машиныг авч явсан асуудал байхгүй. Манай байгууллага Ардын намын нэг өрөөг түрээсэлж суудаг. Машиныг байлгах хашаа, гарааш байхгүй. Анхан шатны шүүх үнэн зөвөөр шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.  

 

6. Нэхэмжлэгч С.Е-ы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Удаа дараа сахилгын шийтгэл оногдуулж, хамгийн сүүлд цаг баримтлахгүй, ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Ажилдаа очиход “би чамайг ажиллуулж чадахгүй, өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөлдөө бичиж өг” гэж хэлж байсан. Тушаалыг гаргаж өгөөгүй. Шүүхэд хандах гэхэд тушаал нь гарсан гээд шуудангийн ажилтнаар хүргүүлсэн байсан.

 

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Байгонакийн  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

7.1.  Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг ажил тасалсан гэж байна. Ө.Б-ий хувьд амралттай байх хугацаанд нь тушаал гаргасан нь тодорхой харагдаж байна. Жолооч амралттай байх хугацаанд албаны ажил гарсан нөхцөлд тээврийн хэрэгслийг өөр хүнд бариулахаар болбол учир байдлыг хэлэхээс гадна өөр хүнд эзэмшүүлэхээр бол ажил олгогч албан ёсны тушаал гаргаж хүлээж авах ёстой.

7.2. Нэхэмжлэгч нар тухайн байгууллагын шилдэг ажилтнуудын нэг бөгөөд удаа дараа байгууллагын аваргаар шалгарч байсан. Урьд нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Аливаа ажилтан амралтаас хэзээ ажилдаа орох талаар ажил олгогч нь хэлэхээс биш нягтлан бодогч нь хариуцлага хүлээхгүй. Энэ талаар Улсын Дээд Шүүхийн тогтоолд тодорхой заасан байгаа. Цохолтод “амралт олгов” гэж бичсэн байгаа. Ө.Б-ий хувьд 29 хоног амрах ёстой байсан. Ж- ажлаа хүлээж авснаас хойш нэг сарын дотор ажилтнуудыг хоморголон ажлаас халсан асуудалд шүүхээс дүгнэлт хийж үзсэн байна.

7.3. Ажил олгогч ажлаас халсан тушаалдаа хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заалтуудыг баримталсан. Гэтэл 2 сар гаран даргаар ажиллахдаа  ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолт байгаагүй.

7.4. Хуурамч дипломтой хүнийг ажилд авсан гэх асуудал нь шалгагдаж байгаа. Нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаагаар хуурамч дипломын асуудлыг бид нар хөндсөн гэж харддаг юм шиг байна гэж байгаа. С.Е-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд ямар арга хэмжээ авсан нь тодорхой бус. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар үндэслэлийг тодорхой заах ёстой.Тухайн үед гомдол гаргасан бол  тухайн тушаал нь хүчингүй болох байсан гэж үзэж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

7.5. Нэхэмжлэгч Ө.Б-ий эхнэр нь хөхний хорт хавдартай.  6 сараас эхлэн ажлаас халчихсан учир эхнэрээ эмчилгээнд явуулж, энэ жилийн идшээ ч гаргаж чадаагүй.  С.Е-ы хувийн байдлын тухайд ажил, мэргэжилдээ чадварлаг. Удаа дараа байгууллагын аваргаар шалгарч байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүй ажлаас нь халсан асуудалд гомдолтой байна. Анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө хариуцагч талтай эвлэрэх гэсэн боловч ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй гэсэн тул эвлэрээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

            8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ С.Е-, Ө.Б- нарын нэхэмжлэлтэй гомдлоор авч хэлэлцэх хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            9. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан ажилтнуудын гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан учраас шийдвэрийг хэвээр үлдээж, дараах үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            10. Хэрэгт зохигчоос гаргаж өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг, тухайлбал:

            - Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албанд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс инженерээр ажиллаж байсан Б.Е-ыг тус албаны даргын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн б/08 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримтлан “хариуцсан ажилдаа хайнга хандаж зүй ёсоор гүйцэтгээгүй, шалтгаангүй ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож;

            - 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочоор ажиллаж байсан Ө.Б-ийг тус албаны даргын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг баримталж “байгууллагын эд хөрөнгө УАЗ315120 маркийн тээврийн хэрэгслийн арал, кузов, явах эд ангиудыг зөвшөөрөлгүй сольсон, өөртөө давуу байдал бий болгож байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож тус тус ажлаас чөлөөлсөн,

            - хариуцагчаас 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл /С.Е-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай/, Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн б/04 дүгээр С.Е-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн өдрийн Ногооннуур сумын 1-р багийн Засаг дарга болон зарим иргэдээс гаргасан өргөдөл, гэрэл зургийн хамт,

            - ажилтан С.Е-ы 2022 оны 6, 7 дугаар сарын цагийн бүртгэл, Өлгий сумын 2-р бага сургуулийн засварын ажлын төсөв, гэрээ, засварын ажлын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Ногооннуур сумын Бахлаг 1-р багийн төвийн байр барих ажлын гэрээ, барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, ашиглалтад авах комиссын хурлын тэмдэглэл болон бусад баримтууд,

            - нэхэмжлэгч С.Е-ы “Барилга захиалагчийн албанд удаа дараа очсон боловч албаны дарга Ш.Ж- нь ажилдаа оруулахгүй, оруулсан ч гэсэн ажил хийлгэхгүй, ажлаас халагдах өргөдлөө гараар бичиж өг гэж дарамталсан зэргээс болоод надад ажиллах боломж өнөөдөр хүртэл олдохгүй байна” гэх нэмэлт тайлбар,

            - ажилтан Ө.Б-ий 2022 оны 6 дугаар сарын цагийн бүртгэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, худалдах-худалдан авах гэрээ, гэрэл зургууд болон бусад баримтууд,

            - гэрч С.С, С.Н, Ж.М, М.С, Ж.К, М.М, С.Б, Т.А нарын мэдүүлэг,

            - шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажил олгогч байгууллагын 2021-2022 оны цагийн бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд,

            - Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар “Даргын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримталж тус албаны барилгын инженер С.Е-ыг “хариуцсан ажилдаа хайнга хандаж, зүй ёсоор гүйцэтгээгүй бөгөөд шалтгаангүй ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр,

            - тус албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар “Даргын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтыг баримталж “байгууллагын эд хөрөнгө болон ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ээлжийн амралттай буюу чөлөөтэй байх хугацаанд ашиглалт, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгахгүйгээр гэртээ авч явж, хувийн хэрэгцээндээ ашигласан ба байгууллагын үйл ажиллагаанд ашиглахад саад учруулсан, шалтгаангүй 2 хоног ажил тасалсан” гэсэн үндэслэлээр тус тус ажлаас чөлөөлсөн,

            - тус албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалаар жолооч Б.Б-ий хүсэлтийн дагуу түүнд 2022.06.01-ны өдрөөс 2022.06.28-ны өдрийг хүртэл ээлжийн амралт олгосон тухай,

            - Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн Ж.К, Ө.Б- нарын өгсөн гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл,

            - Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04-07-035/15, 04-07-035/150, 04-07-035/152 дугаар дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь, бодит байдлаар нь харьцуулан шинжлэн судлахад, ажилтан С.Е-ы хувьд “хариуцсан ажилдаа хайнга хандаж, зүй ёсоор гүйцэтгээгүй бөгөөд шалтгаангүй ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан” гэх, ажилтан Ө.Б-ий хувьд “байгууллагын эд хөрөнгө болон ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ээлжийн амралттай буюу чөлөөтэй байх хугацаанд ашиглалт, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгахгүйгээр гэртээ авч явж, хувийн хэрэгцээндээ ашигласан ба байгууллагын үйл ажиллагаанд ашиглахад саад учруулсан, шалтгаангүй 2 хоног ажил тасалсан” гэх хөдөлмөрийн сахилгын зөрчил тус тус үйлдсэн нь хангалттай тогтоогдохгүй байна.

 

            11. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж, 48.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй” гэж, 48.4-т “Энэ хуулийн 48.2-т заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, 49 дүгээр зүйлийн 49.3-т “Энэ хуулийн 49.1-д зааснаас гадна ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын ... зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно” гэж ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах ажил олгогчийн үүргийг хуульчилсан байхад ажил олгогч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны дарга, эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан болон тус албаны инженер С.Е-, жолооч Ө.Б- нарын хооронд тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар ажил олгогч байгууллагын дарга Ш.Ж-аас “би даргаар томилогдсоноос хойш нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж амжаагүй” гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан байна.

 

            12. Ажил олгогчоос ажилтан С.Е-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасныг баримталж Байгууллагын дотоод журмын 3.3.8-д “Ажилтан өөр ажилд шилжих, эсвэл өөрөө хүсэлтээ гаргах, тэтгэвэрт гарах зэрэг сахилгын зөрчил гаргавал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх буюу хална” гэж, 5.1.4-т “Хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тогтоосон дэг журмыг хатуу чанд сахиж, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны төлөвлөгөө, үүргийг бүрэн биелүүлж ажиллах”, 5.1.10-т “Ажилдаа ирэх, завсарлах болон цайны цаг дуусахад цаг бүртгүүлж байх” гэж зааснаар;

            ажилтан Ө.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтаас гадна 80.1.5 дахь заалтад “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасныг баримталж, Байгууллагын дотоод журмын 3.3.8, 5.1.4, 5.1.10-т зааснаас гадна 5.1.7-д “Ажлын цагаар үүрэг ажилд нь холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх”, 5.1.9-т “Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллах, өөрийн буруугаас гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулах” гэж зааснаар тус тус ажлаас чөлөөлсөн байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж хуульчилжээ.

           

13. Ажилтан С.Е-ы үйлдсэн гэх “хариуцсан ажилдаа хайнга хандаж, зүй ёсоор гүйцэтгээгүй” гэх зөрчлийн талаар ажил олгогчоос шалгаж тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүйгээс гадна уг үндэслэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.8, 5.1.4, 5.1.10 дахь заалтуудад хамааралгүй байна. Ажил олгогчоос Ногооннуур сумын 1-р багийн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хамт олны хурлаар хэлэлцээд, С.Е-д Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд тухайн баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг хариуцагчийн тайлбар, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлтэй харьцуулан дүгнэвэл, ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэсэн хязгаарлалтыг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            14. Ажил олгогчоос С.Е-ыг “шалтгаангүй ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.10-д заасныг зөрчиж сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин “ажил тасалсан” зөрчил гаргасан гэж үзжээ.

Уг зөрчлийн тогтоогдсон байдлыг дүгнэж үзвэл, байгууллагын ажлын цагийн бүртгэлд С.Е- нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажил тасалсан гэж бүртгэгдсэн, шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.К /Барилга захиалагчийн албанд хяналтын инженерээр ажилладаг/, М.М /тус албанд автозам хариуцсан инженерээр ажилладаг/, С.Б /тус албанд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажилладаг/ нар “С.Е- нь 2022 оны 6 дугаар сарын 07, 08-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, сүүлд ажилдаа ирэхээ байсан” гэсэн агуулгатай мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн боловч (1) хариуцагчаас гаргаж өгсөн байгууллагын ажлын цаг ашиглалтын бүртгэл С.Е-ыг ажил тасалсан гэх 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн бүртгэгдэж эхэлсэн, (2) ажил олгогчоос ажилтны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажил тасалсан гэж үзсэн атлаа энэ үндэслэлээр 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн, (3) С.Е-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Ажлаас халсан тухай тушаал гаргаж өгөөгүй. Тушаал гаргаж өгөх талаар хэд хэдэн удаа биеэр очиж асуухад, тушаал авна гэвэл “ажлаас чөлөөлж өг гэсэн өргөдөл гаргаж өг” гэж хэлдэг байсан” гэх, мөн түүний анхан шатны шүүхэд бичгээр гаргасан “Барилга захиалагчийн албанд удаа дараа очсон боловч албаны дарга Ш.Ж- нь ажилд оруулахгүй, ажилд оруулсан ч гэсэн ажил хийлгэхгүй “ажлаас гарах өргөдлөө гараар бичиж өг” гэж дарамталсан зэргээс болоод надад ажиллах боломж өнөөдрийг хүртэл олдохгүй байна” гэх нэмэлт тайлбар зэргийг харьцуулан үнэлж, ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэх хөдөлмөрийн сахилгын зөрчил бодитой тогтоогдоогүй гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            15. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь заалтад ажил олгогч нь энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, элдэв дарамтаас ангид ажлын байраар хангах үүрэгтэй бөгөөд ажилтан С.Е-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнийг ажлын байрандаа элдэв дарамтаас ангид ажиллах боломж, нөхцөлөөр хангах үүргээ ажил олгогч биелүүлээгүй атлаа түүнийг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн үйлдлийг хууль ёсны байх зарчмыг хангасан, ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд шударгаар хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Энэ талаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдсан “шинээр даргаар томилогдож ирсэн Ш.Ж- нь гэнэт, ямар ч ор үндэслэлгүйгээр бид нарт мэдэгдэж байгаагүйгээр нэгэн өдөр, өөрөөр хэлбэл С.Е-ыг 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс, Ө.Б-ийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс ажилд оруулахгүй, өөрөөр хэлбэл “өнөөдрөөс эхлэн ажиллахгүй болсон” гэж ажилд оруулахгүй байна” гэх тайлбар, С.Е-,  Ө.Б- нарыг 2022 оны 7 дугаар сарын 20, 29-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн үйл баримт зэргээс дүгнэвэл ажил олгогч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна”, 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө” гэж заасныг биелүүлсэн гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй болно.

 

16. Ажил олгогчоос ажилтан Ө.Б-ийг “байгууллагын эд хөрөнгө болон ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ээлжийн амралттай буюу чөлөөтэй байх хугацаанд ашиглалт, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгахгүйгээр гэртээ авч явж, хувийн хэрэгцээндээ ашигласан ба байгууллагын үйл ажиллагаанд ашиглахад саад учруулсан, шалтгаангүй 2 хоног ажил тасалсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч ажилтантай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгө хариуцдаг ажилтны ажлын онцлогтой нь холбогдуулан түүнтэй эд хөрөнгийн хариуцлагын гэрээг хөдөлмөрийн гэрээтэй нь хамт, эсхүл тусад нь байгуулах ажил олгогчийн үүргийг зөрчсөн, нөгөө талаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

17. Түүнчлэн жолооч Ө.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтаар “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасныг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн боловч тэрээр өөрийн хариуцсан эд хөрөнгийн ашиглалт, бүрэн бүтэн байдал, байгууллагын хэрэгцээнд ашиглахад саад болсон талаарх үйл баримт нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй байна.

 

18. Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргааны талаар материаллаг хуулийн хэм хэмжээг, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгч С.Е-, Ө.Б- нарыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь хууль ёсын бөгөөд үндэслэлтэй болжээ. Тиймээс дээр дурдсан үндэслэлүүдээр “шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

                                   

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК