Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2022/00898

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХААН банкны Б салбар /захирал Ө/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: ХААН банкны Б салбарын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/00 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б салбарын Төв тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч Н,

Хариуцагч байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү, А /цахим сүлжээгээр/, өмгөөлөгч Ж /цахим сүлжээгээр/,

Гэрч А, Г, М /цахим сүлжээгээр/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С нь хариуцагч ХААН банкны Б салбарт холбогдуулан ХААН банкны Б салбарын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/00дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б салбарын Төв тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие 2006 онд Олон улсын эдийн засагч мэргэжлээр онц сайн дүнтэй төгсөж, 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б салбарын ХААН банканд анх теллерээр ажиллаж эхэлсэн, ажилд орох хугацаанаас эхэлж ХААН банканд үнэн шударгаар ажилласны үр дүнд шат дараалан албан тушаал дээшлэн ажиллаж 2007 онд ахлах теллерээр, 2009 онд эдийн засагчаар, 2013 онд ахлах эдийн засагчаар, 2015 онд зээлийн багц хариуцсан менежерээр, 2018 оноос эхлэн Б аймаг дахь Төв тооцооны төвийн захирлаар дэвшин ажиллаж ирсэн. Өнөөг хүртэлх ХААН банканд ажилласан 16 жилийн хугацаанд ХААН банкны дотоод журам болон ХААН банкны ёс зүйн журмыг чанд сахиж ажиллаж ирсэн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаа алдалгүй биелүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг байсан.

1.2 Миний бие залуу насаа энэхүү банканд зориулан ажиллаж, шилдэг теллер, шилдэг ахлах теллер, шилдэг эдийн засагч, аймгийн оны шилдэг эдийн засагч, ХААН банкны мөнгөн од, 2019 оны системийн хэмжээний шилдэг тооцооны төв, 2019 онд даатгалын шилдэг борлуулагч, банк санхүүгийн тэргүүний ажилтан зэрэг шагналуудыг тус тус хүртэж байсан. Ажиллах хугацаандаа банкны зах зээлийн хүрээг тэлэхэд онцгой анхаарч бусад банкны том зээлдэгч болон депозит эзэмшигч нарыг татаж ажилласан. Б салбарын нийт багц болон депозитийн 45 хувийг, нийт ашгийн 60 хувийг миний хариуцаж байсан тооцооны төв бүрдүүлдэг юм.  

1.3 Намайг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас халах шийтгэл хүлээлгэсэн явдалд гомдолтой байна. Намайг буруутгаж байгаа зөрчлүүдийг зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарлахад:

А. Миний эхнэр хуваариа бизнес эрхэлдэг учраас манай банкнаас зээл хүссэн юм. Тухайн зээлийг манай банкны харилцааны менежер судалж ЛОС-т оруулахад техникийн алдаа гаргаж, зээлийн эргэн төлөлтийн хугацаанд алдаа гаргасныг намайг холбогдуулан буруутгаж, албан тушаалаа ашиглан банкны харилцааны менежерт нөлөөлсөн хэмээн хардаж арга хэмжээ авсан. Тодруулбал, миний эхнэр годон гутал зардаг. Годон гутал татах, бизнесээ өргөжүүлэх зорилгоор ХААН банкнаас 150 сая төгрөг Засгийн газрын дэмжлэгтэй ажлыг байрыг дэмжих зээлийг хүсэхэд салбарын зээлийн хорооноос 125 сая төгрөгийг жигд төлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэж байжээ. Гэтэл харилцааны менежер ЛОС программд эргэн төлөлтийн хуваарийг эхний 12 сар зөвхөн хүү төлөх нөхцөлөөр оруулсан байна. 3 сарын дараа салбарын зээлийн хорооны шийдвэрийг зөрчсөн байна гэсэн асуудал гарсан. Харилцааны менежерийн буруутай үйл ажиллагаанд миний бие ямар ч хамааралгүй бөгөөд тухайн зээлийг шийдвэрлэх, олгох, гэрээ байгуулах ажиллагаанд оролцоогүй, санал өгөөгүй, ямар нэгэн байдлаар нөлөөлсөн асуудал огт байхгүй. Тухайн зээлийн гэрээг алдаатай хийж, программд буруу оруулсан ахлах эдийн засагч, эдийн засагчаас арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэсэн байна.

Б. Дотоод аудитын газрын шалгалтаар удаа дараалан хангалтгүй үнэлэгдсэн гэх зөрчилд талаар тайлбар хийхэд Төв тооцооны төвийн хувьд Б салбарын 50 хувийг эзэлдэг бөгөөд том зээлүүд манай тооцооны төвд судлагддаг. Төв тооцооны төвийн хувьд олон жилийн турш Дотоод аудитаар С үнэлгээгээр үнэлэгдэж байгаа. Энэ удаа манай тооцооны төвд үйл ажиллагаа хүндэрсэн гэж үнэлгээ өгсөн нь үндэслэлгүй байна. Аудитаар бичсэн ихэнх зөрчил борлуулалтын орлого цэвэршүүлээгүй гэх зөрчил нь салбарын зээлийн хороогоор шат дараалан хяналтад орсон зээлүүд байгаа юм. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга хуралдаанаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн байхад зөвхөн намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Төв банкнаас хийсэн шалгалтаар бизнесийн зорилтын үнэлгээг хэвийн хэмээн үнэлсэн. Төв тооцооны төвийн бизнес % ашиг байнга өсөлттэй гарч байгаа. Салбарын зээлийн хороог салбарын дарга удирддаг байхад салбарын зээлийн хорооны гаргасан гэх зөрчилд намайг буруутган ажлаас халж байгаа нь үндэслэлгүй юм.

В. Зээлийн гэрээний үүрэг нь хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлд барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэх зөрчлийн талаар тайлбарлахад Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан албан тоотын хувьд хянаж боловсруулсан ажилтан харилцааны менежер байсан. Улсын бүртгэлээс барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүрэг нь салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг байсан учраас салбарын захирал тухайн зөрчлийг арилгуулж, үл хөдлөх хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд дахин бүртгүүлсэн байна. Үүнээс болж банканд ямар нэгэн хохирол учраагүй. Тэгээд ч надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заалтад заасан “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчиж шийтгэл хүлээлгэсэн юм.

1.4 Дээрх зөрчлүүдэд намайг буруутгаж, миний удаан жилийн турш банканд оруулсан бодит хувь нэмрийг үнэлэхгүйгээр ажлаас халж байгаа нь шударга биш байна. Би ёс зүйтэй ажилтан байж, өдөр шөнөгүй банкны төлөө ажиллаж, залуу насаа зориулсны хариуд ажлаас халагдаж байгаад харамсаж байна. Иймд салбарын захирал Л.Өнөржаргалын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ХААН банкны Б салбарын захирал Л.Өнөржаргал хариу тайлбартаа:

 

Сийн нэхэмжлэлтэй ХААН банкны Б салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

 

2.1 С нь Б салбарын ХААН банкны захирлаар ажиллаж байх хугацаанд ажлын байрны давуу тал, өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж хамтран үүрэг хүлээсэн ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ байгуулах үед салбарын зээлийн хорооны шийдвэрийг зөрчиж 12 сарын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэрээ байгуулсан, зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд саад болсон, зүй бусаар нөлөөлсөн.

2.2 Мэргэжлийн дотоод хяналтын зохистой нөхцөл байдлыг бүрдүүлж хяналт тавьж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж нь дотоод аудитын шалгалтаар муу үнэлгээ авсан. Зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйн улмаас өр, орлогын харьцаа хангагдаагүй, зээлдэгчид зээл олгосон зөрчлийг арилгаагүй. Зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийг бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулсан зөрчлүүдийг гаргасан.

2.3 Нэхэмжлэгчийн эхнэрийнх нь ажлын бүтээмжийг дэмжих 125 сая төгрөгийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж зээлийн гэрээ байгуулсан. Салбарын зээлийн хороо нь тэнцүү төлөлттэйгөөр 125 сая төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлийг олгохоор шийдвэр гарсан. Гэтэл нэхэмжлэгч зээлийн хорооны шийдвэрийг зөрчиж 12 сарын хөнгөлөлт эдлэхээр зээлийн гэрээг байгуулсан.

2.4 Дээрх зөрчлийг 2021 оны 5 дугаар сард тухайн хариуцсан эдийн засагчид нь зөрчлийг засах үүрэг даалгавар өгөөд сахилгын арга хэмжээ авах тухай хэлсэн боловч хариуцсан эдийн засагч нь зөрчлийг арилгуулах зорилгоор зээлийн гэрээний өөрчлөлтийг хийгээд зээлийн гэрээг шинээр байгуулах гэтэл хариуцсан эдийн засагчийнх нь шууд удирдлага байхгүй, х.Динарын шууд удирдлага С дээрх зөрчлийг арилгуулах үүргийг гүйцэтгээгүй, зүй бусаар нөлөөлсөн. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Аудитын шалгалтаар дээрх зөрчил илэрч, тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан. Тооцооны төвийн захирлын хувьд өөрийн харьяанд ажиллаж байсан эдийн засагчид зүй бусаар нөлөөлж, албан тушаалынхаа эрх мэдлийг ашиглаж, зөрчлийг арилгах ажилтанд зөрчлийг арилгуулаагүй ашиг сонирхлын зөрчил гаргаж ноцтой зөрчил гаргасан. Энэхүү үйлдэл нь салбарын зээлийн хорооны шийдвэрээр нотлогдож байгаа.

2.5 Тооцооны төвийн захирал нь нэгжийн дотоод хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх, тухайн тооцооны төвд олгож байгаа зээл, депозит бүх үйл ажиллагаанд дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Харин нэхэмжлэгч хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй. Удаа дараа аудитын шалгалт дээр муу үнэлгээ авсан учраас сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Удирдах албан тушаалтны хувьд ажлын байранд ашиг сонирхлын зөрчил гаргаж хяналтынхаа үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлж чадаагүй. Харилцааны менежерүүд зээл олгохдоо өр, орлогын харьцаагаа тодорхойлоод ирэхэд тооцооны төвийн захирлын хувьд хяналт тавьж, зээлдэгч нарын өр, орлогыг зөв тооцоолсон байна уу гэдэгт хяналт тавьж ажиллаагүй.

2.6 Мөн Тооцооны төвийн захирал С 2022 оны  03 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн албан тоот нь буруу албан тоот байсан. Харилцагч А зээлийг бүрэн төлж дууссан тул барьцааны гэрээг дуусгавар болсныг бүртгэж өгнө үү гэж албан тоот өгсөн байна. Улсын бүртгэлээс тухайн барьцааг чөлөөлж бүх бүртгэл хийгдсэн байна. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Улсын бүртгэлд албан тоот явуулсан байна. Алдаатай албан тоот хүргүүлснээс болж Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээж Б аймгийн салбарын Хаан банканд торгуулийн арга хэмжээ авхуулсан. Харин энэхүү зөрчлийг нэхэмжлэгч тайлбарлахдаа Б салбарын Хаан банкны харилцааны менежер М хийсэн тул би энэ зөрчилд хамааралгүй гэж хэлж байгаа нь өөрөө хариуцлагагүй байдал, ойлгомжгүй тайлбар гэж үзэж байна. Нэхэмжлэгч С нь Б салбарын ХААН банкийг төлөөлөх эрх мэдэлтэй албан тушаалтны хувьд Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан тоот дээр ноцтой зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

2.7 С-ийн гаргасан зөрчил нь банкны дотоод журам хэм хэмжээгээр дараах байдлаар зохицуулагдсан.  Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ХААН банкны ёс зүйн дүрэм, ажилтны ёс зүйн дүрэм, зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмын холбогдох заалтаар зохицуулагдсан. Хөдөлмөрийн гэрээний 5.7 дугаар зүйлд зааснаар гэрээнд тусгах үндэслэл болсон ноцтой зөрчилд хамаарч байгаа. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал дээр хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ёс зүйн журмыг тодорхой зааж өгсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.2 дахь хэсэгт “Хаан банкны ёс зүйн дүрэмд адилхан тооцсон зөрчил гаргасан”, 4.4.3 дахь хэсэгт “Ажил олгогчид хүлээлгэсэн итгэл, хангамж эрхэлсэн ажил давуу тал, албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглах, бусдад ашиглуулах” гэж зааснаар Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан тооттой холбоотой тооцооны төвийн захирлын хувьд олгосон эрх мэдлээ урвуулан ашиглаж ХААН банканд хохирол учруулсан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 4.4.8 дахь хэсэгт “Удирдлага доор ажиллаж байгаа ажилтан бусад ажилтнуудтай харилцаж хамтран ажиллагч байгууллагын ажилтанд нөлөөлөх” гэж зааснаар “Э” ХХК-ийн зөрчил дээр хамааралтай. Хяналт тавих, удирдах, зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй. Тооцооны төвийн захирлын хувьд тухайн нэгжийн үйл ажиллагааг хэвийн байлгах, явуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дараалан муу үнэлгээ авсан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 4.4.17 дахь хэсэгт “Зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийх, зээлийн гэрээтэй холбоотой үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж зааснаар таван харилцагч өр, орлогын харьцааг хангаагүй байхад “А” ХХК-д 300 сая төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл олгосон байгаа. Харин “А” ХХК-ийн өр, орлогын харьцааг тооцоолоод үзэхэд 165 сая төгрөгийн зээл авах боломжтой байхад буруу тооцоолж 300 сая төгрөгийн зээл олгосон. Мөн Н.Берденбек гэх харилцагчид өр, орлогын харилцаа хангаагүй байхад 100 сая төгрөгийн зээл олгосон.

2.8 Ажлын байрны тодорхойлолтын 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль тогтоомж ХААН банкны хяналт, дүрэм журамд зааснаар тооцооны төвийн захирал нь байнга хяналт тавьж ажиллах үүрэгтэй” байдаг. Нэгжийн зээлийн хороог удирдах, даргалах нэгжийн зээлийн хороогоор шийдвэрлэсэн зээлд хяналт тавьж, зөрчил дутагдал байгаа тохиолдолд засаж залруулах ажлыг гүйцэтгэнэ. Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар банкны салбарын хувьд өдөр тутамдаа баримтлан ажиллах үүргээ биелүүлээгүй. Ашиг сонирхлын зөрчил гаргасан нөхцөл байдал гарсан тохиолдолд энэ тухай мэдэгдэх, банкны шийдвэрт оролцохгүй байх үүрэгтэй. Гэтэл эхнэрийнхээ авсан зээл дээр нэхэмжлэгч өөрөө хамтран хариуцагчаар оролцсон асуудал байгаа. Гол асуудал нь Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь хэсэгт “Хэрвээ эдгээр зөрчлийг нэг удаа гаргасан бол хөдөлмөрийг гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа” гэж зааснаар ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 5.7.2 дахь хэсэгт “ХААН банкны ажилтан сахилгын ноцтой зөрчилд тооцогдох зөрчлийг гаргасан”, 5.7.8 дахь хэсэгт “Хаан банкны ажилтан бусад ажилтанд зүй бус шаардлага тавьсан, аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэхээр нөлөөлсөн”, 5.7.17 дахь хэсэгт “Зээлийн судалгаа шинжилгээ нь хангалтгүй хийх, эрсдэлтэй байдлыг бий болгосон” гэж зааснаар ноцтой зөрчилд хамаарч байгаа. ХААН банкны ёс зүйн дүрэм дээр хууран мэхлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.   

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банкны Б салбарын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/00 дугаартай тушаал, Сийн алын байрны тодорхойлолт, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22/02 дугаартай ХААН банкны хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сийн ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас итгэмжлэл, ХААН банкны салбарын аудитын газрын 2018, 2019, 2020, 2022 онуудын дотоод аудитын тайлан, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 202146207603 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БГҮ202146207603 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БГҮ/202146207603 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БГХ202146207603 дугаартай барьцааны гэрээ, зээлийн хорооны шийдвэр, зээл хүсэгчийн анкет, Э ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, С-ийн 2018, 2022 онуудын хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Сийн 2018 оны ажлын байрны тодорхойлолт, ХААН банкны Б салбарын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 580/52 дугаартай тушаал, ХААН банкны Баян-Б салбарын захирлын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/161, Б/162 дугаартай тушаалууд, ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5197/111 дугаартай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 592/118 дугаартай албан бичиг, ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирлыг түр орлон гүйцэтгэгч /Г/-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тайлбар, ХААН банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/539 дугаар албан бичиг, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч эрсдэл хариуцсан захирлын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04/259 дугаартай албан бичиг, хөдөлмөрийн дотоод журам, ХААН банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/119 дүгээр тушаал, уг тушаалын хавсралт,  банкны зээлийн бодлого, мөн захирлын 2015 оны  06 дугаар сарын 24-ний өдрийн 01/253 дугаартай тушаал, ХААН банкны ёс зүйн дүрэм, 2022 оны хөдөлмөрийн  дотоод журам, сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас, 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн зөрчил тогтоосон акт, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа  цуцлах, дуусгавар болгох үндэслэлтэй тайлбарлах хуудас, ХААН банкны Б салбарын захирлын орлогч захирлын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаартай тушаа, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5180/06 дугаартай тушаал, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А, Д нарт зөрчил тогтоосон акт, ХААН банкны Б салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5180/554 дугаартай тодорхойлолт, Ж, М, Ш нарын борлуулалтын орлогын түүвэр, зээлийн тооцооллын маягтууд, А-ийн тайлбар, С-ийн тайлбар, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5180/457 дугаартай итгэмжлэл, А-ийн зээлийн товч лавлагаа зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын  хүсэлтээр ХААН банкны Б салбарын захирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5180/429 дугаартай албан бичиг, ХААН банкны Хүний нөөц хариуцсан дэд захирлын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06/4307 дугаартай албан бичиг, ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн бизнес зорилтын үнэлгээ, ХААН банкны Б салбарын аудитын газрын 2017, 2018 онуудын дотоод аудитын тайлан, 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, А.Игилик, А.Роза нарын гэрчийн мэдүүлэг, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1326 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, ХААН банкны Б салбарын захирлын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/5180/0042/21 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/5180/0046/21 дугаартай тушаалууд, ХААН банкны Б салбан Төв тооцооны төвийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5197/111 дугаартай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 592/118 дугаартай албан бичиг, 20222 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ202146292770-1 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн БГҮ202146292770, БГҮ202146292770, БГҮ202146292770  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах барьцааны гэрээнүүд, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 202146292770 дугаартай орон сууцны зээлийн гэрээ,  Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1445 дугаартай албан бичиг, ХААН банкны Б салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180/116 дугаартай тушаал, М-ийн гэрчийн мэдүүлэг зэргийг,

Хариуцагч талын хүсэлтээр ХААН банк ХХК-ийн өр орлогын харьцааг тооцдог LOS программд үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, Б-ийн зээлд аудит хийх үеийн байдлаар дахин тооцоолол хийсэн аудитор М-ийн хийсэн баримт, Ш.Берденбекийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох дансны хуулга, А, И нарын дахин хийсэн тооцоолол, С, Х нарын гэрлэлтийн баталгаа, Г, А нарын гэрчийн мэдүүлэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Сийн ХААН банкны Б салбарын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/00 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. 

5.Нэхэмжлэгч дараах  үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2018 оноос эхлэн ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирлаар ажилласан.  Ажил олгогчоос намайг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас халах шийтгэл хүлээлгэсэнд гомдолтой байна гэжээ.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: С нь ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан хугацаанд ажлын давуу тал, өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамтран үүрэг хүлээсэн ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ байгуулахад салбарын зээлийн хорооны шийдвэрийг зөрчиж 12 сарын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэрээ байгуулсан зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд саад болсон, зүй бусаар нөлөөлсөн, зөрчлийг залруулаагүй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, нэгжийн дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж нь Дотоод аудитын газрын шалгалтаар удаа дараалан хангалтгүй үнэлэгдсэн, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс өр орлогын харьцаа хангагдаагүй зээлдэгчид зээл олгосон, зээлийн гэрээний үүрэг хангагдаж  дуусаагүй байхад барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулан Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан болно гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 ХААН банкны Б салбарын захирлын 2022  оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/00 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.6-д заасныг баримтлан  Б салбарын Төв тооцооны төвийн захирал С-ийг ажлын давуу тал, өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамтран үүрэг хүлээсэн ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ байгуулахад салбарын зээлийн хорооны шийдвэрийг зөрчиж 12 сарын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэрээ байгуулсан зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд саад болсон, зүй бусаар нөлөөлсөн, зөрчлийг залруулаагүй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, нэгжийн дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж нь Дотоод аудитын газрын шалгалтаар удаа дараалан хангалтгүй үнэлэгдсэн, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс өр орлогын харьцаа хангагдаагүй зээлдэгчид зээл олгосон, зээлийн гэрээний үүрэг хангагдаж  дуусаагүй байхад барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулсан  үйлдлээр ХААН  банкны 2016 оны Хөдөлмөрийн дотоод журмын  4.2.4, 4.2.7, 4.2.15, 4.3.1, 4.3.3, 4.3.16, 4.4.2, 4.4.3, 4.4.8, 4.4.9, 4.4.17, 2022 оны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.6, 4.2.16, 4.3.1, 4.3.3, 4.3.18, 4.4.2, 4.4.4, 4.4.10, 4.4.11, Ёс зүйн дүрмийн 2.1.9, 4.2, 4.9.3, 5.1.1, 5.2.1, 5.4.1, 5.4.4, 5.5.2, 5.10.3, Зээлийн бодлогын 2.2.5.1, 2.2.5.2, 2.2.5.10, 2.2.5.12, Зээлийн үйл ажиллагааны журмын 2.4, 2.12, 9.4.3, 9.4.4, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.3, 2.8, 2.13, 2.14, 2.28, 2.34, ажилтантай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 3.2.9, 3.2.12, 3.2.19, заалтуудыг зөрчиж 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.8, 5.7.17, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.12, 5.7.13-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

7.2 ХААН банкны Дотоод аудитын тайлангаар ХААН банкны Б салбарын Төв тооцооны төв 2018 онд С-90 үнэлгээгээр шалгагдаж үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж, 2019 онд С-94 үнэлгээтэй шалгагдаж үйл ажиллагааг хэвийн гэж, 2020 онд С-65 үнэлгээтэй сайжруулах шаардлагатай гэж, 2020 оны 09 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны баримтад аудит хийгдэж D-47 үнэлгээтэй үйл ажиллагаа хүндэрсэн гэж тус тус дүгнэгдсэн нь тогтоогджээ.

7.3 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ /Ажлын байрыг дэмжих зээл/-ээр Э ХХК-д 125000000 төгрөгийн зээлийг олгож ... зээлийн гэрээний хугацааг 36 сар, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 12 сар гэж тусгасан ба уг гэрээнд банкийг төлөөлж мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр С гарын үсэг зурсан байна.  

7.4 Ажил олгогч ХААН банкны захирал болон ажилтан С нар нь 2018, 2022 онуудад  Тооцооны төвийн захирлын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн байна.

7.5 Тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтоор удирдлага, зохион байгуулалт, хяналт, зээлийн үйл ажиллагаа, хяналтын чиглэлээр хийх ажил, үүргийн талаар тодорхойлсон байна.

7.6 ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2197/111 дугаартай Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан Барьцааны эрх дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай албан бичгээр “А нь ХААН банк ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 10-ны  өдрийн ЗГ/202146292770 тоот зээлийн гэрээ, БГҮ/202146292770 тоот барьцааны гэрээг байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэж өгнө  үү” гэж,  2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 592/118 дугаартай албан бичгээр “А нь ХААН банк ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/202146292770 тоот зээлийн гэрээ, БГҮ/202146292770 тоот барьцааны гэрээг байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 202146292770 тоот зээлийн барьцаанд шинээр барьцаалж байгаа тул нэмэлт өөрчлөлт хийгдсэнээр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон. Иймд уг барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” гэж тус тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт явуулсан ба дээрх хоёр албан бичигт дурдсан үл хөдлөх хөрөнгө нь Б аймгийн Ө сумын 10-р баг Харасай Мусахан-1 гудамжны 120 тоотод байршилтай А-ийн өмчлөлийн Ү-00000000000 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө байсан байна.

7.7 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалаас үзэхэд М нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлд дуусгавар болгох бүртгэлд үнэн зөв, хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үнэн зөв гаргаж өгөөгүй, үнэн зөв мэдүүлээгүй зөрчил гаргасан  тул Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар торгох шийтгэл ногдуулсан байна.

 

8.Ажил олгогч ХААН банкны Б салбарын захирал нь нэхэмжлэгч Сийг Хөдөлмөрийн тухай  хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Төв тооцооны төвийн захирлын ажлаас чөлөөлсөн байна.  Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг баримталжээ.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтад “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заажээ. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

 

10.Хариуцагчаас нэхэмжлэгч С нь Б салбарын Төв тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан хугацаанд ажлын давуу тал, өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамтран үүрэг хүлээсэн ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ байгуулахад салбарын зээлийн хорооны шийдвэрийг зөрчиж 12 сарын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэрээ байгуулсан зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд саад болсон, зүй бусаар нөлөөлсөн, зөрчлийг залруулаагүй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн зөрчил гаргасан гэжээ. ХААН банкны Б салбарын Зээлийн хорооны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр Э ХХК-д ажлын байрыг дэмжих зориулалтаар 15000000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгээр олгох саналын зөвшөөрч шийдвэрлэсэн байх ба  2021 он 03 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ /Ажлын байрыг дэмжих зээл/ байгуулах үед  Э ХХК-д 125000000 төгрөгийн зээлийг олгож ... зээлийн гэрээний хугацааг 36 сар, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 12 сар гэж зээлийн хорооны шийдвэрийг зөрчиж гэрээ байгуулагдсан  нь тогтоогдсон байна. Э ХХК-д “Ажлын байрыг дэмжих зээлийг Салбарын зээлийн хорооноос 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 125.0 сая төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгээр олгохоор шийдвэрлэсэн байхад 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээл олгохдоо 150.0 сая төгрөгөөр олголт хийж илүү олгосон, 25.0 сая төгрөгийг буцаан төлүүлж 12 сарын хөнгөлөлттэй хугацаа олгож гэрээ байгуулсан үндэслэлээр ХААН банкны Б салбарын захирлын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/5180/0046/21 дугаартай тушаалаар А-д, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А/5180/0042/21 дугаартай тушаалаар Д нарт тус тус сахилгын шийтгэл оногдуулж, ажилтны зохих удирдлага, чиглэлээр хангаж гаргасан зөрчил дутагдлыг засаж, цаашид алдаа дутагдал, зөрчил гаргахгүй ажиллуулах талаар санаачилгатай ажиллахыг ХААН банкны Б салбарын Төв тооцооны төв /С/-д даалгаж байсан байна. Тус Төв тооцооны төвийн захирал С нь дээрх зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд саад болсон, зүй бусар нөлөөлсөн, зөрчлийг залруулаагүй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

11.С нэгжийн дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж нь Дотоод аудитын газрын шалгалтаар удаа дараалан хангалтгүй үнэлэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байгаа болно.

 

12.Зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс өр орлогын харьцаа хангагдаагүй зээлдэгчид зээл олгосон үндэслэлийг дурдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Хариуцагч талаас зээлийн судалгаанд хяналт тавиагүйгээс удирдлага доорх харилцааны менежерүүд өр, орлогын харьцаа хангагдахгүй 5 зээлдэгчид 650.0 сая төгрөгийн зээл олгосон нь тогтоогдсон гэжээ. ХААН банкны  Б салбарын Төв тооцооны төвд 2022 онд хийсэн Дотоод аудитын тайлангаар Зээлийн ажилтан өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлж зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийсэн, зээлийн хороог дутуу мэдээллээр хангаж зээл олгох шийдвэрт зээл авах боломжгүй зээлдэгч нарт зээл олгосон талаар тусгаж, цаашид зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж эрсдэлгүй төлүүлх, зээлийн судалгааг Зээлийн үйл ажиллагааны журмын дагуу бодитой хийэ үйцэтгэх, судалгаанд тавих хяналтыг сайжруулах ажиллахыг Салбарын зээлийн хороо, Төв тооцооны төвийн захирал, харилцааны менежерүүдэд хариуцуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заалтад  сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ. Дотоод аудитын тайлан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Дотоод аудтын тайлангийн дээрх хэсэгт дурьдсан зээлдэгч нарт зээл олгогдсоноос хойш хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэлээ.

 

13.Ажилтан С нь зээлийн гэрээний үүрэг хангагдаж  дуусаагүй байхад барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулан Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах боломжгүй байна. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн БГҮ202146292770 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-ээр Банк болон Зээлдэгчийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ/02146292770 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б аймгийн Ө сумын 10 дугаар баг Харасай 1-10 тоотод байршилтай 90 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0213002151 дугаартай, Аийн өмчлөлийн хувийн сууц, Б аймгийн Ө сумын 10-р баг, 1 гудамж, 120 тоотод байршилтай 40 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-0213009365 дугаартай, зуны сууц, Ө сумын 10 дугаар баг Харасай 1-10 тоотод байршилтай  1465 м.кв талбайтай газар зэргийг барьцаалж уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2197/111 дугаартай Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан Барьцааны эрх дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай албан бичгээр А-ийн ХААН банк ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/202146292770 тоот зээлийн гэрээ, БГҮ/202146292770 тоот барьцааны гэрээг байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан байх боловч тухайн үед А-ийн зээлийн гэрээний үүрэг дуусаагүй байсан нь тухайн үед албан бичгийг боловсруулсан харилцааны менежер М Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан зөрчлийн материал, тухайн үед Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж байсан албан бичгүүд, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээ зэргээр  тогтоогдсон байна. Нэхэмжлэгчээс тооцооны төвийн захирлын хувьд зээлдэгчийн хувийн хэрэг бүрийг авч шалгах боломжгүй тул албан бичгийг боловсруулсан харилцааны менежер үнэн зөв бичих ёстой гэж тайлбарлаж байгаа боловч Тооцооны төвийн захирлын хувьд тус тооцооны төвийг төлөөлж хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож зээл эрсдэлгүй төлөгдөж дуусахад анхаарч ажиллах үүрэгтэй болох нь тогтоогдож байх тул тухайн тайлбар нь зөрчлийг бүхэлдээ няцаахгүй байна.

 

14.Ажил ологч болон ажилтан С нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний тавд Гэрээ дуусгавар болгох, цуцлах талаар зохицуулсан ба 5.7-д “Ажилтан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахыг ажилтан зөвшөөрч байгаа талаар тохиролцсон” бөгөөд 5.7.13-т “Хяналт тавих, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах зэрэг үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд удирдлага дах ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргах” гэж тусгажээ. Нэхэмжлэгч Сийн хариуцсан нэгж болох Төв тооцооны харилцааны менежер  М нь гэрээний үүрэг дуусаагүй байхад зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр барьцаа хөрөнгийг бүрэн чөлөөлөх тухай албан бичиг боловсруулсныг хянахгүйгээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт явуулсан,  М нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлд дуусгавар болгох бүртгэлд үнэн зөв, хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үнэн зөв гаргаж өгөөгүй, үнэн зөв мэдүүлээгүй зөрчил үйлдсэн нь тогтоогдсон байх тул ажил олгогчоос энэхүү үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. НЭхэмжлэгч С нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ээлжий амралттай байсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар 123.6-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.  Иймд нэхэмжлэгч С-ийн ХААН банкны Б салбарын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/00дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С-ийн ХААН банкны Б салбарын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/00 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ХААН банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х