Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2023/00016

 

 

 

 

 

 

 

                          

С.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М- даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** оршин суух С.С-ийн нэхэмжлэлтэй,  хариуцагч Х банкны Баян-Өлгий салбар /захирал Л.Ө-/-т холбогдох,

 

“Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Базар /цахим сүлжээгээр/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчимэг /цахим сүлжээгээр/ нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие 2006 онд Олон улсын эдийн засагч мэргэжлээр онц сайн дүнтэй төгсөж, 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий салбарын Х банканд анх теллерээр ажиллаж эхэлсэн, ажилд орох хугацаанаас эхэлж Х банканд үнэнч шударгаар ажилласны үр дүнд шат дараалан албан тушаал дээшлэн ажиллаж, 2007 онд ахлах теллерээр, 2009 онд эдийн засагчаар, 2013 онд ахлах эдийн засагчаар, 2015 онд зээлийн багц хариуцсан менежерээр, 2018 оноос эхлэн Баян-Өлгий аймаг дахь Төв тооцооны төвийн захирлаар дэвшин ажиллаж ирсэн. Өнөөг хүртэлх Х банканд ажилласан 16 жилийн хугацаанд Х банкны дотоод журам болон Х банкны ёс зүйн журмыг чанд сахиж ажиллаж ирсэн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаа алдалгүй биелүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг байсан.

1.2. Миний бие залуу насаа энэхүү банканд зориулан ажиллаж, шилдэг теллер, шилдэг ахлах теллер, шилдэг эдийн засагч, аймгийн оны шилдэг эдийн засагч, Х банкны мөнгөн од, 2019 оны системийн хэмжээний шилдэг тооцооны төв, 2019 онд даатгалын шилдэг борлуулагч, банк санхүүгийн тэргүүний ажилтан зэрэг шагналуудыг тус тус хүртэж байсан. Ажиллах хугацаандаа банкны зах зээлийн хүрээг тэлэхэд онцгой анхаарч бусад банкны том зээлдэгч болон депозит эзэмшигч нарыг татаж ажилласан. Баян-Өлгий салбарын нийт багц болон депозитийн 45 хувийг, нийт ашгийн 60 хувийг миний хариуцаж байсан тооцооны төв бүрдүүлдэг.

1.3. Намайг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас халах шийтгэл хүлээлгэсэн явдалд гомдолтой байна. Намайг буруутгаж байгаа зөрчлүүдийг зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарлахад: Миний эхнэр хуваариа бизнес эрхэлдэг учраас манай банкнаас зээл хүссэн. Тухайн зээлийг манай банкны харилцааны менежер судалж ЛОС-т оруулахад техникийн алдаа гаргаж, зээлийн эргэн төлөлтийн хугацаанд алдаа гаргасныг намайг холбогдуулан буруутгаж, албан тушаалаа ашиглан банкны харилцааны менежерт нөлөөлсөн хэмээн хардаж арга хэмжээ авсан. Тодруулбал, миний эхнэр годон гутал зардаг. Годон гутал татах, бизнесээ өргөжүүлэх зорилгоор Х банкнаас 150 сая төгрөг Засгийн газрын дэмжлэгтэй ажлын байрыг дэмжих зээлийг хүсэхэд салбарын зээлийн хорооноос 125 сая төгрөгийг жигд төлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэж байжээ. Гэтэл харилцааны менежер ЛОС программд эргэн төлөлтийн хуваарийг эхний 12 сар зөвхөн хүү төлөх нөхцөлөөр оруулсан байна. 3 сарын дараа салбарын зээлийн хорооны шийдвэрийг зөрчсөн байна гэсэн асуудал гарсан. Харилцааны менежерийн буруутай үйл ажиллагаанд миний бие ямар ч хамааралгүй бөгөөд тухайн зээлийг шийдвэрлэх, олгох, гэрээ байгуулах ажиллагаанд оролцоогүй, санал өгөөгүй, ямар нэгэн байдлаар нөлөөлсөн асуудал огт байхгүй. Тухайн зээлийн гэрээг алдаатай хийж, программд буруу оруулсан ахлах эдийн засагч, эдийн засагчаас арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэсэн байна.    

1.4. Дотоод аудитын газрын шалгалтаар удаа дараалан хангалтгүй үнэлэгдсэн гэх зөрчлийн талаар тайлбар хийхэд Төв тооцооны төвийн хувьд Баян-Өлгий салбарын 50 хувийг эзэлдэг бөгөөд том зээлүүд манай тооцооны төвд судлагддаг. Төв тооцооны төвийн хувьд олон жилийн турш дотоод аудитаар С үнэлгээгээр үнэлэгдэж байгаа. Энэ удаа манай тооцооны төвд үйл ажиллагаа хүндэрсэн гэж үнэлгээ өгсөн нь үндэслэлгүй байна. Аудитаар бичсэн ихэнх зөрчил борлуулалтын орлого цэвэршүүлээгүй гэх зөрчил нь салбарын зээлийн хороогоор шат дараалан хяналтад орсон зээлүүд байгаа. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга хуралдаанаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн байхад зөвхөн намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Төв банкнаас хийсэн шалгалтаар бизнесийн зорилтын үнэлгээг хэвийн хэмээн үнэлсэн. Төв тооцооны төвийн бизнес хувь ашиг байнга өсөлттэй гарч байгаа. Салбарын зээлийн хороог салбарын дарга удирддаг байхад салбарын зээлийн хорооны гаргасан гэх зөрчилд намайг буруутган ажлаас халж байгаа нь үндэслэлгүй.

1.5. Зээлийн гэрээний үүрэг нь хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлд барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэх зөрчлийн талаар тайлбарлахад: Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан албан тоотын хувьд хянаж боловсруулсан ажилтан харилцааны менежер байсан. Улсын бүртгэлээс барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүрэг нь салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг байсан учраас салбарын захирал тухайн зөрчлийг арилгуулж, үл хөдлөх хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд дахин бүртгүүлсэн. Үүнээс болж банканд ямар нэгэн хохирол учраагүй. Тэгээд ч надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заалтад заасан Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж шийтгэл хүлээлгэсэн.

1.6. Дээрх зөрчлүүдэд намайг буруутгаж, миний удаан жилийн турш банканд оруулсан бодит хувь нэмрийг үнэлэхгүйгээр ажлаас халж байгаа нь шударга биш байна. Би ёс зүйтэй ажилтан байж, өдөр шөнөгүй банкны төлөө ажиллаж, залуу насаа зориулсны хариуд ажлаас халагдаж байгаад харамсаж байна. Иймд салбарын захирал Л.Ө-ын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. С.С- нь Баян-Өлгий салбарын Х банкны захирлаар ажиллаж байх хугацаанд ажлын байрны давуу тал, өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж хамтран үүрэг хүлээсэн ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ байгуулах үед салбарын зээлийн хорооны шийдвэрийг зөрчиж 12 сарын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэрээ байгуулсан, зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд саад болсон, зүй бусаар нөлөөлсөн.

2.2. Мэргэжлийн дотоод хяналтын зохистой нөхцөл байдлыг бүрдүүлж хяналт тавьж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж нь дотоод аудитын шалгалтаар муу үнэлгээ авсан. Зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйн улмаас өр, орлогын харьцаа хангагдаагүй, зээлдэгчид зээл олгосон зөрчлийг арилгаагүй. Зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийг бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулсан зөрчлүүдийг гаргасан.

2.3. Нэхэмжлэгчийн эхнэрийнх нь ажлын бүтээмжийг дэмжих 125 сая төгрөгийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж зээлийн гэрээ байгуулсан. Салбарын зээлийн хороо нь тэнцүү төлөлттэйгөөр 125 сая төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлийг олгохоор шийдвэр гарсан. Гэтэл нэхэмжлэгч зээлийн хорооны шийдвэрийг зөрчиж 12 сарын хөнгөлөлт эдлэхээр зээлийн гэрээг байгуулсан.

2.4. Дээрх зөрчлийг 2021 оны 5 дугаар сард тухайн хариуцсан эдийн засагчид нь зөрчлийг засах үүрэг даалгавар өгөөд сахилгын арга хэмжээ авах тухай хэлсэн боловч хариуцсан эдийн засагч нь зөрчлийг арилгуулах зорилгоор зээлийн гэрээний өөрчлөлтийг хийгээд зээлийн гэрээг шинээр байгуулах гэтэл хариуцсан эдийн засагчийнх нь шууд удирдлага байхгүй, х.Д-ын шууд удирдлага С.С- дээрх зөрчлийг арилгуулах үүргийг гүйцэтгээгүй, зүй бусаар нөлөөлсөн. 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Аудитын шалгалтаар дээрх зөрчил илэрч, тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан. Тооцооны төвийн захирлын хувьд өөрийн харьяанд ажиллаж байсан эдийн засагчид зүй бусаар нөлөөлж, албан тушаалынхаа эрх мэдлийг ашиглаж, зөрчлийг арилгах ажилтанд зөрчлийг арилгуулаагүй ашиг сонирхлын зөрчил гаргаж ноцтой зөрчил гаргасан. Энэхүү үйлдэл нь салбарын зээлийн хорооны шийдвэрээр нотлогдож байгаа.

2.5. Тооцооны төвийн захирал нь нэгжийн дотоод хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх, тухайн тооцооны төвд олгож байгаа зээл, депозит бүх үйл ажиллагаанд дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Харин нэхэмжлэгч хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй. Удаа дараа аудитын шалгалт дээр муу үнэлгээ авсан учраас сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Удирдах албан тушаалтны хувьд ажлын байранд ашиг сонирхлын зөрчил гаргаж хяналтынхаа үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлж чадаагүй. Харилцааны менежерүүд зээл олгохдоо өр, орлогын харьцаагаа тодорхойлоод ирэхэд тооцооны төвийн захирлын хувьд хяналт тавьж, зээлдэгч нарын өр, орлогыг зөв тооцоолсон байна уу гэдэгт хяналт тавьж ажиллаагүй.

2.6. Мөн Тооцооны төвийн захирал С.С- 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн албан тоот нь буруу албан тоот байсан. Харилцагч А.С- зээлийг бүрэн төлж дууссан тул барьцааны гэрээг дуусгавар болсныг бүртгэж өгнө үү гэж албан тоот өгсөн байна. Улсын бүртгэлээс тухайн барьцааг чөлөөлж бүх бүртгэл хийгдсэн байна. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Улсын бүртгэлд албан тоот явуулсан байна. Алдаатай албан тоот хүргүүлснээс болж Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээж Баян-Өлгий аймгийн салбарын Х банканд торгуулийн арга хэмжээ авхуулсан. Харин энэхүү зөрчлийг нэхэмжлэгч тайлбарлахдаа Баян-Өлгий салбарын Х банкны харилцааны менежер К.М- хийсэн тул би энэ зөрчилд хамааралгүй гэж хэлж байгаа нь өөрөө хариуцлагагүй байдал, ойлгомжгүй тайлбар гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.С- нь Баян-Өлгий салбарын Х банкийг төлөөлөх эрх мэдэлтэй албан тушаалтны хувьд Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан тоот дээр ноцтой зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

2.7. С.С-ийн гаргасан зөрчил нь банкны дотоод журам хэм хэмжээгээр дараах байдлаар зохицуулагдсан. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Х банкны ёс зүйн дүрэм, ажилтны ёс зүйн дүрэм, зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмын холбогдох заалтаар зохицуулагдсан. Хөдөлмөрийн гэрээний 5.7 дугаар зүйлд зааснаар гэрээнд тусгах үндэслэл болсон ноцтой зөрчилд хамаарч байгаа. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал дээр хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ёс зүйн журмыг тодорхой зааж өгсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.2 дахь хэсэгт Х банкны ёс зүйн дүрэмд адилхан тооцсон зөрчил гаргасан, 4.4.3 дахь хэсэгт Ажил олгогчид хүлээлгэсэн итгэл, хангамж эрхэлсэн ажил давуу тал, албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглах, бусдад ашиглуулах гэж зааснаар Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан тооттой холбоотой тооцооны төвийн захирлын хувьд олгосон эрх мэдлээ урвуулан ашиглаж Х банканд хохирол учруулсан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 4.4.8 дахь хэсэгт “Удирдлага доор ажиллаж байгаа ажилтан бусад ажилтнуудтай харилцаж хамтран ажиллагч байгууллагын ажилтанд нөлөөлөх гэж зааснаар “Эко трейд” ХХК-ийн зөрчил дээр хамааралтай. Хяналт тавих, удирдах, зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй. Тооцооны төвийн захирлын хувьд тухайн нэгжийн үйл ажиллагааг хэвийн байлгах, явуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дараалан муу үнэлгээ авсан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 4.4.17 дахь хэсэгт Зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийх, зээлийн гэрээтэй холбоотой үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж зааснаар таван харилцагч өр, орлогын харьцааг хангаагүй байхад “Т” ХХК-д 300 сая төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл олгосон байгаа. Харин “Т” ХХК-ийн өр, орлогын харьцааг тооцоолоод үзэхэд 165 сая төгрөгийн зээл авах боломжтой байхад буруу тооцоолж 300 сая төгрөгийн зээл олгосон. Мөн Н.Б- гэх харилцагчид өр, орлогын харилцаа хангаагүй байхад 100 сая төгрөгийн зээл олгосон.

2.8. Ажлын байрны тодорхойлолтын 2.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль тогтоомж Х банкны хяналт, дүрэм журамд зааснаар тооцооны төвийн захирал нь байнга хяналт тавьж ажиллах үүрэгтэй байдаг. Нэгжийн зээлийн хороог удирдах, даргалах нэгжийн зээлийн хороогоор шийдвэрлэсэн зээлд хяналт тавьж, зөрчил дутагдал байгаа тохиолдолд засаж залруулах ажлыг гүйцэтгэнэ. Зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар банкны салбарын хувьд өдөр тутамдаа баримтлан ажиллах үүргээ биелүүлээгүй. Ашиг сонирхлын зөрчил гаргасан нөхцөл байдал гарсан тохиолдолд энэ тухай мэдэгдэх, банкны шийдвэрт оролцохгүй байх үүрэгтэй. Гэтэл эхнэрийнхээ авсан зээл дээр нэхэмжлэгч өөрөө хамтран хариуцагчаар оролцсон асуудал байгаа. Гол асуудал нь Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь хэсэгт “Хэрвээ эдгээр зөрчлийг нэг удаа гаргасан бол хөдөлмөрийг гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа” гэж зааснаар ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 5.7.2 дахь хэсэгт Х банкны ажилтан сахилгын ноцтой зөрчилд тооцогдох зөрчлийг гаргасан, 5.7.8 дахь хэсэгт Х банкны ажилтан бусад ажилтанд зүй бус шаардлага тавьсан, аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэхээр нөлөөлсөн, 5.7.17 дахь хэсэгт Зээлийн судалгаа шинжилгээ нь хангалтгүй хийх, эрсдэлтэй байдлыг бий болгосон гэж зааснаар ноцтой зөрчилд хамаарч байгаа. Х банкны ёс зүйн дүрэм дээр хууран мэхлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00898 дугаар шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ийн Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Х банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:    

4.1. Миний бие 2006 оны 6 дугаар сарын 14-нд Баян-Өлгий салбарын Х банканд анх теллерээр ажиллаж эхэлсэн, ажилд орох хугацаанаас эхэлж Х банканд үнэнч шударгаар ажилласны үр дүнд шат дараалан албан тушаал дээшлэн ажиллаж 2007 онд ахлах теллерээр, 2009 онд эдийн засагчаар, 2013 онд ахлах эдийн засагчаар, 2015 онд зээлийн багц хариуцсан менежерээр, 2018 оноос эхлэн аймаг дахь төв тооцооны төвийн захирлаар дэвшин ажиллаж ирсэн. Өнөөг хүртэлх Х банканд ажилласан 16 жилийн хугацаанд Х банкны дотоод журам болон Х банкны ёс зүйн журмыг чанд сахиж ажиллаж ирсэн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаа алдалгүй биелүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг байсан. Ид, залуу насаа бүхэлд нь энэхүү банканд зориулан ажиллаж, банкны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн намайг идэр насанд хүрмэгцээ хэрэггүй болсон мэтээр гэнэт сахилгын шийтгэл хүлээлгэн хөөн зайлуулж байгаад гомдолтой байна.

4.2. Анхан шатны шүүхээс “өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд саад болсон, зүй бусаар нөлөөлсөн, зөрчлийг залруулаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, төв тооцооны төвийн үйл ажиллагаа дотоод аудитын газрын шалгалтаар удаа дараалан хангалтгүй үнэлэгдсэн нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, өр орлогын харьцаа хангагдаагүй зээлдэгчид зээл олгосон гэх үйлдлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн” хэмээн зөв дүгнэлт хийсэн атлаа “зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах боломжгүй” хэмээн дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: Тухайн зөрчилд би буруугүй болох нь дараах байдлаар тогтоогдсон.

4.3. Гэрч, харилцааны менежер ажилтай К.М-ийн “Тооцооны төвийн захирал С.С-т зээлдэгч зээлээ төлж дууссан байгаа хэмээн танилцуулж Х банкны тооцооны төвийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5197/111 дугаартай барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх албан тоотыг би боловсруулсан, зээлийн үүрэг дуусгавар болоогүй гэдгийг С.С- тухайн үед мэдээгүй, миний тухайн зөрчилд Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын байцаагч А.Еркегүл шийтгэл ногдуулсан” гэх мэдүүлэг, гэрч зээлдэгч А.С-ийн нь “банканд барьцаанд тавьсан Өлгий сумын 10 дугаар багт байршилтай 90 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг банкнаас зээл авч нураагаад шинээр байшин барьсан. Барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг нурааж, шинээр барьсан үл хөдлөх эд хөрөнгөд гэрчилгээ авч банкны барьцаанд тавих гэхээр банкны барьцаанаас чөлөөлөх ёстой байсан. Иймээс харилцааны менежер К.М-т энэ талаар хэлж банкны нураачихсан үл хөдлөх эд хөрөнгийг нэгэнт байхгүй болсон учраас шинээр бий болсон хөрөнгө барьцаанд тавихын тулд банкнаас албан тоот авч бичиг баримтаа засуулсан. Одоо шинээр барьсан үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьсан байгаа, зээлээ хугацаандаа төлж байгаа” гэх мэдүүлэг, мөн А.С-ийн хувьд Ү-***** дугаартай үл хөдлөх хөрөнгөөс гадна өмчлөл бүхийн газрыг давхар барьцаалуулсан байсан.Тухайн газрын үнэлгээ нь А.С-ийн авсан зээлийн хэмжээнээс хэд дахин их үнэлгээтэй, зөвхөн тухайн барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлэх бүрэн боломжтой байсан. Х банканд ямар нэгэн эрсдэл учрах нөхцөл байдал бий болоогүй байсан.

4.4. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан С.С- би банкийг гадаад, дотоодод төлөөлөх эрхгүй. Миний ажлын байрны тодорхойлолтод Улсын бүртгэлийн хэлтэст барьцаанаас чөлөөлөх хөрөнгийн талаар тодорхойлолт гаргах талаар үүрэг тусгагдаагүй. Надад тийм эрх ч байхгүй. Улсын бүртгэлийн хэлтэс болон бусад харилцах байгууллагуудад банкийг төлөөлөн харилцах эрх зөвхөн салбарын захирал Л.Ө-д олгогдсон. Гэтэл Л.Ө- захирал нь хариуцлагаас зугтахын тулд тухайн албан тоотуудыг бид нараар гүйцэтгүүлдэг байсан. Миний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг маш их, ажлын ачаалал дийлэхгүй учраас улсын бүртгэлийн хэлтэст явуулах албан тоотыг боловсруулсан харилцааны менежерээс үнэн зөв бичигдсэн эсэхийг амаар тодруулан гарын үсэг зурж өгдөг байсан. Салбарын захирлын ажил үүргийг зохих журмын дагуу гүйцэтгээгүй хэмээн намайг ажлаас халж байгаад гомдолтой байна.

4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00898 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгч С.С-ийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад дэлгэрэнгүй тайлбарлаж, холбогдох нотлох баримтаа гаргаж өгсөн. Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/52 дугаар тушаал хуульд нийцсэн эсэхэд дараах тайлбартай байна. Ажил олгогчоос нэхэмжлэгч С.С-тэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэхэмжлэгч С.С- нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас цуцалсан. Нэхэмжлэгч С.С- нь Х банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн захирлын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа хууль тогтоомж болон банкны дотоод дүрэм журмуудыг зөрчиж, албан тушаалын байдлаа ашиглаж ашиг сонирхлын зөрчил гаргасан. Нэхэмжлэгч С.С- нь тооцооны төвийн захирлын үүргийг гүйцэтгэж байсан хүний хувьд барьцаа хөрөнгөтэй холбоотой албан бичгийг бодит бусаар гаргаж банкны эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгосон, түүний удирдаж байсан тооцооны төв удаа дараа шалгалтаар хангалтгүй гэсэн үнэлгээ авсан, удирдлага нь доор байгаа ажилтнуудад зохих ёсоор хяналт тавиагүйн улмаас ажилтан ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэлүүдээр түүнтэй бий болгосон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

5.2. Нэхэмжлэгч С.С- нь тус банканд ажиллаж байхдаа дараах ашиг сонирхлын зөрчил гаргасан. Нэхэмжлэгч С.С- эхнэр нь х.Е-ийн тус банкнаас авсан зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Уг зээлийг зээлийн хорооноос хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох тухай шийдвэр гараагүй байхад 12 сарын хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээ алдаатай гэрээ болсон гэдгийг илрүүлж, тус гэрээнд байгаа алдааг засах үүргийг холбогдох ажилтнуудад өгсөн. Тухайн алдааг гаргасан ажилтан нэхэмжлэгч С.С-ийн удирдлага доор ажиллаж байсан хүмүүс. С.С- нь шууд удирдлага доороо ажиллаж байсан ажилтнуудад зүй бусаар нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил гаргаж, тус гэрээнд байгаа алдааг засахгүйгээр өөртөө давуу байдал олгож ноцтой зөрчил гаргасан. Энэ тохиолдолд С.С- нь ашиг сонирхлын зөрчил гаргахаас аль болох татгалзах үүрэгтэй байсан.

5.3. Давж заалдах шатны шүүх хэргийн талаар бүхэлд нь дүгнэлт хийх эрх хэмжээтэй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып энэ асуудлаар тайлбар гаргасан учраас нэхэмжлэгч С.С-ийн гаргасан ноцтой сахилгын зөрчлийн талаар тайлбар гаргаж байна.

5.4. Нэхэмжлэгч С.С-ийн гаргасан сахилгын зөрчил зээлийн гэрээнүүд, салбар зээлийн хорооны шийдвэрүүд, ажилтнуудад сахилгын шийтгэл авсан тухай тушаалууд, сахилгын зөрчил гаргасан ажилтнуудаас авсан тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.5. Мөн нэхэмжлэгч С.С- нь тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа нэгжийн дотоод хяналтыг зохистой хэрэгжүүлээгүйн улмаас 2018, 2019, 2020, 2022 онуудын аудитын үнэлгээгээр хангалтгүй гэсэн үнэлгээ авсан талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь тооцооны төвийн захирлын хянах чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйтэй шууд холбоотой. Тиймээс нэхэмжлэгчийн энэ талаар гаргаж байгаа тайлбар нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

5.6. Х банкны дотоод аудит нь тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд харьяалагддаг хараат бусаар хяналт шалгалт хийж үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаар Банкны тухай хууль болон Компанийн тухай хуульд тодорхойлж өгсөн.  Банк давуу тал эдлээд зөрчил гаргасан ажилтны зөрчлийг тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хараат бусаар ажилладаг дотоод аудит тогтоосон гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч С.С-ийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичигтэй холбоотой хариуцагчийн өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. 

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчимэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Монгол Банкнаас баталсан Нэгжийн үйл ажиллагааны журамд зааснаар арилжааны банкны салбар тооцооны төв нь тусгай зөвшөөрлөөр олгогдох зээлийн харилцаанд харилцагчид зээлийн бүтээгдэхүүнийг танилцуулах, борлуулах, харилцагчтай гэрээ хэлцэл хийх, төлөөлөх нэгж байна гэж тодорхой зохицуулж өгсөн байдаг. Энэ агуулгаараа банкны салбар нэгжүүд дахин давтагдашгүй код аваад, тухайн кодыг үндэслэн харилцагч нартай гэрээ байгуулдаг. Энэхүү Монгол Банкны хэм хэмжээ тогтоосон актууд илүү нарийн зохицуулалттай, Хууль зүй, дотоод хэргийн Яаманд бүртгэлтэй актууд юм. Хэрэв нэхэмжлэгч талаас төлөөлөх эрхтэй холбоотой маргах байсан бол хариуцагч тал анхан шатны шүүхэд шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Энэ асуудлаар огт маргаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд энэ талаар маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

6.2. Х банкны Баян-Өлгий салбарын захирал Л.Ө-д Х банкны гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийн хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5180/257 тоот итгэмжлэлээр Л.Ө- нь тооцооны төвийн захирал С.С-т эрх олгосон. С.С-т олгосон эрхийн хүрээнд С.С- нь тооцооны төвийг төлөөлж харилцагч нартай гэрээ хэлцэл байгуулж байсан удирдах албан тушаалтан байсан. Хууль тогтоомж, Монгол Банкнаас баталсан дүрэм журам, Х банкны гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийн хүрээнд тооцооны төвийн захирал С.С-т тооцооны төвийг төлөөлж албан тоот, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрхийг олгосон. С.С- нь тооцооны төвийг бүрэн төлөөлөх этгээд болохын хувьд Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгийн хувьд хариуцлагыг бүрэн хүлээх ёстой. Тиймээс харилцааны менежер К.М-ийн иргэний хувьд гаргасан зөрчилд С.С- миний бие хариуцлага хүлээх ёсгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

6.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын Х банкны барьцаанд байсан хуучин нурах гэж байсан байшинг харин ч сайжруулаад өгсөн нь банкны хувьд ашигтай болсон гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Улсын байцаагчаас барьцааны эрх дуусгавар болоогүй байхад улсын бүртгэлийн байгууллагыг бодит бус мэдээллээр хангаж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулсан. Үүний дараа 20 хоногийн дараа тооцооны төвийн захирал С.С- гарын үсэг зураад дахин албан тоот хүргүүлсэн. Энэ албан бичгийг С.С- анхнаасаа явуулах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч С.С- тухайн үед бодит байдал дээр барьцааны эрх дуусгавар болоогүй үл хөдлөх хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болсон гэсэн мэдээллийг өгсөн албан бичигт гарын үсэг зурж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчжээ.

6.4. Нэхэмжлэгчийн дээрх гаргасан зөрчлүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд хамаарах учраас түүнтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлүүд нь Х банкны дотоод аудитын тайлан, хяналтын улсын байцаагчийн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

6.5. Дээрээс нь С.С- нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх удирдах албан тушаалтан мөн байсан. Маргаан бүхий тушаал дээр дурдсан ажилтан С.С-ийн гаргасан 3 зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.5 дахь хэсгүүдэд үргэлжилсэн зөрчилд болон эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтнуудын гаргасан сахилгын зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг 1 жил байхаар хуульчилсан.

6.6. Зээл олгох үйл ажиллагаа олгогдоод дуусдаг үйл ажиллагаа биш. Зээл олгох үйл ажиллагаатай холбоотой сахилгын зөрчлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэг үйлчлэх ёстой. Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон эрхийн актыг эрх бүхий албан тушаалтан гаргасан байх ёстой. Х банкны ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхийг Х банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар хүний нөөцийн асуудал эрхэлсэн дэд захирал болон салбарын захирлуудад олгосон байх тул Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/52 дугаар тушаал хуульд нийцэж гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэг үндэслэлтэй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тайлбартай байна.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. ...Нэхэмжлэгч С.С-ийн хувьд эхнэрийнх нь компанийн авсан зээлийн харилцаанд тус банкны харилцагч буюу зээлдэгчийн хувьд оролцсон.  Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж оролцсон. Тухайн зээлийн хорооноос гарсан шийдвэр, зээлийн судалгаа, зээл гарсны дараа, зээлийн гэрээ байгуулах үйл ажиллагаа, зээлийн гэрээний зөрчлийг арилгуулах, арилгуулахгүй байгаатай холбоотой ямар нэгэн байдлаар энэ ажилтны оролцооны талаар буюу тухайн зээлийн гэрээний алдааг засаж залруулахад нэхэмжлэгчийн зүгээс холбогдох ажилтанд эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Ажилтан зөрчлөө арилгахад нэхэмжлэгчийн зүгээс нөлөөлж саад учруулсан асуудал ерөөсөө тогтоогдоогүй. Иймээс нэхэмжлэгч С.С- энэ зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй.

7.2. Дотоод аудитын газрын шалгалтаар өр, орлогын харьцаа хангагдаагүй зээлдэгчид зээл олгосон зөрчлүүд байгаа гэж дүгнэсэн. Энэхүү Дотоод аудитын газрын дүгнэлт хөндлөнгийн хараат бус аудитын дүгнэлт биш, ажил олгогчийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа хяналт шалгалтын нэгж. 2020, 2021 оны олгогдсон зээлтэй холбоотой асуудал гэж байна. Дотоод аудитын ажилтнууд мөн адил Х банкны буюу хариуцагч талын ажилтнууд байгаа.  Өр, орлогын харьцаа хангагдаагүй зээлдэгч нарт зээл олгосон гэдэг асуудал нь салбар тооцооны төвөөс олгогдсон зээлүүд дээр болон харилцааны менежерүүд дээр яригдсан. Дотоод аудитын дүгнэлт, акт гэдэг нь ажил олгогчийн өнгөрсөн онд олгогдсон зээлүүд дээр нэгдсэн журмаар гаднаас нь үнэлгээ хийсэн үнэлэмж болохоос биш энэ нь хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон акт, дүгнэлт биш. Гэхдээ энэ асуудлаар арга хэмжээ авахаас өмнө ажил олгогч нь өр, орлогын харьцаа хангагдсан эсэхтэй холбоотой дотоод аудитын газрын дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хяналт шалгалт хийгээгүй. 

7.3. Шүүхэд маргаан үүссэн үед хяналт шалгалттай холбоотой актыг гаргаж өгсөн болохоос биш зээлдэгч нарын өр, орлогын харьцаа хангагдсан, хангагдаагүйтэй холбоотой ямар ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Энэтэй холбоотой шүүхийн журмаар үзлэг хийсэн тухай нотлох баримтыг Х.Р-ийн нэхэмжлэлтэй Х банкны Баян-Өлгий салбарт холбогдох хэрэг дотроос нотлох баримтаар авхуулсан. Энэ үзлэгийн явцад хариуцагч талын дурдаж буй өр, орлогын  харьцаа хангагдаагүй гэх зөрчлүүд тогтоогдоогүй. Нөгөөтээгүүр анхан шатны шүүхээс 2020, 2021 онуудад олгогдсон зээлтэй холбоотой асуудлууд дээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

7.4. Х банкны Зээлийн бодлогын журмын 2.2.2.1, 2.2.2, 6.4.8,  9.2.1, 6.5, Бизнесийн зээлийн бүтээгдэхүүний журмын 8.1.1, 8.3.5, 8.3.6, 8.4 дэх хэсэгт тус тус зааснаар өр, орлогын харьцаа хангагдаагүй зээлтэй холбоотой асуудлаар эхлээд харилцааны менежер судалгаа хийгээд, дараа нь салбарын хяналтын мэргэжилтэн хяналт тавиад, улмаар зээлийн багц хариуцсан менежер давхар хяналт тавьж үнэлсэн. Үүний дараа эрсдэлийн шинжээч оролцож дүгнэлтээ гаргасан. Ингээд удаа дараагийн шалгалтаар давхар хяналт хийж, баталгаажуулалт хийгээд зээлийн хороогоор эцэслэн шийдвэрлэсэн асуудал байгаа. Хамгийн сүүлд тооцооны  төвөөс гадуур аймгийн салбарын зээлийн хороо,  салбарын захирал, бүр төвөөс шинжээч хүртэл оролцож зээлийн хорооны шийдвэр гарсан асуудал байгаа. Тиймээс өр, орлогын харьцаа хангагдаагүй гэдэг асуудлыг зөвхөн тооцооны төвийн захиралд хамаатуулан нэхэмжлэгч С.С-ээс хариуцлага нэхэж байгаа нь үндэслэлгүй.

7.5. Нэхэмжлэгч С.С-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан А.С- гэдэг хүний барьцаа хөрөнгийг чөлөөлсний улмаас банканд эрсдэл үүссэн гэдэг байдлаар нь анхан шатны шүүхээс дүгнэсэнтэй холбоотой А.Базар өмгөөлөгчийн тайлбарт дараах зүйлийг нэмж хэлэхийг хүсэж байна. Барьцаа хөрөнгийн хувьд 2 төрлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Нэгийг нь нураагаад байхгүй болгочихсон. Нэг барьцаанд байсан зүйлийг зээлдэгч өөрөө байхгүй болгочхоод шинээр барьсан. Тэрийгээ улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд тооцооны төвийн захирлаас барьцаанаас чөлөөлүүлэх бичиг авсан. Гэхдээ энэ 2 төрлийн барьцаа хөрөнгө байсны аль алийг барьцаанаас нь чөлөөлөөгүй гэсэн. Нөгөө нэг эд хөрөнгө нь газар байгаа. Газрын үнэлгээний хувьд зээлийн хэмжээнээсээ илүү үнэлгээтэйгээр газрыг үнэлүүлж тухайн газрыг барьцаанд тавьсан байсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгө байхгүй байсан ч гэсэн банканд ямар нэгэн эрсдэл учрахгүй байх байсан. Яагаад гэхлээр бүх эд хөрөнгийг нь барьцаанаас нь чөлөөлсөн албан бичиг биш байсан.

7.6. Харилцааны менежерээр ажиллаж байсан К.М- гэдэг хүний гэрчийн мэдүүлэг байгаа. ... К.М-ийн хувьд “тооцооны төвийн захирал С.С-т худал мэдээлэл өгч, өөрөөр хэлбэл энэ хүн зээлээ төлж дууссан, барьцаа хөрөнгө нь чөлөөлөгдөх үндэслэл бий болсон гэдэг байдлаар итгүүлж тооцооны төвийн захирал С.С-т гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэсэн” гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн К.М- нь мэдүүлэг өгөхдөө “С.С- энэ талаар мэдээлэлгүй байсан, би худал мэдээлэл өгсөн, энэ нь миний буруу байсан, үүнтэй холбоотой улсын бүртгэлийн хяналтын байцаагч надтай холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэж 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” гэж мэдүүлэг өгсөн. К.М-ийн энэхүү зөрчлийг Х банкнаас ноцтой зөрчилд тооцож, түүнтэй холбоотой арга хэмжээ аваагүй байгаа. Гэхдээ анхан шатны шүүхээс удирдлага дахь ажилтан ноцтой зөрчил гаргасан, түүнд хяналт тавиагүй нь тооцооны төвийн захирлыг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно гэж дүгнэсэн явдал нь үндэслэлгүй болжээ. Тооцооны төвийн захирлын удирдлага дахь ажилтан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Анх хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч С.С- нь нийт 4 төрлийн зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гэх 3 зөрчил нь ноцтой зөрчилд хамаарахгүй, зөрчилд хариуцлага оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 4 дэх зөрчилд буюу зээлийн гэрээний үүрэг дуусаагүй байхад барьцаа хөрөнгийг чөлөөлснийг баталгаажуулсан зөрчилд тушаал үндэслэлтэй болсон гэж дүгнэсэн.   

8.2. Анхан шатны энэхүү дүгнэлт үндэслэлгүй болох талаар дараах тайлбартай байна. Барьцаа хөрөнгийг чөлөөлсөн асуудалд нэхэмжлэгч С.С- нь хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх этгээд мөн байсан эсэх, ажилтны гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчилд хамаарах эсэхийг тодруулах шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно. Барьцаа хөрөнгө чөлөөлсөн гэсэн асуудал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт хамаарахгүй асуудал байсан. ...нэхэмжлэгчтэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан ...гэрээний 2 дахь заалтад ажлын байрны тодорхойлолтыг хавсаргалаа гэсэн боловч ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй. ... ажлын байрны тодорхойлолт байхгүй учраас нэхэмжлэгч зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх ажлыг хийх ёстой байсан гэж дүгнэх боломжгүй. Хэрэгт нэхэмжлэгчтэй холбоотой ажлын байрны тодорхойлолт авагдсан боловч тэр нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэсэн огноотой учраас 2018 оны хөдөлмөрийн гэрээний нэг хэсэг байсан. 2022 оны хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ талууд ажлын байрны тодорхойлолтын талаар тохиролцоогүй байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл байдаг.  Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж, ажилтанд өгөх нь ажил олгогчийн үүрэг байсан. Нэгэнт ажлын байрны тодорхойлолтын талаар тохиролцоогүй учраас ажилтнаас Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй. Маргаан бүхий тушаалд хариуцагч нэхэмжлэгч С.С-тэй байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний хөдөлмөрийн гэрээ болон 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг тус тус иш татсан. Энэнээс харахад ажилтантай 2018 онд болон 2022 онд хөдөлмөрийн гэрээ байгуулаад хоёр хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан уу, эсхүл аль нэг нь хүчинтэй юу, аль нэг нь хүчинтэй бол аль нь хүчинтэй байгаа гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай болно. 

8.3. Анхан шатны шүүх 2022 оны хөдөлмөрийн гэрээний 5.1.13-т зааснаар барьцаа хөрөнгийг нь чөлөөлсөн асуудал нь ноцтой зөрчил болно гэж дүгнэсэн атлаа аль хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байгаа гэдэгт дүгнэлт хийхгүйгээр ийм дүгнэлтэд хүрсэн нь үндэслэлгүй болжээ.

8.4. Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 5.7.13-т заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэж  байгаа боловч тухайн зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд заасан эсэх, хөдөлмөрийн дотоод журмыг нэхэмжлэгчид танилцуулсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.  ... 2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудаст авагдсан Х банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/01 дүгээр тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан байдаг ба тушаалын 3 дахь заалтаар хөдөлмөрийн дотоод журмыг ажилтнуудад танилцуулахыг хүний нөөц хариуцсан дэд захиралд үүрэг болгосон. Энэ үүрэг хангагдсан, хөдөлмөрийн дотоод журмыг нэхэмжлэгчид танилцуулсан гэдгийг нотлохуйц нотлох баримт хэрэг дотор байхгүй. Тийм учраас хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. 

8.5. ... Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 17 дугаар талд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт “Баян-Өлгий аймгийн хувьд 10 гаруй тооцооны төвтэй. Салбарын захирал өөрөө асуудал болгон дээр гарын үсэг зурж, албан тоот бичээд байх боломжгүй тул тооцооны төвийн захирлуудад өөрт олгогдсон эрх мэдлээ дамжуулж явж байгаа процесс явж байгаа” гэж тэмдэглэгдсэн байдаг. Барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудал нь салбарын захирлын хариуцдаг ажил байсан гэдгийг хариуцагч талаас үүгээр хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн 19 дүгээр хуудаст “Л.Ө- нь өөрт олгогдсон эрхээ цааш нь шилжүүлдэг процесс явагдаж байгаа” гэж тэмдэглэгдсэн. Л.Ө- гэдэг нь Х банкны Баян-Өлгий салбарын захирал буюу хариуцагчийн төлөөлөгч байгаа. Энэ хоёр тайлбараас харахад барьцаа хөрөнгийг чөлөөлөх нь тооцооны төвийн захирлын биш салбарын захирал Л.Ө-ын үүрэг байсан гэдгийг харуулж байна. Иргэний хуулийн 29.5-т “салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна” гэж заасан. Үүний дагуу Х банкны гүйцэтгэх захирлаас Баян-Өлгий салбарын захиралд итгэмжлэл олгосны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна. Салбарын захирал тухайн итгэмжлэлийн дагуу хүлээсэн үүргээ биечилж буюу өөрөө хийж гүйцэтгэх үүрэгтэй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т “төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй”, 62.5.-т “итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно” гэж тус тус заасан. Тэгэхээр Х банкны гүйцэтгэх захирлаас Баян-Өлгий салбарын захиралд итгэмжлэлээр тухайн үүргийг тооцооны төвийн захиралд шилжүүлж болно гэж заасны дагуу л тухайн эрх шилжих ёстой. Гэтэл Х банкны гүйцэтгэх захирлаас Баян-Өлгий салбарын захиралд итгэмжлэлд тэгж заагаагүй. Тиймээс хариуцагч талын итгэмжлэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудлыг тооцооны төвийн захиралд шилжүүлсэн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан Итгэмжлэл тооцооны төвийн захирал тус банкийг төлөөлж гэрээ хэлцэлд гарын үсэг зурж, гэрээ хэлцэл байгуулах, ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх гэх мэтийн эрхүүдийг тусгасан болохоос барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудлыг тооцооны төвийн захирал итгэмжлэлээр шилжүүлээгүй байна. 

8.6. Хөдөлмөрийн гэрээний 5.7.13-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж байгаа боловч тухайн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэхийг шүүх зөв тайлбарлаж хэрэглээгүй. Хөдөлмөрийн гэрээний тухайн заалтыг харвал хяналт тавих, удирдах, зохион байгуулахад чиглүүлэх, зааварчлах эрх үүргийг биелүүлээгүйгээс удирдлага нь доор байгаа ажилтан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. ... нэхэмжлэгчийн хувьд удирдах, хяналт тавих чиг үүргийг нь биелүүлээгүй байх .... тухайн үүргийг нь биелүүлээгүйгээс болоод удирдлага нь доор байгаа ажилтан ноцтой зөрчил гаргасан байх гэж заасан. Гэтэл удирдлагад нь байгаа ажилтан гээд байгаа К.М- ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй. Ноцтой зөрчил гаргасан, ер нь сахилгын зөрчил гаргасан арга хэмжээ авсан зүйл байхгүй. Тийм атал хөдөлмөрийн гэрээний 5.7.13-д заасан зөрчил үүссэн байна гэж арга хэмжээ авах үндэслэлгүй гэж үзэж байна.

8.7. Хариуцагч байгууллагын зүгээс барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэх зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 5.7.13-д заасан зөрчил юм гэж тайлбарлаагүй. ... шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь тал буюу 2 дугаар хавтаст хэргийн 130 дахь талаас ... харах юм бол энэ барьцаа хөрөнгө чөлөөлсөн үйлдэл нь эрх мэдлээ урвуулан ашиглах зөрчил юм гэдэг агуулгаар тайлбарлаж байсан байна. Тэгэхээр хөдөлмөрийг гэрээний 5.7.13-т заасан зөрчил байгаагүй. Хариуцагч өөрөө тийм үндэслэлээр тушаал гаргаагүй. Тэгэхээр шүүх ингэж дүгнэж байгаа нь шүүх эрх мэдлийн хүрээнээс хэтэрсэн асуудал байна. Талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 

8.8. Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэж дүгнэж байгаа нь буруу. ...Шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултад барьцаа хөрөнгийн өмчлөгч хуучин байшин маань жижиг барьсан учраас шинээр байшин барьсан, тухайн шинээр барьсан байшингийн бичиг баримтыг зээлийн барьцаанд тавьсан гэж хариулсан. Тэмдэглэлийн 11 дэх талд даргалагч ...Хуучин байшингаа нурааж шинээр байшин барьсан юм юу, үгүй юм уу гэж асуухад тийм, шинээр барьсан гэж хариулсан. Тэр хуучин байшин нурсан байгаа учраас Иргэний хуулийн 160.1.5-т барьцааны зүйл устаж үгүй болсноор барьцааны эрх дуусгавар болно гэж заасны дагуу Х банкны барьцааны эрх дуусгавар болчихсон. Нэхэмжлэгч барьцаагаа чөлөөлөхөөс өмнө угаасаа барьцааны эрх дуусгавар болчихсон байна. Тийм учраас нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг чөлөөлж банканд хохирол учруулсан гэдэг байдлаар дүгнэх үндэслэлгүй юм. Энэ дээр Иргэний хуулийн 160.1, 160.1.5 дахь заалтуудыг хэрэглэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

8.9. ...Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж ... ажил олгогчид хохирол учруулах, түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгох үйлдэл байна гэж тайлбарласан. Энэ тохиолдолд хохирол учраагүй. Х банк ХХК одоо барьцаагаа хэвээр бүртгүүлж аваад илүү сайн барьцаатай болсон байна. Яагаад гэвэл 3 дугаар сарын 21-ний өдөр барьцаа хөрөнгийг чөлөөлөөд 3 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр шинээр барьсан байрыг дахин барьцаалж, барьцаатай болгосон. Тухайн барьцааны зүйлүүдийн үнэлгээг харвал өмнөх нурсан байшин 12,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Яагаад гэвэл 70 хувийн гүйцэтгэлтэй буюу дутуу гүйцэтгэлтэй байшин байсан. Шинэ байшингийн хувьд барьцааны гэрээнд үнэлгээг нь зааснаар 48,000,000 төгрөг буюу 36,000,000 төгрөгөөр, хувьчилж ярих юм бол 4 дахин өндөр үнэлгээтэй байрыг шинээр барьцаалчихсан байсан. Энэ 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар, тушаал гарах өдрийн байдлаар энэ барьцаа хөрөнгө Х банканд шинээр бүртгэгдсэн байсан. Х банканд ямар нэгэн барьцаанаас чөлөөлөгдсөн, барьцаагүй болсон зүйл байхгүй болсон байсан. Тэгэхээр энэ дээр ямар ч хохирол учраагүй. 

8.10. ... Шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дахь талд зээлдэгч буюу гэрч А.С-ийн зүгээс зээлийн хугацаа алдагдуулахгүйгээр төлж байгаа гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгийг хариуцагчийн зүгээс няцаагаагүй. Зээл эрсдэлд орсон талаар ямар нэгэн тайлбар гаргаж өгөөгүй учраас хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна.

8.11. ... Барьцаа чөлөөлсөн гэх зөрчлийнх нь хувьд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зөрчил тогтоосон акт үйлдэж өгсөн ... актын эхний хуудсанд зөрчил гаргасны улмаас банканд учирсан хохирол, хор уршиг, хэвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн сөрөг нөлөө ... хэсэг дээр хохирол учирлаа гэдэг байдлаар юу ч бичээгүй. Харин зөвхөн гаргасан зөрчлийн талаар бичсэн. Х банкны зүгээс бидэнд хохирол учирсан гэж тайлбарлаагүй. Энэ нь хариуцагч тал банканд ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг харуулж байгаа юм.

8.12. Нэхэмжлэгчийн үйлдэл барьцаа хөрөнгө чөлөөлөх үйлдэл биш барьцаа хөрөнгийг сайжруулж бүртгүүлэх үйлдэл байсан. Энэ нь цогц нэг үйлдэл. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр чөлөөлөөд 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шинэчилж сайжруулаад бүртгэсэн үйлдэл байсан. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн өмнөх үйлдлийг нь буюу чөлөөлсөн үйлдлийг нь тасалж тайлбарлаад байгаа талтай байна уу? Гэтэл энэ нь үргэлжилсэн нэг үйлдэл. Сайжруулж шинээр барьсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахын тулд өмнөх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой гэдэг тайлбарыг улсын бүртгэлээс өгсөн.  Гэрчилгээг хэрхэн хүчингүй болгох талаар асуухад барьцаанаас нь чөлөөл гэсний дагуу барьцаагаа чөлөөлөөд сайжруулж шинээр барьсан үл хөдлөх эд хөрөнгийг дахин бүртгүүлж авсан. Яагаад ингэж бүртгүүлж авах болсон бэ гэвэл банкны зүгээс хэрэгцээ шаардлага байсан юм гэж гэрч К.М-, мөн хөрөнгийн өмчлөгч А.С- нар тайлбарласан. Энэнтэй гэрчийн мэдүүлэг хэсгээс танилцаж болно. ...Тушаал 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Энэ өдрийн байдлаар Х банкны барьцаа сайжирчихсан байсан. Ямар нэгэн зөрчил байгаагүй зүйл дээр зөрчил байсан гэж тушаал гаргасан.

8.13. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ” гэж заасан.  Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль, гэрээ зэрэг бичиг баримтууд хоорондоо зөрчилдөх тохиолдолд ажилтанд ашигтайг нь хэрэглэнэ гэсэн үг. Энэ санаа нь талуудын тэнцвэрийг хангах зорилготой. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч үргэлж давуу байдалтай буюу захирах харилцаанд, ажилтан захирагдах харилцаанд байдаг. Тийм учраас тэнцвэрийг хангах үүднээс Хөдөлмөрийн тухай хууль батлагдсан. Тэгэхээр бид тэнцвэрийг хангах үүднээс Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний нөхцөл байдлуудыг ажилтанд илүү ашигтай байдлаар тайлбарлах үндэслэлтэй. Тийм болохоор маргаан, үл ойлголцол гарвал хууль хэрэглээний хувьд ажилтанд илүү ашигтайгаар тайлбарлахыг хүсэж байна. 

8.14. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд нь стандарт нөхцөл байдалтай хөдөлмөрийн гэрээ байна лээ. Энийг яагаад тэгж үзэж байна вэ гэвэл 2018, 2022 онуудад байгуулсан хөдөлмөрийн гэрээ нэг ижил загвартай. 2018 оны гэрээн дээр хувилбар 2,  2022 оны гэрээнд хувилбар 3 гээд бичсэн байдлаас харахад Х банк энэ хөдөлмөрийн гэрээний 2, 3 дахь хувилбаруудаа буюу стандарт нөхцөлүүдийг сайжруулаад, стандарт нөхцөлөөр гэрээ байгуулаад яваад байсан байна. Стандарт нөхцөл гэрээ байгаа учраас Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах үндэслэлтэй гэж үзэж байна.

8.15. Х банкны зүгээс энэ зөрчлийн улмаас бид нар торгуулсан гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Х банкны ажилтан К.М- гэх хүн энэ асуудлын улмаас 50000 төгрөгөөр торгуулсан байна. Х банкны зүгээс ямар нэгэн байдлаар торгууль төлж хохирсон зүйл байхгүй байна гэдгийг хэлье. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна.  

 

ХЯНАВАЛ:

 

            9. Давж заалдах шатны шүүх С.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х банкны Баян-Өлгий салбарт холбогдох “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдлоор авч хэлэлцсэн хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

           

10. Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/52 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалаар тус салбарын Төв тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан С.С-ийг “(1) ажлын байрны давуу тал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамтран үүрэг хүлээсэн “ажлын байрыг дэмжих зээлийн гэрээ” байгуулахад салбарын зээлийн хорооны шийдвэрийг зөрчиж, 12 сарын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэрээ байгуулсан зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд саад болсон, зүй бусаар нөлөөлсөн, зөрчлийг залруулаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, (2) нэгжийн дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж нь Дотоодын аудитын газрын шалгалтаар удаа дараалан хангалтгүй үнэлэгдсэн, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс өр, орлогын харьцаа хангагдаагүй зээлдэгчид зээл олгосон зөрчлийг арилгаагүй, (3) зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэст барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулсан” гэсэн 3 үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт болон Х банкны Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг баримталж ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай сахилгын шийтгэл ногдуулжээ.

           

11. Анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх шийдвэрийн үндэслэл тус бүрд эрх зүйн үнэлэлт өгч, Х банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан С.С- нь (1) “зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд саад болсон, зүй бусаар нөлөөлсөн, зөрчлийг залруулаагүй ашиг сонирхлыг зөрчил үүсгэсэн”, (2) “нэгжийн дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж нь Дотоодын аудитын газрын шалгалтаар удаа дараалан хангалтгүй үнэлэгдсэн, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс өр, орлогын харьцаа хангагдаагүй зээлдэгчид зээл олгосон зөрчлийг арилгаагүй” гэсэн 2 төрлийн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй, түүнчлэн эдгээр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх 2 дахь зөрчил холбогдлын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан “сахилгын зөрчил гаргасан ажилтанд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж дүгнэж, ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх 2 үндэслэлийг тус тус үгүйсгэсэн, харин С.С- нь (3) “зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэст барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулж явуулсан” гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн уг шийдвэрт хариуцагч буюу ажил олгогч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

           

12. Нэхэмжлэгч С.С-ээс “зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэст барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулж явуулсан” гэх зөрчилд “өөрийгөө буруугүй, харилцааны менежерээр ажиллаж байсан К.М- нь шийтгэл хүлээсэн, зээлдэгч А.С-ийн тайлбарыг үндэслэж, миний ажлын байрны тодорхойлолтод Улсын бүртгэлийн хэлтэст барьцаанаас чөлөөлөх хөрөнгийн талаар тодорхойлолт гаргах талаар үүрэг тусгагдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

            Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон “зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэст барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулж явуулсан” гэх хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж судлахад, тухайлбал:

  • Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дугаар зүйлийн 5.7.13-т “Ажилтан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахыг зөвшөөрч байна. Үүнд: хяналт тавих, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах зэрэг үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд удирдлага дахь ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргах” гэж тусгасан (1 дэх хавтаст хэргийн 118-119 дахь тал),
  • Тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 2.1-т “Монгол Улсын хууль тогтоомж, Х банкны бодлого, журам, заавар, тушаал, шийдвэрүүдийг өдөр тутмын ажил үүрэгтээ мөрдөн ажиллах, тэдгээрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавих” гэж, 2.13-т “Нэгжид дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг удирдах зохион байгуулах” гэж тусгасан (1 дэх хавтаст хэргийн 6-7 дахь тал),
  • Х банкны хөдөлмөрийн дотоод журмын /2022/ 4.4.11-т “хяналт тавих, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах зэрэг үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд удирдлага дахь ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргах”-ыг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчилд тооцсон (2 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал),
  • Х банкны Ёс зүйн дүрмийн 2.1.9-т “худал хуурмаг мэдээлэл өгөхгүй байх, хууран мэхлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх”, 5.1.1-т “Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан банкны эрх зүйн акт, хөдөлмөрийн гэрээ, контрактаар хүлээсэн ажил үүргээ өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан мэргэжлийн өндөр түвшинд, үнэнч шударгаар биелүүлж ажиллана” гэж журамласан (2 дахь хавтаст хэргийн 48-49 дэх тал),  
  • Х банк болон харилцагч А.С- нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний үүрэг тус гэрээний хавсралт болох “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т зааснаар 2028 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болно (1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал),
  • Х банк болон иргэн А.С- нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр харилцагч А.С-ийн өмчлөлийн: (1) *****тоотод байрлах 90 м.кв хувийн орон сууц /Ү-*****/, (2) ***** тоотод байрлах 40 м.кв зууны сууц, (3) *****тоотод байрлах 1465 м.кв газар зэрэг 3 үл хөдлөх эд хөрөнгийг банк болон зээлдэгч хооронд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан (1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал),
  • Х банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн захирал С.С-ийн гарын үсэг бүхий 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5197/111 дугаар А.С-ийн өмчлөлийн, дээрх гэрээгээр барьцаалсан *****тоотод байрлах 90 м.кв хувийн орон сууц /Ү-*****/-ыг “Барьцааны эрх дуусгавар болгож, барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 132, 226 дахь тал),
  • Х банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн захирал С.С-ийн гарын үсэг бүхий 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5197/118 дугаар “Гэрээний нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 133, 227 дахь тал),
  • Ахлах менежер Б.Г-ын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “2022 оны 3 дугаар сарын 21-нд харилцааны менежер К.М- нь Улсын бүртгэлийн хэлтэст 5197/111 дугаартай албан тоот бичихдээ барьцааны эрх дуусгавар болгож, барьцааны хөрөнгө чөлөөлөх тухай буруу албан тоот бичиж өгсөн ба Төв тооцооны төвийн захирал С.С- хянаж гарын үсэг зурсан байна. Улмаар 3 дугаар сарын 24-нд харилцааны менежер К.М- нь Улсын бүртгэлийн хэлтэст 5197/118 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай албан тоот бичиж явуулснаар зөрчил илэрсэн. Энэ зөрчил нь ажилтан К.М-, С.С- нарын буруутай үйлдлээс болж гарсан байна” гэх тайлбар (1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал),
  • Х банк болон харилцагч А.С- нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр А.С-ийн /өмчлөх эрхийг нь мөн өдөр бүртгэсэн/ өмчлөлийн *** тоот, 128.8 м.кв талбайтай хувийн сууцыг /Ү-*****/ банк болон зээлдэгч нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг шинээр байгуулсан (1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал),
  • 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Зөрчил тогтоосон акт”, түүнд тусгагдсан ажилтан С.С-ийн “Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн албан тоотын хувьд хувийн хэрэг бүрийг авч шалгах боломжгүй тул боловсруулсан харилцааны менежер үнэн зөв бичих ёстой” гэх тайлбар (2 дахь хавтаст хэргийн 60 дахь тал),
  • Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5180/52 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.7.13, Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.11, Ёс зүйн дүрмийн 2.1.9, 5.1.1 дэх заалтыг үндэслэж “зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэст барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулсан” ноцтой зөрчлийг гаргасан тул мөн өдрөөс эхлэн С.С-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан (1 дэх хавтаст хэргийн 5 дахь тал),
  • Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0145085 дугаар шийтгэлийн хуудсаар К.М-ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, уг шийтгэлийг холбогдогч К.М- нь мөн өдөр төлсөн (2 дахь  хавтаст хэргийн 107, 108 дахь тал) зэргээр тогтоогдсон үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудаас дүгнэхэд, Х банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан С.С- нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хангалттай тогтоогдсон байна.

 

13. Ажилтан С.С- нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн журамд зааснаар Х банкны салбарын тооцооны төв буюу нэгжийн удирдах албан тушаалтны хувьд удирдлага дахь ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих, чиглүүлэх, зааварчлах, Монгол Улсын хууль тогтоомж, Х банкны бодлого, журам, шийдвэрүүдийг өдөр тутмын ажил үүрэгтээ мөрдөн ажиллах, тэдгээрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавих, удирдаж буй нэгжид дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх, худал хуурмаг мэдээлэл өгөхгүй байх, банкны эрх зүйн акт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан үнэнч шударгаар биелүүлж ажиллах үүрэгтэй атал Х банк болон харилцагч А.С- нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад уг гэрээний үүргийг хангуулахаар мөн өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн талаар Улсын бүртгэлийн хэлтэст “зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон” гэсэн агуулгатай худал мэдээллийг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр хүргүүлж, тухайн үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болсноор улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг худал мэдээлэл бүхий албан бичгийг төлөвлөж ирүүлсэн харилцааны менежер К.М-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг илрүүлэх, зааварчлах бүрэн боломжтой боловч уг үүргээ биелүүлээгүй, нягтлан шалгаагүй, уг ажил үүрэгтэй нь холбогдуулж дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлээгүй буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцалсан “С.С- нь зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэст барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулсан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл бүрэн нотлогдсон. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч С.С-ийн “өөрийгөө буруугүй, ажлын байрны тодорхойлолтод Улсын бүртгэлийн хэлтэст барьцаанаас чөлөөлөх хөрөнгийн талаар тодорхойлолт гаргах үүрэг тусгагдаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

14. Түүнчлэн ахлах менежер Б.Г-ын тайлбар, Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий алба тушаалтны 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0145085 дугаар шийтгэлийн хуудас зэргийг үндэслэвэл, ажил олгогчоос С.С-ийн дээрх үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 5.7.13-т “... /хяналт тавих/ ...үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд удирдлага дахь ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргах” гэж заасны дагуу түүний удирдлагад ажиллаж байсан харилцааны менежер К.М-ийн “худал мэдээлэл бүхий албан бичгийн төсөл боловсруулсан”  үйлдэлд хамаатуулж ноцтой зөрчилд тооцсоныг буруутгах хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв. Энэ талаар нэхэмжлэгчийн “уг зөрчилд харилцааны менежер К.М- нь зөрчлийн хэрэгт хариуцлага хүлээсэн учир би хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээхгүй” гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй. Харилцааны менежер К.М- Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн явдал нь ажил олгогчоос Төв тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан С.С-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй.

 

15. Иймд Х банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан С.С-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5.7.13, Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.11, Ёс зүйн дүрмийн 2.1.9, 5.1.1 дэх заалтыг тус тус баримталж “зээлийн гэрээний үүрэг хангагдаж дуусаагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэст барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөх хүсэлтийг баталгаажуулсан ноцтой зөрчил гаргасан” буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул “уг шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай С.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

16. Ажилтны 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн буруутай үйлдлийг ажил олгогчоос анх 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр илрүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр актаар тогтоож, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч С.С-ийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч С.С-ийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК