Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2022/00757

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Е . Хаяг: Б аймаг, Б  сум, 4 дүгээр баг, Шар цэнхэр гэх газарт оршин суух

 

Хариуцагч: А . Хаяг:Б аймаг, Ө  сум 6 дугаар багт оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тээвэрлэгчээс Ford-Escape-ZD маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрлэх явцад гэмтсэний хохирол 2,260,000 төгрөг, уг гэмтсэн тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахад гарсан зардал 126,000 төгрөг, тээврийн хөлсөнд төлсөн 400,000 төгрөг, нийт 2,786,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ,

Гэрч Н /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

Хариуцагч А т шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс анх шүүхэд хариуцагч А т холбогдуулан түүнээс өөрийн эзэмшлийн Ford-Escape-ZD маркийн 00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрлэх явцад гэмтсэний хохирол 2,280,000 төгрөг, уг гэмтсэн тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахад гарсан зардал 126,000 төгрөг, тээврийн хөлсөнд төлсөн 400,000 төгрөг нийт 2,806,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлага гаргажээ.

2.Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас Ford-Escape-ZD маркийн 00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрлэх явцад гэмтсэний хохирол 2,260,000 төгрөг, уг гэмтсэн тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахад гарсан зардал 126,000 төгрөг, тээврийн хөлсөнд төлсөн 400,000 төгрөг, нийт 2,786,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

2.1 Миний бие энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

2.2 Нэхэмжлэгч Е  нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Б аймгаас Улаанбаатар хотод өөрийн эзэмшлийн “Ford-Escape” маркийн 00  улсын дугаартай машиныг иргэн А тэй тохиролцож, түүний том овын машинд ачуулж, хөлсөнд 400,000 төгрөг өгөхөөр болж, уг мөнгийг түүний данс руу нь шилжүүлсэн байна.

2.3 Тухайн автомашиныг ачуулах үед тэд хоорондоо ярилцаж, машиных нь бүрэн бүтэн байдлыг хариуцаж гадна болон дотор талд гэмтэл учруулахгүйгээр тогтоосон газарт хүргэж өгөхөөр тохиролцсон байна.

2.4 Гэтэл дөрөв хоногийн дараа буюу 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Е ы гар утсанд А  залгаж Улаанбаатар хотод ирсэн байгаа талаар мэдэгдэж ирж машинаа аваарай гэхээр тэр яваад очтол машиныг нь гэмтээсэн байдалтай байсан бөгөөд гадна болон дотор талыг эвдсэн элэгдэж зурагдсан, машины гадна талын арьс хэсэг нь хонхойж дотогшоо орсон, будаг нь арилсан, их хэмжээгээр энд тэндгүй зурагдсан мөн машины дотор талын кабинд их хэмжээгээр ачаа чихэж ачсанаас болоод машины салон арын багажийн хэсэг нь бүгд зурагдсан байсан байна.

2.5 Нэхэмжлэгч тухайн үед хариуцагчаас учир шалтгааныг асуухад А  түүнээс уучлалт гуйж миний буруугаас боллоо миний дүү машинаа засуулаад аваарай ахын хувьд гарсан хөлсийг төлж өгнө гэснээр Улаанбаатар хотод байдаг вьетнам авто машины засварын газарт хандаж үзүүлсэн боловч тэд гэмтсэн машины деталийг тус бүрийг тоолж, нийт 4,000,000 сая төгрөг гарна гэж дүгнэсэн тул Е ы машиныг ачиж ирсэн А т болсон явдлыг хэлсэн боловч тухайн мөнгийг төлж чадахгүй гэж татгалзсан хариу өгсөн болно.

2.6 Нэхэмжлэгч Е  нь энэ байдлаас шалтгаалж автомашины зурагдаж элэгдэж гэмтсэн хэсгийг үзүүлж үнэ тогтоолгоход мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан.

2.7 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Е  тээврийн хөлсөнд 400,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдсон. Хүний эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж тээвэрлэж яваа хүн эд хөрөнгөд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсгэхгүйгээр заасан газарт нь хүргэж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч талын зүгээс Мөнх эстимейт ХХК-ны гаргасан шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч, энэ талаар ямар нэгэн байдлаар маргаагүй.

2.8 Иймээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийн хохиролд 2,260,000 төгрөг, мөн үнэлгээ гаргахад гарсан зардал 126000 төгрөг, тээвэрлэлтийн хөлс 400000 төгрөг, нийт 2786000 төгрөг гаргуулах тухай болгон багасгаж байна.

2.9 Иймд хариуцагчаас нийт 2786000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч А  хариу тайлбар, татгалзал:

3.1.Миний бие А  нь Б  сумын иргэн Е ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

3.2 Би Е ы эзэмшлийн Ford-Escape-ZD маркийн 00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн том оврын машинд ачиж Улаанбаатар хотод хүргэж өгсөн байсан юм. Машин ачсан хөлсөнд 400,000(дөрвөн зуун мянган) төгрөг авсан юм.

3.3 Тухайн үед Е ы суудлын авто машины  мотор нь ажиллагаагүй эвдэрсэн    байсан юм.Харин Улаанбаатар хотод очсоны дараа уг бага оврын тээврийн хэрэгслийг засварын газарт оруулсан юм.

3.4 Е ы суудлын машиныг ачиж буулгах үед арын хэсгийн крилло,таслах талын хаалганы доор хэсэг, мөн крилло зэрэг хэсгүүд нь зурагдсан байсан.Тухайн үед би Е д учир байдлыг хэлж ярьсан та зурагдсан хэсгийг янзалж өгөөрэй гэсэн би янзалж өгөхөөр тохирсон байсан юм.

3.5 Түүний тээврийн хэрэгсэлд их хэмжээний  хохирол учрахаар асуудал болоогүй юм.Иймд би Е ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.А ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А ХХК-д үнэлгээний төлбөрт Е аас 126,000 төгрөг тушаасан бэлэн мөнгөний орлогын 0018665 дугаартай баримт, А ХХК-ны Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Е ы нэр дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээ, маргаан бүхий тээврийн хэрэгслийн фото зураг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дахин шинжээч томилж өгөх тухай хүсэлт зэрэг баримтуудыг,

5.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, шинжээч томилуулах тухай хүсэлт, гэрч асуулгах, маргаан бүхий тээврийн хэрэгсэлд үзлэг хийлгэх тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

6.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр маргаан бүхий тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ гаргуулахаар М ХХК-ийг шинжээчээр томилсон ба Хохирол үнэлгээний тайлан, хавсралтаар маргаан бүхий тээврийн хэрэгслийн фото зургууд, шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр Н ы гэрчээр оролцуулсан болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А ээс Escape-ZD маркийн 00  улсын дугаартай машиныг тээвэрлэх явцад учирсан гэмтлийн үнэ 2,260,000 төгрөг, үнэлгээний хөлс 126000 төгрөг, нийт 2,386,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Е д олгож нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Е  нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Б аймгаас Улаанбаатар хотод “Ford-Escape” маркийн 00 улсын дугаартай машиныг хөлсийг төлж хариуцагч А ийн том оврын машинаар Б аймгаас Улаанбаатар хотод тээвэрлэж хүргүүлэхэд машины гэмтсэнээс болж учирсан хохирлыг гаргуулах тухай гэж нэхэмжлэлээ тайлбарлажээ.

 

3.Хариуцагч А  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би Е ы машиныг өөрийн эзэмшлийн том оврын машинд ачиж Улаанбаатар хотод хүргэж өгч, хөлсөнд 400,000 төгрөг авсан маань үнэн. Уг машиныг ачиж буулгах үед арын хэсгийн крило, туслах талын хаалганы доод хэсэг, мөн крило зэрэг хэсгүүд нь зурагдсан байсан. Түүний тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учрахаар асуудал болоогүй гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Е  нь хариуцагч А ийн том оврын машинд нь өөрийнхөө эзэмшлийн Ford-Escape-ZD маркийн 00  улсын дугаартай машинаа Б аймгаас Улаанбаатар хотод хүргүүлэхээр тээвэрлүүлж, хөлсөнд 400,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эхнэр нь  гэх Х.А ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын тайлбараар  нотлогдож байна.

 

5.Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-д зааснаар тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

 

6.Хариуцагч А т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Н ы “Нэхэмжлэгч Е ы 00 улсын дугаартай Ford escape маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч А ийн 000  улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр Б аймгаас Улаанбаатар хотод ачиж хүргэж, буулгах үед би байлцсан. Тухайн үед ачааны машин Улаанбаатар хотод шөнийн цагт орж ирсэн байсан. Шөнийн цагаар замын түгжрэл бага байдаг учраас манай дүү болох Е  жолооч А т шууд засварын газарт машиныг хүргэж буулгаад өгөхийг хүссэн. Тухайн засварын газар Улиастайд байдаг учраас дүү Е  надад утасдаж намайг машинтайгаа ирж аваач ээ гэж хүсэхэд би өөрийн хувийн машинтайгаа очсон. Би очиход тухайн ачааны машин ачаагаа буулгаагүй гэр хороолол дотор байсан. Буулгаагүй байсан шалтгаан нь кран машиныг хүлээж байсан юм байна. Кран ирээд Е ы машиныг буулгаж эхэлсэн. Тэгээд А  машиныхаа тээшийг нээхэд Е ы машиныг зөвхөн гялгар уутаар ороосон байдалтай байсан ба дээр нь ачаа тавьсан, хоёр талд гэр ахуйн төмөр сав суулгыг чихээд тавьсан байсан. Тухайн үед Е  нь А т та яагаад миний машины хоёр хажууд ачаа чихсэн бэ, та миний ачих үед  өөр ачаа тавихгүй гэсэн биз дээ гээд маргалдсан. Е ы хэлснээр А  түүний машиныг ачих үед өөр ачаа ачихгүй, маргааш нь гарна гэж хэлсэн юм байна. Тухайн үед А  байсан. А  надад хандан чи бас цагдаа хүн байна, хохирлыг төлж өгнө гэж тодорхой мөнгөн дүн хэлээд маргааш төлж өгөхөөр болоод явсан байсан. Чухам хэдэн төгрөгөөр тохиролцсон байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан Е ы машины урд, хойд, дээд, хоёр хажуу талууд бүгд зурагдсан байсан. Тухайн гэмтлүүдийг надад бас үзүүлэхэд би мэдэхгүй, та хоёр учраа өөрсдөө олоорой гэсэн. Тэд машиныг бүтэн тойрч үзэхэд машины ихэнх хэсэг нь зурагдсан байсан. Тээврийн хэрэгслийн дотор тал нь зурагдсан эсэхийг би хараагүй. Ямар ч байсан А  нь тухайн тээврийн хэрэгслийн дотор Е ы зөвшөөрөлгүйгээр ачаа тавьсан байсан.” гэх мэдүүлэг болон талуудын тайлбараар  нэхэмжлэгчийн эзэмшлийн Ford-Escape-ZD маркийн 00  улсын дугаартай машиныг хариуцагч А  нь өөрийнхөө том оврын машинаар тээвэрлэх явцад гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

 

7.Хариуцагч А ээс нэхэмжлэгч Е ы эзэмшлийн Ford-Escape-ZD маркийн 00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрлэх явцад учирсан гэмтлийн талаар маргаагүй бөгөөд хохирлын үнэлгээ хэт өндөр гарсан гэж маргаж, үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргаснаар, хүсэлтийг хангаж тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0000 дугаартай захирамжаар М ХХК-ийг шинжээчээр томилсон ба хохирлын үнэлгээ 2,260,000 төгрөг гарсан талаарх хохирлын үнэлгээний тайлангаа ирүүлснийг нэхэмжлэгч талаас уг үнэлгээний дагуу машинд учирсан гэмтлийн хохирлыг гаргуулахыг хүсжээ.

 

8.Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцахаар” заасан тул нэхэмжлэгч Е аас өөрийн эзэмшлийн Ford-Escape-ZD маркийн 00  улсын дугаартай машиныг хариуцагч А  нь тээвэрлэх явцад гэмтсэнээс үүссэн хохирлыг түүнээс шаардах эрхтэй байна.

 

9.Харин Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс өөрийнхөө эзэмшлийн Ford-Escape-ZD маркийн 00  улсын дугаартай машиныг хариуцагчийн том оврын машинд тээвэрлүүлж Б аймгаас Улаанбаатар хотод хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчээс тээврийн хөлсөнд төлсөн 400,000 төгрөгийг хариуцагч А ээс нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

10.Нэхэмжлэгч Е аас уг маргаан бүхий Escape-ZD маркийн 00  улсын дугаартай машины эвдрэл, хохирлын үнэлгээ гаргуулахаар А ХХК-д 126,000 төгрөг төлсөн болох нь тус компанийн бэлэн мөнгөний орлогын 00 дугаартай баримтаар тогтоогдож байгаа тул тэрээр гэрээний үүрэг зөрчсөний улмаас өөрт учирсан хохирлоо хариуцагч А ээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй  гэж шүүх дүгнэлээ.

 

11.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А ээс Escape-ZD маркийн 00  улсын дугаартай машиныг тээвэрлэх явцад учирсан гэмтлийн үнэ 2,260,000 төгрөг, үнэлгээний хөлс 126000 төгрөг, нийт 2,386,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е д олгож нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 2,386,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 53126 төгрөгийг хариуцагч А ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А ээс Escape-ZD маркийн 00  улсын дугаартай машиныг тээвэрлэх явцад учирсан гэмтлийн үнэ 2,260,000 төгрөг, үнэлгээний хөлс 126,000 төгрөг, нийт 2,386,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ээс улсын тэмдэгтийн хураамжид 53126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж