Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2022/00099

 

Д.Е-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлийн даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2022/00757 дугаар шийдвэртэй, 

нэхэмжлэгч **** оршин суух Д.Е-ы /РД:БЮ********/ нэхэмжлэлтэй, хариуцагч ********оршин суух С.А-т  /РД:БВ********/ холбогдох,

“Тээвэрлэгчээс Ford-Escape-ZD маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрлэх явцад гэмтсэний хохирол 2,260,000 төгрөг, уг гэмтсэн тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахад гарсан зардал 126,000 төгрөг, тээврийн хөлсөнд төлсөн 400,000 төгрөг, нийт 2,786,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Төлеу, хариуцагч С.А-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек, орчуулагч Б.Жанерке нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод “Ford-Esape”  маркийн ****БӨҮ дугаартай авто машиныг иргэн С.А-тэй тохиролцож 400.000 төгрөгөөр ачуулж, түүний данс руу мөнгөө шилжүүлсэн. Тухайн автомашиныг  ачуулах үед бид хоорондоо ярилцаж машины маань бүрэн бүтэн байдлыг хариуцаж гадна болон дотор талд гэмтэл учруулахгүйгээр тогтоосон газарт хүргэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл 4 хоногийн дараа буюу 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр миний гар утас руу С.А- залгаж “Улаанбаатар хотод ирсэн байгаа” талаар мэдэгдсэн. Очиход уг машин маань гэмтсэн байдалтай байсан бөгөөд гадна болон дотор талыг эвдсэн элэгдэж зурагдсан, машины гадна тал нь хонхойж дотогшоо орсон  будаг нь  арилсан их хэмжээгээр зурагдсан, мөн машины кабинд нь ачаа чихэж ачсанаас болж машины салон арын багажийн хэсэг нь бүгд зурагдсан байдалтай байсан. 

1.2. Байдал нэгэнт ийм байгаа тул учир шалтгааныг асуухад тухайн үед надаас уучлалт гуйж “миний буруугаас боллоо миний дүү, машинаа засуулаад аваарай ахын хувьд гарсан хөлсийг төлж өгнө” гэснээр Улаанбаатар хотод байдаг  “Вьетнам” автомашины засварын газарт хандаж үзүүлсэн боловч тэд гэмтсэн машины деталь тус бүрийг тоолж “нийт 4.000.000 төгрөг гарна” гэж дүгнэсэн тул миний машиныг ачиж ирсэн С.А-т болсон явдлыг хэлсэн боловч тухайн мөнгийг төлж чадахгүй гэж татгалзсан хариу өгсөн.

1.3. Миний бие автомашины зурагдаж элэгдэж гэмтсэн хэсгийг үзүүлж үнэ тогтоолгосон бөгөөд  мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр  2.280.000 төгрөг гэж тогтоосон, мөн үнэлгээний хөлс болох 126.000 төгрөг, автомашины ачсан хөлс болох 400.000 төгрөг  нийт 2.806.000 төгрөгийг С.А-ээс гаргуулах хүсэлттэй байна.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Би Д.Е-ы эзэмшлийн “Ford-Esape”  маркийн ****БӨҮ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн том оврын машинд ачиж Улаанбаатар хотод хүргэж өгсөн. Машин ачсаны хөлсөнд 400.000 төгрөг авсан байсан.

2.2. Тухайн үед Д.Е-ы суудлын автомашины мотор нь ажиллагаагүй, эвдэрсэн байсан. Харин Улаанбаатар хотод очсоны дараа  уг машиныг засварын газарт оруулсан. Тухайн машиныг ачиж буулгах үед арын хэсгийн кирло, туслах талын хаалганы доод хэсэг, мөн кирло зэрэг хэсгүүд нь зурагдсан байсан. Тэгээд тэрээр учир байдлыг хэлж та зурагдсан хэсгийг янзалж өгөөрэй гэсэн би янзалж өгөхөөр болж тохиролцсон байсан.

2.3. Харин түүний тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учрахаар зүйл болоогүй. Иймд Д.Е-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2022/00757 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.А-ээс Escape-ZD маркийн **** БӨҮ улсын дугаартай машиныг тээвэрлэх явцад учирсан хохирлын үнэ 2.260.000 төгрөг, үнэлгээний хөлс 126.000 төгрөг нийт 2.386.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 53126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн дүгнэж үзээгүй. Нэхэмжлэгч Д.Е- нь анх “Ford-Esape”  маркийн ****БӨҮ улсын дугаартай тээврийг хэрэгслийг ачихдаа  амаар гэрээ байгуулсан. Харин Д.Е- нь ачсан тээврийн хэрэгслийг  буулгах үед зурагдсан хэсгийг үзүүлэхэд өөрөө ирж харсан. Би зурагдсан хэсгийн мөнгийг өгөхөөр болсон ба тэрээр авахгүй гэж тээврийн хэрэгслийг  засварт оруулахаар засварын газарт  буулгаж авсан.

4.2. Д.Е- нь засварын газарт оруулсан тээврийн хэрэгслийн мотор, короп, бусад эд ангийн зардлыг надаас нэхэмжилж байгаа нь  үндэслэлгүй. Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн, шүүх хуралдаан болох талаар надад мэдэгдээгүйд, мөн 2.386.000 төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Бид нарын зүгээс холбогдох материалуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс тээвэрлэлтийн явцад учирсан хохирол бус нийт учирсан хохирлын үнэлгээ өндөр гарсан гэж маргасан. 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүхээс 1559 дугаартай захирамжаар шинжээч томилсон. Тухайн шинжээчийн дүгнэлтээр 2,260,000 төгрөг хохирол учруулсан гэж дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч талын зүгээс уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас хохирол гаргуулахыг хүссэн.

5.2. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж хуульчилсан. Тиймээс нэхэмжлэгч Д.Е-ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг С.А- тээвэрлэх явцад учирсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

5.3. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Тийм учраас бид нар анхан шатны шүүхээс гаргасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, Д.Е- нь  С.А-т холбогдуулан  “Тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохирол 2.806.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            7. Тээвэрлэгч С.А- болон тээвэрлүүлэгч Д.Е- нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан  “Ачаа тээвэрлэлт”-ийн гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр тээвэрлүүлэгч талын захиалгын дагуу тээвэрлэгч нь Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот буюу тээвэрлүүлэгчийн заасан газарт Ford-Escape-ZD маркийн **** БӨҮ улсын дугаартай автомашиныг тээвэрлэн хүргэх, хүлээлгэн өгөх, тээвэрлүүлэгч нь автомашиныг хүлээн авч, тээврийн хөлс төлөх харилцан үүрэг хүлээсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар маргаагүй байна.

8. Зохигчдын хооронд хийгдсэн дээрх гэрээний дагуу хариуцагч С.А- нь Ford-Escape-ZD маркийн **** БӨҮ улсын дугаартай автомашиныг өөрийн **** БӨН улсын дугаартай ачааны машинд ачиж тээвэрлэлт хийж, нэхэмжлэгч Д.Е- нь тээврийн хөлс 400.000 төгрөгийг хариуцагчид төлсөн, машиныг тээвэрлэх явцад  Ford-Escape-ZD маркийн **** БӨҮ улсын дугаартай автомашинд гэмтэл учруулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн тайлбар, гэрч В.Нурланы мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтууд болох ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогджээ.

9. Гэвч хариуцагч талаас тухайн автомашины хохирлын үнэлгээ хэт өндөр гарсан гэж маргасан, шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, “Мөнх эстимэйт” ХХК нь хохирлын үнэлгээг 2.260.000 төгрөг гэж тогтоосон ба нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Ашид Билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээтэй ижил гарсан байх тул тухайн авто машинд учирсан хохирлын хэмжээ нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодиттой тогтоогдсон гэж үзэв.

 10.  Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.А-ээс ачаа тээвэрлэлтийн гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохиролд 2.386.000 төгрөгийг гаргуулан Д.Е-д олгож, илүү нэхэмжилсэн тээврийн хөлс болох 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болжээ.

11. Хариуцагчийн давж заалдах гомдол нотлох баримтад тулгуурлаагүй буюу үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагчид дээрх эрх үүргийг болон  шүүх хуралдааны товыг  мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцож, хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй байна. Иймээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2022/00757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.864.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

                                                                                                          

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ