Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2022/00777

 

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А . Хаяг: Ц аймаг, Х сум  2 дугаар баг, Ц т оршин суух

 

Хариуцагч: Н . Хаяг:Б аймаг, Ө  сум 11 дүгээр багт оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлснөөс үлдсэн 1,080,000 төгрөг, удаа дараа ирсэн тээврийн зардал 520,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

Нэхэмжлэгч А болон хариуцагч Н нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч өөрөө биечлэн шүүх хуралдаанд оролцох боломжгүй учраас өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ надаар дамжуулж гаргаж байгаа ба харин хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа учраас хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагч, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Н -д холбогдуулан ажлын хөлснөөс үлдсэн 1,080,000 төгрөг, удаа дараа ирсэн тээврийн зардал 520,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлага гаргажээ.

1.2 Хариуцагч Н нь модон материалаар гэр ахуйн тавилга, эд хогшил үйлдвэрлэх “мужааны цэх” ажиллуулдаг байсан учир түүнд “дэлгүүрийн лангуу” хийлгэх захиалга өгч, ажил гүйцэтгэх хэлцэл хийж ажлын хөлсөнд 2021 оны 4-р сарын 24-ний өдөр 1,400,000 төгрөгийг урьдчилан өгсөн боловч, захиалсан эд зүйлийг хийж өгөлгүй байсаар өдий хүрлээ.

1.3 Сүүлд хариуцагч Н нь ажлын хөлсний зарим хэсэг болох 320,000 төгрөгийг буцааж өгсөн ба одоо үлдэгдэл болох 1,080,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний дотор төлж өгөхөөр баримт өгсөн боловч одоо хүртэл өгөөгүй, хохироож байна.

1.4 Захиалагч А миний бие захиалсан ажлын үр дүн болох “дэлгүүрийн лангуу”-г хүлээж авах, ажил гүйцэтгэгч Н  тооцоо хийж хохирлыг авах зорилгоор Ц аймгийн  Х сум аас 4 удаа тээврийн хэрэгслээр ирж, нийт 520,000 төгрөгийн зардал гаргаж, хариуцагч Н ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээ биелүүлээгүйгээс болж давхар хохирч байна.

1.5 Ажил гүйцэтгэгч Н гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул захиалагч А би гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 1,080,000 төгрөгийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжилж, мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн баримтыг үндэслэн Ховд аймгаас Б аймагт 4 удаа ирсэн тээврийн хөлс болох 520,000 төгрөгийн хамт нэхэмжилж байна.

1.6 Иймд шүүхээс хүсэх нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7, 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар хариуцагч Н оос ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 1,080,000 төгрөг, тээврийн хөлс 520,000 төгрөг нийт 1,600,000 төгрөг гаргуулж надад олгож өгөхийг хүсье гэжээ.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,Н ын казахаар бичсэн гэх баримтыг монгол хэл дээр орчуулсан орчуулга, нэхэмжлэгч А ы өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Н оос ажлын хөлсөнд өгсөн мөнгөнөөс үлдсэн 1,080,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Н д “дэлгүүрийн лангуу” хийлгэх захиалга өгч ажлын хөлсөнд 2021 оны 4-р сарын 24-ний өдөр 1,400,000 төгрөгийг  урьдчилан өгсөн боловч, захиалсан эд зүйлийг хийж өгөлгүй байсаар ажлын хөлсний зарим хэсэг болох 320,000 төгрөгийг буцааж өгсөн ба одоо үлдэгдэл болох 1,080,000 төгрөг,түүнтэй тооцоо хийж хохирлыг авах зорилгоор Ц аймгийн  Х сум аас 4 удаа тээврийн хэрэгслээр ирсэн замын зардалд 520,000 төгрөг нийт 1,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсжээ.

 

3.Нэхэмжлэгч А ы хариуцагч Н д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагч Н д 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гардуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлээ тайлбарласан хариу тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг танилцуулсан боловч хариуцагчийн зүгээс тайлбар болон бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

 

4.Мөн тус шүүхээс хариуцагч Н д иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсжээ.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

7.Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд шүүхээс дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

7.1 Учир нь, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид хуульд заасан эрх, үүргийг шүүхээс тайлбарлаж, хавтаст хэрэгт танилцуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгч А нь хариуцагч Н оос мөнгө авахаар Ц аймгийн  Х сум аас Б аймгийн Ө  сумд 4 удаа тээврийн хэрэгслээр ирж замын зардалд 520,000 төгрөг гаргасан эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй, уг үйл баримт нь тогтоогдохгүй байгаа тул хариуцагчаас замын зардал гэж нэхэмжилсэн 520,000 төгрөгийг хангах боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.Харин нэхэмжлэгч А аас нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Н д “дэлгүүрийн лангуу” хийлгэхээр буюу ажил гүйцэтгэх гэрээгээр урьдчилгаанд 1,400,000 төгрөг өгч үүнээс 320,000 төгрөг өгсөн үлдэгдэл 1,080,000 төгрөгийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагч Н ын бичсэн гэх гарын баримтыг хавсаргаж ирүүлсэн ба гарын баримтад “Миний бие Айвханаас нэг сая наян мянган төгрөг авлаа” Түүнийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл өгөх болно... Миний бие Айпханаас авсан мөнгийг нь өгч чадахгүй бол мөнгөө асууж ирэхэд гарсан зардлыг төлж өгөх болно...”  гэж бичигдсэн байна.

 

9.Хэдийгээр нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа хариуцагчийн бичсэн гарын баримтад нэхэмжлэгчээс мөнгө авсан мэтээр бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгч А нь хариуцагч Н д “дэлгүүрийн лангуу” хийлгэхээр захиалга өгсөн түүнтэй ажил гүйцэтгэх хэлцэл хийсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ бичиж байгаа тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасныг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч А аас хариуцагч Н д ажлын хөлсөнд 1,400,000 төгрөг төлж, түүнээс 1,080,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хариуцагчийн гарын баримтаар тогтоогдож байна.

 

10.Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх тул хариуцагч Н нь нэхэмжлэгч А ы захиалсан “дэлгүүрийн лангууг” хугацаандаа биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

11.Иймд хариуцагч Н оос ажлын хөлснөөс үлдсэн 1,080,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д олгож шийдвэрлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1,080,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 30470 төгрөгийг хариуцагч Н оос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н оос ажлын хөлснөөс үлдсэн 1,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н оос улсын тэмдэгтийн хураамжид 30470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж