Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2022/00100

 

 

Х.А-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00777 дугаар шийдвэртэй, 

нэхэмжлэгч *****  багт оршин суух Х.А-ы /рд:ПО********/ нэхэмжлэлтэй, хариуцагч ******оршин суух * Х.Н-д /рд:БИ********/  холбогдох,

“Ажлын хөлснөөс үлдсэн 1.080.000 төгрөг, удаа дараа ирсэн тээврийн зардал 520.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Х.Н- нь модон материалаар гэр ахуйн тавилга, эд хогшил үйлдвэрлэх мужааны цех ажиллуулдаг байсан учир түүнд дэлгүүрийн лангуу хийлгэх захиалга өгч, ажил гүйцэтгэх хэлцэл хийж, ажлын хөлсөнд 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1.400.000 төгрөг урьдчилан өгсөн боловч захиалсан эд зүйлийг хийж өгөхгүй байсаар өдий хүрлээ.

1.2. Сүүлд Х.Н- нь ажлын хөлсний зарим хэсэг болох 320.000 төгрөгийг буцааж өгсөн ба одоо үлдэгдэл 1.080.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний дотор төлж өгөхөөр болж баримт өгсөн боловч одоо хүртэл өгөөгүй.

1.3. Миний бие захиалсан ажлын үр дүн болох дэлгүүрийн лангууг хүлээж авах, ажил гүйцэтгэгч Х.Н-тай тооцоо хийж хохирлыг авах зорилгоор Х аймгийн Х сумаас 4 удаа тээврийн хэрэгслээр ирж, нийт 520.000 төгрөгийн зардал гаргаж, хариуцагч Х.Н- ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчиж, биелүүлээгүйгээс болж давхар хохирч байна.

1.4. Х.Н- гэрээний үүргээ  ноцтой зөрчсөн тул захиалагч Х.А- гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 1.080.000 төгрөгийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжилж, мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэг, хариуцагчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн баримтыг үндэслэн Х аймгаас Баян-Өлгий аймагт 4 удаа ирсэн тээврийн хөлсөнд 520.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00777 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Н-оос ажлын хөлснөөс үлдсэн 1,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 30470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

3.2. Хариуцагч Х.Н- нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс гардаж авсан байгаа боловч, нэхэмжлэлтэй холбоотой тайлбар огт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  42 дугаар зүйлийн 42.4-т заасан “...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн  авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

3.3 Нэгэнт хариуцагч Х.Н- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдлыг өөрийн үйлдлээрээ нотолж, огт тайлбар гаргаагүй байхад шүүх шийдвэр гаргахдаа өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

3.4. Х.Н- нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг төлж өгөхөөр бичгээр баримт бичиж өгсөн нотлох баримтыг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

3.5 Анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тухайлбал Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасан ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зардал болох тээврийн хөлсийг хариуцагч төлж өгнө гэж бичгээр илэрхийлсэн байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

3.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, Х.А-ы Х.Н-д холбогдуулан  “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.600.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            5. Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагч Х.Н-д дэлгүүрийн лангуу хийлгэхээр  захиалга өгч, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр урьдчилгаанд 1.400.000 төгрөг өгч зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, тус гэрээгээр захиалагч талын захиалгын дагуу ажил гүйцэтгэгч нь дэлгүүрийн зориулалттай лангуу хийхээр, захиалагч нь гэрээт ажлыг хүлээн авч, ажлын хөлс төлөх харилцан үүрэг хүлээсэн бөгөөд ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ нэмэлт хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй болох нь илэрхий тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

6. Хариуцагч талаас нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, үгүйсгээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг шийдвэрлэхээр заасан боловч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн Х аймгаас Баян-Өлгий аймагт удаа дараа ирсэн тээврийн зардал гэх 520000 төгрөгийг нотлох баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг шийдвэрлэхээр заасан боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл бодитой нотлогдон тогтоогдсон тохиолдолд хэрэгжих диспозитив зарчимтай хамтад нь хэрэглэгдэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй.

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х.Н-оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.080.000 төгрөгийг гаргуулан Х.А-д  олгож, замын зардал 520.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ.

8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нотлох баримтад тулгуурлаагүй буюу хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн Х аймгаас Баян-Өлгий аймагт ирсэн гэх замын зардал 520000 төгрөг нь нотлох баримтаар нотлогдоогүй байна. Иймээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                                                                                          

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ