Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2020/00081/И |
Дугаар | 130/ШШ2022/00778 |
Огноо | 2022-09-12 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2022/00778
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М даргалж, шүүгчид Б.М, Ж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б . Хаяг: Б аймаг, Ө сум 5 дугаар багт оршин суух,
Хариуцагч: М . Хаяг: Улаанбаатар хот, Б дүүрэг 26 хороо, Б 414 байр 71 тоот хаягт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б ы өмчлөлийн 135 м.кв талбайтай 6 өрөө үйлчилгээний байрыг нураасны улмаас учирсан хохирлын зөрүү 37,592,270 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Иргэдийн төлөөлөгч Ш.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т , түүний өмгөөлөгч З нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б анх тус шүүхэд хариуцагч М ад холбогдуулан гэм хорын хохиролд 76,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, өмчлөлийн 135 м.кв талбайтай 6 өрөө үйлчилгээний байрыг хариуцагч нураасны улмаас гэм хор учруулсны зөрүү гэж 37,592,270 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Б аас хариуцагчаар М ыг тодорхойлж Б ы өмчлөлийн үйлчилгээний байрыг нураасны улмаас гэм хор учруулсан зөрүү 37,592,270 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, одоо тус шүүхэд Б ы нэхэмжлэлтэй М ад холбогдох иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолтой танилцсаны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн тодруулж 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.
1.3 Хариуцагч М нь нэхэмжлэгч Б ы Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилга байгууламжийг анх тус байршилд 40 айлын орон сууц барих үед ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж, уг барилгыг ашиглуулсны хөлсөнд Б д сар бүр 400,000 төгрөг төлөхөөр түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байсан.
1.4 Хариуцагч М нь Б ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байгаад түүнд мэдэгдэлгүйгээр нураасан учраас энэ асуудалд гомдож, М тай уулзах үед М нь Б д “К ” ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74.м.кв бүхий байр өгч, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү 61 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг 40 айлын орон сууц ашиглалтад орсны дараа уг байрны доод давхраас өгье гэж тохиролцсон байна.
1.5 Гэтэл М нь 40 айлын орон сууц ашиглалтад оруулж Б д 74.м.кв талбайтай орон сууцыг өгсөн боловч үлдсэн 61.1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг Б д өгөөгүйн улмаас маргаан гарсан.
1.6 Ингээд нэхэмжлэгч Б нь анх М ад холбогдуулан 76,250,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 135 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг зах зээлийн ханшны үнэлгээг 130,092,270 төгрөгөөр “Э ” ХХК-аар тогтоолгосон.
1.7 Энэхүү үнэлгээний тайланд хариуцагч талаас маргаан гаргаагүй. Маргаан бүхий нураасан гэх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн нь 130,092,270 төгрөг байсан ба үүнээс 74 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэ 92,500,000 төгрөгийг хасаж, одоогоор Б д бодит хохирол 37,592,270 төгрөг учирсан гэж үзэж байна.
1.8 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан заалт юм.
1.9 Иймд хариуцагч М аас Б ы үл хөдлөх эд хөрөнгөд учирсан бодит хохирол болох 37,592,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Б , түүний өмгөөлөгч С (одоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч) нар 61 м.кв талбайтай үйлчилгээний байр буюу 76,250,000 (далан зургаан сая хоёр зуун таван мянган) төгрөг гэм хорын хохиролд гаргуулах нэхэмжлэлийг Б аймгийн Э ХХК, түүний захирал асан М (одоогийн хариуцагчаар тодорхойлсон) нарт холбогдуулан 2017 онд анх гаргасан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэж, шат шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн байгаа юм.
Тухайлбал, Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 000 дугаартай тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарч эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 -д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох бодит үндэслэл учраас хүчин төгөлдөр байгаа шийдвэр, тогтоолыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэгдсэн, тухайн нотлох баримтыг үнэлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дахин үнэлж, нотлох боломжгүй байна. Иймд энэ хэрэгт холбогдолтой, зохигч нарт байгаа бүх нотлох баримт өмнөх шүүх хуралдаанаар судлагдаж, Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 704 тоот дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 000 дугаартай тогтоолын үндэслэл болж, нийтэд илэрхий болсон тул дахин үнэлж нотлох боломжгүй юм.
2.3 Нэхэмжлэгч Б нь 2017 онд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд буюу Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0 тоот дугаартай шийдвэр бүхий иргэний хэрэгт хариуцагч болгож Э ХХК-ийн захирал М ыг тодорхойлсон тул хариуцагчийг сольж нэхэмжлэл гаргасан гэж үзэх, хүчин төгөлдөр шийдвэр бүхий хэргийг дахин шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээж авах, хянан шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулсан этгээдийг хэлнэ гэж заасан ба нэхэмжлэгч Б нь 2017 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлд одоогийн хариуцагч М ыг хариуцагчаар тодорхойлсон юм. Уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Иймд хариуцагч М ыг шинээр хариуцагч болж гарч ирсэн гэж үзэх боломжгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С ийн гаргасан гэм хорын хохиролд 76.250.000 төгрөг гаргуулах тухай М ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М ын эзэмшил газраас Б д шилжүүлсэн тухай 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ, 2010.02.09 өдрийн М ын бичсэн тодорхойлолт, Б , Л нарын нэр дээрх Б аймгийн Ө сумын 5 дугаар баг 24 айлын 3-24 тоотод байршилтай, орон сууцны зориулалтай 74 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Б ы нэр дээрх Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай, үйлчилгээний зориулалтай 135 м.кв талбайтай зургаа өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 00 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014.04.26-ны өдөр М , Б нарын тооцоо нийлсэн болон түрээсийн гэрээ, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг зэрэг бичгийн нотлох баримтыг тус шүүхийн архиваас 2018 оны 0 дугаартай иргэний хэргээс хуулбарлаж олгосон, мөн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 000 дугаартай тогтоол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 00 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж зэргийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдөр 3 жилийн хугацаагаар Б аас С олгосон 0 дугаартай итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт, 2020.03.06-ны өдөр гаргасан хүсэлт, 2020.04.14-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тухай тайлбар, 2020.04.13-ны өдрийн МЭ ХХК-ны Улсын бүртгэлийн 0 дугаартай 135 м.кв талбайтай, зургаан өрөө үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 дугаар шийдвэр, 2018 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 000 дугаартай тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтыг нэхэмжлэгчээс,
4.Хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр М аас Т д нэг жилийн хугацаагаар олгосон 48 дугаартай итгэмжлэл,итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020.02.12-ний өдөр гаргасан тайлбар, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хуулбарлаж олгосон 2018.06.04-ний өдөр Ж ХХК-ны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018.05.25-ны өдрийн Ж ХХК аймгийн Улсын бүртгэлт тус компанийн барьж ашиглалтад оруулсан 48 айлын орон сууцанд үл хөдлөх гэрчилгээ олгож өгөхийг хүссэн тухай 15 дугаар албан бичиг, 2015 оны 07-р сарын 30-ны өдөр газрын албанаас Ж ХХК-д олгосон 8312017847 нэгж талбарын 500 м.кв Ө сумын 5-р баг, аймгийн шүүхийн хойт талд нийтийн орон сууц зориулалтай газар эзэмших гэрчилгээ, мөн өдөр Ж ХХК-ны захирал Т тэй байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, уг газрын кадастрын зураг, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ж ХХК-ийн захирлын компанийн дүрэм батлах тухай 01 дугаар тушаал, уг тушаалын хавсралт тус компанийн дүрэм, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 07 дугаар акт, Усаг хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох 16/13 дугаартай техникийн нөхцөл, 2012.06.11-ний өдөр аймгийн Ц Газрын ерөнхий инженерээс техникийн нөхцөл олгохыг зөвшөөрсөн 12/72 дугаар албан бичиг,холболтын схем,Мэдээлэл холбооны сүлжээний газрын даргаас олгосон 2013.04.19-ний өдрийн 09 дугаартай техникийн нөхцөл, Э ХК-ийн ажилчдын байранд татагдах гадна холбооны зураг, 2014.07.09-ний өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх,үргэлжлүүлэх 04 дугаартай зөвшөөрөл, Ж ХХК-ийн товч танилцуулаг, Ө хотод баригдах өнгөт хэвлэлийн газрын байршлын схем зураг, тус компанийн барьсан 48 айлын орон сууцын фото зураг, уг орон сууцны хууль ёсны өмчлөгч Ж ХХК-ийн улсын бүртгэлийн 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С ы 2018.06.19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,төрийн банкны кассын орлогын баримт, 2018.06.13-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С д Б аймгийн Ө сумын 11-р баг, Бүркит Көримбай-1 гудамж, 48 айлын орон сууцны 106 тоот 432 м.кв талбайтай, орь зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж олгосон 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн 0 улсын дугаартай хувийн хэрэг ирүүлсэн ба Б ы 2010.02.11-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Б аас Капитрон банканд 7500 төгрөг төлсөн баримт, Б аас хөрөнгө бүртгүүлэх тухай өргөдөл, 2010.02.11-ний өдрийн Ө сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, 2010.02.09-ний өдрийн М аас олгосон тодорхойлолт, М , Б нарын иргэний үнэмлэх, М ад Б аймгийн Ө сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0 тоот шийдвэрийг үндэслэн 0 нэгж талбарын,500м.кв газрыг 28 жилийн хугацаатай Ө сумын 5-р баг, ш хойд талд үйлчилгээний зориулалтай 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр газрын албанаас олгосон газар эзэмших гэрчилгээ, мөн өдөр М тай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Б ы эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Б ы нэр дээр олгосон 135 м.кв талбайтай зургаа өрөө үл хөдлөх эд хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “... нэхэмжлэгч Б би хариуцагч М ын зөвшөөрлийг үндэслэн түүний эзэмшлийн газар дээр 135 м.кв талбайтай 6 өрөө үйлчилгээний зориулалттай барилгын өөрийн хөрөнгөөр барьж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ авсан. Тухайн газарт 8 давхар 48 айлын орон сууц барихаар болоход 135 м.кв талбайтай 6 өрөөг барилга байгууламжийн ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж хөлсөнд 400,000 төгрөг өгөхөөр болж түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байсан. Хариуцагч М нь Б ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байгаад түүнд мэдэгдэлгүйгээр нураасан учраас энэ асуудалд гомдож, М тай уулзах үед М нь Б д “К ” ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74.м.кв бүхий байр өгч, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү 61 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг 40 айлын орон сууц ашиглалтад орсны дараа уг байрны доод давхраас өгье гэж тохиролцсон байна. Гэтэл уг орон сууц 3 жилийн өмнө ашиглалтад орж, подвалд нь төрөл бүрийн үйлчилгээ явуулж байгаа боловч өнөөдрийг хүртэл ногдох талбай өгөхгүй хохироож байна. Нэхэмжлэгч Б ы өмчлөлийн 130 м.кв үйлчилгээний байрыг нураасны улмаас учирсан хохирлын зөрүү 37,592,270 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Уг нэхэмжлэлийг Б аймгийн “Э Б ” ХХК, түүний захирал асан М (одоогийн хариуцагчаар тодорхойлсон) нарт холбогдуулан 2017 онд анх гаргасан бөгөөд Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.23-ны өдрийн 0 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.13-ны өдрийн 00дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.09.27-ны өдрийн 000 дугаартай тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох бодит үндэслэл учраас хүчин төгөлдөр байгаа шийдвэр, тогтоолыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан судлахад нэхэмжлэгч Б нь Ө сумын 5 дугаар багт байрлалтай, 1031304178 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий М ын эзэмшил газарт, түүний зөвшөөрөлтэйгөөр үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилгыг барьж, уг эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 000077293 дугаартай гэрчилгээ авсан байна. Хариуцагч М нь уг газарт 8 давхар, 40 айлын орон сууц барихаар болж, талууд амаар хэлцэл хийж М аас Б д Ө сумын 5 дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч Б д өгсөн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдон тогтоогджээ.
5.Хариуцагчаас нэхэмжлэгчийн Ө сумын 5 дугаар багт байрлалтай, улсын бүртгэлийн 0 дугаартай, 135 м.кв талбайтай, зургаан өрөө, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн түрээсэлж байсан болон нураасны хувьд маргаагүй, харин одоо уг газарт 48 айлын орон сууцны хүүхдийн тоглоомын хэсгийг байгуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг МЭ ХХК 130,092,270 төгрөгөөр үнэлсний зөрүүг би төлөхгүй 92,500,000 төгрөгийн үнэ бүхий 74 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Б д өгсөн гэж маргажээ. /Хавтаст хэргийн 137-140 дугаар тал буюу 2020.04.16-ны өдрийн 130/ТМ2020/00378 дугаартай хурлын тэмдэглэлээр/
6.Гэвч хариуцагч М нь 92,500,000 төгрөгийн үнэ бүхий 74 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Б д өгсөн байх боловч уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зах зээлийн үнийг МЭ ХХК 130,092,270 төгрөгөөр үнэлсэн ба уг үнэлгээний хувьд хариуцагчаас маргаагүй тул нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргуулж, зөрүү үнийг хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
7.Учир нь, нэхэмжлэгч Б аас маргаан бүхий Ө сумын 5 дугаар багт байрлалтай 135 м.кв талбайтай 6 өрөө үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн дүнгээс хариуцагчийн өгсөн байрны үнийн дүнг хасаж зөрүүг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн нэхэмжилснийг хариуцагчаас үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж мөн зүйлийн 9.4 дэх хэсэгт иргэний эрхийг хамгаалах 10 үндэслэлийг заасан ба түүний 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулах-аар заасан уг хохирлыг арилгахдаа мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж тус тус зааснаар хариуцагч М нь нэхэмжлэгч Б ы өмчлөлийн 135 м.кв талбайтай 6 өрөө үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг дахин сэргээх боломжгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн зөрүү мөнгийг төлөх үүрэгтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан.
9.Гэтэл Хариуцагч М нь нэхэмжлэгч Б ы өмчлөлийн Ө сумын 5 дугаар багт байрлалтай, улсын бүртгэлийн 0 дугаартай, 135 м.кв талбайтай, зургаан өрөө, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б К улсад явж байхдаа нурааснаа зөвшөөрсөн ба уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 135 м.кв талбайтай, зургаан өрөө, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн болох 130,092,270 төгрөгт дүйцэхүйц үл хөдлөх эд хөрөнгө өгөөгүй буюу 92,500,000 төгрөгийн үнэ бүхий 74 м.кв талбайтай орон сууцыг өгснөөр нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна гэж шүүхээс дүгнэх боломжгүй болно. / Хавтаст хэргийн 137-145 дугаар тал буюу 2020.04.16-ны өдрийн 0 дугаартай хурлын тэмдэглэл/
10.Иймд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан тул нэхэмжлэгчээс уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн зөрүү 37,592,270 (130,092,270-92,500,000) төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4 дэх заалтад хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана... гэж заажээ. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж дүгнэсэн дээрх хуулийн заалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 -т зааснаар нэхэмжлэгчийн улсны тэмдэгтийн хураамжид төлсөн 539,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага багасгасан дүн болох 37,592,270 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 345,911 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М аас нэхэмжлэгчийн өмчлөлийн 135 м.кв талбайтай 6 өрөө үйлчилгээний байрыг нураасны улмаас учирсан хохирлын зөрүү 37,592,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 345,911 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М
ШҮҮГЧИД Б.М
Ж