| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 103/2022/00087/И |
| Дугаар | 189/ШШ2022/00041 |
| Огноо | 2022-11-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 189/ШШ2022/00041
| 2022 оны 11 сарын 07-ны өдөр | Дугаар 189/ШШ2022/00041 | Налайх |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14 дүгээр байр, 60 тоотод оршин суух, Шарав овогт Цэдэнсамбын Хандсүрэн /РД:УГ75082641/,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж 16 дугаар байр, 51 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбатын Суут /РД:УЮ95051818/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 15 дугаар байр, 20 тоотод оршин суух, Шилэндээд овогт Цэнджавын Цэсэм /РД:ЗЮ31041866/-д холбогдох
бусдын хууль бус эзэмшлээс Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 20 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн,
Ц.Цэсэмийн тус дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 20 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Хандсүрэн,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Цолмон,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Отгонтөгс,
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Ганганбарс,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Бүжингоо,
Гэрч Т.Нэргүй, С.Дуламрагчаа, Д.Түмэн, Э.Даваацэрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд Ц.Хандсүрэн, өмгөөлөгч Д.Цолмон нар тайлбарлахдаа:
1. Би 1993 оны 7 дугаар сард Багануур дүүргийн Захиргааны өмчийн хэлтэст ажиллаж байхдаа орон сууцтай болох өргөдлөө өгч, 1994 онд Наран хорооллын 15 дугаар байрны 20 тоот, 2 өрөө орон сууцыг тухайн үед ашиглуулах гэрээгээр надад өгч, 1998 онд дээрх гэрээ, эрхийг үндэслэн надад уг байрыг өмчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2208000222 дугаарт бүртгэгдсэн.
Би Д.Ганбаттай 1994 онд танилцаж гэр бүл болсон. Тухайн үед Д.Ганбат миний байранд хамт амьдарч байсан. Бидний дундаас 1995 онд хүү Г.Суут төрсөн. Би 1997 онд оюутан болж, Улаанбаатар хотод оюутны дотуур байранд амьдрах болсон. Тэр үеэс эхлэн уг орон сууцыг Д.Ганбат өөрийнхөө ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө хөлслүүлэх болсон. Төлбөрт 2 хонины мах, тал үхрийн идэш зэргийг авдаг байсан. Би 2001 онд сургуулиа төгссөн.
Харин Д.Ганбат 2004 оноос эхлэн гэр бүлээс гадуурх харилцаатай болсон тул бид тусдаа амьдрах болсон. Д.Ганбат надаас салсан ч гэсэн намайг байнга дарамталж, айлгаж сүрдүүлдэг байсан учир би хөдөө Улаанбаатараас хол, уул уурхайн компанид ажиллах болсон.
Д.Ганбат бид хоёр 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах үед маргаан бүхий байрыг минийх гэдгийг Д.Ганбат мэдэж байсан тул эд хөрөнгийн маргаангүй гэж мэдүүлсэн. Би ч Д.Ганбатаас хүүхдийн тэтгэлэг шаардаагүй.
Гэхдээ бодит амьдрал дээр би хөдөө ажилладаг байсан учраас хүүгээ өөрөө харах боломжгүй болсон. Иймд хүүгээ эцгийнх нь асрамжид үлдээдэг байсан.
Д.Ганбат 2019 онд зуурдаар нас барсан. Хүү Г.Суут хойд ээжтэйгээ амьдрах боломжгүй болсон. Өөрөө ч энэ талаараа надад хэлсэн.
Өнгөрсөн жилийн 9 дүгээр сард над руу танихгүй дугаараас залгаад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 20 тоотод амьдардаг хүн байна. Танай нөхөр Д.Ганбат бид нарт энэ байрыг өгсөн. Байрны бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлье гэж хэлсэн. Би хэлэхдээ Би энэ талаар ганцаараа шийдвэр гаргахгүй. Энэ талаар анх удаа сонсож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд яагаад надтай холбогдоогүй вэ? гэж хэлсэн.
Хариуцагч тал тухайн үед байрныхаа гэрчилгээг шилжүүлээд өгчих, 10,000,000 төгрөг өгье, эвлэрье, тохиролцъё, хэд хэрэгтэй юм бэ? Хэдэн төгрөг авах юм бэ гэж ярьж байсан. Бид нар тохиролцоонд хүрээгүй.
Иймд Ц.Хандсүрэн би өөрийн болон хүү Г.Суутын өмчлөлийн 1 дүгээр хорооны 15 дугаар байрны 20 тоот орон сууцыг хуулийн дагуу шаардах эрхтэй тул тэнд оршин сууж байгаа хүмүүсээс чөлөөлүүлж өгнө үү.
2. Сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Нэхэмжлэгч орон сууцаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлдээ чөлөөлүүлэх гэж байгаа үндэслэл шалтгаанаа тодорхой бичсэн. Худал ярьсан асуудал байхгүй. 2000 онд орон сууц худалдан авсан юм бол өдийг хүртэл өмчлөл шилжүүлэх талаар хөөцөлдөөгүйг гайхаж байна. Мөн миний хувьд А.Буджавыг нас барсныг шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ мэдээгүй байсан.
Хариуцагч Ц.Цэсэмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонтөгс хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн Багануур дүүргийн 1 дүгээр хороо 15 дугаар байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг миний өөрийн өмчлөлийн байр, 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл хэн байдаг байсныг мэдэхгүй, гэнэт эзэн гарч ирээд миний байрыг өөрсдийн эзэмшилд авах гээд байна гэсэн ор үндэсгүй худлаа зүйлийг бичсэн байна. Ц.Хандсүрэн уг байрыг өөрийн нөхөр Д.Ганбаттай цуг зарна гэж тухайн үед миний төрсөн эгч А.Буджавтай уулзан наймаа хийсэн. Наймаа хийхэд би өөрийн биеэр хамт байсан. Байрыг эгч, дүүс бид худалдан авч, өөрийн аав Б.Агааны, ээж Ц.Цэсэм нарыг Дундговь аймгаас нүүж ирэхэд өгсөн. Ц.Хандсүрэн болон Д.Ганбат нар 2000 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,800,000 төгрөгийг бэлнээр авсан. Байрны гэрчилгээг шилжүүлэх асуудал ярихад яг одоо Орос руу явах гээд байна 7 хоноод ирнэ тэгэхээрээ шилжүүлгээ хийнэ гээд орон сууцны гэрчилгээ, гэрээний дэвтэр, өөрсдийн гэрлэгсдийн гэрчилгээний дэвтэр, хүү Г.Суутын төрсний гэрчилгээг үлдээгээд мөнгийг авсан.
Анх манай эгч А.Буджавтай хамт ажилладаг Ц.Хандсүрэнгийн эх Түмэн байрыг зуучилж тэд нартай уулзуулсан. Мөнгө өгөхөд хамт байсан. Бид байрны гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардсан ч хаана байгаа нь мэдэгдэхээ больсон. Бид энэ байрыг шударгаар худалдаж авсан учраас хууль ёсны өмчлөгч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.Сөрөг нэхэмжлэлдээ: Багануур дүүргийн 1 дүгээр хороо 15 дугаар байрны 20 тоот, 2 өрөө байранд би 22 жил шахам амьдарч байна.
Энэ орон сууцыг 2000 онд охин А.Буджав, А.Отгонтөгс нар худалдаж авч, өгсөн. Би уг байранд үр, ач нарынхаа хамт амьдраад бүх төлбөр хэрэглээгээ төлөөд амьдарч байна. Хороо захиргаа, СӨХ-өөс эхлээд хөрш айлууд бүгд намайг мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би 93 нас хүрч байна. Гадуур гарч, ажил бүтээх тэнхэлгүй тул тухайн байрыг надад авч, өгч байсан охин А.Отгонтөгсөд итгэмжлэл хийж өгсөн. Охин А.Буджав минь хүнд өвчний улмаас нас барсан. Охин бүх учрыг мэдэж байсан хүн. Харин охидууд энэ хүмүүсийг өөрсдөө ирээд бичиг баримтаа бүрдүүлнэ гэж хүлээгээд ирэхгүй хойноос нь хөөцөлдөөд уулзаж чадахгүй удсан.
Иймд Багануур дүүргийн 1 дүгээр хороо 15 дугаар байр 20 тоот, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.Цэсэм миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Суутын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүжингоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүрэгт Д.Ганбат, Ц.Хандсүрэн нарын хүү болон мэндэлсэн. 1995 оноос 2004 он хүртэл эцэг, эхийн асрамжид өгч торнисон. Тэд тусдаа амьдарч эхлэх үед би ээжийнхээ асрамжид үлдсэн. Ээж Ц.Хандсүрэн 2006 оноос уул уурхайд хөдөө ажиллаж эхлэх үеэс би өөрийн төрсөн эцэг Ганбатын асрамжид очсон. Улаанбаатар хотод хичээл сургуульдаа явахын зэрэгцээ аавынхаа хувийн гар урлалын бизнест нь туслалцаж, аав, хойд эхийн хамт амьдарсаар ирсэн. 2019 онд аав Д.Ганбат нас барсан цагаас хойш хойд эхтэйгээ амьдрах боломжгүй болж, тусдаа амьдрах шаардлага зайлшгүй гарсан. 2020 онд найз бүсгүйтэйгээ танилцаж, одоо 6 дугаар сард нярайлна. Одоогоор Улаанбаатар хотод хадмындаа амьдарч байна. Миний ээж Ц.Хандсүрэнгийн анх эзэмшиж байгаад өмчилж авсан Багануур дүүргийн 15 дугаар байрны 20 тоот орон сууцанд хамтран өмчлөгчөөр аав Д.Ганбат болон миний бие Г.Суут нар улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Би цаашид өмчлөлийн энэ байрандаа амьдрах хүсэлтэй байгаа тул бусдын хууль бус эзэмшлээс тус орон сууцыг чөлөөлж өгнө үү.
2. Сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: 2021 оны 9 дүгээр сард ээж маань А.Отгонтөгс гэдэг хүнтэй анх удаагаа уулзах хүртэл бид Багануур дүүргийн 15 дугаар байрны 20 тоотод ямар хүмүүс амьдарч байсныг огт мэдээгүй. Аавыг амьд сэрүүн байхад ээж маань Аавтай чинь харилцахад маш төвөгтэй хүн, миний утасны дугаарыг аавдаа битгий өгөөрэй, согтуу хөлчүү ярьж дарамтлаад, хэл амаар доромжлоод, тайван байлгахгүй байна гэдэг байсан. Ер нь аав маань зан харилцааны хувьд маш хэцүү, дээрэнгүй хүн байсан. Ээж 20 тоотод хэн амьдардаг талаар ааваас асуухад орилж хашгичин, би мэдэж байна, чи үр хүүхдээ хаяад хөдөө гадаа газар тэнэж явдаг хүн, чамд байр орны хэрэг ч нээх их байхгүй биз, би хүүхдийг чинь өөр дээрээ байлгаж, өсгөж тэжээж байгаа, тэр байрыг мэдчихье... гэдэг байсан. Харин ээж надад тэр байрны талаар аав нь юу гэх хамаагүй, анхнаасаа аавтай чинь суухаас өмнө ээжийнх нь байр байсан, хүүдээ өвлүүлнэ гэж ярьж байсан. Багануур дүүргийн Наран хорооллын 15 дугаар байрны 20 тоотын орон сууц өнөөдрийг хүртэл ээж Ц.Хандсүрэн болон Г.Суут бидний өмчлөлд байгаа нь лавлагаагаар нотлогдож байгаа. Өнгөрсөн олон жилийн хугацаанд манай эцэг, эхэд хариуцагч талын зүгээс байрны асуудлыг сөхөж ярьж байсан талаар би сонсоогүй. Тухайн байр улсын бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй тул хууль ёсны өмчлөгч гэж бодож байна. Би одоо эхнэр, хүүхэдтэй болж шинээр гэр бүлээ зохион, өөрийн амьдралыг эхлүүлж байгаа тул өөрийн өмчлөлийн байранд гэр бүлийн хамт амьдрах хүсэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц ашиглах 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2346 дугаар эрхийн бичиг, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-4-8/, МУИС-ийн бакалаврын дипломын хуулбар, Гэрлэлт цуцалсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-21-23/, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, Петрочайна дачин тамсаг Монгол ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/12 дугаар тодорхойлолт, Чинхуа-Мак-Нарийн сухайт ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11/83 дугаар тодорхойлолт, Рэдхил Монголия ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2014/120-А дугаар тодорхойлолт, Ворлд голден майнинг корпорейшн ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15/05 дугаар тодорхойлолт, Очир төв зам ХХК-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тушаалын хуулбар, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар, Төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 590 дугаар шийдвэрийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-46-57/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-81/,
Хариуцагч Ц.Цэсэм нотлох баримтаар Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Багануур дүүрэг Сод хөгжил сууц өмчлөгчдийн холооны тодорхойлолт, Засварын хөлс хүлээн авсан тухай баримт, Г.Суутын төрсний гэрчилгээний хуулбар, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орон сууцыг хувьчилсан байдлын гэрчилгээ, Багануур-Ус ААТҮГ-ын тодорхойлолт, Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Багануур ЦТС салбарын тодорхойлолт, Айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, төлбөр төлөлт /хх-60-71/, цэвэр ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануурын холбооны газрын холбоо хэрэглэгчийн 2234 дугаар гэрээ /хх-113-132/,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Суут хөлний гэрэл зураг /хх-90/ өгсөн байна.
Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн хэлтсээс нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэлт хүчинтэй эсэх талаарх лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 590 дугаар шийдвэрийн хуулбар, /хх-85-86/, гэрч Д.Түмэнгийн ...Манай охин байраа хөлслүүлдэг гэж хэлж байсан.Зарах талаар яриагүй. ...Хариуцагч нэг ч удаа ирж байгаагүй. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би ковид-19 тусаад эмнэлэгт хэвтэхэд 9 дүгээр сарын 05 билүү 06-ны өдөр Мөнхөө гэх хүн над руу залгаад Ц.Хандсүрэнгийн дугаарыг өгөөч гээд би дугаарыг нь өгсөн, гэрч Э.Даваацэрэнгийн ...15 дугаар байрны 20 тоот байрны засварыг ...2000 оны шинэ жилийн өмнө Д.Ганбатын гуйлтаар аавтайгаа хамт хийсэн. ...Обой нааж, будаг хийж, шохой шүршсэн. Бас бус жижиг засвар байсан, засварын мөнгө авахдаа гарын үсэг зурсан, гэрч С.Дуламрагчаагийн Отгонтөгс байр худалдаж авах гэж байна. Та надад түргэн 500,000 төгрөг зээлээч гэхээр зээлээд мөнгөө удаалгүй өгсөн. Мөнгөө өгөхдөө байраа авчихсан гэж хэлсэн. ...Отгонтөгсийн ээж нь амьдардаг байр гэж ойлгож байгаа... хэдэн онд, хэдэн төгрөг зээлснээ сайн санахгүй байна, гэрч Т.Нэргүйн А.Отгонтөгсийн эгчийг А.Буджав гэдэг. ...Тэднийх 15 дугаар байранд амьдардаг байсан, 2009 онд Буджав эгч ирээд Манай аав 2000 онд байр авсан. Тэр байраа нэр дээрээ шилжүүлж чадаагүй. ...байраа шилжүүлэх гээд хөөцөлдөж байсан. А.Буджав эгч Ц.Хандсүрэнтэй хэд хэдэн удаа уулзах гээд оролдож байсныг нь мэдэж байна. А.Буджав эгч асуудлаа шийдэж чадалгүй өөд болсон, гэрч Д.Нэргүйн ...15 дугаар байрны 20 тоотод нөхөр Зоригтын хамт засварын ажил хийсэн... Байрыг худалдаж авч байгаа гэнээ, энэ охин гэж манай нөхөр хэлсэн. ...Ганбат эмэгтэй хүнтэй орж ирээд манай байрыг худалдаж авч байгаа гэж байсан. Мөнгө төгрөг өгч авч байх шиг байсан гэх мэдүүлгүүд /хх-102-104/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-106-107/ зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 20 тоот орон сууцыг хариуцагч Ц.Цэсэмийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хариуцагч тал маргаан орон сууцны мөнгийг нь төлж, худалдаж авсан тул чөлөөлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
4.Хариуцагч тал орон сууцны мөнгийг нь төлж худалдаж авсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Хандсүрэн үндэслэлгүйгээр орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй тул уг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгоно гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь уг орон сууцыг улсаас анх үнэгүй өгч хувьчилж авсан, бид шударга эзэмшигч тул хариуцагчийн орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
6.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Багануур дүүргийн 15 дугаар байрны 20 тоотод байрлах, 29 мкв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Ганбат, Ц.Хандсүрэн, Г.Суут нарт 1998 оны 3 дугаар сарын 13-ны өдөр анх удаа бүртгэсэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн лавлагааны мэдээлэлд өмчлөгч нар хэвээр байна. /хх-7, 64/
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан тул гэр бүлийн амьжиргааны баталгааг хамгаалж, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг авахдаа хуульд заасан бичгийн хэлбэрээр авна. Харин орон сууцыг хөлслөх, барьцаалах, төлбөр төлөх зэрэгт дээрх зөвшөөрөл шаардахгүй.
Маргаан бүхий орон сууц нь 3 хүний өмч буюу Ц.Хандсүрэн, Г.Суут, Д.Ганбат нарын өмчлөх эрх нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж зааснаар бүртгэгдэж баталгаажсан байна.
Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн, Д.Ганбат нар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгчийн уг орон сууцны хөлсийг Д.Ганбат, хүү Г.Суут нар хамт зарцуулдаг байсан, мөн уг орон сууцыг бусдад худалдсан болохыг мэдээгүй, 2021 оны 9 дүгээр сард Отгоо гэх хүнийг утсаар ярихад мэдсэн гэх тайлбар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг эхээ байхад орон сууцны талаар шаардлага гаргаж маргаагүй гэж, хариуцагч Ц.Цэсэмд маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхийг өгөөгүй талаар талуудын хэн аль нь тайлбарласан. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2/
Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, ...үеэс үүснэ гэж зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр шаардлага гаргах хугацааг 2021 оны 9 дүгээр сар буюу эрх зөрчигдсөн үеэс тоолох нь зүйтэй.
Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Ц.Хандсүрэн, Г.Суут, Д.Ганбат нар байх тул нэхэмжлэгч Ц.Хандсүрэн, гуравдагч этгээд Г.Суут нар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Өмчлөгч Д.Ганбат нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нас барсан нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон /хх-35/ тул Ц.Хандсүрэн, Г.Суут нар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 20 тоот орон сууцыг Ц.Цэсэмийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй байна.
8.Хариуцагч тал уг орон сууцыг худалдан авахдаа хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг бичгээр аваагүй, хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчүүд тухайн орон сууцыг хэнээс хэн, хэдэн төгрөгөөр худалдан авсан үйл баримтыг тодорхой мэдүүлээгүй, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг баримтаар нотлоогүй байна.
Иймд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 20 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.Цэсэм мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Хандсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Суутын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ц.Цэсэмээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хандсүрэнд, 70,200 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Суутад олгож шийдвэрлэх нь зүйтэй.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонтөгс нь нэхэмжлэгч талын дарамт шахалт болон гэрчийн ээжийн биеийн байдал муу зэргээс шалтгаалан Я.Содномбалжираас гэрчийн мэдүүлэг авахуулахгүй гэж тайлбарлан өөр санал хүсэлт гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.1.-д заасныг баримтлан хариуцагч Шилэндээд овогт Цэнджавын Цэсэмээс Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 20 тоот орон сууцыг чөлөөлсүгэй.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 20 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.Цэсэм мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Цэдэнсамбын Хандсүрэнд холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хандсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Суутын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ц.Цэсэмээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хандсүрэнд, 70,200 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Суутад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ