Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2022/00774

 

2022 07 07

151/ШШ2022/00774

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... ХХК /РД:.../,

Хариуцагч: ... нарт холбогдох,

488.092.993,85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Хариуцагч ... ХХК-ны төлөөлөгч М.Ц,

Хамтран хариуцагч С.Ц,

Хариуцагч нарын өмгөөлөгч М.А,

Гэрч Х.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .... , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ... ХХК, захирал С.Ц 126,372,788 төгрөгийн үнэ бүхий Үр тарианы комбайн 1 ширхэгийг үйл ажиллагааны зардалд үндсэн дүнгээс нэмж 2 хувь төлж, жилийн 2 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр БЗКОМ/2015/02 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан болно.

Мөн 2015 оны 08 дугаар сарын 25-нд 95,116,329 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг FT-1254 загварын дугуйт тракторыг үнийн дүнгээс 10,000,000 төгрөг төлж, үйл ажиллагааны зардалд үндсэн дүнгээс нэмж 2 хувь төлж, жилийн 2 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож FT1254-2015/46 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан болно. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ТШ-2016/114 дугаар гэрээгээр 6,650,000 төгрөгийн түлшийг урьдчилгаа 50 хувь төлөөд үлдэгдэл 3,325,000 төгрөгийн тухайн оны намрын ургацаас төлж барагдуулахаар тус тус гэрээ байгуулж авсан байна.

Гэвч өнөөг хүртэл дээрх гурван гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 325,395,329.23 төгрөг байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдэхгүй байх тул БЗ-КОМ/2015/02 дугаар барьцаат зээлийн гэрээний 2.6, FT1254-2015/46 дугаар барьцаат зээлийн гэрээний 2.6-д заасныг баримтлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс их байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодоход 162,697,664.62 төгрөг байна.

Иймд үндсэн төлбөр 325,395,329.23 төгрөг, алданги 162,697,664.62 төгрөг, нийт 488,092,993.85 төгрөгийг ... ХХК болон С.Ц нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б ХХК-ны төлөөлөгч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б ХХК-ийг 2008 онд Газар тариалан эрхлэх зорилготойгоор иргэн Р.У Ж.П, Д.Ма, Х.М нарын хамт үүсгэн байгуулсан бөгөөд үүсгэн байгуулагч тус бүр 20 хувийн хувьцаа эзэмшихээр харилцан тохиролцож байгуулж байсан. Улмаар үйл ажиллагаа тогтвортой явж чадаагүйн улмаас үүсгэн байгуулагчийн хувьд 2015 оны 05 дугаар сард үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн хувьцааны эрхийг шилжүүлэх талаар уулзалт зохион байгуулж, хурал хийсэн. Тус хурлаар би өөрийн 20 хувийн хувьцааг Х.М-д шилжүүлэхээр тохиролцож, компанийн хувьцааг шилжүүлэх, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажлыг Х.М өөрөө зохион байгуулахаар болсон. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаанд миний зүгээс огт оролцоогүй. Гэтэл миний хувьцааг шилжүүлэн авсан Х.М нь компанийн үүсгэн байгуулагчдын нэг нас барсны улмаас бүртгэлийн ажиллагаа удаашралтай байна гээд 2017 оны 8 дугаар сард компанийн хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээг байгуулан авч явсан. Түүнээс хойш компанийн бүртгэлд өөрчлөлт орсон гэж ойлгож байсан бөгөөд тэрхүү гэрээний дагуу компанийн хувьцааны эрх шилжүүлсэн гэрээг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өөрийн эхнэр С.Ц-ыг захирлаар томилон, их хэмжээний өртөгтэй өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авах гэрээ бусад этгээдүүдтэй байгуулан үүргээ биелүүлээгүй байна.

Шүүхээс хамтран хариуцах этгээд гэж үзэн иргэний хуулиар хамтран хариуцагчаар татсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан хуулийн этгээдүүд харилцан тохиролцож эрх, үүрэг хүлээсэн байна. Тус гэрээнд иргэн М.Ц миний оролцоо огт байхгүйгээс гадна, гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Бизнесийн зарчмын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хэн нэг нь зохих ёсоор шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасны дагуу барьцаагаар хангах боломжтойгоос гадна эдийн засаг хямралтай үед их хэмжээний алданги нэхэмжилжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

Хамтран хариуцагч С.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд нэхэмжлэлд дурдагдсан тоног төхөөрөмжийг авсан нь үнэн боловч нэг тракторыг нь ... ХХК-ийн захирал Л.Б  авч, төлбөрийг төлөхөөр тохиролцож, өнгөрсөн хугацаанд газар тариалангийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа болно.

Тухайн тоног төхөөрөмжийг манай нөхөр Х.М болон бид 2 худалдан авч газар тариаландаа ашиглаж байсан бөгөөд худалдан авснаас хойш цаг агаарын байдлын улмаас газар тариалангийн ургац олигтой авч чадахгүй хүндхэн байдалтай явж ирсэн. Энэ талаар тариаланчдын холбооноос ХХААЯ болон УИХ-ын Хөдөө аж ахуйн байнгын хороо, Улсын Онцгой комисст хандаж байсан. Тухайлбал, 2014 онд Төв аймгаас 100 мянган тонн буудай авч байсан бол 2015 оноос эхлэн ургац алдаж 5 мянган тонн буудай хураан авч, энэ талаар холбогдох байгууллагуудад хандан байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл зэргийг тогтоон холбогдох шийдвэр гарч байсан. Үүнээс үндэслэн хөдөө аж ахуйн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс удаа дараа төр засагт хүсэлт тавьсны үр дүнд Монгол улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолоор хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжихээр болж хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь бууруулахаар тогтоол гарсан байдаг. Гэтэл Засгийн газрын 138 дугаар тогтоолын 4-т дурдсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр авлагыг ангилж, тэдгээрээс чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг хуулийн хүрээнд үе шаттай чөлөөлөх, зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, арга хэмжээ авахыг ХХААХҮЯ-ны сайдад үүрэг болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газраас нийлүүлсэн төхөөрөмжийн үнийг хөнгөлөх асуудлаар чиглэл өгч байхад төрийн байгууллага арга хэмжээ аваагүй, харин үлдэгдэл тоног төхөөрөмжийг үнийг бууруулсан мэтээр Засгийн газрын тогтоолыг буруугаар тайлбарлан, чиглэлийг хэрэгжүүлээгүй байдаг.

Тухайн тоног төхөөрөмжийн үнийг би төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч дараах зүйлсийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу тоног төхөөрөмжийн үнийг буруулсан бол гэрээнд заасны дагуу үнийг бидэнд заавал мэдэгдэх үүрэгтэй байснаас гадна шинэчлэн гэрээ байгуулах, гэрээний үнэд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсан Засгийн газраас чиглэл өгсөөр байтал холбогдох арга хэмжээг аваагүй байгаа байдлыг шүүх анхаарч үзэх ёстой. Хоёрдугаарт, тухайн 3 ширхэг техникээс Жаргалант харвест ХХК нь гэрээний зүйл болох нэг тракторыг авснаас хойш эзэмшиж ашиглаж байгаа тул түүнийг тус компани хариуцна гэж үзэж байна. Тус тракторын төлбөрийг хариуцах тухайгаа Жаргалант харвест ХХК-ийн захирал Л.Б хүлээн зөвшөөрч илэрхийлсэн.

Нэхэмжлэгчийн гэрээний алдангид их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд цаг агаарын улмаас тариалангийн ургац муу хөдөө аж ахуйн салбар хүндрэлтэй байсан болон 2019 оноос ковид цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч давагдашгүй хүчин зүйлс болсныг бид бүхэн мэдэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнийг шүүхээс хэт их хэмжээний гэж үзэх үндэслэлтэй мөн дээрх хариу тайлбарт дурдсан үндэслэлээр багасгаж өгнө үү.

Эдгээр нөхцөл байдлыг тогтоосны дараа нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан хэмжээгээр би хариуцан төлөх болно гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б ХХК-ийг 2008 онд Газар тариалан эрхлэх зорилготойгоор иргэн М.Ц, Р.У, Ж.П, Д.М, Х.М нар үүсгэн байгуулсан байдаг. Үүсгэн байгуулагч тус бүр 20 хувийн хувьцаа эзэмшихээр харилцан тохиролцсон байдаг бөгөөд улмаар үйл ажиллагаа нь тогтвортой явж чадаагүйн улмаас үүсгэн байгуулагч, тус компанийн захирал М.Ц нь 2015 оны 05 дугаар сард үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн хувьцааны эрхийг Х.М-д шилжүүлэхээр тохиролцож, компанийн хувьцааг шилжүүлэх, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажлыг Х.М өөрөө зохион байгуулахаар болсон байдаг. Түүнээс хойш М.Ц нь компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Гэтэл Х.М нь компанийн хувьцааны эрх шилжүүлсэн гэрээг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өөрийн эхнэр С.Ц-ыг захирлаар томилон, их хэмжээний өртөгтэй өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авах гэрээг компанийн нэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулан гэрээний үүргээ биелүүлээгүй байдаг. Тус гэрээнд иргэн М.Ц огт оролцоогүй бөгөөд гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иймд энэ тоног төхөөрөмж зээлээр худалдан авсан асуудалд М.Ц огт хамааралгүй юм.

Миний бие хариуцагч нарын өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг 3 үндэслэлээр үгүйсгэж байна.

1. Тухайн зээлийн тоног төхөөрөмжийг С.Ц, түүний нөхөр Х.М нар худалдан авсан боловч 1 ширхэг FT-1254 маркын дугуйт тракторыг нь Жаргалант Харвест ХХК-ийн захирал Л.Б шилжүүлэн авч, төлбөрийг төлөхөөр тохиролцож, өнгөрсөн хугацаанд газар тариалангийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд тухайн тракторын үнийг Л.Б төлөхөө илэрхийлдэг. Иймд 1 ширхэг FT-1254 маркын дугуйт тракторыг нь Жа ХХК-ийн захирал Л.Б хариуцах ёстой юм.

2. Тухайн зээлийн тоног төхөөрөмжийг С.Ц, түүний нөхөр Х.М нар худалдан авснаас хойш цаг агаарын байдлын улмаас газар тариалангийн ургац олигтой авч чадахгүй хүндхэн байдалтай явж ирсэн. Энэ талаар тариаланчдын холбооноос ХХААЯ болон УИХ-ын Хөдөө аж ахуйн байнгын хороо, Улсын Онцгой комисст хандаж байсан. Тухайлбал, 2014 онд Төв аймгаас 100 мянган тонн буудай авч байсан бол 2015 оноос эхлэн ургац алдаж 5 мянган тонн буудай хураан авч, энэ талаар холбогдох байгууллагуудад хандан байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл зэргийг тогтоон холбогдох шийдвэр гарч байсан. Үүнээс үндэслэн хөдөө аж ахуйн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс удаа дараа төр засагт хүсэлт тавьсны үр дүнд Монгол улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолоор хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжихээр болж хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь бууруулахаар тогтоол гарсан байдаг. Гэтэл Засгийн газрын 138 дугаар тогтоолын 4-т дурдсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр авлагыг ангилж, тэдгээрээс чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг хуулийн хүрээнд үе шаттай чөлөөлөх, зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, арга хэмжээ авахыг ХХААХҮЯ-ны сайдад үүрэг болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газраас нийлүүлсэн төхөөрөмжийн үнийг хөнгөлөх асуудлаар чиглэл өгч байхад төрийн байгууллага арга хэмжээ аваагүй, харин үлдэгдэл тоног төхөөрөмжийг үнийг бууруулсан мэтээр Засгийн газрын тогтоолыг буруугаар тайлбарлан, чиглэлийг хэрэгжүүлээгүй байдаг.

Тухайн тоног төхөөрөмжийн үнийг төлөх нь зүй ёсны боловч Монгол Улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу тоног төхөөрөмжийн үнийг буруулсан бол гэрээнд заасны дагуу үнийг заавал мэдэгдэх үүрэгтэй байснаас гадна шинэчлэн гэрээ байгуулах, гэрээний үнэд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсан Засгийн газраас чиглэл өгсөөр байтал холбогдох арга хэмжээг аваагүй байгаа байдлыг шүүх анхаарч үзэх ёстой.

3. Нэхэмжлэгч гэрээний алдангид их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд цаг агаарын улмаас тариалангийн ургац муу хөдөө аж ахуйн салбар хүндрэлтэй байсан болон 2019 оноос ковид цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч давагдашгүй хүчин зүйлс болсныг бид бүхэн мэдэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнийг шүүхээс дээрх тайлбарт дурдсан үндэслэлээр багасгаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Б ХХК болон С.Ц нарт холбогдуулан гэрээний үүрэгт 488,092,993.85 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлээс гэрээний үндсэн үүрэг 302,937,555 төгрөг, шатахууны үнийн үлдэгдэл 3,325,000 төгрөг, нийт 306,262,555 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 181,830,439 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь:

Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Б ХХК, захирал С.Ц нь 126,372,788 төгрөгийн үнэ бүхий Үр тарианы комбайн 1 ширхэг, мөн тус бүр 95,116,329 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг FT-1254 загварын дугуйт тракторыг тус тус жилийн 2 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлээр авсан. Мөн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 6,650,000 төгрөгийн түлшийг урьдчилгаа 50 хувь төлөөд үлдэгдэл 3,325,000 төгрөгийг тухайн оны намар төлж барагдуулахаар гэрээ байгуулж авсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа тул хугацаа хэтэрсэн үндсэн өр 325,395,329 төгрөг, алданги 162,697,665 төгрөг, нийт 488,092,993 төгрөгийг Б ХХК болон С.Ц нараас гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

Хариуцагч Б ХХК-ны захирал М.Ц нь:

Б ХХК-ийг 2008 онд Газар тариалан эрхлэх зорилгоор иргэн Р.У, Ж.П, Д.М, Х.М нарын хамт үүсгэн байгуулсан. Үйл ажиллагаа тогтвортой явж чадаагүйн улмаас би өөрийн эзэмшлийн хувьцааг Х.М-д шилжүүлэхээр тохиролцож, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, бүртгэлийн байгууллагад компанийн өөрчлөлтийг бүртгүүлэх ажлыг Х.М өөрөө хариуцахаар болсон. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Гэтэл миний хувьцааг шилжүүлэн авсан Х.М нь компанийн эрх шилжүүлэх гэрээг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийг компанийн нэр дээр зээлээр худалдан авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Би энэ зээлийн асуудлыг огт мэдэхгүй, миний оролцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

Хамтран хариуцагч С.Ц нь:

Миний хувьд нэхэмжлэлд дурьдсан тоног төхөөрөмжийг авсан нь үнэн боловч нэг тракторыг нь Ж ХХК-ийн захирал Л.Б авч, төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Тухайн тоног төхөөрөмжийг манай нөхөр Х.М бид 2 зээлээр авч газар тариаландаа ашиглаж байгаа бөгөөд авснаас хойш газар тариалангийн ургац олигтой авч чадахгүй хүндхэн байдалтай явж ирсэн.

Монгол улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолоор хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжихээр болж хөдөө аж ахуйн зээлийн тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь бууруулахаар болсон. Гэтэл зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авахыг ХХААХҮЯ-ны сайдад үүрэг болгосон Засгийн газрын дээрх тогтоолыг салбарын яам болон холбогдох байгууллагууд хэрэгжүүлэхгүй явж ирсэн.

Нэхэмжлэгч гэрээний алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх нөхцөл байдлыг тогтоосны дараа нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан хэмжээгээр би хариуцан төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн.

 

         Үр тарианы комбайны барьцаат зээлийн гэрээний тухайд:

 

Б ХХК, хамтран хариуцагч С.Ц нар нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан Хөдөө аж ахуйг дэмжих сан /хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан/-гаас 126,372,788 төгрөгийн үнэ бүхий үр тарианы комбайн 1 ширхэгийг зээлээр худалдаж авсан байх бөгөөд комбайны үнийн 10,000,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэх 116,372,788 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаанд төлж барагдуулах, үйл ажиллагааны зардалд үндсэн дүнгээс нэмж 2 хувь төлөхөөр талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан БЗ-КОМ/2015/02 дугаартай барьцаат зээлийн гэрээ, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шаардлагад нийцсэн, гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д: Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэж заасан.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан /хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ нь гэрээний дагуу Фотон маркийн үр тарианы комбайныг Б ХХК, С.Ц нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч нар нь үр тарианы комбайныг хүлээн авч урьдчилгаа 10,000,000 төгрөгийг төлсөн боловч гэрээний төлбөрийн үлдэгдэл 116,372,788 төгрөг, үйл ажиллагааны зардал 2,527,456 төгрөг, нийт 118,900,244 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сан нь гэрээний үлдэгдэл төлбөрийг үйл ажиллагааны зардлын хамт нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нар нь хууль болон гэрээнд заасны дагуу гэрээний үндсэн төлбөр, зардлыг бүрэн төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч байгууллага нь гэрээний алдангид нийт 162,697,665 төгрөг нэхэмжилж байх боловч алдангийг гэрээ тус бүрээр тооцоогүй, алдангийг хэдий хугацаанд хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгаагаас гадна хүүгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасантай нийцэхгүй байх тул алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд энэ гэрээний хувьд гэрээний үндсэн төлбөр 116,372,788 төгрөг, үйл ажиллагааны зардал 2,527,456 төгрөг, нийт 118,900,244 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох үндэслэлтэй гэж үзлээ.

         FT-1254 маркын дугуйт тракторын барьцаат зээлийн гэрээний тухайд:

Б ХХК, хамтран хариуцагч С.Ц нар нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан Хөдөө аж ахуйг дэмжих сан /хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан/-гаас нэг бүр нь 95,116,329 төгрөгийн үнэ бүхий FT-1254 маркын дугуйт трактор 2 ширхэгийг зээлээр худалдаж авсан байх бөгөөд дугуйт тракторын үнийн 10,000,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэх 180,232,658 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаанд төлж барагдуулах, үйл ажиллагааны зардалд үндсэн дүнгээс 2 хувь төлөхөөр талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан FT1254-2015/46 дугаартай барьцаат зээлийн гэрээ, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шаардлагад нийцсэн, гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан /хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ нь гэрээний дагуу FT-1254 маркын дугуйт трактор 2 ширхэгийг Б ХХК, С.Ц нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч нар нь 2 ширхэг тракторыг хүлээн авч урьдчилгаа 10,000,000 төгрөгийг төлсөн боловч гэрээний төлбөрийн үлдэгдэл 180,232,658 төгрөг, үйл ажиллагааны зардал 3,804,653 төгрөг, нийт 184,037,311 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сан нь гэрээний үлдэгдэл төлбөрийг үйл ажиллагааны зардлын хамт нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нар нь хууль болон гэрээнд заасны дагуу гэрээний үндсэн төлбөр, зардлыг бүрэн төлөх үүрэгтэй байх тул энэ гэрээний хувьд гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 180,232,658 төгрөг, үйл ажиллагааны зардал 3,804,653 төгрөг, нийт 184,037,311 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох үндэслэлтэй байна.

         Дизелийн түлш олгох зээлийн гэрээний тухайд:

Б ХХК, хамтран хариуцагч С.Ц нар нь 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Хөдөө аж ахуйг дэмжих сан /хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан/-гаас 6,650,000 төгрөгийн үнэ бүхий 7,000 литр шатахуун /дизель түлш/-ийг худалдаж авсан байх бөгөөд шатахууны үнийн 50 хувь буюу 3,325,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэх 3,325,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний улаан буудайгаар төлөхөөр талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан ТШ-2016/114 дугаартай зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан энэ гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шаардлагад нийцсэн, гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан /хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ нь гэрээний дагуу 7,000 литр шатахуун /дизель түлш/-ийг Б ХХК, С.Ц нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч нар нь шатахууныг хүлээн авч урьдчилгаа 3,325,000 төгрөгийг төлсөн, гэрээний төлбөрийн үлдэгдэл 3,325,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Иймд энэ гэрээний хувьд гэрээний төлбөрийн үлдэгдэл 3,325,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь шатахууны төлбөрийн үлдэгдэлд 6,806,000 төгрөг нэхэмжилсэн боловч үүний 3,481,000 төгрөг нь хэдийд авсан шатахууны үнэ болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч байгууллага энэ талаарх нотлох баримтыг хэрэгт гарган өгөөгүй, шаардлагын энэ хэсгийг баримтаар нотлоогүйг дурьдах нь зүйтэй.

Дээрх гэрээнүүдийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Б ХХК болон С.Ц нартай байгуулсан байх боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А-134 дүгээр тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүгийн тайлангийн үлдэгдлийг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн байх тул Хөдөө аж ахуйг дэмжих сан нь эдгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Үр тарианы комбайны барьцаат зээлийн гэрээ, FT-1254 маркын дугуйт тракторын барьцаат зээлийн гэрээний хүүнд нийт 15,651,774 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байх боловч гэрээний хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, гэрээнд заасан үйл ажиллагааны 2 хувийн зардлыг нэмсэн дүнгээс хүү тооцсон байгаа нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь гэрээний алдангид нийт 162,697,665 төгрөг нэхэмжилж байх боловч алдангийг гэрээ тус бүрээр тооцоогүй, алдангийг хэдий хугацаанд хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгаагаас гадна хүүгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасантай нийцэхгүй байна.

Нөгөөтэйгүүр гэрээний хугацаанд буюу 2017 онд .. зэрэг суманд хур тунадас бага орж, гангийн аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсний улмаас тариалалт хийсэн ААН, иргэд хураан авах үр тарианы ургацынхаа 90.7 хувийг алдсан болох нь Төв аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 06/13 дугаартай актаар тогтоогдож байна.

Иймд эдгээр үндэслэлээр шатахууны төлбөрт илүү нэхэмжилсэн 3,481,000 төгрөг, хүү 15,651,774 төгрөг, алданги 162,697,665 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь дээрх 3 төрлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б ХХК-ийн эзэмшлийн, Төв аймгийн ... суманд байрлах, 312 га үр тарианы зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба барьцааны зүйлтэй холбоотой шаардлага гаргаагүй тул барьцааны зүйл, эрхийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

Дээрх үндэслэлээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлээс гэрээний үндсэн үүрэг 302,937,555 төгрөг, шатахууны үнийн үлдэгдэл 3,325,000 төгрөг, нийт 306,262,555 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 181,830,439 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 57-р зүйлийн 57.1, 60-р зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б ХХК, хамтран хариуцагч С.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,689,263 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б ХХК, хамтран хариуцагч С.Ц нараас 306,262,555 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан /сангийн ажлын алба/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 181,830,439 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 57-р зүйлийн 57.1, 60-р зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б ХХК, хамтран хариуцагч С.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,689,263 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ОТГОНЧУЛУУН