Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 223/МА2022/00045

 

  

 

 

 

 

                                         

   2022         11              21                                               223/МА2022/00045

 

 

                                        ХААДС-гийн

                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2022/00774 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч   ХААДСАА нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч “Б ” ХХК

Хариуцагч С.Ц нарт холбогдох,

488.092.993.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.Н.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Амарбаяр /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч ХААДСАА, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б ” ХХК-ийн захирал С.Ц нь хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн ХААДС-тай 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр БЗКОМ/2015/02 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан, 126,372,788 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Үр тарианы комбайныг үйл ажиллагааны зардалд үндсэн дүнгээс нэмж 2 хувь төлж, жилийн 2 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож авсан.

2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр FT1254-2015/46 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 95,116,329 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг FT-1254 загварын дугуйт тракторыг үнийн дүнгээс 10,000,000 төгрөг төлж, үйл ажиллагааны зардалд үндсэн дүнгээс нэмж 2 хувь төлж, жилийн 2 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож авсан.

Мөн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ТШ-2016/114 дугаар гэрээгээр 6,650,000 төгрөгийн түлшийг урьдчилгаа 50 хувь төлөөд үлдэгдэл 3,325,000 төгрөгийн тухайн оны намрын ургацаас төлж барагдуулахаар гэрээ байгуулж авсан.

Гэвч 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тооцоогоор үндсэн үүргийн үлдэгдэл 325,395,329.23 төгрөг байна.

Үүнээс гадна хариуцагч дээрх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул БЗ-КОМ/2015/02 дугаар гэрээ, FT1254-2015/46 дугаар гэрээнүүдийн 2.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анзыг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 62,697,664.62 төгрөг болсон. Иймд үндсэн төлбөр 325,395,329.23 төгрөг, алданги 162,697,664.62 төгрөг, нийт 488,092,993.85 төгрөгийг “Б ” ХХК болон С.Ц нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б ” ХХК-ны төлөөлөгч М.Цэлмэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б” ХХК-ийг 2008 онд Газар тариалан эрхлэх зорилготойгоор иргэн Р.Ууганбаяр, Ж.Пүрэвцэрэн, Д.Мандах, Х.Мягмаржав нарын хамт үүсгэн байгуулсан бөгөөд үүсгэн байгуулагч тус бүр 20 хувийн хувьцаа эзэмшихээр харилцан тохиролцож байгуулж байсан. Улмаар үйл ажиллагаа тогтвортой явж чадаагүйн улмаас үүсгэн байгуулагчийн хувьд 2015 оны 05 дугаар сард үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн хувьцааны эрхийг шилжүүлэх талаар уулзалт зохион байгуулж, хурал хийсэн. Тус хурлаар би өөрийн 20 хувийн хувьцааг Х.Мягмаржавд шилжүүлэхээр тохиролцож, компанийн хувьцааг шилжүүлэх, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажлыг Х.Мягмаржав өөрөө зохион байгуулахаар болсон. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаанд миний зүгээс огт оролцоогүй. Гэтэл миний хувьцааг шилжүүлэн авсан Х.Мягмаржав нь компанийн үүсгэн байгуулагчдын нэг нас барсны улмаас бүртгэлийн ажиллагаа удаашралтай байна гээд 2017 оны 8 дугаар сард компанийн хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээг байгуулан авч явсан. Түүнээс хойш компанийн бүртгэлд өөрчлөлт орсон гэж ойлгож байсан бөгөөд тэрхүү гэрээний дагуу компанийн хувьцааны эрх шилжүүлсэн гэрээг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өөрийн эхнэр С.Ц-ыг захирлаар томилон, их хэмжээний өртөгтэй өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авах гэрээ бусад этгээдүүдтэй байгуулан үүргээ биелүүлээгүй байна.

Шүүхээс хамтран хариуцах этгээд гэж үзэн иргэний хуулиар хамтран хариуцагчаар татсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан хуулийн этгээдүүд харилцан тохиролцож эрх, үүрэг хүлээсэн байна. Тус гэрээнд иргэн М.Цэлмэг миний оролцоо огт байхгүйгээс гадна, гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Бизнесийн зарчмын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хэн нэг нь зохих ёсоор шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасны дагуу барьцаагаар хангах боломжтойгоос гадна эдийн засаг хямралтай үед их хэмжээний алданги нэхэмжилжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

 

Хамтран хариуцагч С.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан тоног төхөөрөмжийг авсан нь үнэн боловч нэг тракторыг нь “Жаргалант Харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн авч, төлбөрийг төлөхөөр тохиролцож, өнгөрсөн хугацаанд газар тариалангийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

Тухайн тоног төхөөрөмжийг манай нөхөр Х.Мягмаржав болон бид 2 худалдан авч газар тариаландаа ашиглаж байсан бөгөөд худалдан авснаас хойш цаг агаарын байдлын улмаас газар тариалангийн ургац олигтой авч чадахгүй хүндхэн байдалтай явж ирсэн. Энэ талаар тариаланчдын холбооноос ХХААЯ болон УИХ-ын Хөдөө аж ахуйн байнгын хороо, Улсын Онцгой комисст хандаж байсан. Тухайлбал, 2014 онд Төв аймгаас 100 мянган тонн буудай авч байсан бол 2015 оноос эхлэн ургац алдаж 5 мянган тонн буудай хураан авч, энэ талаар холбогдох байгууллагуудад хандан байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл зэргийг тогтоон холбогдох шийдвэр гарч байсан. Үүнээс үндэслэн хөдөө аж ахуйн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс удаа дараа төр засагт хүсэлт тавьсны үр дүнд Монгол улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолоор хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжихээр болж хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь бууруулахаар тогтоол гарсан байдаг. Гэтэл Засгийн газрын 138 дугаар тогтоолын 4-т дурдсан ХААДСгийн өр авлагыг ангилж, тэдгээрээс чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг хуулийн хүрээнд үе шаттай чөлөөлөх, зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, арга хэмжээ авахыг ХХААХҮЯ-ны сайдад үүрэг болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газраас нийлүүлсэн төхөөрөмжийн үнийг хөнгөлөх асуудлаар чиглэл өгч байхад төрийн байгууллага арга хэмжээ аваагүй, харин үлдэгдэл тоног төхөөрөмжийг үнийг бууруулсан мэтээр Засгийн газрын тогтоолыг буруугаар тайлбарлан, чиглэлийг хэрэгжүүлээгүй байдаг.

Тухайн тоног төхөөрөмжийн үнийг би төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч дараах зүйлсийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу тоног төхөөрөмжийн үнийг буруулсан бол гэрээнд заасны дагуу үнийг бидэнд заавал мэдэгдэх үүрэгтэй байснаас гадна шинэчлэн гэрээ байгуулах, гэрээний үнэд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсан Засгийн газраас чиглэл өгсөөр байтал холбогдох арга хэмжээг аваагүй байгаа байдлыг шүүх анхаарч үзэх ёстой. Хоёрдугаарт, тухайн 3 ширхэг техникээс “Жаргалант харвест” ХХК нь гэрээний зүйл болох нэг тракторыг авснаас хойш эзэмшиж ашиглаж байгаа тул түүнийг тус компани хариуцна гэж үзэж байна. Тус тракторын төлбөрийг хариуцах тухайгаа Жаргалант харвест ХХК-ийн захирал Л.Батсүрэн хүлээн зөвшөөрч илэрхийлсэн.

Нэхэмжлэгчийн гэрээний алдангид их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд цаг агаарын улмаас тариалангийн ургац муу хөдөө аж ахуйн салбар хүндрэлтэй байсан болон 2019 оноос ковид цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч давагдашгүй хүчин зүйлс болсныг бид бүхэн мэдэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнийг шүүхээс хэт их хэмжээний гэж үзэх үндэслэлтэй мөн дээрх хариу тайлбарт дурдсан үндэслэлээр багасгаж өгнө үү. Эдгээр нөхцөл байдлыг тогтоосны дараа нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан хэмжээгээр би хариуцан төлөх болно гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б ” ХХК-ийг 2008 онд газар тариалан эрхлэх зорилготойгоор иргэн М.Цэлмэг, Р.Ууганбаяр, Ж.Пүрэвцэрэн, Д.Мандах, Х.Мягмаржав нар үүсгэн байгуулсан байдаг. Үүсгэн байгуулагч тус бүр 20 хувийн хувьцаа эзэмшихээр харилцан тохиролцсон байдаг бөгөөд улмаар үйл ажиллагаа нь тогтвортой явж чадаагүйн улмаас үүсгэн байгуулагч, тус компанийн захирал М.Цэлмэг нь 2015 оны 05 дугаар сард үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн хувьцааны эрхийг Х.Мягмаржавд шилжүүлэхээр тохиролцож, компанийн хувьцааг шилжүүлэх, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажлыг Х.Мягмаржав өөрөө зохион байгуулахаар болсон байдаг. Түүнээс хойш М.Цэлмэг нь компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Гэтэл Х.Мягмаржав нь компанийн хувьцааны эрх шилжүүлсэн гэрээг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өөрийн эхнэр С.Цыг захирлаар томилон, их хэмжээний өртөгтэй өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авах гэрээг компанийн нэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулан гэрээний үүргээ биелүүлээгүй байдаг. Тус гэрээнд иргэн М.Цэлмэг огт оролцоогүй бөгөөд гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иймд энэ тоног төхөөрөмж зээлээр худалдан авсан асуудалд М.Цэлмэг огт хамааралгүй юм. Миний бие хариуцагч нарын өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг 3 үндэслэлээр үгүйсгэж байна.

1. Тухайн зээлийн тоног төхөөрөмжийг С.Ц, түүний нөхөр Х.Мягмаржав нар худалдан авсан боловч 1 ширхэг FT-1254 маркын дугуйт тракторыг нь “Жаргалант Харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн шилжүүлэн авч, төлбөрийг төлөхөөр тохиролцож, өнгөрсөн хугацаанд газар тариалангийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд тухайн тракторын үнийг Л.Батсүрэн төлөхөө илэрхийлдэг. Иймд 1 ширхэг FT-1254 маркын дугуйт тракторыг нь “Жаргалант Харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн хариуцах ёстой юм.

2. Тухайн зээлийн тоног төхөөрөмжийг С.Ц, түүний нөхөр Х.Мягмаржав нар худалдан авснаас хойш цаг агаарын байдлын улмаас газар тариалангийн ургац олигтой авч чадахгүй хүндхэн байдалтай явж ирсэн. Энэ талаар тариаланчдын холбооноос ХХААЯ болон УИХ-ын Хөдөө аж ахуйн байнгын хороо, Улсын Онцгой комисст хандаж байсан. Тухайлбал, 2014 онд Төв аймгаас 100 мянган тонн буудай авч байсан бол 2015 оноос эхлэн ургац алдаж 5 мянган тонн буудай хураан авч, энэ талаар холбогдох байгууллагуудад хандан байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл зэргийг тогтоон холбогдох шийдвэр гарч байсан. Үүнээс үндэслэн хөдөө аж ахуйн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс удаа дараа төр засагт хүсэлт тавьсны үр дүнд Монгол улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолоор хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжихээр болж хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үнийг 50 хувь бууруулахаар тогтоол гарсан байдаг. Гэтэл Засгийн газрын 138 дугаар тогтоолын 4-т дурдсан ХААДСгийн өр авлагыг ангилж, тэдгээрээс чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг хуулийн хүрээнд үе шаттай чөлөөлөх, зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, арга хэмжээ авахыг ХХААХҮЯ-ны сайдад үүрэг болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газраас нийлүүлсэн төхөөрөмжийн үнийг хөнгөлөх асуудлаар чиглэл өгч байхад төрийн байгууллага арга хэмжээ аваагүй, харин үлдэгдэл тоног төхөөрөмжийг үнийг бууруулсан мэтээр Засгийн газрын тогтоолыг буруугаар тайлбарлан, чиглэлийг хэрэгжүүлээгүй байдаг.

Тухайн тоног төхөөрөмжийн үнийг төлөх нь зүй ёсны боловч Монгол Улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу тоног төхөөрөмжийн үнийг буруулсан бол гэрээнд заасны дагуу үнийг заавал мэдэгдэх үүрэгтэй байснаас гадна шинэчлэн гэрээ байгуулах, гэрээний үнэд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсан Засгийн газраас чиглэл өгсөөр байтал холбогдох арга хэмжээг аваагүй байгаа байдлыг шүүх анхаарч үзэх ёстой.

3. Нэхэмжлэгч гэрээний алдангид их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд цаг агаарын улмаас тариалангийн ургац муу хөдөө аж ахуйн салбар хүндрэлтэй байсан болон 2019 оноос ковид цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч давагдашгүй хүчин зүйлс болсныг бид бүхэн мэдэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнийг шүүхээс дээрх тайлбарт дурдсан үндэслэлээр багасгаж өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК, хамтран хариуцагч С.Ц нараас 306,262,555 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААДСАА-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 181,830,439 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 57-р зүйлийн 57.1, 60-р зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Б ” ХХК, хамтран хариуцагч С.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,689,263 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн давж заалдах гомдолдоо: “...2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2022/00774 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөө аж ахуйн дэмжих сангийн нэхэмжлэлээс  гэрээний үндсэн үүрэг 302,937,555 төгрөг, шатахууны үнийн үлдэгдэл 3,325.000 төгрөг, нийт 306,262,555 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 181,830,439 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус сан нь гэрээгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд алданги тооцох зохицуулалттай байхад шүүх 162,697,665 төгрөгийн алдангийг хассан нь хэт нэг талыг баримталсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн хүү болох 15,651,774 төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй учир шалтгаангүй хассан байна. Шатахууны төлбөрт нэхэмжилсэн 3,481,000 төгрөг нь тус сангийн хөрөнгө өглөгийн баримтад тусгагдсан байхад мөн үндэслэлгүйгээр нотлох баримтгүй гэж хассанд гомдолтой байна. Шүүх нотлох баримтыг үнэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 181,830,439 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 488,092,993.85 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тус сан нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно. Тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч ХААДС гэрээний үндсэн үүргийн биелэлт 325,395,329.23 төгрөг, нэмэлт үүрэгт 162,697,664.62 нийт 488,092,993.85 төгрөг гаргуулах тухай шаардлагаа хариуцагч “Б ” ХХК-нд холбогдуулан гаргахдаа нэг ширхэг Үр тарианы комбайн зээлээр худалдсан 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БЗКОМ/2015/02 дугаар гэрээ, хоёр ширхэг FD-1254 загварын дугуйт трактор зээлээр худалдсан 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн FT1254-2015/46 дугаар гэрээ, түлш худалдсан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ТШ-2016/114 дугаар гэрээг үндэслэл болгосон байна.

 

3.Зөвхөн нэхэмжлэгч өөрөө эрхийг нь зөрчсөн гэж үзэж буй, нэхэмжлэлд дурдсан этгээд иргэний хэрэгт хариуцагчаар ордог.

Өөрөөр хэлбэл, тухайн этгээд хариуцлага хүлээх этгээд мөн эсэхээс үл шалтгаалан нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулдаг байхад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШЗ2021/03130 дугаар шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар “Х.Мягмаржавыг тус хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн хүсэлтийг хангахаас татгалзсугай...” гэж шийдвэрлэсэн, мөн шүүх өөрийн санаачилгаар буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШЗ2022/00518 дугаар шүүгчийн захирамжаар С.Цыг хамтран хариуцагчаар татсан байхаас гадна нэхэмжлэлийн хувийг түүнд гардуулан өгөх ажиллагааг хийгээгүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын гол үндэсийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болов.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1., 35.2.-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө. Тухайлбал, компанийг түүний ерөнхий эсхүл гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга тус тус төлөөлнө.

 

Анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШЗ2021/01839 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Б ” ХХК-нд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тул хариуцагчийн төлөөлөгч М.Цэлмэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх нь шаардлагагүй болохыг дурдав.

 

5.Нэхэмжлэгч ХААДС нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, нотлох баримтыг цуглуулан өгөх үүрэгтэй ч хэргийн үйл баримтыг тодорхойлон тогтоох нь шүүгчийн үүрэг.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Харин нэхэмжлэгч байгууллага нь гэрээний алдангид нийт 162,697,665 төгрөг нэхэмжилж байх боловч алдангийг гэрээ тус бүрээр тооцоогүй, алдангийг хэдий хугацаанд хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгаагаас гадна хүүгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасантай нийцэхгүй байх тул алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв” гэсэн үндэслэлийг зааснаас үзвэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй байх ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2022/00774 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

                         ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

                                                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ