Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/03434

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/03434

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... хотхон, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, А овогт М-ийн У /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух, С овогт С-жийн Т/РД: .../,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дүгээр багт оршин суух, Б овогт Б-ийн Б /РД: .../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 21,808,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.У,

Хариуцагч С.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх,

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие М.У нь Л.Б-тай 1993 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй болсон хүүхдүүд маань одоо 9, 19, 25 настай. Л.Б, С.Т бид нар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ... УБО улсын дугаартай Лексус 470 маркийн автомашинтай Хэнтий аймгийн чиглэлд зорчиж яваад зам тээврийн осолд орж миний нөхөр Л.Б нас барсан. Зам тээврийн осол болсонтой холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж С.Т, Б.Б нарыг гэм буруутай болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоосон. Талийгаач Л.Б бид хоёрын дундаас төрсөн бага хүү Б.Т нь одоо 9 настай юм. Хариуцагч С.Т нь шүүгч нарын өмнө ...би Л.Б-тай найзууд байсан, цаашдаа насан туршдаа хүүхдүүдийг нь харж халамжилна гэж хэлсэн байсан, би энэ үгэнд нь итгэсэн. Гэтэл шүүх хуралдаан дуусаад л зангаа хувиргасан. С.Таас хохиролд машин авсан боловч тэр машин нь хэлсэн үнэлгээнд нь хүрэхгүй байсан. С.Т нь манай нөхөр Б.Л.Б-тай И.М.Я ТББ-д хамт ажилладаг байсан. Б.Б бол шүүх хуралдааны дараа шууд хоригдоод явсан, Өршөөлийн хуулиар суулагдсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй очиж уулзахгүй байгаа, мөн төлбөр мөнгө, хохиролд нэг ч төгрөг одоо болтол төлөөгүй, шийдвэр гүйцэтгэгчид 4 ширхэг газрын гэрчилгээ аваачиж өгсөн байсан. Манай хүү Б.Т энэ ослоос хойш сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд орсон, хүнтэй юм ярихаа больсон, хичээл сурлагандаа муудсан, багш нар нь надад хүүхдээ сэтгэл зүйчид үзүүлж эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн. Хүү маань одоо сард нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид 300,000 төгрөг л авдаг. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4-д Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө, мөн 508.4.1-д бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэж заасан байдаг. Манай нөхөр Л.Б нь сарын 2,000,000 төгрөгийн цалинтай байсан ба бага хүү Б.Т-г 18 нас хүртэл сар бүр 2,000,000 төгрөгөөр тооцоод 22,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Дээр дурдсан авто ослын улмаас ... УБО улсын дугаартай, Лексус 470 загварын авто машин бүрэн эвдэрсэн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан байна. Лексус 470 загварын авто машинд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад шаардлагатай 20,191,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч надад олгохоор эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн. Тухайн машин 40,000,000 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд одоо машиныг ашиглах боломжгүй болсон тул /40,000,000 20,191,300 = 19,808,700 төгрөг/ эвдэрсэн машины одоогийн өртөг болох 19,808,700 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 43,808,700 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлага нь 9 настай хүү Б.Т-д Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар 18 насанд хүртэл нь сар бүр 2,000,000 төгрөгөөр тооцож 1 жилд 24,000,000 гаргуулахыг хүссэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна. Үүнд: өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно гэжээ. Түүнчлэн мөн хуулийн 12 дугаар зүйлд Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэжээ. Гэвч нас барагч нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлж байсан эсэх, 9 настай Б.Т нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй атлаа энэ төрлийн тэтгэмжийг нэхэмжилсэн, гэвч шүүхээс өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж амь хохирогчийн цалингийн тодорхойлолтыг ажил олгогчоос, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн дэвтрийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дэвтэр нь ямар төрлийн тэтгэвэр авдаг нь тодорхойгүй, тэтгэвэр авдаг дансны хуулгаа гаргаж өгөөгүй байна. Авто ослын улмаас бүрэн эвдэрсэн ... УБО улсын дугаартай, Лексус-470 загварын автомашины хохиролд 19,808,700 төгрөг гаргуулахыг хүсчээ. Энэхүү авто ослын хэргийн мөрдөн байцаалтын шатанд "Авто прайм ХХК-ны эзэмшилийн дээрх автомашинд Жандаг Хордон ХХК-аар дүгнэлт гаргуулж нийт хохиролын үнэлгээ нь 20,191,300 төгрөг болсон. Энэхүү үнэлгээг тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэхэмжлэгч М.У түүний хүү Б.Мандуул нар нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд дахин үнэлгээний талаар дүгнэлт гаргаагүй бөгөөд хариуцагч С.Т-ын хувьд уг автомашины хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... Шүүх амь хохирогчийн оршуулгын болон хоног хураах зардалд зарцуулсан зан үйлийн зардал, хохирогч М.У-ын эмчилгээний зардлыг баримтаар шүүх хуралдаанд ирүүлсэн хэмжээгээр буюу 31,023,390 төгрөг, Тоёота Лексус-470 загварын тээврийн хэрэгслийн 1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудсанд авагдсан үнэлгээгээр буюу 20,191,300 төгрөг, нийт 51,214,690 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв... гэжээ. Түүнчлэн шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнсэж хянан харгалзсан байдаг. Хариуцагч С.Т-аас төлөгдсөн машины хохирлыг дахин нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч С.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.У нь С.Т, Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 43,808,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнд: 9 настай хүү Б.Т-д Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар 18 нас хүртэл сар бүр 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан боловч мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.3-т буюу тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно гэжээ. Нэхэмжлэгч амь хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаархи нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Авто ослын улмаас бүрэн эвдэрсэн ... УБО улсын дугаартай, Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн хохиролд 19,808,700 төгрөг гаргуулахаар мөн нэхэмжилжээ. Авто ослын эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгсэлийн эвдэрлийн үнэлгээг эрх бүхий байгууллага буюу Жандаг хордон ХХК дүгнэлт гаргаж хохирлын хэмжээг нийт 20,191,300 төгрөгөөр тогтоож хохирлын үнэлгээний талаар ямар нэгэн гомдол тухайн үед гараагүй бөгөөд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор амь хохирогчийн оршуулгын болон хоног хураахад зарцуулсан зардал, хохирогч М.У-ын эмчилгээний зардал зэргээс баримтаар тогтоогдсон зардал болох 31,023,390 төгрөг, Лексус 470 загварын машины хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 20,191,300 төгрөг нийт 51,214,690 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Б.Б тус өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар хорих ял эдэлсэн. Энэхүү шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд Б.Б-ын хувьд хорих ял эдлэж гарч ирсэн ч эргэн төрийн албанд ажиллах боломжгүй болж ажилгүй орлогогүй байсан учраас өөрийн өмчлөлд, эзэмшилд байх газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээ тогтоолгохоор гэрчилгээг өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хохирол төлүүлэх ажиллагаа хийгдэх шатандаа явж байгаа түүний банкны харилцах дансанд хаалт хийсэн байдалтай одоо Б.Б Өмнөговь аймагт ажилд ороод 1 сар гаруй хугацаа өнгөрч байгаа. Шийтгэх тогтоолоор төлөхөөр заасан хохирлыг барагдуулах тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг хавсаргажээ. Үүнд, иргэний үнэмлэхний хуулбар, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... тоот магадлал, Б.Т-гийн төрсний гэрчилгээ, Л.Б, М.У нарын гэрлэлтийн бүртгэлийн 0238042 тоот гэрчилгээг гарган өгчээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И.М.Я ГҮТББ-ын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, И.М.Ү.Н ХХК-ийн дүрмийг гаргажээ.

 

5. Хариуцагч С.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, хариуцагч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргажээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн тус шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дүгээр тогтоолоор Хаан банк ХХК-иас Л.Б-ы эзэмшлийн ... тоот дансны хуулгыг гаргуулсан. Мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот тогтоолоор И.М.Я ГҮТББ-аас Л.Бы ажлын болон цалингийн тодорхойлолтыг, нэхэмжлэгчээс ... тоот тэтгэврийн дэвтэр, Хаан банк ХХК дахь М.Уын эзэмшлийн ... тоот дансны хуулгыг тус тус гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.У нь хариуцагч С.Т, Б.Б нарт холбогдуулж гэм хорын хохиролд 43,808,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд, Миний бие М.У нь Л.Б-тай 1993 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй болсон хүүхдүүд маань одоо 9, 19, 25 настай. Л.Б, С.Т бид нар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ... УБО улсын дугаартай Лексус 470 маркийн автомашинтай Хэнтий аймгийн чиглэлд зорчиж яваад зам тээврийн осолд орж миний нөхөр Л.Б нас барсан. Зам тээврийн осол болсонтой холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж С.Т, Б.Б нарыг гэм буруутай болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоосон. Талийгаач Л.Б бид хоёрын дундаас төрсөн бага хүү Б.Т нь одоо 9 настай юм. Хүү маань одоо сард нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид 300,000 төгрөг л авдаг. Манай нөхөр Л.Б нь сарын 2,000,000 төгрөгийн цалинтай байсан ба бага хүү Б.Т-г 18 нас хүртэл сард 2,000,000 төгрөгөөр тооцоод 24,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Дээр дурдсан авто ослын улмаас ... УБО улсын дугаартай, Лексус 470 загварын авто машин бүрэн эвдэрсэн ба эвдэрсэн машины одоогийн өртөг болох 19,808,700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хариуцагч С.Т, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан боловч мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.3-т буюу тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно гэжээ. Нэхэмжлэгч амь хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаархи нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 51,214,690 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, С.Т нь машинтай холбоотой хохирлыг бүрэн төлсөн, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд Б.Б-ын хувьд хорих ял эдлэж гарч ирсэн ч эргэн төрийн албанд ажиллах боломжгүй болж ажилгүй орлогогүй байсан учраас өөрийн өмчлөлд, эзэмшилд байх газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээ тогтоолгохоор гэрчилгээг өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хохирол төлүүлэх ажиллагаа хийгдэх шатандаа явж байгаа түүний банкны харилцах дансанд хаалт хийсэн байдалтай одоо Б.Б Өмнөговь аймагт ажилд ороод 1 сар гаруй хугацаа өнгөрч байгаа. Шийтгэх тогтоолоор төлөхөөр заасан хохирлыг барагдуулах тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь баримт тогтоогдож байна. Үүнд, хариуцагч С.Т нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ... УБО улсын дугаартай, Лексус 470 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 3 дугаар бүлгийн 3.4-т Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэх заалтуудыг, хариуцагч Б.Б нь мөн өдөр ... СҮА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн 10 дугаар бүлгийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Л.Б-ы амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн. Энэ иргэний хэргийн хариуцагч нар дээрх гэм буруутай үйлдэлдээ шүүхээр ял шийтгүүлсэн болох нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... тоот магадлалаар тус тус тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч М.У, амь хохирогч Л.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүл байсан нь гэрлэлтийн бүртгэлийн ... тоот гэрчилгээгээр, тэдний дундаас 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Т төрсөн болох ... тоот төрсний гэрчилгээгээр, Л.Б нь И.М.Я ГҮТББ-ийн гишүүн байсан нь тус төрийн бус байгууллагын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч М.У нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө., мөн 508 дугаар зүйлийн 508.1Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй, 508.2Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй, 508.3Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна, 508.4-д Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө, мөн 508.4.1-д бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэж зааснаар гэм хор учруулсны төлбөр, эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

6.1. Нэхэмжлэгч нь дээрх ослын улмаас эвдэрсэн ... УБО улсын дугаартай, Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн одоогийн өртөг 19,808,700 төгрөг гаргуулахаар шаардсан. Шаардлагын үндэслэлээ дээрх тээврийн хэрэгслийг засварлаад ч ашиглах боломжгүй болсон ба тухайн тээврийн хэрэгсэл нь 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй, үүнээс шүүхийн шийдвэрийн дагуу тээврийн хэрэгслийг засварлахад шаардлагатай зардал нь 20,191,300 төгрөг болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, эвдэрсэн Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн одоогийн үнэлгээ нь 19,808,700 төгрөг болж байна гэж тодорхойлсон. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ... УБО улсын дугаартай, Лексус 470 загварын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,191,300 төгрөг гэж шинжээч тогтоосон болох нь шийтгэх тогтоол /хавтаст хэргийн11 дүгээр тал/-оор тогтоогдож байх бөгөөд хохирлыг шүүгдэгч буюу энэ иргэний хэргийн хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон нь тогтоогдохгүй байна.

 

6.2. Хүү Б.Тд гэм хор учруулсны төлбөрт хариуцагч нараас 2,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ шаардлагаа 22,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хүү Б.Т-г 18 нас хүртэлх хугацаанд нийт 24,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шаардлагын үндэслэлээ ... нөхөр Л.Б нь И.М.Я ГҮТББ-ийн гишүүн байсан бөгөөд сард 2,000,000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас хүү Б.Т-д дээрх хэмжээний хохирол учирсан гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлохоор И.М.Я ГҮТББ-ийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Л.Бы сарын цалин 2,000,000 төгрөг байсныг тодорхойлов гэх 01/18 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргасан боловч дээрх баримт нь харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн тогтоолоор И.М.Я ГҮТББ-аас Л.Б-ы ажлын болон цалингийн тодорхойлолтыг гаргуулахад ... тус байгууллагын гишүүн асан Л.Б нь 274 дэх гишүүн бөгөөд салбар байгууллага болох Мэргэжлийн холбоодын дээд зөвлөл-ийг удирдан ажиллахаар 2017 оны 01 дүгээр сард томилогдсон. Тухайн үед талийгаач Л.Б-ыг сард 2,000,000 төгрөгөөр цалинжуулахаар тогтсон ч байгууллагын үйл ажиллагаа жигдрээгүй, санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байсан тул тогтсон цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болно гэх хариуг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/08 тоот албан бичгээр ирүүлснээр үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага нотлох баримтаар мөн тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.У-ын хариуцагч С.Т, Б.Б нарт холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийн өртөг 19,808,700 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт 24,000,000 төгрөг, нийт 43,808,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Д нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд явуулах талаар бичгээр хүсэлтээ гаргасан бөгөөд зохигчид татгалзаагүй тул хэргийг шүүх хуралдаанаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, мөн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл гэж зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 266,994 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 267,950 төгрөг, нийт 534,944 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Т, Б.Б нарт холбогдуулан 43,808,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,944 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

А.САРАНТУЯА