Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/02876

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Уянга сум, Бөөрөлжүүт 6 дугаар багт байрлах, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Өнөр хороолол, 3-6 тоот хаягт оршин байх, “*******” ХХК /рд:*******/-д холбогдох,

 

Газрын хэвлийн хохирол 107,988,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.Базарсад, төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дойтын дэнж гэх газарт МҮ15065 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Б.Базарсад захиралтай “*******” ХХК нь 2010-2013 оны хооронд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас хүрээлэн буй орчинд 107,988,800 төгрөгийн хохирол учруулаад байна. Дээрх нөхөн сэргээгүй газрын хохирлыг “Сайхан арвин дэлхий” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд газрын хэвлийн хохирол 107,988,800 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд “*******” ХХК-иас газрын хэвлийн хохиролд 107,988,800 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

2.Хариуцагч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани тус газарт 2009 оноос ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн. Өмнө нь өөр хуулийн этгээдийн эзэмшилд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан талбайд хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд тусгай зөвшөөрөл 2009 оны 8 сард гарч байсан. 2009 онд багахан олборлолтын ажиллагаа явуулсан. Тэр явуулсан талбайдаа 2010 онд нөхөн сэргээлт хийсэн. Хийсэн нөхөн сэргээлтээ ч хүлээлгэн өгсөн байдаг. Ингээд 2010 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэтэл орон нутгаас огт ажил хийлгэдэггүй байсан. 2010 оны 6 сард манай газар ажиллах гээд уурхай руу нүүж очих гэж байтал Уянга сум улсын байцаагчтай болсон байсан. 2010 оны 07 сарын 30-ны өдөр болсон тогтоол дээр энэ талаар байгаа. Тухайн үед бичиг баримт бүрдээд байж байтал шалгалт ирээд бид нарыг байж бай гэж хэлсэн. Би хотоос баахан техник хөлслөөд, ажилчдаа аваад очоод кемпээ бариад ажиллах гэтэл нутгаас нь огт ажиллуулдаггүй. Тухайн үед Уянга суманд хурал болсон, би өөрөө хуралд байгаагүй. Ингээд манай байгууллагын үйл ажиллагааг хурлаар зогсоосон. Уянга сум нь хууль дүрмийн хүрээнд компанийг ажиллуулдаггүй юм билээ. Одоо энэ нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.*******, Уянга сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Х.Дашрэнцэн бүгд мэдэж байгаа. Яг ажиллах гэхээр л талбай дээр ирээд түр хүлээж байгаа, ажил хийж болохгүй, сумаас хориглосон гээд үнэхээр хөдөлгөдөггүй байсан шүү дээ. 2011 онд таныг дарга зогсоо гэсэн юм аа гэж хэлээд үйл ажиллагааг маань зогсоосон. Ингээд манай компани 2010, 2011 онд ажиллаж байгаагүй. Энэ талаар тухайн үед  ажиллаж байсан сум орон нутгийн хүмүүс болон 2011 онд ажилласан гэх н.Дуламсүрэнгийн мэдүүлэг дээр байгаа. Намайг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас байцааж байсан. Ингээд үнэхээр ажил хийлгэхгүй байсан учраас 2011 онд Уянга сумын нутгийн иргэний Түгж хайрхан гэх компанид тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн. Нутгийн хүн нь ажиллуулна биз гээд орхисон. Бид тухайн зөвшөөрлөө шилжүүлэх үед ямар нэгэн татвар, нөхөн сэргээлтийн дутуугүй байсан болоод тусгай зөвшөөрлийг өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн гэж үзэж байна. Одоо надад тэр үеийн бичиг баримтууд нь байхгүй, тусгай зөвшөөрлөө Түгж хайрхан ХХК-д шилжүүлэхдээ бүх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш арав гаран жил өнгөрөөд байна. Бид олборлолт хийсэн газартаа тухайн үед нь нөхөн сэргээлтээ хийсэн. Одоо энэ нөхөн сэргээлт хийгдээгүй гээд байгаа талбайд манайхаас хойш Түгж хайрхан ХХК ажил хийсэн байх боломжтой шүү дээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

3.Төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Уянга сумын Дойтын дэнж гэх газарт “*******” ХХК нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, 10.4 га талбай газарт нөхөн сэргээлт хийгдээгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч газрын хэвлийн хохиролд 107,988,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. “*******” ХХК нь 2009 онд үйл ажиллагаа явуулж, 2010, 2011 онд үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж мэдүүлэг өгдөг гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 07 сарын 08-ны өдөр ирүүлсэн албан бичиг болох 2007 оны 08 сарын 21-ний өдрийн 2027 дугаар шийдвэрээр тухайн ашигт малтмалын лиценз нь “*******” ХХК-д шилжсэн байдаг. Ингээд “*******” ХХК нь 2009 оны 08 сараас эхлэн тухайн газарт үйл ажиллагаа явуулсан байдаг. Өвөрхангай аймгийн Уянгын сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Засаг дарга болон байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, “*******” ХХК-ийн захирал, менежер, хувьцаа эзэмшигч нарын хамтарсан хурлын протоколоор “*******” ХХК нь Дойтын дэнж гэх газарт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан нь тогтоогддог. Тухайн байгууллага 2009 онд үйл ажиллагаа явуулж байсан ч газрын болон усны төлбөрийг 2010 онд төлөөгүй байдаг. Энэ төлбөрүүдийг төлөөд тухайн томилсон газрууддаа техникийн нөхөн сэргээлт хийж суманд өгөх хэрэгтэй байна гэсэн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч М.Загарсүрэнгийн мэдээлэл байдаг. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2010 оны 01 сарын 07-ны өдрийн дүгнэлтээр 2009 оны 2/12 тоот “*******” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэн байгаль орчин геологи уул уурхайн улсын байцаагч болон байгаль орчин аялал жуулчлал газрын мэргэжилтэн н.Дуламсүрэн нар нь “*******” ХХК-ийн мэргэжилтэн н.Ренчин, менежер н.Цэрэндорж нарыг байлцуулан 2009 онд нөхөн сэргээлт хийсэн талбайд шалгалт хийх тухай хүсэлт тавьсан. Үүнтэй холбогдуулан улсын байцаагчийн дүгнэлтээр нөхөн сэргээлт хийсэн талбайд шалгалт хийх тухай хүсэлт тавьсан. Үүнтэй холбогдуулан улсын байцаагчийн дүгнэлтээр нөхөн сэргээлт хийсэн хэдий ч техникийн нөхөн сэргээлтэд мэргэжлийн байгууллагыг байлцуулж, тухайн байгууллагад хүлээлгэж өгөх нь зүйтэй гэх дүгнэлт гарсан. 2011 оны 02 сарын 08-ны өдрийн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр “*******” ХХК нь 2010 онд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, техникийн тусламжтайгаар нөхөн сэргээлт хийсэн гэхдээ техникийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар хийж, гүйцэтгэж орон нутагт хүлээлгэж өгөх нь зүйтэй гэх дүгнэлт гарсан. “*******” ХХК нь тухайн нөхөн сэргээлтийн ажлыг хийж, орон нутагт хүлээлгэж өгсөн тайлан акт зэрэг нь авагдаагүй талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас албан тоот ирсэн байдаг. “*******” ХХК нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор тухайн газар нөхөн сэргээлт хийгээгүй, энэ талаар “Сайхан Дэлхий” ХХК-иас байгаль орчны хохирлын үнэлгээний талаарх дүгнэлтийг 2020 оны 10 сарын 20-ны өдөр гаргасан байдаг. Өвөрхангай аймгийн Уянга сумын Дойтын дэнж гэх газарт уул уурхайн үйл ажиллагааны улмаас 10.4 га талбай эвдрэлд орсон байдаг нь уг дүгнэлтээр гарсан. Дүгнэлтийг хийж байх явцад тухайн компани нь 0,7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, бусад 10.4 га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй байна. Эдэлбэр газар, хөрс, ургамал, газрын хэвлий зэрэг нийт 79,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Эвдрэлд орсон талбайд хийх техникийн нөхөн сэргээлтийн зардал, биологийн нөхөн сэргээлтийн зардал, хяналт мониторингийн зардал, га талбайн зардал нийт газрын хэвлийд учирсан хохирол болох 107,988,800 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байгаа тул Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч хэдийгээр 2010, 2011 онд үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдүүлдэг боловч “*******” ХХК нь 2012 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр ашигт малтмалын лицензийг “Түгж хайрхан” ХХК-д шилжүүлсэн талаарх албан бичигт дурдсан байдаг. “Түгж хайрхан” ХХК нь тухайн газар үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүйтэй холбоотой 2014 оны 09 сарын 17-ны өдөр “Түгж Хайрхан” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын лицензийг цуцалсан талаарх албан тоот ирсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс, “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн байгаль орчны хохирлын үнэлгээний дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2022 оны 04 сарын 21-ний өдрийн 01/106 дугаартай итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 450 тоот албан бичгээр хавсарган ирүүлсэн баримтууд, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Өлтийн дэнжийн алтны уурхайн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Хариуцагчаас, Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  “*******” ХХК-иас Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан хүсэлт, Шилжүүлэх/Буцаан хүлээлгэн өгөх, талбайн тодорхойлолт, Тусгай зөвшөөрөл бүхий талбайн мэдээлэл худалдах болон тусгай зөвшөөрлийг бүрэн шилжүүлэх №168/11 тоот гэрээ, Бульдозер түрээслэх хэлцэл, Өвөрхангай аймгийн Уянга сумын ЗДТГ, “*******’ ХХК-ийн хамтарсан хурлын протокол, Талбайн тодорхойлолт,

 

  Шүүхийн журмаар, Гэрчээр Ц.Болдбаатар, Х.Дашрэнцэн нарыг асуусан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 96 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгжүүдийн судалгаа, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 1/198 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн баримтууд, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 8/3688 дугаар албан бичиг зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан газрын хэвлийн хохирол 107,988,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

6.Нэхэмжлэгч нь “хариуцагч “*******” ХХК-иас 2010-2013 оны хооронд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас хүрээлэн буй орчинд 107,988,800 төгрөгийн хохирол учирсан” хэмээн шаардав.

 

Хариуцагч нь “2009 онд олборлолтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2010 онд нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2011 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.

 

Төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос “...Уянга сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” хэмээн тайлбарлав.

 

7.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 08 сарын 21-ний өдрийн 2027 дугаар шийдвэрээр “*******” ХХК нь ХV-010335 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Тодбум” ХХК-иас шилжүүлэн авчээ. Тус хуулийн этгээд нь ХV-010335 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа хэсэгчлэн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байх ба 2009 оны 08 сарын 10-ны өдрийн  шийдвэрээр Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт “Өлтийн дэнж” нэртэй 43.62 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын МB-015065 тоот тусгай зөвшөөрөл эзэмшжээ.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагч хуулийн этгээдийг ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа 10.4 га талбайд олборлолт явуулж, мөн хэмжээний талбай эвдрэлд орсон, эвдрэлд орсон талбайн хэсэг газарт 0.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн. Эвдрэлд орсон талбайд 167700м3 ухаш, 12100м3 овоолго үүссэн. Дээрх 10.7 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлт хийхэд 107,998,800 төгрөгийн зардал гарна хэмээн “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 03/14 дугаартай Байгаль орчны хохирлын үнэлгээний дүгнэлтийг хавсарган ирүүлсэн.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд  Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг тодорхойлсон ба 39.1.4.4-т энэ хуулийн 38.1.2-т заасан буюу хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээ авах үүрэгтэй талаар тодорхой тусгажээ.

 

9. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 1/198 дугаар албан тоот, түүнд хавсарган ирүүлсэн тус газрын улсын байцаагчийн 2010 оны 01 сарын 07-ны өдрийн 42/13/04 тоот дүгнэлт, мөн 2011 оны 02 сарын 08-ны өдрийн 42/13/29 тоот дүгнэлтээр “*******” ХХК нь 2009 оны техникийн нөхөн сэргээлтийг 2.1 га талбайд, 2010 оны техникийн нөхөн сэргээлтийг 4.3 га талбайд хийсэн болох нь нотлогдов.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “ Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй” хэмээн хуульчилжээ. Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга нь хуульд зааснаар “*******” ХХК нь тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй бол дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй байжээ. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй болно.

10.“*******” ХХК нь өөрийн эзэмшлийн MB-015065 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг 2011 оны 12 сарын 16-ны өдөр гаргасныг, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 сарын 26-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр “Түгжхайрхан” ХХК-д шилжүүлсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 8/3688 тоот албан тоотоор нотлогдов.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил” байхаар заасан бөгөөд дээр дурдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь “*******” ХХК-ийн 2009, 2010, 2011 оны үйл ажиллагаатай холбогдуулан шаардлага гаргах боломжтой байх боловч тэрээр 2022 оны 02 сарын 15-ны өдөр “*******” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан гэж үзэхээр байна.

11.Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаар хуульчилсан. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь хуулийн 49.4.3-49.4.5-д заасан “тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг, ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа бол тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт” зэргийг тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдөлд хавсаргана. Хуулийн 49.6.1-д зааснаар “Төрийн захиргааны байгууллага хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх”-ээр тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаар “*******” ХХК нь хуульд заасан баримтыг бүрдүүлж ашиглалтын тусгай зөвшөөрлөө  2012 оны 01 сарын 26-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр “Түгжхайрхан” ХХК-д шилжүүлжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т зааснаар “тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг”-ийг үйлдэх ба “*******” ХХК-иас “Түгжхайрхан” ХХК-д тусгай зөвшөөрөл 2012 оны 01 сарын 26-ны өдөр шилжсэнээр бүх эрх, үүрэг шилжүүлэн авагч этгээдэд бүрэн шилжих бөгөөд “Түгжхайрхан” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 сарын 17-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр цуцалсан байна.

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 96 дугаар албан тоот, түүний хавсралтаар ирүүлсэн “Уул уурхайн нөхөн сэргээлтийн судалгаа /2010, 2011, 2012/ -аар “*******” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 43.62 га талбайгаас эвдэрсэн талбайн хэмжээ 12 га, үүнээс 2010 онд 4.3 га, 2011 онд 2.8 га, 2012 онд 0 га, нийт 7.1 га талбайд нөхөн сэргээлт хийсэн, 4.9 га талбайд нөхөн сэргээлт хийлгүй үлдсэн гэх бөгөөд дээр дурдсанаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл 2012 оны 01 сард “Түгжхайрхан” ХХК-д шилжсэнээр “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Дойтын дэнж гэх газарт бий болсон 10.4 га талбайн эвдрэл нь хариуцагч “*******” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас бий болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

13.Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “*******” ХХК-д холбогдох газрын хэвлийн хохирол 107,988,800 төгрөг гаргуулах тухай Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


 
      

 

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.УРАНЗУЛ

 

           
                                     ШҮҮГЧИД                                                   Э.АМИН-ЭРДЭНЭ


 
                                                                                                    Т.БАТСҮХ