Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02069

 

 

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02069

 

 

Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/02876 дугаар шийдвэртэй,

Өвөрхангай хангай аймгийн *** сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Ч ХХК-д холбогдох,

Газрын хэвлийн хохирол 107,988,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвасүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Базарсад, прокурор Р.Очирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Өвөрхангай аймгийн *** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дойтын дэнж гэх газарт МҮ15065 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, Б.Базарсад захиралтай Ч ХХК нь 2010-2013 оны хооронд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас хүрээлэн буй орчинд 107,988,800 төгрөгийн хохирол учруулаад байна. Дээрх нөхөн сэргээгүй газрын хохирлыг үнэлгээ хийлгэхэд газрын хэвлийн хохирол 107,988,800 төгрөг байна. Иймд Ч ХХК-аас газрын хэвлийн хохиролд 107,988,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ч ХХК тус газарт 2009 оноос ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшсэн. Өмнө нь өөр хуулийн этгээдийн эзэмшилд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан талбайд хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд тусгай зөвшөөрөл 2009 оны 08 дугаар сард гарсан. 2009 онд багахан олборлолтын ажиллагаа явуулсан бөгөөд тухайн талбайдаа 2010 онд нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн. Улмаар 2010 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэтэл орон нутгаас огт ажил хийлгэдэггүй байсан. 2010 оны 06 дугаар сард ажиллах гээд уурхай руу нүүж очих гэтэл *** суманд улсын байцаагч томилогдсон, шалгалт ирсэн байсан. Ч ХХК-ийн хувьд хотоос техник хөлслөөд, ажилчдаа авч очоод кемпээ бариад ажиллах гэтэл огт ажиллуулаагүй. Тухайн үед *** суманд болсон хурлаар Ч ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон.

Ч ХХК нь 2010, 2011 онуудад ажиллаагүй бөгөөд энэ талаар тухайн үед ажиллаж байсан сум, орон нутгийн хүмүүс болон 2011 онд ажилласан гэх н.Дуламсүрэнгийн мэдүүлэгт дурдсан. Ажиллах боломж олгохгүй байсан тул 2011 онд тухайн үед ямар нэгэн татвар, нөхөн сэргээлтийн дутуу ажил үлдээгүй байсан тул тусгай зөвшөөрлийг Т ХХК-д шилжүүлсэн. Одоо тухайн үеийн бичиг баримтууд байхгүй, Т ХХК-д тусгай зөвшөөрлөө шилжүүлэхдээ бүх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Ч ХХК-ийн хувьд олборлолт хийсэн газартаа тухайн үед нь нөхөн сэргээлтээ хийсэн. Нөхөн сэргээлт хийгдээгүй гээд байгаа талбайд Т ХХК ажил хийсэн байх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Прокурорын тайлбарын агуулга: 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр Ч ХХК нь 2010 онд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, техникийн тусламжтайгаар нөхөн сэргээлт хийсэн гэхдээ техникийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар гүйцэтгэж орон нутагт хүлээлгэж өгөх нь зүйтэй гэх дүгнэлт гарсан. Ч ХХК нь тухайн нөхөн сэргээлтийн ажлыг хийж, орон нутагт хүлээлгэж өгсөн тайлан акт зэрэг нь авагдаагүй.

Ч ХХК нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор тухайн газар нөхөн сэргээлт хийгээгүй, энэ талаар Сайхан Дэлхий ХХК-аас байгаль орчны хохирлын үнэлгээний талаарх дүгнэлтээр 10.4 га талбай эвдрэлд орсон нь тогтоогдсон. Газрын хэвлийд учирсан хохирол болох 107,988,800 төгрөгийг Ч ХХК-аас гаргуулах нь зүйтэй тул Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч ХХК-д холбогдох газрын хэвлийн хохирол 107,988,800 төгрөг гаргуулах тухай Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. *** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дойтын дэнж гэх газарт Ч ХХК нь 2009-2011 оны хооронд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас хүрээлэн буй орчинд 107,988,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь Сайхан Арвин Дэлхий ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон. Ч ХХК нь 2009-2011 онд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжилийн хяналтын газар болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог.

5.2. Ч ХХК-ийн захирал Б.Базарсад нь шүүх хуралдаанд ...манай компани Т ХХК-д шилжүүлэхдээ ашигт малтмал олборлох явцад эвдрэлд орсон талбайдаа нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгч чадаагүй ээ... гэж мэдүүлсэн. Хүрээлэн буй орчинд гэм хор учруулсан нь Ч ХХК байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ч ХХК-аас нийт 107,988,800 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Манай компани нь тус нутаг дэвсгэрт 2009 онд үйл ажиллагаа явуулж, 2010, 2011 онд нөхөн сэргээлт хийсэн. Харин 2010 онд үйл ажиллагаа явуулах гэж хөрсийг хуулж, бэлдсэн байсан боловч сумын иргэд ирж хөөж, үйл ажиллагааг зогсоосон. Үйл ажиллагааг зогсоосон тул тусгай зөвшөөрлөө Т ХХК-д хуулийн дагуу шилжүүлсэн. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийн тулд нөхөн сэргээлтийг хийсэн байх хуулийн шаардлага тавигддаг. Нөхөн сэргээлтийг хийсэн гэж үзэж байгаа тул гомдлыг зөвшөөрөхгүй. Өлтийн дэнж нь Дойтын дэнж гэдэгтэй маргахгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан прокурорын тайлбарын аргуулга: Ч ХХК нь 2009-2011 онд Дойтын дэнж гэх газар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. 2012 оны 01 дүгээр сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Т ХХК-д шилжүүлсэн байсан. Т ХХК тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, үйл ажиллагаа явуулсан эсэх, Дойтын дэнж гэх газарт учирсан хохирлыг тус хоёр компанийн аль нь хариуцахаар тохиролцож байсан эсэх талаар баримтыг цуглуулах шаардлагатай. Ч ХХК нь 2009 онд 2,1 га, 2010 онд 4,1 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бөгөөд үлдэгдэл 7,1 га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй талаарх баримтыг Өвөрхангай аймгийн Байгаль орчны газраас ирүүлсэн. Нөхөн сэргээлт хийгээгүй талбайд учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй боловч холбогдох баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан газрын хэвлийн хохирол 107,988,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ч ХХК нь 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс Өвөрхангай аймгийн *** сумын нутагт Өлтийн дэнж нэртэй 43.62 гектар талбайн МВ-015065 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Т ХХК-нд шилжүүлсэн.

Т ХХК-ийн МВ-015065 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр цуцалжээ /хх166-167/.

 

4. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарч байна.

Энэ тохиолдолд шүүхийн зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлсэн, цуцлагдсан эсэхээс үл хамааран гэм хорын хохирол учирсан эсэх, түүнд холбогдох гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэл болон хор уршгийг нөхөн сэргээсэн хэмжээний талаар эрх зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх ёстой.

Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн *** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дойтын дэнж /Өлтийн дэнж/ гэх газарт хэзээ, хэдий хэмжээний газрын хэвлийн хохирол учирсан эсэх, хэрэв учирсан бол энэ нь тухайн газарт 43.62 гектар талбайн МВ-015065 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009-2014 онд эзэмшиж байсан аль хуулийн этгээд /Ч ХХК, Т ХХК/-ийн буруутай үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлтийг өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

5. Өвөрхангай аймгийн *** сумын засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/107, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/143 тоот албан бичгүүдээр төрийг төлөөлөн прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Иймд прокурор Р.Очирсүрэнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу прокуророор оролцсон гэж дүгнэх боломжгүй, түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүрэг тодорхойгүй болжээ.

 

6. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, талуудын маргаж буй үйл баримтад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдлаас хамааран анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Үүнээс шалтгаалан давж заалдах шатны шүүхээс гарсан зөрчлүүдийг залруулах боломжгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учраас маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/02876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ