Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/04539

 

 

 

 

 

 

 

 

                              2022        10          31

            101/ШШ2022/04539

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э. Х /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Д” ХХК /рд:/-д холбогдох,

Орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, Л.Э, хариуцагчийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Х 2020 оны 06-р сарын 09-ны өдөр “Д ХХК-тай Баянзүрх дүүргийн 22-р хороо байрлах Дэлгэрэх Апартмент байрны С блок байрны өрөө 11 давхарт 3-р байр тоот буюу 996 байрны  тоот болон дулаан зогсоол захиалж гэрээ хийсэн. Тухайн өдөртөө орон сууцны урьдчилгаа төлбөрт 50.000.000 сая төгрөг дулаан зогсоолын төлбөрт 2,000,000 сая төгрөг төлсөн, 2020 оны 06-р сарын 12-ны өдөр 16,000,000 сая төгрөг, 10,131,000 сая төгрөгийг тус тус төлж байрны төлбөр болох нийт 76,131,000 сая төгрөгийг төлж төлбөрийг бүрэн барагдуулсан. Мөн 2020 оны 12-р сарын 01-ны өдөр 14,000,000 сая төгрөгийг дулаан зогсоолын төлбөрт 16.000.000 төлж зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцны төлбөрт 76.131.000, Дулаан зогсоолын төлбөрт 16.000.0000 төгрөгийг нийт 92.131.000 сая төгрөгийг гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан.

Орон сууц ашиглалтад орох хугацаа 2021 оны 06-р сард байсан боловч орон сууцны түлхүүр гаргуулах ажиллагаа 2022 оны 06-р сарын 20-ны өдөр эхэлсэн. Бид байрандаа орох гээд түлхүүрээ авахыг хүсэхэд гэрээг чинь цуцалсан Учир танайх нэмэлт гэрээ байгуулаагүй Мөн м2 тутамд 710.000 төгрөгийг нэмж төлөх ёстой ба нийт 54.599.000 сая төгрөгийг төлсний дараа байрандаа оруулах буюу гэрчилгээг өгнө гэсэн. Нэмэлт        мөнгө  өгөхгүй бол өгсөн мөнгө буцааж ав гэсэн хууль бус шаардлагыг тавьсан. Хууль бус шаардлагыг эсэргүүцэж Иргэний хуулийн 9-р зүйлд зааснаар өөрсдийн эрх ашгаа хамгаалж бид гэрээний үүргээ биелүүлсэн тул байрандаа орсон үүнээс асар их дарамт шахалт Кампани зүгээс ирж маргаан үүсэж..

Иймд хариуцагч “Д ХХК-тай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ 2020 оны 06-р сарын 09-ний өдрийн  гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж орон сууц, дулаан гарашийн гэрчилгээг нэхэмжлэгч талд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү.

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Орон сууц захиалгын гэрээнд тусгагдсан Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах 99б байр, 11-н давхрын 3087 тоот,  м.кв байр болон дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Би 2020.6.9-нд хариуцагчтай анх гэрээ хийсэн.  тоотыг дулаан зогсоолын хамт захиалсан. 2022.6.20-нд түлхүүрээ өгөөд байрандаа орох талаар зарласан. Өмгөөлөгчийн хамт түлхүүрээ авах гээд очсон. Тэгэхэд гэрээг цуцалсан гэж хэлсэн. Бид гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн байсан. Нэмэлт төлбөр төл гэхэд нь бид төлж чадахгүй гэсэн. Нэмэлт гэрээг зөвшөөрөхгүй байгаа тул захиалсан байр гарашийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Гэрээ байгуулах үед байшингийн суурь ч байгаагүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдаж авсан. Гэтэл захиалгаар барихаар худалдаж авахаар тохирсон байтал барилга бэлэн болоод эхэлтэл төлсөн 92 саяас илүү төлбөр гарсан тул 54 сая төгрөг нэмж төлөөд бичиг баримтаа ав гэсэн. Анхнаасаа гэрээний дагуу бүрэн төлбөрөө төлсөн тул байрандаа орох шаардлага тавиад 6 сарын 20-нд түлхүүр гадуулах ажиллагаа дээр очсон. Гэтэл 54 саяыг нэмж төлөх шаардлага тавьсан тул  тоотын талаар нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулж, төлбөрөө төлсөн нь тогтоогдож байх тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээ хийгээд орон сууц болон дулаан зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн. 3 өрөө байр дулаан зогсоолын хамт захиалсан. Хариуцагч нь 100 хувь төлбөрөө төлчихвөл барилгын ажлаа эхлэх гээд байгаа юм. 100 хувь төлбөл ямар нэг нэмэлт төлбөр нэхэхгүй гэж амлаж байсан тул төлбөрийг 100 хувь төлсөн. Нийт 92 131 000 төгрөг төлсөн. Үүний дараа хариуцагчаас 2022 оны 4 сард м.кв тутам 710 000 нэмж төлөх талаар мэдэгдэл ирсэн. Нийт 54 599 000 төгрөг нэмж төлөөд байрандаа орох эрхтэй гэсэн. Үүнийг нэхэмжлэгч нь зөвшөөрөхгүй гэсэн. Учир нь төлбөрийг 100 хувь төлбөл нэмэлт төлбөр шаардахгүй гэснээс төлбөрийг бүрэн төлсөн юм. 2022.6.20-нд надад хандаж хууль зүйн туслалцаа авсан. Хариуцагч нь гэрээний 3.2-г барьдаг, харин би бол 4.1-р нэмэлт төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Оршин суугчдын групп дээр түлхүүр гардуулж байна гэсэн мэдээллээр очиход хариуцагч төлөөлөгч нь байсан. Зарим нь түлхүүрээ аваад орж байсан. Ингээд түлхүүрийг нь авах талаар хэлэхэд хүлээж аваагүй. Нэмэлт төлбөрөө төлчихвөл түлхүүрийг нь өгнө гэж хууль бус шаардлагыг тавьсан. Ингээд арга буюу шүүхэд хандсан. Иргэний хуулийн 243-н үүргээ билүүлчихсэн учраас гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах шаардлагаа дэмжинэ. Одоо уг орон сууцанд ороод амьдарч байгаа юм. Гэтэл хариуцагчийн зүгээс маш ихээр дарамталж байгаа юм. Дулаан зогсоолыг төлсөн боловч аваагүй байна. Гэтэл зааж өгсөн зогсоол биш зорчих хэсэг болчхоод байгаа юм. Хариуцагч нь түлхүүр гардуулж өгөөгүй байхад байранд дайрч орсон гэж байна. Гэтэл 6.20-нд түлхүүр гардуулсан үйл явдал болоод бид очсон гэв.

 

Хариуцагч “Д” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч А.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Хатиган овгийн Э-н Х нь Орон сууцны захиалгын гэрээ 2020 оны 36 сарын 09-ний өдрийн  гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулж, дулаан гарашийн гэрчилгээг нэхэмжлэгч талд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

“Д” ХХК нь орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хил гааль хаагдах, бараа материалын үнэ нэмэгдэх, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг үйл явдал удаа дараа бий болсон. Барилгын бараа материалын үнэ огцом нэмэгдсэн учир бидний зүгээс захиалагчдыг дуудан уулзаж материалын нэмэгдэлтэй холбоотой орон сууцны захиалгын үнэд нэмэгдэл үүсэх болсныг танилцуулж нэмэлт гэрээг байгуулсан. Зарим захиалагчид нэмэлт гэрээ байгуулаагүй санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тул Хаан банкнаас нэмэлт зээл авч барилгын ажлыг гүйцэтгэж дууссан. Бараа материалын үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотой компанийн зүгээс 3 өрөө  м.кв талбайтай орон сууцыг 76,131,000.00 төгрөгт барьж хүлээлгэж өгнө гэдэг санхүүгийн хувьд боломжгүй болсон. Иймд орон сууцны захиалгын гэрээнээс татгалзаж байгаа тухай Э.Хд мэдэгдсэн.

Мөн барилгын тухай хууль тогтоомж, дүрэм, журамд барилгыг байнгын ашиглалтад ороогүй байхад хүн амьдрахыг хориглосон байдаг. Гэтэл Э.Х нь 2022 оны 06 сарын 20-ны өдөр буюу улсын комиссын дүгнэлт гараагүй байхад орон сууцны хаалгыг эвдэж орсон, компанийн үйл ажиллагаа явуулж байсан байранд хэрүүл маргаан үүсгэж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Өнөөдрөөс хэрэгт оролцож байгаа ба хэрэг танилцаагүй тул тайлбар хэлэх боломжгүй. 5 сард гэрээнээс хариуцагч татгалзсан тул түлхүүрийг өгөөгүй. Зогсоолыг хэн ашиглаж байгаа мэдэхгүй. Гэрээ байгуулах үед суурь ухсан байсан гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх7-8/, авлага өглөгийн тайлан /хх12/, кассын орлогын ордер /хх15/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх16/, Хаан банк дансны хуулга /хх17-21/-г нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч нь шүүхэд: Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар /хх40/, “Д” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 21/112 дугаар, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 22/216 дугаар албан тоотын хуулбар /хх41/, Э.Хгийн гаргасан тайлбар /хх42, 44/, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх45-50/, мөн өдрийн 2 ширхэг барьцааны гэрээний хуулбар, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хуулбар /хх51-56/, үл хөдлөх эд хөрөнгө захиалагчийн нэрсийн жагсаалт /хх57-62/-г нотлох баримтаар гаргасан.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Хг Баянзүрх дүүргийн 22-р хороо, Дэлгэрэх Апартмент С блок, 3-р байрны 11 давхарт, 76,9 м.кв, 3 өрөөтоот буюу  тоот орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Э.Х нь орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Хариуцагч “Д” ХХК нь цар тахлаас шалтгаалж барилгын материалын үнэ өссөн тул захиалагч нартай нэмэлт гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь нэмэлт гэрээ байгуулаагүйгээс шалтгаалан орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Зохигчид 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр орон сууц захиалгын  дугаар гэрээ байгуулсан байна. /хх7-8/

            Гэрээ байгуулагдах үед маргаж буй барилга нь баригдаагүй, тодруулбал суурийн нүх ухагдсан, цутгалтын ажил эхлээгүй байсан талаар зохигч хэн аль нь маргаагүй. Улмаар гэрээний 1.1-д хариуцагч нь маргаж буй барилгыг барьж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч үнийг төлөх үүрэгтэй гэж заажээ.

            Иймд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ юм.

            Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээнэ.

 

            Гэрээний 3.3, 3.4-т нэхэмжлэгчийг орон сууцны төлбөрт 50,000,000 төгрөг, авто зогсоолын төлбөрт 2,000,0000 төгрөг төлсөн гэж заасан бөгөөд ийнхүү төлбөр төлөгдсөн нь Хаан банкны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх16, 18/

            Эдгээр төлбөр нь хэдийгээр хувь хүний дансанд төлөгдсөн байх боловч гэрээний төгсгөлд тодорхойлсон төлбөр төлөх данстай тохирч байна.

            Цаашлаад зохигчид орон сууцны төлбөрийн үлдэх 26,131,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, авто зогсоолын төлбөрийн үлдэх 14,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцжээ.

 

            Улмаар нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 26,131,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 01-ны өдөр 14,000,000 төгрөгийг тус тус төлсөн нь түүний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хх19, 21/

            Мөн хариуцагчийн санхүүгийн тэмдэг дарагдсан авлага өглөгийн тайлангаар нэхэмжлэгчийг нийт 92,131,000 төгрөг төлсөн болохыг тодорхойлжээ. /хх12/

 

            Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасан төлбөрийг бүрэн төлж, үүргээ гүйцэтгэсэн байна.

 

            Хариуцагч нь цар тахалтай холбоотойгоор барилгын материалын үнэ өссөн тул гэрээний үнийг өөрчлөх шаардлага гарсан, улмаар нэхэмжлэгч нь нэмэлт гэрээ байгуулаагүй тул бид гэрээнээс татгалзсан гэж маргаж байна.

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Өөрөөр хэлбэл хоёр талт гэрээг нэг тал өөрийн санаачилгаар, нөгөө талын саналыг харгалзахгүйгээр өөрчлөх эрхгүй.

            Мөн хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр гэрээний үнэнд өөрчлөлт оруулах тухай, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл гаргаж байжээ. /хх41, 43/

            Гэвч нэхэмжлэгч нь эдгээр мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тухай бүр хариу мэдэгдсэн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн гараар бичсэн баримтаар тогтоогдож байна.

            Ийнхүү хариуцагч нь мэдэгдэл өгсөн, нэхэмжлэгч нь эс зөвшөөрсөн үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

            Хариуцагч нь гэрээний үнэнд өөрчлөлт оруулах болон гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг гэрээний 3.2-т заасныг үндэслэсэн байна.

            Гэрээний 3.2-т зааснаас үзэхэд хариуцагчид гэрээнд нэг талын санаачилгаар өөрчлөлт оруулах эрх олгосон заалт биш байна. Тодруулбал, гэрээний энэхүү заалт нь шаардлагатай тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар захиалагчид мэдэгдэхээр заасан. Өөрөөр хэлбэл, мэдэгдэнэ гэдэг нь гэрээний өөрчлөлтийн талаар талууд тохиролцох ёстой байсан гэж ойлгогдож байна.

 

            Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 болон гэрээний 7.4-т зааснаар гэрээнээс татгалзах эрх үүсээгүй.

 

            Улмаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх тул түүнийг орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

            Түүнчлэн хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан гэж улсын бүртгэлийн байгууллагад маргаж буй орон сууцны захиалагчаар өөрийн нэрийг бүртгүүлэхээр мэдүүлсэн байна. /хх61/

 

            Үүнээс гадна хариуцагч нь маргаж буй барилыг зээлийн гэрээний үүрэгт Хаан банканд барьцааны гэрээний дагуу барьцаалсан байна. /хх51-56/

            Иймд хэдийгээр энэ шийдвэрээр нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон боловч энэхүү шийдвэр нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон тул эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн гэрээнд заасан үнээс тооцож, холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулав.

            Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                  ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Хг Баянзүрх дүүргийн 22-р хороо, Дэлгэрэх Апартмент С блок, 3-р байрны  давхарт, өрөө тоот буюу  тоот орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 776,555 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-с 618,605 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 157,950 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Э.Хд олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД