Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00142

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Х гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04539 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Х гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК-д холбогдох

 

Орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуу, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга: Би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Д ХХК-тай Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах Дэлгэрэх Апартмент байрны С блок байрны 12,9 м.кв 3 өрөө 11 давхарт 3-р байр F тоот буюу 996 байрны 3087 тоот болон D-3 дулаан зогсоол захиалж гэрээ хийж нийт 92,131,000 төгрөг төлж барагдуулсан. Орон сууцыг 2021 оны 06 дугаар сард ашиглалтад оруулах байсан ч түлхүүр гардуулах ажиллагаа 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эхэлсэн ба байрандаа орох гэхэд гэрээг чинь цуцалсан, танайх нэмэлт гэрээ байгуулаагүй ба м.кв тутамд 710,000 төгрөг буюу нийт 54,599,000 төгрөгийг төлсний дараа байрандаа оруулах буюу гэрчилгээг өгнө гэсэн. Иймд хариуцагч Д ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээ 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн № ОСЗГ-2020 гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах 99б байр, 11 давхрын 3087 тоот, 11.90 м.кв орон сууц болон D-3 дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Орон сууцны барилгын ажлын хугацаанд цар тахлаас үүдэн бараа материалын үнэ нэмэгдсэн учир бид захиалагчидтай уулзаж орон сууцны захиалгын үнэ өссөнийг танилцуулж нэмэлт гэрээг байгуулсан. Үнэ огцом нэмэгдсэн тул 3 өрөө 12,9 м.кв талбайтай орон сууцыг 76,131,000 төгрөгт барьж хүлээлгэж өгнө гэдэг боломжгүй юм. Иймд орон сууцны захиалгын гэрээнээс татгалзаж байгаа тухай Э.Х д мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Х г Баянзүрх дүүргийн 22-р хороо, Дэлгэрэх Апартмент С блок, 3-р байрны 11 давхарт, 76,9 м.кв, 3 өрөө F тоот буюу 3087 тоот орон сууц болон D-3 авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 776,555 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д ХХК-иас 618,605 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 157,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Х д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагчаас А.Бадмаанямбууд хэрэг хэлэлцсэн өдөр итгэмжлэл олгосон тул төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж мэтгэлцэх зарчим хангагдаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжийг хязгаарласан. Мөн хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичлэг болох CD-г хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулжээ. Хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр татгалзлаа илэрхийлсэн тайлбарыг болон нотлох баримт, хүсэлтийг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /хх 13, 29, 33, 36, 39-62/

5.Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23943 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх товыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлосон байна. Хариуцагч Д ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А.Бадмаанямбууд 1 жилийн хугацаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон байна. /хх 66-67/

6.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгохыг хүсч хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

7.Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь үндэслэлгүйгээр хязгаарласнаас хариуцагч тал мэтгэлцэж чадаагүй байна. Хариуцагч Д ХХК-ийн захирал Э.Мөнх-Од хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн материалтай танилцсан нь шинээр томилогдсон төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. /хх 30-32/

8.Хэргийн баримтаас үзэхэд шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тов тогтоосноос хойшхи хугацаанд хариуцагч тал шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргасан болон хойшлуулсан, шүүх хуралдаанд оролцохоос санаатай зайлсхийсэн, томилсон төлөөлөгчөө удаа дараа өөрчилсөн, шүүх хариуцагч талд хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт бүрдүүлэх болон мэтгэлцэх эрхийг урьд нь олгож байсан гэх байдал тогтоогдоогүй байна. Иймд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 25333 дугаартай захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй болжээ. /хх 81-83/

10.Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04539 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,605 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ