Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/04170

 

 

 

 

 

 

 

 

                              2022        10          12

            101/ШШ2022/04170

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Н /рд:5/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Х /рд-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хд их эмчээр ажил орсон болно. Гэвч өмнө надад огт сануулах, сахилгын арга хэмжээ аваагүй боловч үндэслэлгүйгээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр уг газрын дарга А.А намайг ажлаас чөлөөлсөн тухай утсаар мэдэгдсэн. Үүнээс хойш дарга А.А нь ээлжийн амралтаа авсан байсан тул 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр миний тушаалыг бичгээр гаргаж надад хүлээлгэн өгсөн болно. Миний зүгээс уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний зүгээс ямар нэгэн зөрчил гаргаагүй байх хууль бусаар ажлаас чөлөөлж, ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгал төлж байсан боловч хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй болно. Мөн миний зүгээс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажиллаагүй байсан хугацааны цалинд 4.057.476 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна.

Иймд Н.Н намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 4.057.476 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү.

Ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна. Х ЭМТ-д ажилд орсон. 2022.6.6-нд ажилд томилсон. Улмаар 1 сарын дараа халсан. Өмнөх өдөр нь би жижүүрээр хоносон байсан. Хариуцлагатай жижүүр томилох хурал дээр өөр хүмүүст сахилгын арга хэмжээ авах болсон. Ингээд хурлын дараа сануулах арга хэмжээ авсан боловч гэртээ ирсэн байхад ажлаас халлаа гэж утсаар хэлсэн. Баярын дараа ирж тушаалаа ав гэсэн боловч ЭМТ-н дарга А 3 хоног ажилдаа ирээгүй. Аптек дээр нь очиход туслахаас тушаалаа ав гээд туслахаас нь авсан. Доод албан тушаалтнуудтайгаа нийлж намайг халсанд гомдолтой байна. Цалингийн тооцооллыг гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх түр ажилд томилсон байдаг. 2022.7.8-ны тушаалыг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн барьсан заалт нь буруу юм. Туршилтаар ажиллуулах заалт болон туршилтаар ажиллуулахыг зөвшөөрөх заалтыг барьсан байдаг. Мөн дотоод журмыг гэсэн боловч аль заалтыг хэлж байгаа нь тодорхойгүй. Зөрчлүүдийг бичсэн боловч сахилгын зөрчил юм уу, ёс зүйн зөрчил юм уу ялгагдахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-г яриад байгаа юм. Гэтэлд хөдөлмөрийн гэрээ шүүхэд өгөөгүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг. Иймд гэрээ байгуулаагүй боловч гэрээг цуцлах асуудал яригдахгүй юм. Хуулийн 65 үйлчилж болохоор харагддаг. Мөн 80 яригдах юм. Гэтэл алийг нь барьж байгаа тодорхойгүй. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Иймд ажилд нь эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны олговор гаргаж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, 48.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй. Цалин дээр тохиролцоогүй гэх боловч үүнийг засаад дахиж байгуулах ёстой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 64-г барьсан нь үндэслэлгүй. Тушаал нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Х нь шүүхэд, түүний төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай шүүхэд Ш овогтой Н.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч доорх хариу тайлбар гаргаж байна.

Хүний их эмчийн мэргэжилтэй Н.Н нь Х-д ажиллах хүсэлтээ гаргасны дагуу тус төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.5 тус тус үндэслэн туршилтын хугацаагаар түр авч ажиллуулсан. Гэтэл тэрээр ажилласан нэг сарын хугацаандаа удаа дараа ажлын байраа орхин явах эсхүл ээлжийн жижүүрийн эмчийн үүрэгт ажилдаа хоцорч ирэх, хамт олон болон үйлчлүүлэгч нартай зүй бусаар харьцаж ёс зүйгүй байдал гаргадаг байсан. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хурлаар түүнд удаа дараа сануулж байсан боловч Н.Н нь ажил олгогчийн урдаас ёс бус үг хэллэг хэлдэг, хамт олныг буруу зүйлд турхирдаг байсан тул тус эрүүл мэндийн төвийн удирдлагын багийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар эмч Н.Нгийн ажил үүргийн болон зан харилцааны талаар хэлэлцэж, түүнийг туршилтын хугацааг хугацаанаас нь өмнө ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэж, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/43 тоот даргын тушаал гарсан. Хийн дарга А.А нь иргэн Н.Нг ажилд авсан тушаал гаргасны дараа хүний нөөц Г.Ганчулуун түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах гээд бэлдэж танилцуулах гээд очиход гэрээний зүйлийг эс зөвшөөрсөн тул гарын үсэг зураагүй. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хурлаар Үндэсний их баяр наадмын хариуцлагатай жижүүрийн хуваарь, Эрүүл мэндийн яамны сайдын тушаалыг тус тус танилцуулах зорилгоор хуралдсан. Тус хурлаар Н.Нд болон вакцинатор Я.Т нарт Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4 зүйлийн 7, 10 дугаар заалтаар сануулга өгөх гэсэн боловч ажил олгогчийг “намайг халаад үзээрэй, явдаг газраар нь явна” гэж хэлээд хаалга саваад хурал үймүүлээд гарсан. Бичиг хэргийн ажилтан 2022.07.06-ны өдрийн А/49 тоот тушаалын танилцсан гэх баримт дээр гарын үсэг зураад өгөөч гэхэд “Чи А.Аынхаа даалгаврын биелүүлэх гээд гарын үсэг зуруулах гээд байгаа юм уу чадахгүй” гээд 2022.07.08-ны өдөр 11:50 цагт эмнэлгийн хашаанаас машинтайгаа гарч явсан. Удирдлагын баг яаралтай хуралдаж удаа дараа сахилгын зөрчил гаргасныг баталж буй жижүүрийн эмч сувилагч нарын ээлжийн мэдээг үндэслэн туршилтын хугацааг тус эрүүл мэндийн төвийн даргын Б/43 тоот тушаалаар цуцалсан. Ингээд 2022.07.08-ны өдөр 15:30 цагт эмнэлгийн 70160103 дугаарын утсаар байгууллагын дарга А.А холбогдож туршилтын хугацааг дуусгавар болгосныг мэдэгдсэн. Дарга А.А нь 2022.07.01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт авах эрх үүссэн боловч Нийслэлийн эрүүл мэндийн газарт Стратеги төлөвлөгөө, Байгууллагын дүрэм гэх зэрэг асуудлуудыг газрын даргаар батлуулах байсан тул 2022.07.22-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. Үндэсний их баяр наадмын амралт дуусаад 2022.07.18-ны өдрөөс байгууллагын ажил хэвийн явагдаж байхад Н.Н нь өөрөө ирж тушаалаа гардаж авахгүй байсан тул дахин түүний өөрийнх нь дугаар руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Иймд манай эмнэлэгт түр хугацаагаар ажиллаж байсан Н.Н нь ажиллах хугацаандаа ажилдаа хайнга хэнэггүй ханддаг, бусадтай зүй бус харьцдаг хувийн байдлаа нэгэнт харуулсан учир бид цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж удирдлагын зөвлөлийн шийдвэр, түүнийг үндэслэн гарсан 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/143 тоот даргын тушаалыг хэвээр үлдээж, Н.Нгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2022.6.6-нд ажилд орох тушаалаа авсан. Сарын хугацаанд удаа дараа зөрчил гаргасан. Хариуцагч нь түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Дараагийн ээлжийн хүн ирээгүй байхад ээлжийг орхих, мөн цагтаа ээлждээ ирдэггүй. Мөн хүнийг боловсролоор нь ялгаварлан гадуурхдаг. Сануулах арга хэмжээ авах гэтэл нэхэмжлэгч нь маргалдсан. 2022.7.8-ны 12 цагт ээлж хүлээлгэн өгөх байтал 11.55 цаг гэхэд эмнэлгийн хашаанаас гарсан. Хурал нь хариуцлагатай жижүүр томилох ёстой байсан. Улмаар хариуцлагатай жижүүрийн тушаал зааврыг танилцуулах гэтэл хаяад гарсан. Ингээд гэрээг нь цуцалсан байдаг. Баярын дараа ажил эхэлж хэвийн үргэлжилж байсан. Даргын хувьд 7.22-ны өдрөөс ээлжийн амралт авсан. Энэ хооронд ажлаас халсан тушаалаа ирж аваагүй. Утас нь холбогдох боломжгүй байсан. Ээлжийн амралтын хугацаандаа хүн хувийн ажлаа хийх нь чухал биш юм. Сануулах арга хэмжээ авах гэтэл байнга хэрэлдэж доромжилдог байсан. Ажил олгогчийг эсэргүүцдэг байсан. Хөдөлмөрийн гэрээг бариад очсон юм. Цалин дээрээ маргаад байгуулаагүй юм. Цалингаа ярьчхаад эргээд байгуулаарай гэтэл байгуулаагүй. Түр гэрээ байгуулдаг гэдгийг мэдэж байсан гэв.

 

Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Хийн даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/43 дугаар тушаал /хх2/, 2022 оны 07 дугаар сарын жижүүрийн хуваарийн хуулбар /хх4/, ажилтнуудын ажиллах цагийн хуваарийн хуулбар /хх5-6/, ажил хүлээлцэх хуудасны хуулбар /хх7-8/, Баянзүрх дүүргийн Хийн даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дугаар тушаалын хуулбар /хх9/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх10/, Баянзүрх дүүргийн Хийн даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/38 дугаар тушаал /хх32/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Х нь шүүхэд: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх17/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх18/, Баянзүрх дүүргийн Хийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлын 06 дугаар тэмдэглэлийн хуулбар /хх21-22/, мөн өдрийн хурлын 07 дугаар тэмдэглэлийн хуулбар /хх23/, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх24-25/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Н.Н нь өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Баянзүрх дүүргийн Х нь нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргасан, бусадтай зүй бус харьцсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Баянзүрх дүүргийн Хийн даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Нг тус төвийн их эмчийн ажил, албан тушаалд томилсон байна. /хх32/

            Уг тушаалын утга нь түр ажилд томилох гэсэн боловч их эмчийн ажил, албан тушаалд шууд томилжээ.

            Ийнхүү ажилд томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй болох нь зохигч хэн алины тайлбараар тогтоогдсон.

            Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй шалтгааныг нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний огноо буруу байснаас гэж, харин хариуцагч нь цалингийн талаар маргаан үүссэн гэж хэн аль нь зөрүүтэй тайлбар гаргаж байна.

 

            Дээрх Б/38 дугаар тушаал болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд цалингийн талаар маргаан гарсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдсэн.

            Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг хүлээх тул уг гэрээ байгуулагдаагүй байгаа нь хариуцагчийн буруутай эс үйлдэхүй гэж үзнэ.

 

            Улмаар Баянзүрх дүүргийн Хийн даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Н.Нтай холбогдох хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /хх2/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд мөн зүйлийн 80.1.1-80.1.6-д заасан аль үндэслэлийг баримталж байгаа талаар холбогдох тушаалд тодорхой дурдаж, улмаар энэхүү үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдсон байх учиртай.

 

            Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд тухайн харилцааг шууд дуусгавар болгох зөрчлийн талаар талууд харилцан тохиролцсон байх ёстой.

            Цаашлаад Б/43 дугаар тушаалд хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн гэх боловч журмын аль заалтыг баримталсан талаар дурдаагүй байна.

 

            Улмаар маргаж буй Б/43 дугаар тушаалд дээрх хуулийн заалтыг баримтлаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх тул уг тушаалыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

            Түүнчлэн гэрч М.Э, В.Х, Б.О нар нь нэхэмжлэгчийг ажлын цаг болон ээлж хүлээлцэхтэй холбоотойгоор зөрчил гаргасан гэх боловч гэрчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй.

            Тодруулбал, ажлын цаг, ээлж хүлээлцэх асуудал нь цагийн бүртгэл, ээлж хүлээлцэх хуудас зэрэг баримтаар тогтоогдох юм.

            Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан бичмэл баримтаар нотлоогүй.

 

            Мөн Баянзүрх дүүргийн Хийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлын 06 болон 07 дугаартай тэмдэглэлээс үзэхэд хурлын үеэр тодорхой хэмжээний маргаан үүссэн гэж үзэхээр байх боловч тэмдэглэлд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй, тэрээр энэ талаар маргаж байх тул энэ хэргийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. /хх21-25/

            Түүнчлэн 07 дугаар тэмдэглэлээс үзэхэд Н.Нг ажлаас чөлөөлөх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.

 

            Эдгээр үндэслэлээр маргаж буй Б/43 дугаар тушаал нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Нг ажлаас чөлөөлсөнд хариуцагч Баянзүрх дүүргийн Х буруутай байна.

 

            Гэвч нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан талаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ээлжээс тарж, гэртээ харьсны дараа утсаар мэдэгдсэн гэж тайлбарласан.

            Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүх нэхэмжлэл гаргасан.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т зааснаар ажилтан нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзвэл энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх байснаас хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхтэй.

            Улмаар мөн хуулийн 154 дугаар зүйлийн 154.8-д зааснаар дээрх комисс, эсхүл гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана.

            Гэвч нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гарсныг мэдсэнээс хойш 56 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

            Цаашлаад нэхэмжлэгч нь ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбар, баримт гаргаагүй.

            Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзах эрх үүссэн байна.

 

            Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацаанд олговор нөхөн олгох бөгөөд ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Харин энэхүү хэрэг нь гомдлоор үүссэн иргэний хэрэг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугар зүйлийн 158.1, 158.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Х холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор нөхөн гаргуулах тухай Н.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ГАНБОЛД