Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00013

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00013

 

Н.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04170 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.Н

Хариуцагч: Жд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Н.Н нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Жд их эмчээр ажил орсон. Н.Нд сануулах, сахилгын арга хэмжээ аваагүй боловч үндэслэлгүйгээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн тухай утсаар мэдэгдсэн ба 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тушаалыг хүлээлгэн өгсөн.

1.2 Н.Нтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу баримталсан. Мөн дотоод журмыг баримталсан боловч аль заалтыг хэлж байгаа нь тодорхойгүй. Зөрчлүүдийг бичсэн боловч сахилгын зөрчил, эсхүл ёс зүйн зөрчил гэдгийг зааглан ялгаагүй.

Иймд Н.Нг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаан дахь олговор буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 4,057,476 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Н.Нг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар түр авч ажиллуулсан. Гэтэл тэрээр ажиллах хугацаандаа удаа дараа ажлын байраа орхин явах, эсхүл ээлжийн жижүүрийн эмчийн үүрэгт ажилдаа хоцорч ирэх, хамт олон болон үйлчлүүлэгч нартай зүй бусаар харьцаж ёс зүйгүй байдал гаргадаг байсан. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хурлаар Н.Нд удаа дараа сануулж байсан боловч тэрээр ажил олгогчийн урдаас ёс бус үг хэллэг хэлдэг, хамт олныг буруу зүйлд турхирдаг байсан тул тус төвийн удирдлагын багийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар түүний ажил үүргийн болон зан харилцааны талаар хэлэлцэж, туршилтын хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн.

2.2 Хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчид танилцуулахад гэрээний зүйлийг эс зөвшөөрсөн тул гарын үсэг зураагүй. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хурлаар Үндэсний их баяр наадмын хариуцлагатай жижүүрийн хуваарь, Эрүүл мэндийн яамны сайдын тушаалыг тус тус танилцуулах зорилгоор хуралдсан. Тус хурлаар Н.Нд болон вакцинатор Я.Туяацэцэг нарт сануулга өгөх гэсэн боловч тэрээр хурлыг орхин явсан. Мөн Н.Н нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дугаар тушаалтай танилцсан гэх баримтад гарын үсэг зурахаас татгалзсан.

Нэхэмжлэгчид 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15:30 цагт ажлаас чөлөөлсөн тухай утсаар мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д зааснаар Ж холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор нөхөн гаргуулах тухай Н.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Ажил олгогч талаас ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хуулийн заалтаа буруу баримталсан. Мөн дотоод журмыг баримталсан атлаа чухам аль заалтыг барьсан нь тодорхойгүй. Ажилтныг ажилд томилохдоо түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд мөн зүйлийн 80.1.1-80.1.6 дахь хэсэгт заасан аль үндэслэлийг баримталж байгаа талаар холбогдох тушаалд тодорхой дурдаж, улмаар энэхүү үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой.

Харин анхан шатны шүүх дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаж буй Б/43 дугаар тушаал нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Нг ажлаас чөлөөлсөнд хариуцагч Ж буруутай гэж дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, 56 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.2 Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байдаггүй, ийм тохиолдолд сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаагүй гэж буруутгасан байна. Одоогоор ийм байгууллага байгуулагдаж ажил үүрэг нь жигдэрсэн газар байхгүй байна. Ажил олгогч байгууллага 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10 цагт баяр наадмын бэлэн байдлыг хангах тухай хурал хийсэн. Энэ хурал дээр Н.Н болон гурван хүнд сануулах арга хэмжээ авна гэж хурал дууссан. Тэр өдөр утас дуугарч 15 цагт дарга н.Амаржаргал утасдаж туршилтын хугацаанд тэнцээгүй гэж ажлаас халсан. Баярын дараа ажил эхлэхээр ирж тушаалаа ав гэсэн. Би тушаалаа авах гэсэн чинь дарга ээлжийн амралттай гээд ажилдаа ирэхгүй байсан.

4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 83.4, 83.6 дахь хэсэгт зааснаар би тушаалаа 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бичиг хэргийн ажилтан Ганчулуунаас хүлээн авсан. Энэ хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногоор тооцож 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх ажил олгогчийн хуулиар олгосон дээрх үүрэгт дүгнэлт өгөхийн оронд хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тушаалын дагуу Н.Нанжилмаагийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Н.Нанжилмаа нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас гарснаа мэдсэн бөгөөд ажил олгогч буюу дарга нь амралтаа авсан тул 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүлээгээд н.Ганчулуунаас уг тушаалыг авсан гэж тайлбарласан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Н.Нанжилмаа ажлаас гарснаа мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолсон учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Жд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нийслэлийн Жийн даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар Н.Нг тус төвийн их эмчээр туршилтын хугацаагаар томилж, мөн төвийн даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан ажилтан Н.Нг ажил мэргэжлийн зөв шаардлагыг хүлээж авалгүй маргаан үүсгэх, бусадтай зүй бусаар харьцах, тасралтгүй ажиллагаатай ээлжийн ажилтан нь дараагийн ээлжийн ажилтан ирээгүй байхад дур мэдэн ажлаа орхиж явсан. Ажлын цагийг бүрэн ашигладаггүй, хэвтэн эмчлүүлэгчдэд хүлээгдэл удаа дараа үүсгэсэн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 2, 33/

4. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэнд зохигч маргаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг ажилтан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн гэж үзнэ.

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. Мөн зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг, эсхүл тухайн маргааныг шийдвэрлэсэн уг хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

4.2 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажил олгогчийн дээрх шийдвэрийн талаар хандсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.

4.3 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гарсныг мэдсэн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 1 сар 24 хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан 1 сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 79,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН