Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2022/01484

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2022/01484

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01091/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод байрлах, утас: 9911****, 9913****, 425**** регистрийн дугаартай, А.................. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 9539****, ТВ80****** регистрийн дугаартай, С овогт С.Ац,

Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 9988****, ТГ81****** регистрийн дугаартай, Б овогт Б.Н нарт холбогдох,

27,649,465 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С /цахимаар/,

Хариуцагч С.Ац, Б.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дагуу С.Ац манайд ажиллаж байсан. С.Ацт боломж олгоод гэрээний дагуу 2.1, 2.2-д тус тус заасны дагуу С.Ац мөнгө тушааж байранд манай байгууллагын байранд орсон. Тухайн байр нь нийт 76,589,000 төгрөгийн үнэтэй байр захиалагч С.Ац 30 хувь болох 27,589,000 төгрөг төлөөд орох ёстой байсан. 2015 оны 12 дугаар 31 өдрийг хүртэл байрны урьдчилгаа 30 хувийг төлөхөөр гэрээнд тусгасан байдаг. Эхний нэг жилдээ захиалагч 15-16 хүнийг байрны төлбөрийг бүрэн төлсөн байвал үндсэн мөнгөө авч хүү тооцохгүй гэж хэлсэн. Хэрвээ эхний нэг жилдээ графикийн дагуу хугацаандаа төлж явбал эхний 1-3 жилдээ банкны 0.66 хувь буюу жилийн 8 хувийн хүүтэй байхаар банкны ипотекийн төлнө. 3 дээш жил төлөлт хийвэл 1,5 хувиар хүүг тооцож бизнесийн зээлийн адил төлөхөөр гэрээнд тусгасан байгаа. Гэтэл С.Ацийн байрын төлбөрт өгч байгаа төлөлт нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг нэг сарын дараа 1,000,000 төгрөгөөр 3 удаа, 12 дугаар сарын 28-ний хүртэл 30 хувийн төлбөрөө төлөхөөр байтал 5,000,000 төгрөг төлсөн байсан. 2016 оны 01 дүгээр сард 600,000 төгрөг, 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 03 сараас эхлээд 9 сар хүртэл сар бүр төлөх төлөлтийг төлөөгүй. Манайд нэг зуурмаг өгч 2,890,000 төгрөгийг байрны мөнгөнд оруулсан. Мөн худалдаа хөгжлийн банкнаас 49,000,000 төгрөг байрны төлбөрт орж ирсэн. Урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой байсан нөхцөлийг өнгөрөөгөөд өгч байгаа мөнгө. Зээл авах боломжоор хангасан. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 331,200 төгрөг 2018 оны 10 сард 100,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 7, 8, 9 сард төлбөр төлөөгүй. 2019 оны 11 сар, 12 сар төлбөр хийгээгүй. Нийтдээ төлөөгүй байрны мөнгө нь 27,589,000 төгрөг төлөх ёстой байтал одоо төлөөгүй байгаа үндсэн төлбөр 13,771,000 төгрөг, хүүгээ нэмээд 27,589,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Манайх хүүгээ 50 хувиар тооцсон хүү 13,878,465 төгрөг түүн дээр үндсэн төлбөр болох 13,771,000 төгрөгийг нэмээд нийт 27,649,465 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Ац нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг төлсөн нь үнэн. Нэхэмжлэгч анх санал тавихдаа байгаа мөнгөө өгөөд байрандаа орж бай гэж хэлсэн. Байрны төлбөрийг сар, сард нь боломжоороо хий гэж хэлсэн. Банкнаас зээл гаргуулж өгөх үедээ 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ Д.Сонор байгуулсан. Тухайн байр нь 2 өрөө байр 13-р хороолол 10-р баг альфа 4-63 тоотод байрлах байрыг би анх 76,589,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Манайх байрны төлбөрөөс 62,818,000 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд байрны төлбөрөө 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 300,000 төгрөг төлсөн. Байрны үлдэгдэл мөнгө нь өнөөдрийн байдлаар 13,771,800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэв.

Хариуцагч Б.Н нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Анх 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр бид нар 10 жилийн хувь лизингийн гэрээ байгуулж байсан. Би өнөөдөр тээврийн хөлс 5-6 сая төгрөг авч чадаагүй байна. Мөнгөний наан цаана өгөө аваа байх ёстой. Эхний нэг жил хүүгүй гэж байгаа бол 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нь эхний нэг жилдээ багтана. Манайх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байрны мөнгөнөөс 62,817,000 төгрөг төлсөн байдаг. Тухайн байгууллага нь бид нарыг хуулийн мэдлэггүй болохоор өөрсдөө мөнгөө авах үүднээс ипотекийн зээл гаргуулж мөнгөө авах бодолтой бид нартай гэрээ байгуулсан байна. Анх бид нар 10 жилийн хувь лизингээр сар болгон 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байсан. Бид нарыг өндөр хүүтэй зээл рүү өөрөө оруулсан. Бид хоёр хүүг төлөхгүй. Байрны үндсэн мөнгийг нь төлнө гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл, Ү-2003****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 09/** дугаартай Орон сууцны захиалгын гэрээний хуулбар, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын хуулбар, А.................. ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, С.Ацийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 4 дүгээр байрны 63 тоотыг эзэмшигч Б.Нийн зээл төлөлтийн хүснэгт, Г.Оын Худалдаа хөгжлийн банк дахь 403****** тоот дансны хуулганы хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Ацийн А.................. ХХК-нд бичиж өгсөн өргөдлийн хуулбар, 2015 он гэх бичвэртэй улаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, 2016 он гэх бичвэртэй хар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, А.................. ХХК-ийн 2014 оны НӨАТ, НДШ-ийн тайлан, 2014 оны 1-12 дугаар сарын харилцах, ** дүгээр байрны ** тоотыг эзэмшигч С.Ац, Б.Нийн зээл төлөлтийн хүснэгт, Худалдаа хөгжлийн банк дахь 4031****** дугаартай дансны 4 дүгээр улирлын харилцахын тайлан, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын Х/О№** тоот гэрээний дагуу О.Г ХХБ 403****** данс руу зээлдэгч С.Ац, Б.Н нарын төлөлт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 4 дүгээр байрны 47 тоотыг эзэмшигч Б.Тийн зээл төлөлтийн хүснэгт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай эвлэрлийн гэрээ, айл өрхийн бүртгэл 2 дугаар орц зэргийг,

Хариуцагч С.Ац нь хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар А.................. ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, С.............. ХХК-ийн зарлагын баримт, С.................. ХХК-ийн бетон зуурмагийн зарлагын баримтууд, С.Ацийн өөрийн гар бичвэр, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк зэргийн орлого болон төлбөрийн баримтууд, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд, А.................. ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтуудын хуулбарууд зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Ү-2003****** дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоот орон сууцны хувийн хэрэг, А.................. ХХК-ийн өргөдөлтэй, Б.Н, С.Ац нарт холбогдох эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материал зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.................. ХХК нь хариуцагч С.Ацт холбогдуулан байрны үлдэгдэл төлбөр 16,871,000 төгрөг, алданги 10,778,465 төгрөг нийт 27,649,465 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Нийг татан оролцуулжээ.

Хариуцагч нар нь орон сууцны үлдэгдэл төлбөр 13,771,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин анхнаасаа хүү тохироогүй, гэрээ байгуулаагүй, бид 1 жилийн хугацаанд 62,817,000 төгрөг төлсөн. Бид байраа барьцаалж ипотекийн зээл авсан, энэ зээл гарахад хүү тооцохгүй гэсэн. Гэтэл зээл гарч 49,000,000 төгрөг төлсний дараа хүү тооцно гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж гаргасан тайлбартаа...хариуцагч С.Ац нь 2015 оны 9 дүгээр сард манай компанийн Супермаркетад худалдагчаар орсон. Тэгээд бидэнтэй ярьж тохиролцоод 2 өрөө байр авах болоод эхний ээлжинд 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг тушаасан. Урьдчилгаа төлбөрт 27,589,000 төгрөг төлөөд байранд орох ёстой боловч 2015 оны 12 дугаар сарын 31-нд бүх төлбөрөө төлнө гэсэн тул оруулсан. Тэгээд үүний дараа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Ингээд 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл төлбөрөө цувуулж төлсөн. 3 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл төлбөр төлөөгүй, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ипотекийн зээл авч 49,000,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш зарим саруудад нь огт зээл төлөхгүй байж байгаад хамгийн сүүлд 2019 оны 6 дугаар сарын 30-нд 300,000 төгрөг, нийт 62,818,000 төгрөг төлсөн. Байрны үлдэгдэл төлбөр 13,771,000 төгрөг түүн дээр гэрээнд зааснаар 1-3 жилд жилийн 8 хувь буюу сарын 0,66 хувь, 4-10 жилд сарын 1,5 хувиар хүү тооцохоор гэрээгээр тохиролцсоны дагуу хүү тооцоход 13,878,465 төгрөг болж байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 13,771,000 төгрөг нийт 27,649,465 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 09/** дугаартай Орон сууц захиалгын гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2014/**** дугаартай актаар А.................. ХХК, Б.Н, С.Ац нар харилцан тохиролцож, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, ** дугаар хороолол, ** байр, ** дугаар орц, ** тоот, 6 давхарт, 52,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,450,000 төгрөгөөр нийт 76,618,000 төгрөгөөр тооцож төлөхөөр захиалгын гэрээ байгуулсан байх ба уг орон сууц нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ашиглалтад орсон байна. /хавтаст хэргийн 87-89 дэх тал/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг тус шүүхийн архивт байгаа эвлэрүүлэн зуучлалын материалаас гаргуулж ирүүлсэн байх ба уг гэрээгээр А.................. ХХК-ийг төлөөлж менежер Д.С, хөрөнгө оруулагч тал Б.Н, С.Ац нартай байгуулсан байх боловч гэрээнд Д.С, С.Ац нар гарын үсэг зурсан байна. /хавтаст хэргийн 128-131 дэх тал/

Гэрээгээр гүйцэтгэгч тал нь ** дүгээр байрны ** дугаар орцны ** давхар ** тоот, 52.82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулагч тал төлбөрийн нөхцлөө бүрэн төлсөн тохиолдолд орон сууц өмчлөх эрх хөрөнгө оруулагч талд шилжихээр, орон сууцны нийт талбайгаар тооцсон 52.82 м.кв байна, орон сууц захиалах 1 м.кв-ын үнэ 1,450,000 төгрөг нийт 76,589,000 төгрөг, гэрээний нийт үнийг хөрөнгө оруулагчийн гаргасан гэрээний 2.1-ээс 2.5-д заасан хуваарийн дагуу барагдуулахаар, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон, талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 196 дугаар зүйлийн 196.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

Хэдийгээр талууд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгуулсан боловч уг гэрээгээр улсын комисс хүлээн авсан, ** дүгээр байрны ** дугаар орцны ** давхар ** тоот, 52.82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 1,450,000 төгрөг нийт 76,589,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, хариуцагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулах, төлбөр барагдуулсаны дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх, зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэрэг гол нөхцлийн талаар тохиролцож, гэрээний дагуу орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан орон сууцыг зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Талууд орон сууцны төлбөрийг 76,589,000 төгрөгөөр тохиролцсон байх ба хариуцагч нь орон сууцны төлбөрт нийт 62,818,000 төгрөг төлсөн, одоо 13,771,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргадаггүй.

Дээрх орон сууцны төлбөр төлөхтэй холбоотойгоор хариуцагч Б.Ац, Б.Н нар нь Худалдаа хөгжлийн банктай 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ/ВСС160******-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 49,000,000 төгрөгийг, жилийн 5 хувийн хүүтэй, 25 жил буюу 300 сарын хугацаатайгаар байгуулсан байх ба зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоот 2 өрөө 52.84 м.кв талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаартай өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан байна.

Хариуцагч нар нь бид зээлийн төлбөр 49,000,000 төгрөгийг бөөнд нь төлсөн, орон сууцтай холбоотой төлбөрийн дагуу 2 гэрээний дагуу үүрэг хүлээх боломжгүй, А.................. ХХК нь зээлийн төлбөр төлөх график гаргаж өгөөгүй, зээлийн хүү төлөхгүй байх талаар амаар тохиролцсон гэж маргаж байгаа боловч Худалдаа хөгжлийн банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь гэрээний талуудад хамааралтай байх ба хариуцагч С.Ац нь А.................. ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүрэг хүлээсэн тул үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хариуцагчаар Б.Н, С.Ац нарыг татан гэрээний үүрэг шаардсан боловч уг гэрээнд хариуцагч Б.Н гарын үсэг зураагүй гэрээгээр үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч Б.Нид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Талууд гэрээндээ төлбөр төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар тохиролцсон боловч төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад гэрчилгээг хариуцагч нарын нэр дээр шилжүүлж, улмаар уг өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалж зээл авсан үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч С.Ац нь А.................. ХХК-тай байгуулсан зээлийн төлбөрийн үүргийг биелүүлэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр зээлийн гэрээний хугацааг 10 жил байхаар талууд тохиролцсон боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг 11 сар хүртэл хугацаагаар төлөөгүй гэрээний үүрэг биелүүлийг нэхэмжлэгч тал шаардаж байсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Хариуцагч С.Ац нь гэрээний салшгүй хэсэг болох төлбөр барагдуулах графикийг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй гэж маргаж байгаа боловч 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Х/О №** дугаартай гэрээний 2.1-д ...Гэрээний нийт үнийг хөрөнгө оруулагчийн гаргасан доорхи хуваарийн дагуу барагдуулна, 2.2-т 2015 оны 9 сарын 9-ний өдөр 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 22,976,700 төгрөгөөс 2,000,000 төгрөг тушаав. 30 хувийн үлдэгдэл төлбөрийг 2015 оны 12 сарын 31-ний дотор төлнө, 2.3-д 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл байрны нийт үнийн төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд хүү тооцохгүйгээр төлөлтийг тооцохоор, гэрээний 2.4-д хэрвээ эхний жилд төлбөрөө 100 хувь төлөөгүй тохиолдолд 1-3 жилд төлж барагдуулах бол жилийн 8 хувийн хүү тооцно, 2.5-д Хэрвээ зээл цааш үргэлжилбэл 4-10 жилийн төлөлтийг сарын 1,5 хувиар бодож үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон байх ба хариуцагч С.Ацийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А..................ы захиргаанд гаргасан сар бүр 1,000,000 төгрөг төлж урьдчилгаа төлбөрийг 2015 оны 4 дүгээр сараас өмнө барагдуулах, үлдэгдлийг шахах төлөлтийг хийж барагдуулах хүсэлтийн дагуу тохиролцож талууд гарын үсэг зурсан баримт зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 128, 137 дугаар тал/

Иймд хариуцагч С.Ацээс хавтаст хэргийн 181 дүгээр талд авагдсан ** дүгээр байрны ** тоотыг эзэмшигч С.Ац, Б.Н нарын зээл төлөлтийн хүснэгтэд дурдсан 1-3 жилд сарын 0,66 хувь, 4-10 жилд сарын 1,5 хувиар хүү тооцсоны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 13,771,000 төгрөг, түүний хүү 13,878,465 төгрөг нийт 27,649,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.................. ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар 2015 оны тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 2016 оны тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 2014 оны НӨАТ-ын татвар, НДШ 1 хавтас, 2014 оны 1-12 сарын харилцах, айл өрийн бүртгэл, байранд он сар 1 хуудас, ижил гэрээт захиалагч нарын шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн захирамж, Ж.Т, Д.О, Б.Тнарын эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь тухайн хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч С.Ацээс 27,649,465 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.................. ХХК-д олгож, хариуцагч Б.Нид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,197 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Ацээс 296,197 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА