Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00101

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 18-ны өдрийн 1484 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Байрны үлдэгдэл төлбөр 27,649,465 төгрөг” гаргуулах тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дагуу ******* манайд ажиллаж байсан. *******т боломж олгоод гэрээний дагуу 2.1, 2.2-д тус тус заасны дагуу ******* мөнгө тушааж байранд манай байгууллагын байранд орсон. Тухайн байр нь нийт 76,589,000 төгрөгийн үнэтэй байр захиалагч ******* 30 хувь болох 27,589,000 төгрөг төлөөд орох ёстой байсан. 2015 оны 12 дугаар 31 өдрийг хүртэл байрны урьдчилгаа 30 хувийг төлөхөөр гэрээнд тусгасан байдаг. Эхний нэг жилдээ захиалагч 15-16 хүнийг байрны төлбөрийг бүрэн төлсөн байвал үндсэн мөнгөө авч хүү тооцохгүй гэж хэлсэн. Хэрвээ эхний нэг
жилдээ графикийн дагуу хугацаандаа төлж явбал эхний 1-3 жилдээ банкны 0.66 хувь буюу жилийн 8 хувийн хүүтэй байхаар банкны ипотекийн төлнө. 3 дээш жил төлөлт хийвэл 1,5 хувиар хүүг тооцож бизнесийн зээлийн адил төлөхөөр гэрээнд тусгасан байгаа. Гэтэл *******ийн байрын төлбөрт өгч байгаа төлөлт нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг нэг сарын дараа 1,000,000 төгрөгөөр 3 удаа, 12 дугаар сарын 28-ний хүртэл 30 хувийн төлбөрөө төлөхөөр байтал 5,000,000 төгрөг төлсөн байсан. 2016 оны 01 дүгээр сард 600,000 төгрөг, 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 03 сараас эхлээд 9 сар хүртэл сар бүр төлөх төлөлтийг төлөөгүй. Манайд нэг зуурмаг өгч 2,890,000 төгрөгийг байрны мөнгөнд оруулсан. Мөн худалдаа хөгжлийн банкнаас 49,000,000 төгрөг байрны төлбөрт орж ирсэн. Урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой байсан нөхцөлийг өнгөрөөгөөд өгч байгаа мөнгө. Зээл авах боломжоор хангасан. Нийтдээ төлөөгүй байрны мөнгө нь 27,589,000 төгрөг төлөх ёстой байтал одоо төлөөгүй байгаа үндсэн төлбөр 13,771,000 төгрөг, хүүгээ нэмээд 27,589,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Манайх хүүгээ 50 хувиар тооцсон хүү 13,878,465 төгрөг түүн дээр үндсэн төлбөр болох 13,771,000 төгрөгийг нэмээд нийт 27,649,465 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг төлсөн нь үнэн. Нэхэмжлэгч анх санал тавихдаа байгаа мөнгөө өгөөд байрандаа орж бай гэж хэлсэн. Байрны төлбөрийг сар, сард нь боломжоороо хий гэж хэлсэн. Банкнаас зээл гаргуулж өгөх үедээ 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ ******* байгуулсан. Тухайн байр нь 2 өрөө байр 13-р хороолол 10-р баг альфа 4-63 тоотод байрлах байрыг би анх 76,589,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Манайх байрны төлбөрөөс 62,818,000 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд байрны төлбөрөө 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 300,000 төгрөг төлсөн. Байрны үлдэгдэл мөнгө нь өнөөдрийн байдлаар 13,771,800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.

  1. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

            Анх 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр бид нар 10 жилийн хувь лизингийн гэрээ байгуулж байсан. Би өнөөдөр тээврийн хөлс 5-6 сая төгрөг авч чадаагүй байна. Мөнгөний наан цаана өгөө аваа байх ёстой. Эхний нэг жил хүүгүй гэж байгаа бол 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нь эхний нэг жилдээ багтана. Манайх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байрны мөнгөнөөс 62,817,000 төгрөг төлсөн байдаг. Тухайн байгууллага нь бид нарыг хуулийн мэдлэггүй болохоор өөрсдөө мөнгөө авах үүднээс ипотекийн зээл гаргуулж мөнгөө авах бодолтой бид нартай гэрээ байгуулсан байна. Анх бид нар 10 жилийн хувь лизингээр сар болгон 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байсан. Бид нарыг өндөр хүүтэй зээл рүү өөрөө оруулсан. Бид хоёр хүүг төлөхгүй. Байрны үндсэн мөнгийг нь төлнө гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч *******ээс 27,649,465 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******ид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,197 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 296,197 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч өмгөөлөгч Б.Содболдын давж заалдах гомдолдоо:

5.1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.2. Анхан шатны шүүхийн шүүх хурал дээр хариуцагч талаас хэрэгт цугларсан нотлох баримтууд болох байрны үнийн эргэн төлөлтийн баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 13,771,800 төгрөгийн үлдэгдэл байгааг нотлоод тус үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжилсэн үнийн дүнгээр хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн зөвшөөрсөн дүнг үндсэн төлбөрийн үлдэгдэл гэж үзээд нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж гарсан дүнг нь хүү хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч анх алданги нэхэмжилсэн байхад шүүх хүү хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн 2 өөр үр дагавар бүхий 2 өөр ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүхээс тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байж, 2 талыг тэгш эрхийн зарчим дээр мэтгэлцүүлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх энэхүү зарчмаа алдагдуулж хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.3. Анхан шатны шүүхийн дүгнэлт огт ойлгомжгүй, талуудын аль нь ч гэрээнээс татгалзах тухай шаардлага гаргаагүй, энэ тухай маргаагүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх, үүрэг шаардаж буй гэрээ нь хүчин төгөлдөр эсэх дээр маргаж, нотлох баримтад тулгуурлан мэтгэлцсэн байдаг. Гэтэл шүүхийн дээрх дүгнэлт нь ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй байна.

5.4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх хэрэгт цугласан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Учир нь 1 орон сууцан дээр худалдан борлуулахтай холбоотой 3 гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус орон сууцны өмчлөх эрх хариуцагч нарт шилжсэн цорын ганц хүчин төгөлдөр гэрээ болох 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ипотекийн буюу Орон сууцны зээлийн гэрээ юм. Тус гэрээг байгуулснаар хариуцагч нар банкинд 20 жилийн хугацаанд 40 сая орчим төгрөгийн хүү төлөх үүрэг үүссэн бөгөөд энэхүү гэрээний дагуу орж ирсэн зээлийг нэхэмжлэгч байгууллага шилжүүлэн авсан. Ингэснээр талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээ дуусгавар болж, талуудын хооронд орон сууцны үнийн үлдэгдлийг төлөх тухайн гэрээгээр тохиролцсон тохиролцоо өөрчлөгдсөн байдаг. Мөн тус гэрээнд эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар батална гэсэн байх боловч гэрээнд ямар нэгэн хавсралт байхгүй, өөрөөр хэлбэл тус гэрээгээр орон сууцны үнийн эргэн төлөлтийг хэдий хугацаанд ямар графикаар хэрхэн хэсэгчлэн төлөх талаар тохиролцоогүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт талуудын тохиролцоогоор нотлогддог. Өөрөөр хэлбэл дээрх гэрээгээр хариуцагч нар гэрээний үүрэг зөрчсөн талаар дүгнэх ямар ч боломжгүй байхад шүүх хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1484 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж 13,771,800 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч *******ийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх  хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч *******т холбогдуулан байрны төлбөрийн үлдэгдэл 16,871,000 төгрөг, алданги 10,778,465 төгрөг нийт 27,649,465 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, байрны төлбөрийн үлдэгдэл 13,771,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хүүг 50 хувиар багасгаж тооцсон хүү 13,878,465 төгрөг нийт 27,649,465 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч ******* байрны үндсэн төлбөр 76,589,000 төгрөгөөс 62,817,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 13,771,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, нэхэмжлэгч тал 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ий 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу үлдэгдэл төлбөр төлж дуусгах график гаргаж өгөөгүй бөгөөд тус гэрээгээр зээлийн төлөлтийн график нь гэрээний салшгүй хэсэг мөн гэж тохиролцсон, тухайн үед банкнаас зээл авч төлбөрийн зарим хэсгийг барагдуулахад үлдэгдэл төлбөр дээр хүү тооцохгүй гэсэн атлаа өнөөдөр хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны хэргийн болсон үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Нэхэмжлэгч “*******” ХХК 2015 оны 11 дүгээр сард Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Альфа хотхон нэртэй орон сууцны барилга ашиглалтад оруулсан ба тухайн үед тус компанийн супер маркетад худалдагчаар ажиллаж байсан ******* 4 дүгээр байрны 2 дугаар орц, 6 давхарт 63 тоотын 52,82 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м/кв нь 1,450,000 төгрөгөөр үнэлж, нийт 76,589,000 төгрөгөөр худалдан авахаар гүйцэтгэгч талтай харилцан тохиролцож, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээ байгуулжээ.

Тус гэрээгээр худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулах, төлбөрийг хэсэгчлэн төлөх, төлбөл зохих хүү, түүний хугацаа, хэмжээ, гүйцэтгэгч тал төлбөр барагдуулсны дараа   орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч талд шилжүүлэх зэрэг гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх боловч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Гүйцэтгэгч тал гэрээний дагуу орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд, улмаар 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 4, 104 дүгээр талд авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, 83-113 талд авагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл”-ийн хариуцагчийн худалдаж авсан орон сууцтай холбоотой хувийн хэрэг зэрэг баримтуудаар нотлогдоно.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилгаа 30 хувийн төлбөрөөс 2,000,000 төгрөг тушаав, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлнө, 2.3-т 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр  байрны нийт үнийг төлж барагдуулсан тохиолдолд хүү тооцохгүйгээр төлөлтийг тооцно, 2.4-т Хэрвээ эхний жилд төлбөрөө 100 хувь төлөөгүй тохиолдолд 1-3 жилд жилийн 8 хувийн хүү тооцно, 2.5-д зээл цааш үргэлжилбэл 4-10 жилийн төлөлтийг сарын 1,5 хувиар бодож, үлдэгдэл төлбөрийг  төлж дуусгахаар графикт тусгана гэж тохиролцжээ.

Хэргийн 181-182 дугаар талд авагдсан зээл төлөлтийн хүснэгтээс үзвэл нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч *******тэй байгуулсан гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаарын 25 хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар үндсэн төлбөр,гэрээгээр тохиролцсон хүүгийн тооцоолол гаргаж ирүүлсэн ба уг тооцооллоор хариуцагчийн төлөх хүү 34,900,974 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөрийн чадварыг харгалзан хүүгийн төлбөрийг 50 гаруй хувиар бууруулан нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч ******* төлбөрийн урьдчилгаа 30 хувийн төлбөр 22,976,700 төлөхөөр тохиролцсоноос 2,000,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж, үлдэх 20,976,700 төгрөгийн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй, нэхэмжлэгч “*******” ХХК үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлүүлэхийн  тулд байрны өмчлөх эрхийг хариуцагч *******т шилжүүлж, улмаар хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн  банктай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгчид 53,612,300 төгрөг төлөхөөс 49,000,000 төгрөг банкны зээлээр төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээний дэд төрөл бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ, болсон үйл баримтаас үзвэл хуулийн 243 дугаар зүйлд заасантай илүү нийцэж байна. Өөрөөр хэлбэл: Баригдаж бүрэн дууссан, 2015 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан орон сууцыг худалдан авагч нь өөрийнхөө эзэмшилд шилжүүлэх үед хийгдсэн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний агуулгыг илүү тодорхойлно.

Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад ойлгомжгүй, хийсвэр дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 18-ны өдрийн 1484 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн “262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар...” гэснийг,

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,339 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ

                                                           ШҮҮГЧИД                               Х.БАЙГАЛМАА

                                                                                                           Л.АМАРСАНАА