Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2022/01486

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2022/01486

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01616/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар багт байрлах, утас: 7037****, 7037****, 9919****, 207**** регистрийн дугаартай, Г............... ХХК-ийн Дархан зээлийн төв салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 9939****, МО74****** регистрийн дугаартай, О овогт Д.Нд холбогдох,

2,279,781.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г............... ХХК-ийн Дархан зээлийн төв салбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Д.Н нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Г...............тай ЗГ4315****** тоот зээлийн гэрээг байгуулж, 9,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. ЗГ4315****** тоот Зээл болон барьцааны гэрээгээр 1715****** тоот цалингийн дансыг барьцаалсан. Д.Н нь ЗГ4315****** тоот гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 2,051,855.22 төгрөг, хүүгийн төлбөр 211,834.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,091.43 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 143 хоног, нийт 2,279,781.50 төгрөг байна. Иймд 2,279,781.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Нд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар төлөх мөнгөн дүнгийн мэдээлэл очсон бөгөөд түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож, 2,279,781.50 төгрөг болсон. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өөрт нь очсон мэдээллийн дагуу 1,712,300 төгрөгийг төлсөн байна. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн төлбөр буюу үлдэгдэл 567,482 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Г...............наас авсан зээлээ төлөх орлогогүй, ажилгүй байсны улмаас, мөн Ковид-19 цар тахлын үеийн хямралаас шалтгаалж зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн талтай. Г...............наас 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр 1,712,290.53 төгрөг гэсэн зурвас мобикомын дугаарт ирсний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,712,300 төгрөгийг төлж барагдуулсан. Г...............ны нэхэмжилсэн 2,279,781.50 төгрөгөөс зөрүү 567,481.50 төгрөгийг төлөх боломжгүй, шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь тухай зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэж бодож байна гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хавтаст хэргийн 3, 9-10 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ4315****** тоот Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 5-6 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, зээл авах хүсэлтийн хуулбар /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, Д.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 13 дахь тал/, зээлийн дансны хуулга /хавтаст хэргийн 14-16 дахь тал/ зэргийг,

Хариуцагч Д.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ4315****** тоот Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ /хавтаст хэргийн 29 дэх тал/, зээлийн дансны хуулга /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г............... ХХК-ийн Дархан зээлийн төв салбар нь анх хариуцагч Д.Нд холбогдуулан ЗГ4315****** дугаартай зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн төлбөр 2,051,855.22 төгрөг, хүүгийн төлбөр 211,834.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,091.43 төгрөг, нийт 2,279,781.50 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Н нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Г...............наас ирүүлсэн зээлийн төлбөрийн мэдээллийн дагуу 1,712,300 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулсан тул 567,482 төгрөгийг /2,279,781.50-1,712,300=567,481.50/ төлөх үндэслэлгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Г............... ХХК нь хариуцагч Д.Нтай 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ4315****** дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан, 9,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараа тогтоогдож байна. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Нэхэмжлэгч Г............... ХХК-ийн Дархан зээлийн төв салбар нь зээлдэгч Д.Нгийн 1715****** тоот дансанд бэлэн бусаар шилжүүлэхээр зээлийн гэрээнд тусгасны дагуу төлбөрийг шилжүүлсэн болох нь тогтоогдож, нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан үүргээ биелүүлсэн байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөх графикийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй зөрчиж байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 14-16, 30 дахь тал/

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч Д.Н нь Г...............наас 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Г...............наас өөрийнх нь мобикомын утасны дугаарт ирүүлсэн мэдээллийн дагуу 1,712,300 төгрөг буюу зээлийг бүрэн төлж барагдуулсан тул 567,482 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч хариуцагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ... хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,279,781.50 төгрөгөөс 1,712,300 төгрөгийг төлж барагдуулсныг хасаж үлдэгдэл 567,482 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй.

Шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:40 цагт товлож шүүх хуралдааны товыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр түүний 9939**** утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Нгаас 567,482 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г............... ХХК-ийн Дархан зээлийн төв салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,426.50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 567,482 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 17,674.46 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА