Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00105

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 19-ний өдрийн 1486 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний төлбөрт 567,482 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *******тай ******* тоот зээлийн гэрээг байгуулж, 9,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. ******* тоот Зээл болон барьцааны гэрээгээр ******* тоот цалингийн дансыг барьцаалсан. ******* нь ******* тоот гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 2,051,855.22 төгрөг, хүүгийн төлбөр 211,834.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,091.43 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 143 хоног, нийт 2,279,781.50 төгрөг байна.

Хариуцагч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1,712,300 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн төлбөр буюу үлдэгдэл 567,482 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *******наас авсан зээлээ төлөх орлогогүй, ажилгүй байсны улмаас, мөн Ковид-19 цар тахлын үеийн хямралаас шалтгаалж зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн талтай. *******наас 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөр 1,712,290.53 төгрөг гэсэн зурвас мобикомын дугаарт ирсний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,712,300 төгрөгийг төлж барагдуулсан.

*******ны нэхэмжилсэн 2,279,781.50 төгрөгөөс зөрүү 567,481.50 төгрөгийг төлөх боломжгүй, шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь тухайн зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэж бодож байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч *******гаас 567,482 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн Дархан зээлийн төв салбарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,426.50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 567,482 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 17,674.46 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Миний бие 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *******наас 9,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай авсан.

            Ажилтай байх хугацаандаа зээлээ хуваарийн дагуу төлж байсан боловч 2020,2021 онуудад ковид-19 цар тахал гарсны улмаас зээлээ төлж чадахгүй байдал орсон.

            Миний бие цалингийн зээл 9,000,000 төгрөгөөс 4,468,293.54 төгрөг буюу нийт 13,468,293.54 төгрөг, нэмэгдүүлсэн болон хугацаа хэтэрсэн хоног тутмын 85,539.76 төгрөгийг төлж нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргээс судлан үзэхэд:

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******гаас зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,051,855.22 төгрөг, хүүгийн төлбөр 211,834.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,091.43 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 143 хоног, нийт 2,279,781.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 1,712,300 төгрөгийг төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 567,481.50 төгрөг нэхэмжилсэн байна.

3. Хариуцагч ******* нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *******тай ******* тоот зээл болон барьцааны гэрээг байгуулж, 9,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд ******* тоот цалингийн дансыг барьцаалжээ.

4.Талууд зээл болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл, шаардлагуудын талаар харилцан тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх  бөгөөд талуудын хооронд  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасантай нийцсэн,  гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

5.Хариуцагч ******* нь “миний бие зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 13,468,293.54 төгрөг төлөх ёстой байхад 13,866,952.78 төгрөг төлсөн учир нэхэмжилж буй 567,482 төгрөгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэх тайлбар гаргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээний хавсралт №1-д заасны дагуу хариуцагч ******* нь сар бүрийн 5-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийхийг хүлээн зөвшөөрсөн боловч гэрээнд заасан энэхүү үүргээ удаа дараа зөрчиж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 6, 14-16, 30/

5а. Зээлдэгч нь зээл болон барьцааны гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол эргэн төлөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн гэрээний дагуу хүлээсэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхийг талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-д талууд харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн 567,482 төгрөгийг төлөх шаардлагагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17675 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.БАЙГАЛМАА

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.АМАРСАНАА

                                                     ШҮҮГЧ                                            Я.ТУУЛ