Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2022/01514

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2022/01514

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01632/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар багт байрлах, утас: 9919****, 207**** регистрийн дугаартай, Г................. ХХК-ийн Дархан бизнес төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 9548****, ЦЗ74****** регистрийн дугаартай, Б овогт Б.Гт холбогдох,

17,320,840.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г................. ХХК-ийн Дархан бизнес төв болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Ш.Б, Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г................. ХХК-тай 15,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай мөнгө зээлж авсан. Үндсэн зээлдэгч Ш.Б нь нас барсан. Өмнө нэхэмжлэлийг шүүхэд хандсан боловч шүүх иргэний хэрэг үүсгээгүй. Хариуцагч Б.Г оршин суугаа хаяг дээрээ амьдардаг байсан. Зээлийн гэрээ нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12,432,842 төгрөг, үндсэн хүү 4,713,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,547,012 төгрөг нийт 17,320,840 төгрөгийг хамтран хариуцагч Б.Гоос гаргуулж өгнө үү. Банк нь иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийг гүйцэтгүүлэхийг нэхэмжлэх эрхтэй. Энэ эрхийн хүрээнд үүрэг гүйцэтгэгч Б.Гоос нэхэмжилж байгаа. Б.Г нь хамтран зээлдэгч. Гэрээнд гарын үсэг зурснаар үүрэг хүлээж байгаа. Хоёулаа зээл авахдаа гэрээнд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 зээлдэгч нас барсан гэж байхгүй үүрэг гүйцэтгэгч нас барсан гэсэн заалт байхгүй. Б.Г эрх зүйн чадамжгүй гэдэг нь шүүхээр тогтоолгосон бол үүрэг дуусгавар болох үндэслэлтэй. Б.Г нь эрх зүйн чадамжтай гэрээний үүргийг гүйцэтгэх бүрэн боломжтой гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Б нь цалингийн зээл авахад цалингийн зээлийн гэрээнд Б.Г нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч тухайн зээлийг Б.Г төлөх үндэслэлгүй. Мөн банк хамтран зээлдэгч Б.Гийн хөрөнгө, орлогыг тодорхойлоогүй. Банк эрсдэлээ бодолгүй хамтран зээлдэгчээр Б.Гийг гарын үсэг зуруулсан байсан. Мөн Ш.Бын цалингийн зээлийг барьцаалсан. Б.Гт ямар ч хөрөнгө байхгүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт үндсэн зээлдэгч нас барснаар уг зээл дуусгавар болохоор хуульчилсан. Ш.Бын бүтэн жил амьд байх хугацаанд нь цалингийн зээлийг нь төлүүлэхгүй байж байгаад шүүхэд хандсан нь сонин байна гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хавтаст хэргийн 2, 15-16 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ4305****** тоот Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хавтаст хэргийн 6-9/, зээлийн дансны хуулга /хавтаст хэргийн 9-11 дэх тал/, Г.................наас Ш.Б, Б.Г нарт явуулсан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10/**** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 12 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, зээлийн тооцоолол /хавтаст хэргийн 23 дахь тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар Б.Гийн ахуй хэрэглээний зардал /хавтаст хэргийн 37-40 дэх тал/, Ш.Бын нас барсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, Б.Гийн тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 42 дахь тал/, Дархан-Уул аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хавтаст хэргийн 43 дахь тал/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 44 дэх тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 45 дахь тал/, 052**** дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч талаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ4305****** тоот Зээл болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулганы нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 55-61 дэх тал/ шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г................. ХХК-ийн Дархан бизнес төв нь хариуцагч Б.Гт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ4305****** тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 12,432,842 төгрөг, үндсэн хүү 4,713,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,547,012 төгрөг нийт 17,320,840 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Галя нь Ш.Б нь цалингийн зээл авахад цалингийн зээлийн гэрээнд Б.Г нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч тухайн зээлийг Б.Г төлөх үндэслэлгүй. Мөн банк хамтран зээлдэгч Б.Гийн хөрөнгө, орлогыг тодорхойлоогүй. Банк эрсдэлээ бодолгүй хамтран зээлдэгчээр Б.Гийг гарын үсэг зуруулсан байсан. Мөн Ш.Бын цалингийн зээлийг барьцаалсан. Б.Гт ямар ч хөрөнгө байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь Б.Гийг зээлийн төлбөрийг хариуцах чадваргүй талаар тайлбар гаргаж нотлох баримтаар ам бүл ганцаараа группийн мөнгөөр амьдардаг болон түүний зарцуулалтын талаар дэлгэрэнгүй бичвэр болон Дархан-Уул аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр мэргэжлийн өвчний жагсаалтын 3-42-б заалтаар хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан дүгнэлтийн дагуу 2012 оноос одоог хүртэл групп тогтоолгон тэтгэвэр авч байгаа талаар тэтгэвэрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт зэргийг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 37-40, 42-44, 62 дахь тал/

Г................. нь зээлдэгч Ш.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г нартай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ4305****** тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 15,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалин барьцаалан зээл олгож, зээлийг Ш.Бын 4305****** тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн болох нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ4305****** тоот Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 55-57 дахь тал/

Зээлдэгч Ш.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 5,951,265.70 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 58-61 дэх тал/

Зээлдэгч Ш.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан байна. /хавтаст хэргийн 41 дэх тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээ нь Барьцаат зээлийн гэрээ гэж байгуулагдсан боловч зээлдэгч Ш.Бын цалин барьцаалсан гэрээ болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж зааснаар ажилтны хөдөлмөрлөж олж байгаа орлого юм.

Энэ нь тухайн хүний хөдөлмөрлөх эрхтэй салшгүй холбоотой, энэ эрхийн дагуу олж байгаа орлогоо барьцаалж зээл авч байгаа нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүсгэж байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ4305****** тоот Зээл болон барьцааны гэрээ нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан Ш.Бтай холбогдолтой болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Гтой холбоогүй байна.

Хэдийгээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Г гарын үсэг зурсан боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 20 дугаар зүйлийн 20.2.9-т тохиролцсон бол үүргийн гүйцэтгэлийг хангах арга, хэлбэрийг зээлийн гэрээнд тусгасан байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал хамтран зээлдэгч гэж зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хэлэх боловч хамтран зээлдэгч Б.Гийн дансанд зээлийн төлбөрийг шилжүүлээгүй байхаас гадна хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэх арга хэлбэрийг зээлийн гэрээнд тусгаагүй, зээлдэгчийн цалин орлого, хувийн байдалтай холбоотой асуудлыг судлаагүй, зөвхөн зээлдэгч Ш.Бын цалин орлогыг барьцаалсан зээл байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т ...үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ...нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж зохицуулсан байх тул Г................. ХХК-ийн Дархан бизнес төв, Ш.Б, Б.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан хариуцагч Б.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г................. ХХК-ийн Дархан бизнес төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Гоос 17,320,840.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г................. ХХК-ийн Дархан бизнес төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,583.34 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА