Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2022/00099

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 24-ний өдрийн 1514 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

 “зээлийн гэрээний үүрэгт 17,320,840.33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд цахимаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Галя,

           Шүүх хуралдаанд танхимаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

*******, ******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр******* ХХК-тай ЗГ4305124209 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж авсан.

Үндсэн зээлдэгч ******* нь нас барсан, Банк  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийг гүйцэтгүүлэхийг нэхэмжлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд үүрэг гүйцэтгэгч *******оос нэхэмжилж байгаа. ******* нь хамтран зээлдэгч. Гэрээнд гарын үсэг зурснаар үүрэг хүлээж байгаа. Учир нь ******* нь эрх зүйн чадамжтай гэрээний үүргийг гүйцэтгэх бүрэн боломжтой юм.

Иймд хариуцагч *******оос зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12,432,842.27 төгрөг, үндсэн хүү 4,713,450.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,547.12 төгрөг нийт 17,320,840.33 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь группт байдаг сэтгэцийн өвчтэй, ой санамж муу мартамхай бөгөөд *******тай гэр бүлээ батлуулж байгаагүй.*******наас 2018 оны 9 сард цалингийн зээл авсан *******ын хамтран зээлдэгч нь ******* гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь

    1. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн эрх үүргийн талаар тусгагдаагүй.
    1. Хамтран зээлдэгч ******* нь 2018 онд тэтгэмж 280,000 төгрөг авдаг байсан хүнийг ямар үндэслэлээр хамтран зээлдэгч болгосон нь тодорхойгүй бөгөөд мөнгө авснаа болон зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа санадаггүй,
    1. Хариуцагч ******* нь нас бараад нэг жил болж байхад банк нэхэмжлэл гаргаж байгаагүй, хүүг одоог хүртэл тооцож байсан нь үндэслэлгүй байна.

Иймд *******ийг хуулийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******оос 17,320,840.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч******* ХХК-ийн Дархан бизнес төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,583.34 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүх “Зээл болон барьцааны гэрээ нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан *******тай холбогдолтой  болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгч *******той холбоогүй байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар *******ыг нас барсан тул гэрээний үүрэг дуусгавар болно” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

            ******* нь хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчээр оролцоход эрх зүйн чадвар, чадамжтай гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан. Үндсэн зээлдэгч нас барснаар******* нь хуульд заасны дагуу өөрийн үзэмжээр аль ч зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан,  бусдад итгэмжлэл олгосон, уг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөх эрхгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, давж заалдах гомдол гаргасан зэрэг үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол  хэргийг хэрэгсэхгүй болгох байтал хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Учир нь хэргээс судлан үзвэл :

            3. Нэхэмжлэгч******* ХХК-н Дархан бизнес төв  буюу салбарын эрхлэгч ******* нь хариуцагч *******т  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээл 12,432,842.27 төгрөг, хүү 4,713,450.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,547.12 төгрөг, нийт 17,320,840.33 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

4. Хэргийн 15 дугаар талд авагдсан*******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ны өдөр 734 тоот тушаалаар  гүйцэтгэх захирал ******* нь *******ны тусгай активын хэлтсийн захирал *******-д  ...банкийг бүрэн төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаагаар олгожээ.

5. Хэргийн 16 дугаар талд авагдсан 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 18/7979 дугаартай  “итгэмжлэл олгох тухай” албан бичгээс үзвэл тусгай активын хэлтсийн захирал ******* нь  Дархан бизнес төвийн захирал-д*******ыг төлөөлж нэхэмжлэл, ...гомдол гаргах, банкыг бүрэн төлөөлөх зэрэг эрхийг итгэмжлэлээр олгосон байх ба  энэхүү итгэмжлэл нь  2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаанд хүчин төгөлдөр гэсэн байна.

6. Хэргийн 2 дугаар талд авагдсан Дархан бизнес төвийн албан бичигт тус салбарын захирал ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр салбарын гэрээт мэргэжилтэн Ө.*******т ...бүх шатны шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг олгосон байх ба итгэмжлэл нь олгосон өдрөөс 1 /нэг/ жилийн хугацаанд хүчинтэй болно гэжээ.

7. Дээр дурдсанаас үзэхэд Дархан бизнес төвийн салбарын захирал ******* нь эрх бүхий этгээдээс өөрт нь 1 /нэг/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн салбарын гэрээт мэргэжилтэн Ө.*******т итгэмжлэл олгосон, Ө.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон,  улмаар давж заалдах гомдол гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

             Үүнээс дүгнэхэд Дархан бизнес төвийн салбарын захирал *******ыг  нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй байж нэхэмжлэл гаргасан, мөн Ө.*******т итгэмжлэл олгож, тэрээр бусдыг төлөөлөх эрхгүй байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-н “хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”.

35.2-н “хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасанд нийцээгүй.

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт шүүгч 65.1.1-65.1.11-т заасан тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж  хуульчлан зохицуулсан. 

Тухайлбал 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ” тохиолдолд  шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

9. Иймд давж заалдах журмаар хэргийг хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан  үндэслэл тогтоогдсон ба энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1514 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* ХХК-н Дархан бизнесийн төвийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,584 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                            ШҮҮГЧИД                               Я.ТУУЛ

                                                                                                            Х.БАЙГАЛМАА