Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2022/01602

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2022/01602

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00867/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** Цэргийн хотхон ** дүгээр гудамж, ** байр, ** тоотод оршин суух, утас: 8008****, ЕЮ84****** регистрийн дугаартай, Д овогт Х.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, Зүүн ** зам гудамж, ** дүгээр байр, ** тоотод бүртгэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *** дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, ХЕ81****** регистрийн дугаартай, А овогт Д.Год холбогдох

Гэм хорын хохиролд 14,350,667 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Т /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр,

(Шүүхийн иргэдийн төлөөлөгч О.Ат шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр шүүхийн иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Н...................... ХХК-ийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-** гудамжинд баригдана гэх А............... хотхоны ** дугаар блокийн 9-н давхрын ** тоотод ** дугаартай орон сууцны захиалгын гэрээ хийж, 22,824,450 төгрөгийг тус компанийн Худалдаа Хөгжлийн банкны 426****** дугаартай дансанд байрны 30 хувийн урьдчилгаанд шилжүүлэн өгч хохирсон. Урьдчилгаа төлбөрийг төлөхдөө 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр О.Өиин нэр дээр өөрөө хамтран зээлдэгчээр орж Богд банкнаас 10,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авч төлсөн бөгөөд зээлийн хүүд 1,750,667 төгрөгийг төлсөн. Мөн өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** хэсэг Цэргийн хотхон ** гудамж ** байр ** тоот нэг өрөө орон сууцыг бусдад худалдан байрны захиалгын урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн бүрэн төлсөн байдаг. Үүнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс иргэн Бын Дтай 18/00*** дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо Т...... хотхон ** байрны ** тоот 2 өрөө байрыг сарын 550,000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай гэр бүлийн хамт хөлслөн амьдарсан. Түрээсийн төлбөрт нэг жилийн хугацаанд 6,600,000 төгрөг төлсөн. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл иргэн Л.Хтай аман гэрээ хийж түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** айлын ** тоот байрыг сарын 300,000 төгрөгөөр хөлслөн амьдарч байна. Энэ байрны түрээсэнд хоёр жил зургаан сар буюу 30 сарын төлбөрт 6,000,000 төлөн амьдарч байна. Би Н...................... ХХК-нд залилуулан 22,824,450 төгрөгөөр хохирсноос гадна орох оронгүй болж зээлийн хүү, байрны түрээсийн төлбөрт төлбөрт нийт 14,350,667 төгрөг төлж, сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хохирлоо нэхэмжлэн, холбогдох материалын хамт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхэд тус тус гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн Хохирол хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар 234 дүгээр хуудсанд Зарим хохирогч иргэний нэхэмжлэгч нар орон байрны шаардлагаар байр түрээсэлсэн төлбөр, цалингийн зээл авсан тул түүний хүү зэрэг гэм хорын хохирол нэхэмжилсэн..., Үүнийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж харин иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэж, Тогтоох хэсгийн 7 дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг мэдэгдсүгэй гэж, Давж заалдах шатны шүүхийн магадлалын Тодорхойлох хэсгийн 119 дүгээр хуудсанд ...гэм хорын хохирол нэхэмжилсэн гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв гэж дурдсан.

Иймд хариуцагч Д.Гоос миний нэхэмжилсэн цалингийн зээлийн хүү, байрны түрээс зэрэг гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол 14,350,667 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Х.Тийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь Х.Т нь нэхэмжлэлдээ захиалгын урьдчилгаа төлбөрөө Н...................... ХХК-нд төлсөн бөгөөд тус компанид залилуулсан тухайгаа дурдсан байна.

Мөн Х.Тийн Н...................... ХХК-тай байгуулсан захиалгын гэрээг миний бие батлаагүй байна. Захиалгын гэрээ дээрх миний нэрийн урд талын гарын үсэг борлуулалтын албаны дарга Э.Чы гарын үсэг болно. Миний бие борлуулалтын албаны дарга Э.Чы дур мэдэн баталсан гэрээний өмнөөс хариуцлага хүлээхгүй болно.

Х.Т нь байрны урьдчилгаагаа гэр бүлийн хүн О.Өийн нэр дээр зээл авч төлсөн гэх боловч О.Өийн Богд банктай хийсэн зээлийн гэрээ нь орон сууцны урьдчилгаа төлбөрийн бус хэрэглээний зээл байна. Мөн уг зээлийн гэрээний хамтран зээлдэгч нь Х.Ттэй биш байсан тул тус зээлийн санхүүжилтээр орон сууцны урьдчилгааг шууд төлсөн байх боломжгүй.

Х.Тийн байраа зарсан болон О.Өийн авсан зээлийн санхүүжилт нь Н...................... ХХК-нд төлсөн мөнгөнөөс илүү байгаа тул тус зээл болон зээлийн хүүд төлсөн мөнгийг миний бие хариуцахгүй болно.

Мөн Х.Т нь Н...................... ХХК-аас байрны урьдчилгаа төлбөрөө буцаан авсан мөртлөө түрээсийн байранд амьдарсан байдаг. Гэрээний дагуух төлбөрөө буцаан Н...................... ХХК-аас авсан бол гэрээнээс учирсан хохирлоо тус компаниас нэхэмжлэх нь зүйтэй юм. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Л.Хтай аман гэрээгээр түрээсэлж байгаа гэх боловч түрээсийн төлбөрт төлсөн баримт хэрэгт хавсаргаагүй байна.

Мөн түрээсийн хугацаанд СӨХ-нд тушаасан баримтын дүнг нэхэмжилсэн байдаг. Х.Т нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Цэргийн хотхоны ** дүгээр гудамжны **-** тоот байранд амьдарч байсан байна. Х.Т нь ямар ч байранд амьдарсан СӨХ-ны мөнгө төлөх учир тус дүнг миний бие хариуцахгүй болно.

Х.Т нь ** дүгээр хороо *** тоот, Ү-2204****** тоот байрыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл түрээсэлсэн байна. Уг тоот байр Х.Тийн өмнө амьдарч байсан байрнаас том м.кв-тай хотын А зэрэглэлд орох орон сууцыг өөрийн хүсэлтээр түрээсэлсэн байна. Тийм учир уг Т........... хотхонд өөрийн хүсэлтээрээ түрээсэлсэн Х.Тийн түрээсийн байрны төлбөрийг миний бие хариуцахгүй болно. Х.Тийн захиалсан барилга нь барилга ажлын гүйцэтгэгч Г............ констракшны зээл авсан Чингис банкны үйл ажиллагаанаас болж зогссон байдаг гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, Д.Г, Д.О нарыг гэм буруутайд тооцсон. Гэтэл гэм хорын хохирлыг дан ганц Д.Гоос нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, 3 иргэн гурвуулаа тэнцүү хариуцах ёстой. Богд банкнаас авсан зээлийн төлбөрийг төлсөн эсэх нь тогтоогдохгүй, төлбөр төлсөн баримтгүй байна, мөн О.Ө зээл авсан байхад түүний өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, байрны урьдчилгаа төлбөрийг компанид төлсөн атлаа Д.Гоос нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал/, Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны ** дугаар байрны ** тоот орон сууцны цахилгаан, СӨХ, бусад урсгал зардлыг төлсөн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 18-30 дугаар тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал/, Богд банк, О.Ө нарын хооронд байгуулсан АХЗГ/18/*** дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 32-40 дүгээр тал/, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай Орон сууц захиалгын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дугаар тал/, Д.Г, Х.Т нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/, Н...................... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/, А............. орон сууцны танилцуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дахь тал/, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дахь тал/, Богд банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дахь тал/, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 18/00*** дугаартай Орон сууц хөлслөх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал/, Л.Хын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4/*** дугаартай хариу мэдэгдэх хуудасны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/, гэрч Э.Чаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 83-91 дэх тал/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 160-177, 481 дүгээр хуудасны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 92-110 дахь тал/, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 112-114 дэх тал/, Өмгөөлөгч Д.Бурмаагийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал/, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08/**** дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал/, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09/**** дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал/, Х.Тийн хохирогчоор өгсөн мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал/, Д.Г, М.У, Э.Ч нарын 2018 онд Монгол ТВ-ийн өглөө хөтөлбөрт оролцсон нэвтрүүлэгийн болон БНСУ-д иргэдээс орон сууцны захиалга авч буй байдлын бичлэг бүхий 1 ширхэг сиди, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/*** дугаартай магадлалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 170-230 дахь тал/, Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 231-232 дахь тал/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст 1-129 дэх тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Д.Год холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Богд банкны зээлийн хүүд төлсөн 1,750,667 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 12,600,000 төгрөг нийт 14,350,667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Х.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж гаргасан тайлбартаа...Миний бие Н...................... ХХК-тай А......... хотхоны 2 дугаар блокийн ** давхрын ** тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр 22,824,450 төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банканд шилжүүлсэн. Гэтэл Д.Б, Д.Г, Д.О нар бүлэглэн эрх бүхий байгууллагаас албан ёсны зөвшөөрөл аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан нөхцөл байдлаа нуух замаар Орон сууцны хотхон барьж байгаа гэж бусдыг төөрөгдөлд оруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Миний бие урьдчилгаа төлбөрийг төлөхдөө эхнэр О.Өийн нэр дээр өөрөө хамтран зээлдэгчээр орж Богд банкнаас 10,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авч хүүд нь 1,750,667 төгрөг төлсөн. Мөн өөрийн өмчлөлийн нэг өрөө байрыг бусдад худалдаж урьдчилгаа төлбөрт төлсөн. Үүнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс иргэн Бын Дтай 18/00*** дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо Т........... хотхон ** байрны ** тоот 2 өрөө байрыг сарын 550,000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай гэр бүлийн хамт хөлслөн амьдарсан. Түрээсийн төлбөрт нэг жилийн хугацаанд 6,600,000 төгрөг төлсөн. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл иргэн Л.Хтай аман гэрээ хийж түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** айлын ** тоот байрыг сарын 300,000 төгрөгөөр хөлслөн амьдарч байна. Энэ байрны түрээсэнд хоёр жил зургаан сар буюу 30 сарын төлбөрт 6,000,000 төгрөг төлөн амьдарч байгаа тул гэм хорын хохирол нийт 14,350,667 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлийг ...Х.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Н...................... ХХК-тай байгуулсан захиалгын гэрээний дагуу 22,824,450 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн, энэ талаар маргахгүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, Д.Г, Д.О нарыг гэм буруутайд тооцсон. Гэтэл гэм хорын хохирлыг дан ганц Д.Гоос нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, 3 иргэн гурвуулаа тэнцүү хариуцах ёстой. Богд банкнаас авсан зээлийн төлбөрийг төлсөн эсэх нь тогтоогдохгүй, төлбөр төлсөн баримтгүй байна, мөн О.Ө зээл авсан байхад түүний өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, байрны урьдчилгаа төлбөрийг компанид төлсөн атлаа Д.Гоос нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор ...шүүгдэгч Д.Б*, Д.Г, П.О* нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан нөхцөл байдлаа нуух замаар Орон сууцны хотхон барьж байгаа гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг загвар бүхий тараах материалыг бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд хямд байр зарна гэж урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 м.кв талбайн үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн 5 хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, Баянзүрх дүүргийн *, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А.............. 2 хотхоны 1 дүгээр байрны Орон сууц захиалгын гэрээ-ний урьдчилгаа хэмээн иргэн Х.Төөс 22,824,450 төгрөг, нэр бүхий 125 иргэнээс 2,381,638,830 төгрөг, ...нэр бүхий 10 иргэнээс 165,175,280 төгрөг, ...нийт 102 иргэнээс 1,724,092,020 төгрөг, ...125 иргэнээс 2,381,638,830 төгрөг, ...нийт 83 иргэнээс 1,653,404,250 төгрөг, ...нийт 101 иргэнээс 1,447,205,000 төгрөг, ...20 иргэнээс 347,652,500 төгрөг, ...5 иргэнээс 105,716,000 төгрөг нийт 7,265,839,273 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Год 10 жил хорих ялыг хаалттай дэглэмд, шүүгдэгч Д.О, Д.Б нарт 6 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 7,265,839,273 төгрөгийг шүүгдэгч Д.Гоос 2,615,889,495 төгрөг, шүүгдэгч Д.Оээс 2,509,573,495 төгрөг, шүүгдэгч Д.Баас 2,140,976,283 төгрөгийг тус тус хуваан гаргуулж, ...Х.Төд 22,824,450 төгрөг олгуулахаар шийдвэрлэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 1-129 дэх тал/

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/*** магадлалаар эрүүгийн хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт, 11 дэх заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 170-232 дахь тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

Нэхэмжлэгч нь Н................... ХХК-ийн ерөнхий захирал Д.Гтой 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ** дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 22,824,450 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Орон сууц захиалгын гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй. /1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал/

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Гоос шаардаж байгаа үндэслэлээ орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгийг Д.Г захирал захиран зарцуулж, түүний зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаанд зарцуулдаг байсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Э.Ч удаа дараа мэдүүлсэн тул түүнээс хохирлыг гаргуулна гэж тайлбар гаргаж, нотлох баримтаар эрүүгийн хавтас хэрэгт авагдсан гэрч Э.Чы мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг ирүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 83-116 дахь тал/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолын Үндэслэх хэсэгт ...шүүгдэгч Д.Г нь хувиараа болон компаны нэр дээр гадаад улсаас машин оруулж ирж худалдаалдаг, уралдааны машин тоноглож зардаг, бэлэн орон сууц худалдан аваад бусдад үнэ нэмж зардаг, банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж хангалттай орлого олдог байсан, залилангийн гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох шаардлага байхгүй гэх авч орон сууц захиалгын гэрээгээр олон иргэдээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлчихээд барилгын төсөл хэрэгжүүлэх зорилгын дагуу гэхээсээ аялал жуулчлалын өөр компани байгуулж тийш мөнгө хөрөнгө оруулах, өөртөө болон эхдээ үнэ бүхий машин худалдан авах, бартаат замын туулах чадвар сайтай машин худалдан авч тоноглон авто уралдаанд оролцох зэргээр зориулалт бусаар зарцуулж байсан болох нь хууль сануулж гаргуулсан шинжээч нарын дүгнэлт, гэрч Чы мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж дүгнэжээ.

Иймд хариуцагч Д.Гыг Орон сууцны хотхон барьж байгаа гэж бусдыг төөрөгдөлд оруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шийтгэх тогтоол, магадлалаар нэгэнт тогтоосон тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч Х.Т нь гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т нь Богд банкны зээлийн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №АХЗГ/18/*** дугаартай Богд банк, О.Ө, хамтран зээлдэгч Х.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь ирүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 32-40 дэх тал/

Уг зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь 10,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 16,5 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар олгосон байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлж дуусгах, зээлийн хүүд нийт 1,750,667.26 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байх ба зээлийн хүүд 1,750,667 төгрөг төлсөн нь дээрх эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөр бүрдүүлэх зорилгоор өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** хэсэг цэргийн хотхон ** гудамж, **-** тоот хаягт байрлах, 28 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 15,000,000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж, бусдын өмчлөлд шилжүүлсэн байх ба үүний улмаас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Дгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Т............. хотхоны ** байрны ** тоот байрыг Орон сууц хөлслөх гэрээ байгуулан эзэмшиж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар ус, дулааны төлбөр, цахилгааны төлбөр, Т............. Сөхийн төлбөр төлсөн баримтууд, Орон сууц хөлслөх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 18-30, 49-58 дахь тал/

Талуудын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 2.1-т орон сууцыг хөлсөлсөн төлбөрт 1 сарын 550,000 төгрөг, нийт 6 сарын төлбөр 3,300,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг төлнө. Үүнд Сөх, цахилгаан, дулаан, цэвэр болон бохир ус, кабель, интернетийн хэрэглээний төлбөр багтаагүй болно. Гэрээний 2.2-т Орон сууц хөлсөлсөн төлбөрийг хөлслүүлэгчид бэлнээр эсхүл Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар хийнэ гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болсон орон сууцны төлбөрийг хэрхэн төлсөн эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байх ба шүүх хуралдаанд эхнэр О.Өийн дансаар шилжүүлсэн талаар тайлбар гаргаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** айлын ** тоотод байрлах орон сууцанд сарын 300,000 төгрөгөөр одоог хүртэл сууж байгаа талаар тайлбар гаргаж, нотлох баримтаар эзэмшигч Л.Х гэсэн тодорхойлолт ирүүлсэн боловч Л.Хын гарын үсгийг баталгаажуулаагүй, өөрөөр хэлбэл Л.Х тодорхойлолт гаргасан эсэх нь тодорхойгүй байхаас гадна уг орон сууц хөлсөлсний төлбөрийг хэрхэн төлж барагдуулсан талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь орон сууц хөлсөлсний төлбөр 12,600,000 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотой нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Х.Т нь О.Өтэй хууль ёсны гэр бүл, түүнийг төлөөлөх эрхтэй гэж тайлбар гаргаж, хэрэгт нотлох баримтаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн боловч уг баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон баримт гэж үзэхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэжээ.

Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон О.А нь хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчдоос иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой талаар тайлбар гаргасан тул иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Г, М.У, Э.Ч нар 2018 онд Монгол ТV өглөө хөтөлбөрт оролцсон нэвтрүүлэг CD-1, БНСУ-д иргэдээс орон сууцны захиалга авч буй бичлэг CD-1 ширхэгийг нотлох баримтаар ирүүлсэн боловч шүүх хуралдаанд шинжлэн судлуулах шаардлагагүй гэж үзсэн тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Гоос 1,750,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Төд олгож, үлдэх 12,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1,750,667 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж болох 42,961 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

З.ТУНГАЛАГМАА