Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2023/00012

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШШ2022/01602 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч *******од холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 14,350,667 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-98 гудамжинд баригдана гэх Амар амгалан-2 хотхоны 2 дугаар блокийн 9-н давхрын 904 тоотод 88 дугаартай орон сууцны захиалгын гэрээ хийж, 22,824,450 төгрөгийг тус компанийн Худалдаа Хөгжлийн банкны 426010888 дугаартай дансанд байрны 30 хувийн урьдчилгаанд шилжүүлэн өгч хохирсон.

Урьдчилгаа төлбөрийг төлөхдөө 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр *******ийн нэр дээр өөрөө хамтран зээлдэгчээр орж Богд банкнаас 10,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авч төлсөн бөгөөд зээлийн хүүд 1,750,667 төгрөгийг төлсөн.

Мөн өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1-а хэсэг Цэргийн хотхон 1 гудамж 94а байр 13 тоот нэг өрөө орон сууцыг бусдад худалдан байрны захиалгын урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн бүрэн төлсөн.

Үүнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс иргэн Балзаанзын Дагиймаатай 18/00276 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэннаст хотхон 36в байрны 5 тоот 2 өрөө байрыг нэг сарын 550,000 төгрөгөөр хөлслөн нэг жилийн хугацаанд 6,600,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл иргэн тай аман гэрээ хийж түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-8-н айлын 7 тоот байрыг нэг сарын 300,000 төгрөгөөр хөлслөн хоёр жил зургаан сар буюу 30 сарын төлбөрт 6,000,000 төгрөг төлөн амьдарч байна.

Би ******* ХХК-нд залилуулан 22,824,450 төгрөгөөр хохирсноос гадна орох оронгүй болж зээлийн хүү, байрны түрээсийн төлбөрт нийт 14,350,667 төгрөг төлж, сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод байна.

Иймд хариуцагч *******оос гэм хорын хохирол 14,350,667 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

 

Нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

*******ийн ******* ХХК-тай байгуулсан захиалгын гэрээг миний бие батлаагүй, гэрээн дээрх гарын үсэг борлуулалтын албаны дарга *******ы гарын үсэг, *******ийн байраа зарсан, *******ийн авсан зээлийн санхүүжилт нь ******* ХХК-нд төлсөн мөнгөнөөс илүү байгаа тул тус зээл болон зээлийн хүүд төлсөн мөнгө зэргийг хариуцахгүй.

Мөн ******* нь ******* ХХК-аас байрны урьдчилгаа төлбөрөө буцаан авсан мөртлөө түрээсийн байранд амьдарсан. Гэрээний дагуух төлбөрөө буцаан Нарны хүү, сарны охин ХХК-аас авсан бол гэрээнээс учирсан хохирлоо тус компаниас нэхэмжлэх нь зүйтэй. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тай аман гэрээгээр түрээсэлж байгаа гэх боловч түрээсийн төлбөрт төлсөн баримт хэрэгт хавсаргаагүй. Мөн түрээсийн хугацаанд СӨХ-нд тушаасан баримтын дүнг нэхэмжилсэн, ямар ч байранд амьдарсан СӨХ-ны мөнгө төлөх учир миний бие хариуцахгүй.

******* нь 14 дүгээр хороо 366-5 тоот, Ү-******* тоот байрыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл түрээсэлсэн байна. Уг тоот байр *******ийн өмнө амьдарч байсан байрнаас том м.кв-тай хотын А зэрэглэлд орох орон сууцыг өөрийн хүсэлтээр түрээсэлсэн байна. Тийм учир уг Түмэннаст хотхонд өөрийн хүсэлтээрээ түрээсэлсэн *******ийн түрээсийн байрны төлбөрийг миний бие хариуцахгүй. *******ийн захиалсан барилга нь барилга ажлын гүйцэтгэгч Гурван марал констракшны зээл авсан Чингис банкны үйл ажиллагаанаас болж зогссон байдаг.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******, *******, нарыг гэм буруутайд тооцсон. Гэтэл гэм хорын хохирлыг дан ганц *******оос нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, 3 иргэн гурвуулаа тэнцүү хариуцах ёстой. Богд банкнаас авсан зээлийн төлбөрийг төлсөн эсэх нь тогтоогдохгүй, төлбөр төлсөн баримтгүй байна, мөн ******* зээл авсан байхад түүний өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, байрны урьдчилгаа төлбөрийг компанид төлсөн атлаа *******оос нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******оос 1,750,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгож, үлдэх 12,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1,750,667 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж болох 42,961 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болсон орон сууцны төлбөрийг хэрхэн төлсөн эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй, өөрөөр хэлбэл тодорхойлолт гаргасан эсэх нь тодорхойгүй байхаас гадна уг орон сууц хөлсөлсний төлбөрийг хэрхэн төлж барагдуулсан талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Иймд орон сууц хөлсөлсний төлбөр 12,600,000 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотой нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул шаардлагыг хангах үндэслэлгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үлдэгдэл 12,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. 

Иргэн тай 18/00276 дугаартай орон сууц хөлслөх гэрээ сарын 550,000  төгрөгөөр 1 жилийн хугацаанд 6,600,000 төгрөг төлсөн, тай аман гэрээгээр сарын 300,000 төгрөгөөр хөлслөн амьдарч байгаа тухай эхний 2 сарын түрээсийн төлбөр төлсөн баримтуудыг хүргүүллээ.

Иймд хариуцагч *******оос цалингийн зээлийн хүү, байрны түрээс зэрэг гэм хорын хохиролд 14,350,667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь  хариуцагч *******од холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Богд банкнаас авсан зээлийн хүүнд төлсөн 1,750,667 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 12,600,000 төгрөг, нийт 14,350,667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

4. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Богд банкнаас авсан зээлийн хүүнд төлсөн 1,750,667 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн гэх 12,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ******* нь Богд банкны зээлийн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №АХЗГ/18/050 дугаартай Богд банк,  *******/зээлдэгч/, *******/хамтран зээлдэгч/ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлсэн/1-р хх-32-40/ ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн хүүд 1,750,667 төгрөг төлсөн нь эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байх тул уг зээлийн хүүнд төлсөн 1,750,667 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэн энэ хэсгийг хангаж,

Орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 12,600,000 төгрөгийн шаардлагын хувьд  иргэн тай орон сууц хөлслөх гэрээ байгуулж тохиролцсон байх боловч тухайн орон сууцны төлбөрийг хэзээ, хэрхэн  төлсөн  талаар нотлох баримт ирүүлээгүй, иргэн нь тодорхойлолт ирүүлсэн боловч түүний гарын үсгийг баталгаажуулаагүй, тэрээр тодорхойлолт гаргасан эсэх, уг орон сууцны төлбөрийг хэзээ төлж барагдуулсан зэргийн талаарх нотлох баримт ирүүлээгүй гэх үндэслэлүүдээр энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх боловч хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 00001 тоот  шүүгчийн захирамжаар  давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, хэргийг буцаасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг зөрчсөн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ./хэргийн 2-р боть 179/  Энэ талаар хариуцагч талаас гомдол гаргаагүй байх тул зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдолд:  гэм хорын хохирол 14,350,667 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гээд иргэн болон  нарт орон сууц хөлсөлсөн төлбөр төлсөн гэх баримтуудыг хавсарган ирүүлсэн байна. /хэргийн 2-р боть 160-167/

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” гэж,

Хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж,

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах  ... журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй.” гэж тус тус заасан.

8. Хэргийн оролцогч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй  ба энэ үүргийнхээ дагуу нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх байтал давж заалдах шатанд гаргаж өгсөн нь дээрх хуулиудад нийцэхгүй байна. 

9. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлын цалингийн зээл, байрны түрээс зэрэг гэм хорын хохирол 14,350,667 төгрөгийг гаргуулах гэх хүсэлтийн  зээлийн хүү-д нэхэмжилсэн 1,750,667 төгрөгийн шаардлагыг  анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байх тул бусад шаардлага болох орон сууц хөлслөх гэрээний дагуу шаардсан 12,600,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн гомдлыг  хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Иймд нэхэмжлэгч *******ийн орон сууц хөлслөх гэрээний дагуу  төлсөн  12,600,000 төгрөг гаргуулах гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШШ2022/01602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                          

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Я.ТУУЛ 

                                                 ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА                                  

                                                                                                    Х.БАЙГАЛМАА