Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 709

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Д.Б-ын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/00722 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Ч-т холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч                                                        Ч.Ч-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга      Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б- өөрийн эзэмшлийн авто машинаа зарж, 5 500 000 төгрөгийг Ч.Ч-т бэлнээр өгсөн. Бэлэн мөнгө авсан баримт үйлдсэн. Тэгээд Д.Б- мөнгөө буцааж авах гэсэн боловч Ч.Ч- 5 500 000 төгрөгийг нь өгөөгүй. Авсан мөнгийг өсгөж, дунд гарын жийп автомашин авна гэсэн яриа хийсэн гэж нэхэмжлэгч хэлдэг. Бэлэн мөнгө хүлээлцсэн баримт дээр “Баян-Эрдэнэ трейд” ХХК гэж компанийн нэр бичигдсэн боловч мөнгийг Ч.Ч- авсан. Иймд Ч.Ч-аас 5 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Ч- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Д.Б- гэж хүнийг сайн танихгүй. С.Өлзийхишиг, н.Дуламсүрэн, н.Болороо гэх хүмүүс хөрөнгө оруулж, алт олборлолтын ажил дээр хамтарч ажиллана гэж ярьсан. Тухайн үед Эко дамо компани сонгон шалгаруулалтад орж тэнцэж, Увс аймгийн Тариалан сумын нутагт нөхөн сэргээлт хийхээр болсон, энэ ажлыг нь компанийн нь нэр дээр би хийхээр болсон юм. Тэгээд С.Өлзийхишиг, н.Дуламсүрэн, н.Болороо нар мөнгөө нийлүүлж, тоног төхөөрөмж авна гэж ярилцаад хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Надаар авахуулсан түлшээ бага үнээр зарж, бэлэн мөнгө болгож, тоног төхөөрөмжөө худалдаж авсан. Маргааш нь н.Д- тэр мөнгийг тоног төхөөрөмж авна гээд авсан. Тиймээс надаас одоо мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй. Анхны алт угаалтаараа 52 грамм алт гарсныг Дуламсүрэн авч, зээл хөөцөлдөнө гээд Улаанбаатар явсан. Тэд нар 10 000 000 төгрөгийн хөрөнгө оруулна гэсэн боловч оруулаагүй. Надаас мөнгө нэхэмжлэх ёсгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Ч-аас 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Б-ыг төлөөлж Б.Минжүүрдоржийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00722 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

  1. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хэрэгт огт хамааралгүй нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэл үгүй- Хэрэгт хамааралгүй нотлох баримтууд хоорондоо ямар холбоотой талаар дүгнэлт хийгээгүй. "Баян - Эрдэнэ трейд" ХХК, иргэн С.Ө нарын хоорондын хамтран ажиллах гэрээ, "Баян - Эрдэнэ трейд" ХХК, "Петрожамп" ХХК-ийн хооронд байгуулагдсан шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ энэ хэрэгт хамааралгүй байхад хамааралтай болгож хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.
  2. Нэхэмжлэгч Баян - Эрдэнэ трейд" ХХК болон иргэн Ч.Ч-тай хамтран ажилласан гэсэн талаар огт дурдаагүй байхад хамтран ажиллахаар тохироогүй гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэл үгүй.
  3. Хариуцагч 5 500 000 төгрөгийг бэлнээр нь аваад "Баян - Эрдэнэ трейд" ХХК-ий тамга дарсан болохоос нэхэмжлэгч хуулийн этгээдтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй.
  4. Хариуцагч 5 500 000 төгрөгийг авахдаа "Ховдоос трайлер ирээд сар хүлээгдлээ, жолоочид мөнгөний хэрэгтэй байна, машинаа зараад 5 500 000төгрөг өгчих, машиныг чинь дунд гарын жил машин болгож өгье" гэж авсан байдаг.Зохигчдын дунд өөр ямар нэгэн хамтран ажиллах гэсэн ямар ч тохиролцоо болоогүй. Хариуцагч нэхэмжлэгчээс авсан 5 500 000 төгрөгөө бусдад хэрхэн шилжүүлсэн нь энэ хэрэгт огт хамааралгүй, нэхэмжлэгч С.Өлзийхишигт 5 500 000 төгрөг бэлнээр өгсөн талаарх баримт   байхгүй, тийм үйлдэл огт хийгдээгүй.
  5. Хариуцагч хариу тайлбартаа "уг мөнгийг Дуламсүрэн авсан" гэж дурдсан байхад шүүх С.Өлзийхипшгт бэлнээр өгсөн гэж үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.
  6. Хариуцагч Увс аймгийн Тариалан суманд хууль бусаар алт олборлосон гэх асуудлаар Увс аймгийн цагдаагийн хэлтэст шалгагдсан бөгөөд уг хэргийн материалаас холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй. Уг хүсэлтийг хангасан тохиолдолд хариуцагч 5.5 сая төгрөг авсан эсэх, уг мөнгө юунд хэрхэн зарцуулагдсан эсэх, уг мөнгө хөрөнгө оруулалт байсан эсэхийг тодруулах боломжтой байсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00722 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Ч.Ч-т холбогдуулан 5 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 5 500 000 төгрөгөө иргэн Ч.Ч-т бэлнээр өгсөн, авсан мөнгийг өсгөж, дунд гарын жийп автомашин авна” гэж, хариуцагч Ч.Ч- “... 10 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэж надад ярьсан, алтны тоног төхөөрөмж, экскаватор тээвэрлэх зардал гэх нэрээр мөнгөө буцаагаад авсан” гэж зөрүүтэй тайлбаруудыг тус тус гаргажээ.

 

            Хэргийн 3 дугаар талд бэлэн мөнгөний зарлагын баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “Баян-Эрдэнэ трейд” ХХК 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гүйлгээний утга Ч.Ч-т Д.Б-аас 5 500 000 төгрөг бэлэн мөнгө /машины үнэ/ гэж бичиж зохигчид гарын үсгээ зуржээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б- нь “Баян-Эрдэнэ трейд” ХХК-тай алт олборлох нөхөн сэргээх ажилд хамтран ажиллахаар тохирсон үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна. Учир нь, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хариуцагчаас зээлсэн мөнгөө буцаан шаардсан, эсхүл талууд мөнгөндөө дунд гарын жийп автомашин авахаар тохиролцож байсны аль нь болох нь тодорхойгүй болжээ.

 

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодруулснаар талууд уг асуудлаар мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор талуудын нотолгооны үүрэг өөр өөрөөр тодорхойлогдохоос гадна тухайн маргааныг шийдвэрлэхэд холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглэх боломжтой болох юм.

 

            Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/00722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО