Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01525

 

 

 

Д.Бадамхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00015 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/00593 дугаар магадлалтай, 

Д.Бадамхандын нэхэмжлэлтэй,

Ч.Чулуунбаатарт холбогдох  

Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бадамханд, Ч.Чулуунбаатарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 5,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Д.Бадамханд, З.Дуламсүрэн нарыг 2017.05.15-ны өдөр Ч.Чулуунбаатартай, Ц.Болормаа гэдэг хүн танилцуулсан. Ингэж танилцуулах явцдаа Ч.Чулуунбаатар Баян-Эрдэнэ трейд ХХК-ийг 8 нэрийн дэлгүүрийн хамт зарна гэж хэлсэн. Үүний дагуу 2017.05.17-ны өдөр эксковатор үзэхээр Д.Бадамхандын эзэмшлийн 81-09 УБЕ улсын дугаартай Toyota prima маркийн автомашинаар Архангай аймгийн Цэнхэр сум руу н.Болормаа, С.Өлзийхишиг, н.Отгон нар хамт яваад, 2017.05.19-ний өдөр Ч.Чулуунбаатар ирээд сар хүлээж байна, мөнгө байдаггүй, чи машинаа зараад мөнгө өгчих, би машиныг чинь 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор дунд гарын жип машин болгож өгнө гэж хэлсэн. Ингээд Ч.Чулуунбаатарын хэлсэн амлалтанд итгээд, 2017.05.19-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдсан машинаа 9,800,000 төгрөгөөр зарж, 5,500,000 төгрөгийг Ч.Чулуунбаатарт бэлнээр өгөөд, мөнгө хүлээлцсэн баримтад Баян-Эрдэнэ трейд ХХК-ийн тамга дарагдсан болохоос уг мөнгийг тухайн хуулийн этгээдийн данс руу шилжүүлээгүй учраас хуулийн этгээдэд хамааралгүй, зөвхөн иргэн Ч.Чулуунбаатартай эрх зүйн харилцаанд орж байсан гэж үзэхээр байна. Дээрх мөнгийг Увс аймгийн Тариалан суманд алт олборлоход хамтран ажиллана гэж амаар тохиролцон, алт олборлоход хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байдлаар өгөөгүй, анхнаасаа тийм хүсэл зориг байгаагүй тул Ч.Чулуунбаатарын бэлнээр авсан 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Баян-Эрдэнэ трейд ХХК, иргэн н.Батбуян, П.Булган-Эрдэнэ, С.Өлзийхишиг нартай Увс аймгийн Тариалан сумын нутагт орших ашигт малтмалын зөвшөөрөл бүхий газар олборлолтын үйл ажиллагаа явуулахаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, талууд ашгаа тэнцүү хуваан авахаар тохиролцсон. Ингэхдээ манай компани Увс аймгийн Тариалан суманд нөхөн сэргээх ажилд түлшний хөрөнгө оруулалт хийж, Петро Чайна Дачин Тамсаг ХХК-тай гэрээ байгуулан, ажлаа эхэлсэн. Д.Бадамханд гэдэг хүнийг би анхнаасаа таньдаггүй байсан. С.Өлзийхишиг над дээр дагуулж ирсэн. Энэ хүн надтай хамтарч ажиллаагүй. С.Өлзийхишигтэй ажилласан. Дагуулж ирсэн шалтгаан нь би ломбардад байгаа автомашинаа алдах гээд байна, автомашинаа зараад зөрүү мөнгийг чамд өгч ашиглуулъя гээд 5,500,000 төгрөг өгснийг нь би буцаагаад С.Өлзийхишигт өгсөн, авсан баримт хэрэгт байж байна. Бидний хоорондын тохироо бол тал талаасаа мөнгө нийлүүлж алт олборлоно гээд нийлцгээсэн. Автомашиныг зарахад би яваагүй. С.Өлзийхишиг явсан. Энэ бол тодорхой зүйлүүд. Намайг аваад идчихсэн юм шиг яриад байх юм. Авсан баримт, авсан эзэн нь байж байна. Иймд надаас энэ мөнгийг нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй, С.Өлзийхишигтэй Д.Бадамханд учраа олох байх болсон процесс гэвэл энэ. Гэхдээ эхний ээлжинд гарсан алтыг Д.Бадамханд, С.Өлзийхишигээс оруулсан хөрөнгө оруулалт гэж авч яваад, эргэж ирж ажиллаагүй. Мөнгөө алт болгоод аваад явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00015 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бадамхандын нэхэмжлэлтэй, Ч.Чулуунбаатарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 5,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/00593 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ч.Чулуунбаатараас 5,500,000 төгрөгийг гаргуулж Д.Бадамхандад олгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ч.Чулуунбаатараас 102,950 төгрөгийг гаргуулж Д.Бадамхандад олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалд ...Д.Бадамханд нь 2017.05.19-ний өдөр Ч.Чулуунбаатарт 5,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, Ч.Чулуунбаатар нь уг мөнгийг хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, гэрч З.Дуламсүрэнгийн ...5 сарын дундуур мөнгийг Ч.Чулуунбаатарт аваачиж тоолж өгсөн... гэх мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт авагдсан гэрч З.Дуламсүрэнгийн мэдүүлгээс зөвхөн мөнгө өгсөн асуудлыг авч дүгнээд бусад үйл баримтын талаарх мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй, мөн гэрч Т.Булган-Эрдэнийн мэдүүлгийг огт дүгнээгүй, мөнгө шилжүүлсэн баримт болон нэхэмжлэгч алт авсан баримт болон аваагүй гэдгээ үгүйсгэж няцааж чадаагүй, энэ тухай хэрэгт ямар ч баримт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж дүгнэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль хэрэглээний алдаа гаргасан.

Магадлалд ...бэлэн мөнгөний зарлагын баримтад машины үнэ гэж бичсэн байгаагаас үзэхэд түүнийг хамтран ажиллах гэрээний хувь оруулах зорилгоор мөнгө шилжүүлсэн гэж үзэх боломжгүй гэжээ. Хамтран ажиллах гэрээг Баян-Эрдэнэ трейд ХХК-ийн захирал Ч.Чулуунбаатар нэр бүхий н.Батбуян, П.Булган-Эрдэнэ, С.Өлзийхишиг нартай байгуулсан, нэхэмжлэгч нь н.Өлзийхишигтэй эртний танилууд, нэхэмжлэгч ...машины үнэ ...5,500,000 төгрөг гэж тодорхойлж бичсэн байхад давж заалдах шатны шүүх буцааж өгөх ёстой гэж үзэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь С.Өлзийхишигээр дамжуулаад алт угаах төхөөрөмжийн урьдчилгаа нэрээр 5,3000,000 төгрөг нийлж авсан, мөн эхний ээлжийн олборлолтоос гарсан 52 грамм алтыг ашиг гэж аваад найз гэрч З.Дуламсүрэнгээр дамжуулан хувааж авсан зэргийг нотолсон гэрч П.Булган-Эрдэнийн мэдүүлэг, алт авсан баримт хэрэгт авагдсан байдаг. Энэхүү хэрэгт С.Өлзийхишигийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж шүүхээс эрэн сурвалжлах, албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарч, гэрчээр зайлшгүй оролцуулах байсан боловч хүсэлт, захирамж хэрэгжээгүй.

Б.Бадамханд, З.Дуламсүрэн нар нь Баян-Эрдэнэ трейд ХХК-ийн олборлолтын гэрээний дагуу Увс аймгийн Тариалан суманд алт олборлоход баг болж хамтдаа явсан бөгөөд олборлолтын үйл ажиллагаанд оролцож гарсан алтнаас авсан зэрэг үйл баримт болон Баян-Эрдэнэ трейд ХХК-д ...машины үнэ 5,500,000 төгрөг шилжүүлсэн баримтаар Ч.Чулуунбаатараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, зохигчийн хооронд үүссэн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Д.Бадамханд Ч.Чулуунбаатарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 5,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хангаж шийдвэрлэсэн байна. 

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж чадаагүйн улмаас Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ. 

1. 2017 онд Баян-Эрдэнэ трейд ХХК, н.Батбуян, П.Булган-Эрдэнэ, С.Өлзийхишиг нар Увс аймгийн Тариалан сумын нутагт орших ашигт малтмалын зөвшөөрөл бүхий газар олборлолтын үйл ажиллагаа явуулахаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2017.05.09-ний өдрөөс 6 сарын хугацаатай гэрээ үргэлжлэхээр, нэхэмжлэгч түлшний үнэ, өөрсдийн үйл ажиллагааны эрсдэлийг хариуцахаар, хариуцагч нар техник, тоног төхөөрөмж гаргаж, талууд ашгаа тэнцүү хуваан авахаар тохиролцжээ. 

Хэрэгт авагдсан гэрч З.Дуламсүрэнгийн ...Б.Бадамханд Ч.Чулуунбаатарт 5,500,000 төгрөгийг тоолж өгөхөд би байсан. ...С.Өлзийхишиг, Т.Булган-Эрдэнэ хоёр байсан санагдаж байна. ...Зардал хийнэ. Үгүй бол бензин тос авна. Би хамаг юмаа барьцаанд тавьсан гэж Ч.Чулуунбаатар хэлсэн..., гэрч Т.Булган-Эрдэнийн ...бид нар алт олборлохоор тал талаасаа хөрөнгө босгож, Ч.Чулуунбаатар 40,000,000 төгрөг, би 45,000,000 төгрөг, С.Өлзийхишиг 20,000,000 төгрөг, Б.Бадамханд 5,000,000 төгрөг гаргасан. Эхний угаалтаар 32 грамм билүү 52 грамм билүү сайн санахгүй байна, алт гарсныг Б.Бадамханд оруулсан хөрөнгөө авлаа гээд авч яваад цаашид дахин ажиллаагүй. Бидний тохиролцоо бол гаргасан хэмжээний мөнгөөрөө ашгаа хувааж авах байсан... гэх мэдүүлэг, Баян-Эрдэнэ трейд ХХК-ийн 2017.05.19-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтад ...Ч.Чулуунбаатарт Д.Бадамхандаас 5,500,000 төгрөг хүлээлгэн өгөв... гэж хэн аль нь гарын үсгээ зурсан байдлаас үзвэл нэхэмжлэгч Баян-Эрдэнэ трейд ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газар алт олборлохоор хамтран ажиллах гэрээ байгуулаагүй ч 2017.05.19-ний өдөр Д.Бадамханд нь Ч.Чулуунбаатартай хамтран ажиллахаар 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.  

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэн, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн байна. 

Зохигч хамтарч алт олборлож, олсон ашгаа хуваахаар амаар харилцан тохиролцжээ. 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, 477.2-т хураамжийг мөнгөн эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно, 477.3-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэжээ. 

Хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг нь хамтын ажиллагаа тул түүнийг хэрхэн явуулах талаар зохигчид харилцан тохиролцож, эрхлэн явуулахаар гэрээндээ тусгаж, ашиг шимээ тэнцүү хуваарилж хүртэхээр заасан байх тул гэрээг хүчин төгөлдөр болох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

2. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна мөн зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж тус тус зохицуулан хуульчилжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан 5,500,000 төгрөгтөө хамтран ажилласан газраас гарсан алтнаас аваагүй гэдгээ үгүйсгэж, няцааж чадаагүй, түүнчлэн алт олборлоод хэдий хэмжээний ашиг, орлого олсон болохыг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна. 

Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч хураамжаа оруулсан, хамтын үйл ажиллагааг явуулсан тул хураамжийг буцаан шаардах эрхгүй.  

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/00593 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.АТАРЦЭЦЭГ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                П.ЗОЛЗАЯА 

                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                 Х.ЭРДЭНЭСУВД