Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00388

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00053 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Жт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34 782 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Э.Ж-тай 2017.01.25-ны өдөр ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 30 000 000 төгрөг, 2017.02.06-ны өдөр ЗГ-1702060004 тоот зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 10 000 000 төгрөг тус тус нийт 40 000 000 төгрөгийг зээлсэн. Э.Ж нь ЗГ-1702060004 тоот зээлийн гэрээний үүрэг 2017.4.25-ны өдөр дуусах байсан боловч 2018.01.17-ны өдөр 267 хоног хугацаа хэтрүүлж, нийт үндсэн зээлд 10 000 000 төгрөг, зээлийн хүү 5 750 000 төгрөг, алдангид 5 000 000 төгрөг нийт 20 750 000 төгрөгийг төлсөн. Харин ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээнд шүүх хурал болох өдөр буюу 2018.11.27-ны өдрийн байдлаар 490 хоног хугацаа хэтэрч нийт үндсэн зээлд 30 000 000 төгрөг зээлийн хүүд 29 577 900 төгрөг, алдангид 11 205 000 төгрөг нийт 70 782 900 төгрөг төлөх байснаас үндсэн зээлд 7 590 000 төгрөг, зээлийн хүүд 17 850 000 төгрөг, алдангид 10 560 000 төгрөг нийт 36 000 000 төгрөг төлсөн. Дээрх зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтүүд тус тусдаа биш, нийт дүнгээрээ дансанд орж ирсэн байсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч 2018.01.27-ны өдрөөс хойш ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээний төлбөр хийгээгүй. Хариуцагчаас ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээний төлбөрт 2018.11.27-ны өдрийг хүртлэх байдлаар алданги, зээлийн хүү, үндсэн зээл төлөх дарааллаар тооцвол 490 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээлд 22 410 000 төгрөг, хүүд 11 727 900 төгрөг, алдангид 645 000 төгрөг нийт 34 782 900 гаргуулж өгнө үү. Хариуцагчаас нийт дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт 56 750 000 төгрөг төлсөн талаар маргахгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2017.1.25-ны өдөр ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2017.2.6-ны өдөр ЗГ-1702060004 тоот зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. Нэхэмжлэгчээс шүүхэд 2017.1.25-ны өдрийн ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 56 750 000 төгрөгийг төлсөн. №ЗГ1701250004 тоот гэрээний буюу 10 сая төгрөгийн хүүд 1 300 000 төгрөг, 30 сая төгрөгийн зээлийн гэрээний хүүнд 9 600 000 төгрөг төлсөн, 2017.7.28-ны өдрөөс 2018.1.17-ны өдөр хүртэл хугацаанд алданги 5 067 600 төгрөг төлж, үндсэн зээлээс 2017.7.28-ны байдлаар 782 400 төгрөг төлсөн. Ингээд 2018.1.17-ны өдөр 40 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлд 29 217 600 төгрөг, мөн энэ хугацааны алдангид 5 159 255 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 5 623 145 төгрөгийг №ЗГ1701250004 тоот зээлийн гэрээний үүрэгт тооцож өгсөн. ЗГ-1701250001 тоот гэрээний хугацаа 6 сарын хугацаатай бөгөөд бид энэ гэрээний хугацааг сунгаагүй. Манай зүгээс 2017.7.26-ны өдрөөс хойш өгсөн мөнгийг алданги болон үндсэн зээлд тооцож өгсөн. Зээлийн гэрээний үүргийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Жаас 34 782 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх зөвхөн хариуцагч талаас өгсөн тайлбарыг үндэслэж анх авсан 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангасан гэж үзсэн. Хариуцагчийн төлөлтөөс 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангасан байдлаар тооцооллыг хийсэн ба шүүх 30 000 000 төгрөгийн зээлийн гүйцэтгэлийг хангасан байдлаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2017 оны 2 сарын 6-ны өдрийн гэрээтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэж дүгнэсэн боловч дээрх гэрээний үүрэгт хариуцагчаас 1 300 000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь зөрчилтэй, хоёрдмол утга агуулгатай шийдвэр болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн залруулж, шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч Э.Жт холбогдуулж 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээний үүрэгт 34 782 900 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..зээлийн гэрээний үүргийг төлж дууссан” гэж маргажээ. /хх-1-2, 44-45, 119/

 

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 30 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-1702060004 тоот зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 10 000 000 төгрөг нийт 40 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэнд маргаагүй. /хх-1-2, 44-45, 119/

 

Нэхэмжлэгч хэдийгээр 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ хариуцагчийн төлсөн мөнгөн хөрөнгийг хугацаа нь болсон өрөнд буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-1702060004 тоот зээлийн гэрээний үүрэгт суутган тооцож, уг гэрээний үүрэг дуусгавар болсон. Үлдсэн мөнгийг ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтэд тооцож суутгахад одоогийн байдлаар ЗГ-1701250001 тоот гэрээний биелэлтэд 34 782 900 төгрөгийн үүрэг үлдэж байна” гэж тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Учир нь хэд хэдэн зээлийн үүрэг төлөхөөр байгаа тохиолдолд хугацаа нь болсон үүргийн хувьд төлөөгүй тохиолдолд алданги тооцох зэрэг илүү хүнд нөхцөл үүсэх юм. Талуудын хоорондын гэрээнүүдийн нөхцлөөс харахад 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-1702060004 тоот зээлийн гэрээ нь 2 сарын хугацаатай,  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээ нь  6 сарын хугацаатай байх бөгөөд үүрэг гүйцэтгэгчээс төлсөн төлбөрийг хугацаа нь болсон өрөнд суутган авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй юм. Нэхэмжлэл нь шаардлага, үндэслэл хоёроос бүрдэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-1702060004 тоот зээлийн гэрээний тооцооллыг зааж, талууд уг тооцооллоор мэтгэлцэж байхад анхан шатны шүүхээс үүргүүдийг суутган тооцох, үүрэг гүйцэтгэх хуулиар тогтоосон дараалал зэргийг анхаарч дүгнээгүй нь буруу болжээ.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56 750 000 төгрөг төлөгдсөнд маргаангүй. Гагцхүү зохигчид хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг аль гэрээний үүрэгт тооцох, тооцооллын асуудал зэрэгт маргажээ. /хх-1-2, 44-45, 114-124/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан нь мөн зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ. /хх-7-8, 10-11/ Түүнчлэн талуудын байгуулсан дээрх гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөх, алданги нь хоног тутамд хугацаа хэтэрч буй үндсэн зээлийн 0,2 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хэмжээ, хязгаарын дотор байна.

 

Иймд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас гэрээгээр тохиролцсон зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримталж 11 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 6 сарын хугацаатай 30 хоногийн 5 хувийн хүүтэй 30 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, алдангийн хамт төлөгдөөгүй дүн нь нийт 34 782 900 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 2 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний буюу 2 дахь зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн мөнгөн төлбөрөөс тухай бүрийд нь тооцогдож дууссан учраас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үүргийн үлдэгдлийг шаардаж байна” гэсэн агуулгаар тодорхойлсон нөхцөлд гэрээ тус бүрээр дүгнэлт хийж байж, гэрээ бүрийн үүргийн гүйцэтгэл, тооцогдох ёстой мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлох боломжтой болох юм. /хх-44-45/

 

Харин анхан шатны шүүхээс үүргийн гүйцэтгэлийн хувьд харилцан тооцогдох боломжтой дээрх 2 гэрээний харилцааг зөв үнэлээгүй, зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний харилцааг дүгнээгүй нь буруу бөгөөд дээрх гэрээг дүгнэснээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг тодруулах, эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой болох юм. /хх-125-129/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хугацаатай байгуулж, гэрээгээр тогтоосон хугацаандаа хүү тооцох, хэтэрсэн хугацаанд хүү тооцох эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс дүгнэж үзвэл 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 30 000 000 төгрөгийн сарын хүү нь 1 500 000 төгрөг 6 сарын хүү нь 1 500 000х 6 = 9 000 000 төгрөг, нийт үндсэн зээл хүүгийн хамт 39 000 000 төгрөг төлөх үүрэгтэй юм. Талууд зээл төлөх хуваарийг тухайлан график байгуулж тохирсон бөгөөд хэрэгт авагдсан “П ББСБ” ХХК-ийн хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл хариуцагч нь нийт 9 500 000 төгрөгийг хугацаандаа төлсөн гэж үзэхээр байна. /хх-74-81/

 

Иймд нэхэмжлэгч хариуцагчийн хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй 29 500 000 (39 000 000 – 9 500 000= 29 500 000) төгрөгт ногдох алданги тооцох үндэслэлтэй байна. Ийнхүү тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд нийцүүлэн 14 750 000 төгрөгийн (29 500 000/2= 14 750 000) алдангийг шаардах эрхтэй. Нэгтгэн бодвол нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 44 250 000 (29 500 000 + 14 750 000= 44 250 000) төгрөгийг шаардах эрхтэй байна. Харин 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 2 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй зээлийн гэрээг дүгнэж үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 10 000 000 төгрөгийн сарын хүү нь 500 000 төгрөг, 2 сарын хүү нь 500 000 х 2 = 1 000 000 төгрөг нийт үндсэн зээл хүүгийн хамт 11 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Талууд гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон, зохигчдын тайлбараар дээрх үүргийг хариуцагч хугацаандаа гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацаанд алданги тооцож шаардах эрхтэй ба алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 5 500 000 төгрөг (11 000 000/2=5 500 000 ) болж байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт 16 500 000 (11 000 000+5 500 000= 16 500 000 ) төгрөгийг шаардах үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь Хаан банк ХХК-ийн нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сэлэнгийн 5037627783, “П ББСБ” ХХК-ийн 5037515285 тоот дансанд нийт 58 450 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул дээрх хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. /хх-67-84/ Иймд хариуцагчийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлөх үүрэгтэй 44 250 000 төгрөгөөс хугацаандаа төлсөн 9 500 000 төгрөг болон 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн 16 500 000 төгрөгийг хариуцагчийн төлсөн нийт үнийн дүнгээс хасч 32 450 000 (58 450 000 -16 500 000 – 9 500 000= 32 450 000 ) төгрөгийн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд талуудын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг нийт 44 250 000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэг болох 32 450 000 төгрөгийг хасч тооцож 11 800 000 (44 250 000 – 32 450 000= 11 800 000 ) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 11 800 000 (44 250 000 – 32 450 000= 11 800 000 ) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Э.Жаас 11 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Л” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 982 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Э.Жаас 203 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Л” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 865 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД