Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/01528

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/01528

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01370/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дугаар хороо, * дүгээр хороолол, *** гудамж, ** дүгээр байрны ** тоотод оршин суух Д овогт Д Б /РД: Ч*67******, Утас: ********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, **А байрны ** тоотод оршин суух Б овогт Чын Б /РД: Т*78******, Утас: 99******/-д холбогдох,

"Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дугаар хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаарт бүртгэгдсэн **а байрны ** тоот орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон №0006***** тоот гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна.

Тухайлбал, миний бие дээрх орон сууцны барилгыг барьж, гүйцэтгэсэн барилгын компани болох Ласти-Интернэшнл ХХК-д хөрөнгө оруулж, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж хамтран ажилласан боловч тус компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчсөөр байсан тул миний бие шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл Ч.Б гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар азамшиж байгаагийн улмаас миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна. Түүнийг тухайн байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг миний бие 2021 онд гаргаж байсан боловч улсын бүртгэлтэй холбоотой асуудал Захиргааны хэргийн шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан болно. Одоо энэ асуудал Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, иргэн Д.Б миний биеийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б Дархан-Уул аймгийн Дархан сум **-р баг **-р хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү2003****** дугаартай **а байрны ** тоот орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлээс олгосон гэрчилгээний үндсэн дээр өмчилж байгаа. Д.Б нь барилгын Ласти-Интернэшнл ХХК-д хөрөнгө оруулж тухайн компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хамтран ажиллаад тус компани нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэх байсан учир Д.Б шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр хууль ёсны өмчлөгч болсон байдаг. Өнөөдрийн байдлаар Ч.Ба нь Д.Бгийн өмчлөлийн дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байгаа учир нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийн хүрээнд эзэмших, ашиглах захиран зарцуулах боломжгүй болоод байна. Ч.Быг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг 2021 онд нэхэмжлэл гаргасан боловч хууль ёсны өмчлөлтэй холбоотой асуудал нь өмчөө захиран зарцуулахад саад болсон. Уг маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Д.Б тухайн маргааныг хянан шийдвэрлэж дууссаны дараа дахин хариуцагч Ч.Быг өөрийн өмчлөлийн ** тоот орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байна. Иргэний хуульд заасан эрхийн хүрээнд өөрийн өмчөө захиран зарцуулах эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Эвлэрэн хэлэлцэх санал дээр өмчлөгч Д.Бтай уулзаж ярилцаж болно гэжээ.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие тус байрыг 2019 онд Ласти интернэшнл ХХК болон Дархан Дулааны сүлжээ ХК-ний хамтарсан гэрээний дагуу гэрээ байгуулж орсон бөгөөд урьдчилгаа 9,000,000 төгрөг төлж орсон ба сар бүр 500,000 төгрөг төлж байсан. Гэрээний дагуу Дархан Дулааны сүлжээ ХК-нд төлбөрийг төлж Ласти интернэшнл ХХК-н дулааны төлбөрт тушааж байсан болно. Иргэн Д.Бгийн нэхэмжлэлийн дагуу тус байрыг суллах боломжгүй гэж үзэж байна. Ласти интернэшнл ХХК-н дулааны төлбөрт тушаасан баримт болон тус компантай хийж байсан гэрээг хавсаргаж өгнө. Иргэн Д.Бгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй болно. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Он шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манайх 2018 онд байранд орсон. Сар болгон 500,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай төлөхөөр харилцан гэрээ байгуулсан. Манайх Ласти интернэшнл ХХК-д 16,500,000 төгрөгийг төлсөн. Тухайн үд бид Ласти интернэшнл ХХК-тай гэрээ байгуулсан. Явцын дунд Д.Б манай байрны өмчлөгч болсон байсан. Бид өмчлөгч нь өөрчлөгдөөд байсан учир Ласти интернэшнл ХХК-д байрны мөнгө өгөх төлөлтийг зогсоосон. Тухайн үед маргаан бүхий байрыг аваагүй байсан бол бид нэг өрөө байр авах боломжтой байсан. Одоо бид хохирч байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Э нь шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 2 дахь удаагаа Дархан-Уул аймгийн шүүхээр орж хэлэлцэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ласти интернэшнл ХХК болон Энхбаатар гэдэг хоёр хүний хооронд хийгдсэн гэрээ. Маргааны зүйл болж байгаа Дархан-Уул аймаг Дархан сум **-р баг **-р хороолол **а блокны ** тоот **м квадрат нэг өрөө байрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Тухайн байрыг анх 1м квадратыг 1,000,000 төгрөгөөр тооцож 41,3м кв байрыг 41,300,000 төгрөгөөр 5 жилийн хугацаатай төлөхөөр тохирсон. н.Энхбаатар гэж хүн тухайн байрыг авсан байдаг. н.Энхбаатар нь Улаанбаатар хот руу шилжихээр болсон учир хариуцагч Ч.Б тухайн байрыг шилжүүлж өгсөн. Ч.Б нь байрны урьдчилгаанд нийтдээ 16,000,000 төгрөг төлсөн байдаг. Ласти интернэшнл ХХК-ий Дархан дулааны эрчим хүчний төлбөрт төлөх төлбөрт нь 16,000,000 төгрөгийг төлж байранд орсон байдаг. Тухайн байранд ороод байж байтал Ласти интэрнешнл ХХК болон иргэн Д.Б нарын хооронд маргаан гарч тухайн байрны 44 байрыг Д.Б хөрөнгө оруулалт оруулсан мөнгөнд Ласти интернэшнл ХХК-с өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Ч.Б байрандаа амьдарч байхад байрны өмчлөгч өөрчлөгдсөн. Д.Б болон Ч.Б нарын хооронд байрнаас болж маргаан гарсан. Тухайн байрны өмчлөгч, эзэмшигч нарын хоорондын маргаан одоо болтол явж байгаа.. Д.Бд холбогдуулж 2021 онд гарсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш маргаан явагдаж байгаа. Нэхэмжлэгч талд хариуцагчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх санал тавьсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмчлөгч Д.Бтай хариуцагч Ч.Б утсаар 1м квадратыг 1,500,000 төгрөгөөр тооцож 61,000,000 төгрөгийг өгье гэж хэлэхэд нь Д.Б хүлээн зөвшөөрсөн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрэх саналыг зөвшөөрөхгүй гэж хэлж байгаа нь ойлгохгүй байна. Хариуцагч төлбөрөө төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн татгалзаж байна. Цаашдаа эвлэрэх боломж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ч.Бд холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, **А байрны ** тоот орон сууцаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2003****** дугаарт бүртгэж олгосон гэрчилгээгээр Д овогт Дийн Б нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, **А байрны ** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон байна.

3. Хариуцагч Ч.Б нь ...тус байрыг 2019 онд Ласти-Интернэшнл ХХК болон Дархан дулааны сүлжээ ХК-ийн хамтарсан гэрээний дагуу гэрээ байгуулж орсон бөгөөд урьдчилгаа 9,000,000 төгрөг төлж орсон ба сар бүр 500,000 төгрөг төлж байсан. Гэрээний дагуу Дархан дулааны сүлжээ ХК-д төлбөрийг төлж Ласти-Интернэшнл ХХК-ийн дулааны төлбөрт тушааж байсан болно. Иргэн Д.Бгийн нэхэмжлэлийн дагуу тус байрыг суллах боломжгүй гэж үзэж байна... гэж тайлбарладаг болно.

4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, **А байрны ** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

5. Хариуцагч Ч.Б нь тус орон сууцанд оршин сууж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Болормаагийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, **А байрны ** тоот, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч З.Э нь ... нэхэмжлэгч Д.Бгийн өмчлөлийг түдгэлзүүлсэн гэж дуулсан. Тиймээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулж байж энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ... гэж тайлбар гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийдвэрээр Д.Бгийн нэр дээр олгосон Ү-2003****** дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн Дархан сумын ** дүгээр багийн ** дугаар хороолол **А блокийн **, **, **, ** холбогдох хэсэг байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч Улсын бүртгэлийн газрыг буруутгах үндэслэлгүй, дээрх хуулийн 5 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноо баталгаажна гэж зааснаар тухайн орон сууцыг өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулах талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй юм.

7. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан, энэхүү үүргээ хариуцагч Ч.Б биелүүлээгүйгээс өмчлөх эрх нэхэмжлэгч Д.Бд үүссэн байна.

8. Мөн тус шүүхийн 20** оны 0* дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 00491 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн маргаан нь Захирааны хэргийн шүүх дээр захиргааны хэрэг үүсэж, анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа гэдэг үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Одоо нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд маргааны зүйлтэй холбоотой болон өмчлөх эрхийн маргаантай асуудал байхгүй байх тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, **А байрны ** тоот, орон сууцны зориулалттай, Ү-2003***** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС