Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2023/00005

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 25-ны өдрийн 1528 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

      Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай,

Иргэний хэргийг хариуцагч Ч.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 10а байрны 64 тоот орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон №******* тоот гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна.

“” ХХК-д хөрөнгө оруулж, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж хамтран ажилласан боловч тус компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчсөөр байсан тул миний бие шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл ******* гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна. Түүнийг тухайн байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг миний бие 2021 онд гаргаж байсан боловч улсын бүртгэлтэй холбоотой асуудал Захиргааны хэргийн шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Одоо энэ асуудал Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, иргэн *******г хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

...Миний бие 2019 онд “” ХХК болон ХК-ний хамтарсан гэрээний дагуу гэрээ байгуулж орсон.

Урьдчилгаа 9,000,000 төгрөг, сар бүр 500,000 төгрөг төлж байсан. Гэрээний дагуу ХК-нд төлбөрийг төлж “” ХХК-н дулааны төлбөрт тушааж байсан. Иргэн *******гийн нэхэмжлэлийн дагуу тус байрыг суллах боломжгүй гэж үзэж байна. “” ХХК-н дулааны төлбөрт тушаасан баримт болон тус компанитай хийж байсан гэрээг хавсаргаж өгнө. Иргэн *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны 64 тоот, орон сууцны зориулалттай, ******* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны 64 тоот байрнаас гаргах шийдвэр гаргасан. Өвлийн хүйтэнд байрнаас гаргах энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Баттулгын  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

         2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Хэргээс судлан үзвэл:

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д  холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13-р хороололд байрлах 10А байрны 64  тоот 2 өрөө орон сууцыг ******* нь хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас өөрийн өмчлөлийн орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, хохирч  байна. Иймд *******ас уг орон сууцыг  албадан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

4. Хариуцагч ******* нь ... миний бие  тус байрыг 2019 онд ХХК болон ХК-ны хамтарсан гэрээний дагуу гэрээ байгуулж,  урьдчилгаа 9,000,000 төгрөг төлж,  сар бүр 500,000 төгрөг төлж байсан. Гэрээний дагуу ХК-д  ХХК-н дулаан төлбөрт тушааж байсан болно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус  гаргаж маргажээ.

5. Анхан шатны шүүх нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж,

мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч *******  нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэн авч буй хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх үүргээ  биелүүлээгүйгээс дээрх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь нэхэмжлэгч *******д үүссэн байна гэж,

хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдож байх тул түүний татгалзал үндэслэлгүй гэж тус тус дүгнэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны  64 тоот орон сууцыг  хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн  хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6. Хариуцагч ******* гомдолдоо ...өвлийн хүйтэнд байрнаас гаргах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

7. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр шилжих иргэний эрх зүйн үндсэн дүрмээс гадна маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нь хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж буюу шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүссэн байх бөгөөд *******д өмчлөх эрх нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр  баталгаажсан байна. /хх- 6/

10. Хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргээс хариуцагч Ч.Баттулгын ...өвлийн хүйтэнд байрнаас гаргах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ холбогдох  хуулийг зөв хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр өөрөөр хэлбэл, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 25-ний өдрийн 1528 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, ... “ гэснийг 

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ...” гэж өөрчилж, уг заалтын бусад бичвэр болон шийдвэрийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг  Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

              

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА                                                          

                                                     ШҮҮГЧИД                                        Я.ТУУЛ                                                                                    

                                                                                                               Х.БАЙГАЛМАА