Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/04771

 

 

 

 

 

 

                                2022       11          11

                   101/ШШ2022/04771

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Х” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  У.М /рд:-д холбогдох

72,923,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн төлөөлөгч Ё.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-ийн захирал Н.М би У.Мын хүсэлтийн дагуу Ц ХХК-с 40.000.000 төгрөгийг зээл авахад барьцаа хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар түүнтэй хамтран 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, улмаар компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон У.Мын эзэмшлийн benz spirinter автомашиныг барьцаалж 40.000.000 төгрөгийг авахаар болж, уг зээлийн мөнгийг У.М бүтнээр нь хүлээн авсан. Гэтэл У.М нь уг зээлийн мөнгийг бүтнээр нь авч хэрэглэсэн атлаа зээлийг эргэн төлөлтөөс нийтдээ 9,400,000 төгрөг л төлсөн байдаг. Гэтэл Ц ХХК нь 2017 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд У.Мыг хамтран хариуцагчаар татсан боловч У.М зугтаад олдохгүй байсан тул зөвхөн Х ХХК-д холбогдуулан уг хэргийг хянан хэлэлцэж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн дугаартай шийдвэрээр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022.03.24-ний өдрийн дугаартай магадлалаар, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2022.06.10-ны өдрийн шүүх хуралдаанаар 72.923.313 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Манай компанийн хувьд уг зээлээр олгосон мөнгийг авч хэрэглээгүй бөгөөд харин хамтран зээлдэгч У.М нь бүгдийг нь авч хэрэглэсэн болно.

Иймээс У.Моос дээрх Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.06.10-ны өдрийн 718 дугаартай тогтоолоор манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн 72.923.313 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагчаас 72 сая төгрөгийг Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь ББСБ-с хамтран зээл авсан. Энэ 40 саяын зээлийг хамтран оролцуулах болсон нь барьцааны хөрөнгийн хувьд хангалттай байхгүй байна гэсэн тул хамтран зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн 40 саяыг хариуцагч бүтнээр аваад эхний ээлжид буцаан төлөлт хийж байсан боловч сүүлдээ төлөхөө больсон. ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ хэргийн зохигчийг хариуцагчаар татсан боловч М нь олдоогүй бөгөөд эрэн сурвалжилсан боловч гадаадад гарсан болох нь тогтоогдсон. Ингээд ББСБ нь Мыг хариуцагчаар татахаас татгалзаад Х-аас гэрээний үүрэг шаардаж шийдвэр гарсан. Улмаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан ба дараа нь дээд шүүх хянаад Х ХХК-с зээлийн гэрээний үүрэгт 72 сая төгрөг гаргуулахаар шийдсэн. Нэхэмжлэгч нь энэ мөнгөнөөс мөнгө авч хэрэглээгүй боловч шүүх хамтран зээлийн гэрээнд оролцсон гэдэг үндэслэлээр шийдсэн. Ингээд зээлийн гэрээний үүргийг 3 шатны шүүх шийдсэнээр 72 сая төгрөгийг Х төлөх болсон. Нэгэнт Мын өмнөөс төлж байгаа тул Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь мөнгийг хадам ээж, аав авч хэрэглэсэн гэдэг. Шүүхийн шийдвэрээр үүргээс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагч нь татгалзлын хувьд нэхэмжлэгч зээл авах гэсэн чинь хариуцагчийг гуйгаад туслуулсан гэж ярьж байгаа нь худлаа юм. Нэхэмжлэгчийн зарим хөрөнгийг л барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөгүй тул хариуцагчаар оролцсон асуудал биш юм. Хариуцагч зээлийг төлөөд явж байсан нь зээлийг хариуцагч авсан гэдгийг нотолж байгаа талаар шүүх дүгнэчихсэн. Өмнө нь зээлийн гэрээний үүрэг шидсэн ба одоо харин бид үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргасан. Оролцогч давхацсан гэх үндэслэлгүй. Шийдвэрээр Хыг л төл гэж шийдсэн. Мөнгө төлөөгүй бол зохигчийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар л заасан. Машин нь хариуцагчийн өмчлөлд байгаа тул зээлийн үүргийг биелүүлсэн гэж үзэхгүй. М мөнгийг авсан гэж байна. Мөнгө авлаа гэсэн баримт байдаг. Гэвч улмаар мөнгийг хариуцагчид өгөөд тэр нь цаашаа өөр хүнд өгсөн байж болно. Нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч үүргээ бусдаар гүйцэтгүүлсэн тул нэхэмжлэл гаргаж байгаа юм. Шийдвэр гүйцэтгэлээс яриагүй бид мөнгийг төлөхөөр бэлдэж байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 187-д зааснаар харилцаа үүсээгүй гэдэг. Иргэний хуулийн 8-д зааснаар харилцаа үүсэхээр шүүхийн шийдвэр гарсан тул харилцаа үүссэн байна. Дээд шүүх 72 саяыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдсэн. Моос гаргуулахаар шийдээгүй. Бид хуулийн 492-р нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгчээс л зээлийн үүргийг гаргуулсан тул хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж зээлийн үүргээс чөлөөлөгдсөн. Хариуцагч нь зээлийг авсан талаар тайлбараа өөрөө тусгасан байдаг юм. Улмаар цаашаа хэнд өгснөө хэлсэн байдаг. Иймд хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэв.

 

Хариуцагч У.М, түүний төлөөлөгч Ё.М нь шүүхэд болон өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У овогтой М /РД:  миний бие нь Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Миний бие У.М нь иргэн Н.М-тай 2011 онд гэрлэсэн. Манай хадам аав Ч.Н, хадам ээж Г.О/РД:  / нар нь ОХУ-аас бараа оруулж ирж худалдан борлуулах бизнес эрхэлдэг байсан. Миний хувьд хадмуудынхаа бизнест тусалдаг байсан бөгөөд хөрөнгө, мөнгө захиран зарцуулах ямар ч эрхгүй байсан. Х ХХК-ийн захирал -г хадам ээжийн найз гэдгээр нь таньдаг байсан.

2016 оны 8 сард хадам ээж Г.Онь М-тай нийлж Ц-аас зээл авах гээд барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тул миний нэр дээрх ОРО улсын дугаартай Мерседес бенз маркийн 12 хүний суудалтай автомашиныг барьцаалж зээл авсан. Ингэхдээ чиний нэр дээрх машиныг барьцаалж байгаа тул хамтран зээлдэгчээр чамайг оруулах шаардлагатай гээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Миний хувьд тус зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд М нь зээлийг авч гарч ирээд, хадам ээж Г.О-д мөнгө тоолж өгсөн. Яг хэдэн төгрөг өгснийг нь тухайн үед би мэдээгүй. Тус зээлийн барьцааны Мерседес бенз машиныг тухайн үед хадмууд авахдаа анх миний нэр дээр авсан. Үүнээс хойш хадмуудыг зээл, хүүгийн мөнгө М-д өг гэхээр нь заримдаа мөнгийг нь аваачиж өгдөг байсан. 2016 оны 6 сард миний бие эхнэрийн хамт Япон улс руу явсан. 2019 оны 3 сард эхнэр буцаж ирсэн. Миний бие Япон улсад хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаад 2020 оны 9 сард Монголд буцаж ирсэн. 2020 оны 7 сараас эхлээд эхнэр болон хадмууд надтай ерөөсөө харилцахаа больсон. Одоогийн байдлаар эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа. Японоос ирээд юун зээл гарч ирээд, олон нийтийн сүлжээгээр доромжлуулаад байгаа талаар хадмуудаас асууж, энэ асуудлаа яаралтай шийдэхийг анхааруулсан. Энэ үед чамд ямар ч хамаагүй, нэр төртэй чинь холбоотой асуудлыг цэвэрлэж өгнө, зээлтэй холбоотой ямар ч асуудал чамд байхгүй гэж хэлж байсан. Намайг Японд байх хугацаанд М нь намайг өөрийг нь залилсан мэтээр олон нийтийн сүлжээгээр зарлаж, цагдаагаар эрэн сурвалжлуулсан байсан. Миний хувьд нэг ч төгрөг аваагүй тул Мг залилсан, зугтаасан асуудал байхгүй тул энэ үйлдэлд нь гомдолтой байдаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэл ирсэн. Ингээд энэ асуудал нь шийдэгдээгүй байгаа гэдгийг мэдээд хадам ээж Г.Отэй уулзаж шүүхийн нэхэмжлэлийг танилцуулахад энэ зээл чамд ямар ч хамаагүй, бид өөрсдөө хариуцна гээд надад тухайн зээлийг хариуцах талаар бичиг хийж өгсөн. Шүүх дээр очиж бүх тайлбарыг өгөхөд бэлэн гэдгээ хэлсэн /тайлбар бичгийг хавсаргав/.

У овогтой М миний бие нь Х ХХК-аас нэг ч төгрөг аваагүй тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймээс тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Зохигчид нь хамтран зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд хариуцагчийн машиныг барьцаалсан. Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөө барьцаалсан боловч хөрөнгө хүрэлцэхгүй байсан тул хариуцагчийн машиныг барьцаалсан тул гэрээнд гарын үсэг зурсан. Энэ зээлийн гэрээг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт гарсан шийдвэр байхад ББСБ-н зээлийн гэрээний үүргийг дахин нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний үүрэг үндэслэлийг дахин ярьж байна. Хэргийн оролцогч нь давхцаж байна. Иймд дахин нэхэмжлэл гаргах ёсгүй. ББСБ нь 2 зүйл шаардсан. Зээлийн гэрээний үүрэг болон төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүрэг хангуулах гэдэг. 3 шатны шүүх төлбөрийг төлөхгүй бол шийдвэр гүйцэтгэлд албадан гүйцэтгүүлэхээр даалгасан байдаг. Давахын шүүх Мын машин битүүмжлэгдсэн гэж дүгнэсэн. Энэ талаар хариуцагч нь хэрэгт баримт өгсөн байгаа юм. Иймд хариуцагч нь хөрөнгийг зарж үрээгүй шийдвэр биелэгдэх хөрөнгө нь байгаа юм. Машин нь 50 саяын үнэлгээтэй гэсэн байдаг. Иймд нэгэнт гарсан шүүхийн шийдвэртэй  асуудлыг дахин нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчээсээ юу нэхээд байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах этгээд биш юм. Хариуцагч нь Иргэний хуулийн 187-д зааснаар үүрэг үүсээгүй. Өмнөх шийдвэрээр Мыг төлөх ёстой гэж дүгнэгдээгүй. Нэхэмжлэгч нь Мыг мөнгийг авсан гэж байна. Гэтэл Хын захирал мөнгийг авсан гэж шүүх дүгнэсэн байдаг. Иймд хариуцагчийг мөнгө авсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Хуулийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 492-н хувьд бусын эд хөрөнгийг олж авсан гэсэн гол нөхцөл байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн эд хөрөнгийг олж авсан зүйлгүй тул 492-т заасан нөхцөл байхгүй юм. Мын үйлдэл нь хууль бус биш. Хариуцагч нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 72 саяыг авсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гарсан гэж байна. Гэтэл хоёулаа л үүрэг хүлээсэн тул Иргэний хуулийн 8-д заасныг хангахгүй байна. Үүргээс чөлөөлөгдсөн гэж байна гэтэл хөрөнгөө давхар барьцаалсан байдаг юм. Хариуцагчийн хөрөнгө барьцаалагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Төлбөрийг төлчихсөн бол өөр юм. Гэтэл төлбөр төлөгдөөгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 38/05-899 дугаар албан тоот /хх11/, 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх13-15/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01189 дүгээр шийдвэр /хх16-17/, 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх18-20/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01227 дугаар шийдвэр /хх21-31/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 00035 дугаар магадлал /хх32-46/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00718 дугаар тогтоол /хх47-53/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Г.Огийн гарсан хүсэлт /66-67, 69-70, 88/,  “Б” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт /хх127-128/, тээврийн хэрэгслийн лавлагаа /...-..../-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр бусдын зардлаар үүргээс чөлөөлөгдсөн тул 72,923,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хамтран зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр 72,923,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч У.М нь зээлийг авч хэрэглээгүй, барьцаа хөрөнгө шаардлагатай болсон тул тусалсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон боловч зээлийн гэрээний үүргээс бусдын зардлаар чөлөөлөгдсөн гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэлийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг үндэслэж гаргасан байна.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01227 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 00035 дугаар магадлалаар энэ хэргийн нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдох 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэжээ. /хх21-31, 32-46/

Ийнхүү шийдвэрлэхдээ шийдвэрээр “Х” ХХК-с 129,499,314 төгрөг гаргуулж, “Х” ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Харин магадлалаар “Х” ХХК-с 26,458,990 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00718 дугаар тогтоолоор “Х” ХХК-с 72,923,313 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрүүдийн үндэслэл болсон 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 032/16 дугаартай зээлийн гэрээний удиртгал хэсгээс үзэхэд энэхүү гэрээний зээлдүүлэгч нь “Ц” ХХК, зээлдэгч нь “Х” ХХК нар байна. /хх18-20/

Тодруулбал, энэхүү зээлийн гэрээгээр хариуцагч У.М нь үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр гэрээ байгуулсан гэх хэсэгт хамтран зээлдэгч У.М гэж гарын үсэг зурагдсан байх боловч удиртгал хэсэгт гэрээний талуудыг тодорхойлсон тул хариуцагч У.Мыг уг зээлийн гэрээний оролцогч гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн дээрх 3 шатны шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч У.М нь зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй, 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгдөөгүй байх тул хариуцагчийг бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан хураамжийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У.Мод холбогдох 72,923,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 33.44 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД