Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00209

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00209

 

 

 

,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/04771 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,,од холбогдох,

72,923,313 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч нь Цогзол Финанс ББСБ ХХК-аас хамтран зээл авсан. Зээлийн 40,000,000 төгрөгийг хариуцагч бүтнээр аваад эхэндээ буцаан төлөлт хийж байсан боловч сүүлдээ төлөхөө больсон. Цогзол Финанс ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагчаар татсан боловч ,,,,,,,,,,,,,,,, нь олдоогүй бөгөөд эрэн сурвалжилсан боловч гадаадад гарсан болох нь тогтоогдсон. Ингээд Цогзол Финанс ББСБ нь ,,,,,,,,,,,,,,,,ыг хариуцагчаар татахаас татгалзаад ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас гэрээний үүрэг шаардаж шийдвэр гарсан. Улмаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан ба дараа нь Дээд шүүх хянаад ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 72,923,313 төгрөг гаргуулахаар шийдсэн.

Нэхэмжлэгч нь энэ мөнгөнөөс авч хэрэглээгүй боловч шүүх хамтран зээлийн гэрээнд оролцсон гэдэг үндэслэлээр шийдсэн. Нэгэнт ,,,,,,,,,,,,,,,,ын өмнөөс төлж байгаа тул Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар дээрх 72,923,313 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь мөнгийг хадам ээж, аав авч хэрэглэсэн гэдэг. Шүүхийн шийдвэрээр үүргээс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.Нэхэмжлэгчийн зарим хөрөнгийг л барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөгүй тул хариуцагчаар оролцсон асуудал биш юм. Хариуцагч зээлийг төлөөд явж байсан нь зээлийг хариуцагч авсан гэдгийг нотолж байгаа талаар шүүх дүгнэсэн. Өмнө нь зээлийн гэрээний үүрэг шийдсэн ба одоо харин бид үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хадам аав Ч.Нэргүй, хадам ээж Г.Отгонхүү нар нь ОХУ-аас бараа оруулж ирж худалдан борлуулах бизнес эрхэлдэг байсан. Хадмуудынхаа бизнест тусалдаг байсан бөгөөд хөрөнгө, мөнгө захиран зарцуулах ямар ч эрхгүй байсан. ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн захирал Н.Мөнхтуяаг хадам ээжийн найз гэдгээр нь таньдаг байсан.

Улмаар 2016 оны 8 дугаар сард хадам ээж Г.Отгонхүү нь Н.Мөнхтуяатай нийлж Цогзол Финанс ББСБ ХХК-аас зээл авах гээд барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байсан тул миний нэр дээрх 00-42 ОРО улсын дугаартай Мерседес бенз маркийн 12 хүний суудалтай автомашиныг барьцаалж зээл авсан. Ингэхдээ чиний нэр дээрх автомашиныг барьцаалж байгаа тул хамтран зээлдэгчээр оруулах шаардлагатай гээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Миний хувьд тус зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд Н.Мөнхтуяа нь зээлийг авч гарч ирээд, хадам ээж Г.Отгонхүүд мөнгө тоолж өгсөн. Яг хэдэн төгрөг өгснийг нь тухайн үед би мэдээгүй. Барьцааны Мерседес бенз автомашиныг тухайн үед хадмууд авахдаа анх миний нэр дээр авсан. Хадмуудыг зээл, хүүгийн мөнгө Н.Мөнхтуяад өг гэхээр нь заримдаа мөнгийг нь аваачиж өгдөг байсан. 2016 оны 6 дугаар сард миний бие эхнэрийн хамт Япон улс руу явсан. 2019 оны 3 дугаар сард эхнэр буцаж ирсэн. Миний бие Япон улсад хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаад 2020 оны 9 дүгээр сард Монголд буцаж ирсэн. 2020 оны 7 сараас эхлээд эхнэр болон хадмууд надтай ерөөсөө харилцахаа больсон. Одоогийн байдлаар эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа. Японоос ирээд юун зээл гарч ирээд, олон нийтийн сүлжээгээр доромжлуулаад байгаа талаар хадмуудаас асууж, энэ асуудлаа яаралтай шийдэхийг анхааруулсан. Энэ үед чамд ямар ч хамаагүй, нэр төртэй чинь холбоотой асуудлыг цэвэрлэж өгнө, зээлтэй холбоотой ямар ч асуудал чамд байхгүй гэж хэлсэн. Намайг Японд байх хугацаанд Н.Мөнхтуяа нь намайг өөрийг нь залилсан мэтээр олон нийтийн сүлжээгээр зарлаж, Цагдаагаар эрэн сурвалжлуулсан байсан. Миний хувьд нэг ч төгрөг аваагүй тул Н.Мөнхтуяаг залилсан, зугтаасан асуудал байхгүй. Автомашин нь 50,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,од холбогдох 72,923,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 33.44 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тухай: Тус хэрэгт би нотлох баримт бүрдүүлэх талаар буюу Цогзол финанс ББСБ ХХК-аас ,,,,,,,,,,,,,,,,ын зээл авахаар гаргасан зээлдэгчийн хүсэлт, зээл төлж байсан талаарх нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан. ,,,,,,,,,,,,,,,,ыг зээлийн гэрээний үүрэг хүлээгээгүй, зээлийн гэрээний оролцогч биш гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй.

4.2 Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Уг хэргийн 18-20 дахь талд авагдсан зээлийн гэрээ, түүний хавсралт, 13-15 дахь талд авагдсан барьцааны гэрээнд ,,,,,,,,,,,,,,,, нь хамтран зээлдэгчээр, барьцаалуулагчаар оролцож гарын үсэг зурсан байх ба энэ талаарх шүүх хуралдааны явцад болон хариуцагчийн хариу тайлбараар огт маргаагүй, харин хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээнд, барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон нь үнэн боловч уг зээлийн мөнгөөр хадам аав, ээж нар нь хэрэглэсэн гэж мэтгэлцдэг.

Гэтэл дээрх, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд ,,,,,,,,,,,,,,,, нь оролцож гарын үсэг зурсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэхээр байхад ийнхүү шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрээнүүд, нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан зээл авах хүсэлт /зээлдэгчийн анкетыг ,,,,,,,,,,,,,,,, өөрөө бөглөж, зээл авах хүсэлтээ илэрхийлсэн байдаг/, зээлийг ,,,,,,,,,,,,,,,, төлж байсан тухай нотлох баримтууд, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1227 дугаар шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай магадлал зэргээс дүгнэвэл тогтоогдож байгаа үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40,3, 40.4-т зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.3 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Цогзол финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээгээр хүлээсэн ,,,,,,,,,,,,,,,,ын үүрэг нь энэ хэрэгт авсан 3 шатны шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардаагаа тодорхойлсон. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,оос Цогзол финанс ББСБ ХХК дахин нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүрэг шаардах хууль зүйн боломжгүй болсон бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь уг үүргийг гүйцэтгэх нь тодорхой болсон бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэх учиртай. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасныг баримталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу тайлбарлан хэрэглэснээс гадна Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн. Мөн 3 шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэж байсан тул нэхэмжлэгч тал өөрсдөд нь гаргаж өгөх хангалттай нотлох баримт байсан. Түүнчлэн нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байхаар хуульд зохицуулсан. Хариуцагч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг дээр маргасан. ,,,,,,,,,,,,,,,, зээлийг аваагүй гэдгээ тайлбартаа бичсэн. Н.Мөнхтуяа нь зээлийг авсан ба барьцаалах эд хөрөнгө дутсан учраас ,,,,,,,,,,,,,,,,ын 0042 дугаартай автомашиныг барьцаанд тавьсан тухай хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч тал уг зээлийг бэлнээр авсан нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Мөн ,,,,,,,,,,,,,,,,ын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон нь энэ хүн хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш.

Мөн нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй юм. Харин Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй болохыг шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,од холбогдуулан хамтран зээлдэгч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр 72,923,313 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зээлийг авч хэрэглээгүй, нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай болсон тул тусалсан гэж маргажээ.

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. Цогзол финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох зээлийн гэрээний төлбөрт 129,499,314 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01227 дугаар шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас 129,499,314 төгрөг гаргуулж, ,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 00035 дугаар магадлалаар ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас 26,458,990 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00718 дугаар тогтоолоор ,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас 72,923,313 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх21-31, 32-46, 47-53/

Дээрх шийдвэрүүдийн үндэслэл болсон 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 032/16 дугаартай зээлийн гэрээний удиртгал хэсгээс үзэхэд энэхүү гэрээний зээлдүүлэгч нь Цогзол финанс ББСБ ХХК, зээлдэгч нь ,,,,,,,,,,,,,,,,, ХХК, ,,,,,,,,,,,,,,,, нар байна.

3.б. Анхан шатны шүүх энэхүү зээлийн гэрээгээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 032/16 дугаар зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурж, зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна. /хх18-20/

3.в. Харин анхан шатны шүүхээс 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгдөөгүй байх тул хариуцагчийг бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан.

Дээрхээс үзвэл үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэсний дараагаар шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу 72,923,313 төгрөгийг төлсний дараагаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс /ногдох хэсгээр/ үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь нээлттэй.

 

4. Давж заалдах гомдлын талаар:

4.а Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй, нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэх талаарх эрхийг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй гэх гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурж, үүргийг хамтран хариуцахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэн нь зээлийн хүсэлт гаргасан эсэх, хэн нь мөнгөн хөрөнгийг авч ашигласан эсэх нь хэрэгт хамааралгүй бөгөөд ач холбогдолгүй юм.

4.б. Харин нэхэмжлэгч талаас гаргасан ...нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь буруу... гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/04771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 496 дугаар зүйлийн 496.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД