Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 835

 

                              “ӨЗЭЗЗ”ХХН--ийн

                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00600 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “ӨЗЭЗЗ”ХХН--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК--д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, Г.Анужин нар шүүхэд гаргасан тайлбартаа:

“ӨЗЭЗЗ”ХХН- болон “Э” ХХК- нь 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр “Э” ХХК--ийн авлагатай гэх “Баярс констракшн” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ногдох 123 514 038 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт “Э” ХХК--д хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлээд шүүхийн шатанд бүхэлд нь бүрэн төлөөлж оролцохоор харилцан тохиролцсон. Ингээд “Э” ХХК--ийн нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Золжаргал, өмгөөлөгчөөр Г.Батзаяа нар оролцож “Баярс констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэг үүссэнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа есөн сарын туршид явагдаж, хариуцагч “Баярс констракшн” ХХК болон “Э” ХХК- нар нь харилцан олон удаа уулзаж тохиролцон үүнд эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр талууд эвлэрч 182/ШШ2016/00600 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эвлэрлийн гэрээгээр “Э” ХХК- нь “Баярс констракшн” ХХК-иас Сүхбаатар дүүргийн 11 хороо, Цагдаагийн гудамж, 813-152 тоот хаягт орших 44.51 мкв 2 өрөө орон сууцыг 77 892 500 төгрөгт шилжүүлэн авсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын нийт төлбөр 8 000 000 төгрөг байсан. Гэрээ байгуулмагц урьдчилгаа төлбөр 3 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 5 000 000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гармагц төлөхөөр талууд тохиролцсон байсан. Гэрээний үлдэгдэл төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлөх ёстой байсан ч төлөөгүй. Бид “Э” ХХК--ийн захирал С.Бямбадулам руу олон удаа утсаар холбогдон гэрээний төлбөрийг төлөхийг шаардаж нэхсэний эцэст “Э” ХХК--иас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөгийг төлсөн болно. Хууль зүйн туслалцаа үзүүлэх 2006 тоот гэрээний 3.1.5, 4.6-д “Үйлчлүүлэгч тал үйлчлэгч талд гэрээнд заасан хугацаанд үйлчилгээний төлбөрийг төлөөгүй, үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүргийг хүлээнэ”, мөн гэрээний 1.5-д “ Үйлчлүүлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагчтай эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх зэрэг нь хууль зүйн туслалцаа үзүүлсэнд тооцно” гэж заажээ. “Э” ХХК- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой байсан ч энэ үүргээ биелүүлээгүй 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 89 хоногт 5 000 000 төгрөгийн 0,5 хувийн алданги 2 225 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 223 хоногт 4 000 000 төгрөгийн 0,5 хувийн алданги 4 660 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 102 хоногт 3 500 000 төгрөгийн алданги 1 785 000 төгрөг, нийт алданги 8 670 000 төгрөгийн алданги хуримтлагдсан хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 3 500 000 төгрөгийн 50 хувь болох 1 750 000 төгрөгийн алдангийн хамт шаардах эрхтэй байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг нийт 5 250 000 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.533 төгрөгийн хамт гаргуулж “ӨЗЭЗЗ”ХХН--д олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харин хариуцагчийн төлбөрийг 2019 оны 6 дугаар сараас график гарган төлнө гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Манай Э ХХК нь барилга угсралт, засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ба манай үйл ажиллагаа нь улирлын чанартай явагддаг тул дээрх нэхэмжилсэн үндсэн төлбөр 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, нийт 5 250 000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сараас хойш график гарган төлөх хүсэлтэй байна. Учир нь барилгын угсралтын үйл ажиллагаа улирлын чанартайгаар эхэлдэг тул энэ хугацаанд төлж барагдуулахыг хүсэж байна. Төлбөр тооцоогоо дуусгаагүй нь үнэн болно. Манай компани хүнд байдалд байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК--иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨЗЭЗЗ”ХХН--д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ӨЗЭЗЗ”ХХН--өөс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төлсөн 100 533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 100 533 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаяр давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00600 дугаартай шийдвэрийг тус шүүхээс гардаж аваад анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааг анхнаасаа хариуцагч талын зүгээс бүрэн дүүрэн ойлгоогүй. Учир нь бид "Баярс констракшн” ХХК-д холбогдуулан 123 514 038 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн гаргаад уг шүүхийн ажиллагаанд хууль зүйн мэдлэг байхгүй тул "ӨЗЭЗЗ" ХХН-өөс хууль зүйн туслалцаа авсан. Тус нөхөрлөлийн хуульч уг ажиллагаанд оролцоод 123 514 038 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 66 514 038 төгрөгийг татгалзаж үлдэгдэл 57 000 000 төгрөгт эвлэрч шийдвэрлүүлсэн.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 8 000 000 төгрөг төлөхөөс бидний зүгээс урьдчилгаа 3 000 000 төгрөг, түүн дээр 1 500 000 төгрөгийг нийт 4 500 000 төгрөгийг төлсөн. Тэгтэл Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээний төлбөрийн үлдэгдэл түүн дээр алданги нэмж 5 250 000 төгрөгийг нэхэж эхэлсэн. Хийлгэсэн ажлаасаа нэхэмжлэлийн шаардлагаас буурсан хэмжээнд тохирсон төлбөрөө бид өмгөөлөгчдөө төлсөн гэж бодож байсан. Ингээд мөн л хууль зүйн мэдлэггүй улмаас төлөх ёстой л гэж ойлгож, шүүхээс айж эхэлсэн.

Бидний зүгээс хуульчдаа мөнгө өгөөгүй гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөр алданги гээд нийт 9 750 000 төгрөгийг төлөх болоод байна. Бидэнд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан хуульч өмгөөлөгч маань эргээд бидэнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж эхэлсэн тул бид одоо хаанаас хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг авахаа ч мэдэхгүй тус шүүх хуралдаанд оролцсон. Алданги гэж 1 750 000 төгрөгийг нэмсэн байгааг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд ижил тэгш харилцан мэтгэлцэх боломж, бололцоо байгааг бид сайн ойлголгүй оролцсон.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00600 дугаартай шийдвэрийн алданги 1 750 000 төгрөгт гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Зохигчид 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 2006 дугаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу “ӨЗЭЗЗ”ХХН--өөс “Э” ХХК--д хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, “Э” ХХК--аас үйлчилгээний хөлсөнд 8 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. /хх-ийн 7-10 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч “Э” ХХК--аас “Баярс констракшн” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг нэхэмжилсэн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тус “ӨЗЭЗЗ”ХХН--ийн өмгөөлөгч нар оролцож, хариуцагч байгууллагад хууль зүйн үйлчилгээ үзүүлж, талуудын хооронд зохион байгуулагдсан уулзалтад оролцож байсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд хариуцагч байгууллага уг байдлыг үгүйсгээгүй байна.

 

            Зохигчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт №1 гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэх үйлчилгээний нийт төлбөр 8 000 000 төгрөг, гэрээ байгуулсан өдөр үйлчлүүлэгч нь гэрээний нийт төлбөрөөс 3 000 000 төгрөгийг үйлчлэгч талд бэлнээр төлнө, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гармагц төлөхөөр тохиролцсон, урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

/хх-ийн 11 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалттай нийцжээ.

 

            Гэрээний 3.1.5-д “Үйлчлүүлэгч тал үйлчлэгч талд гэрээнд заасан хугацаанд үйлчилгээний төлбөрийг төлөөгүй, үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүргийг хүлээнэ” гэж тохиролцжээ.

 

Хуульд зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй байдаг тул хариуцагч “Э” ХХК- нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “ӨЗЭЗЗ”ХХН- нь гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч байгууллагаас хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 3 500 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...хөлсөөр ажиллах гэрээний үнэ дээр нэмж 1 750 000 төгрөгийн алданги төлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэл заасан байгаа боловч талууд алданги төлүүлэхээр тохиролцсон тохиролцоо нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй эсхүл хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний нэг талд хариуцлага хүлээлгэхээр зааж байгаа үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд зохигчдын хуульд заасан үндэслэлээр тохиролцсон заалтыг үндэслэж шүүх хариуцагчаас алдангид 1 750 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу биш байна. Иймд давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЦОГТСАЙХАН

 

                                                      ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

    Ц.ИЧИНХОРЛОО