Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 600

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч:  Ө ХХН -ийн нэхэмжлэлтэй,

/                    /   

 

Хариуцагч: “Э” ХХК -д холбогдох,

/                      /  

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, Г.Анужин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаяр, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, Г.Анужин нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ө ХХН болон “Э” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр “Э” ХХК авлагатай гэх “Б” ХХК -иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ногдох 123.514.038 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт Э ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлээд шүүхийн шатанд бүхэлд нь бүрэн төлөөлж оролцохоор харилцан тохиролцсон. Ингээд “Э” ХХК нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Золжаргал, өмгөөлөгчөөр Г.Батзаяа нар оролцож “Б” ХХК -д холбогдох иргэний хэрэг үүссэнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа есөн сарын туршид явагдаж, хариуцагч “Б” ХХК  болон “Э” ХХК нар нь харилцан олон удаа уулзаж тохиролцон үүнд эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр талууд эвлэрч 182/ШШ2016/00600 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эвлэрлийн гэрээгээр “Э” ХХК нь “Б” ХХК -иас Сүхбаатар дүүргийн 11 хороо .... тоот хаягт орших 44.51 мкв 2 өрөө орон сууцыг 77.892.500 төгрөгт шилжүүлэн авсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын нийт төлбөр 8.000.000 төгрөг байсан. Гэрээ байгуулмагц урьдчилгаа төлбөр 3.000.000 төгрөгийг төлөх байсан боловч Э ХХК-иас төлөлгүй явсаар 20 хоногийн дараа төлж бид алданги тооцож аваагүй. Мөн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гармагц төлөхөөр талууд тохиролцсон байсан. Гэрээний үлдэгдэл төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлөх ёстой байсан ч төлөөгүй. Бид “Э” ХХК захирал С.Бямбадулам руу олон удаа утсаар холбогдон гэрээний төлбөрийг төлөхийг шаардаж нэхсэний эцэст Э ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг төлсөн болно. Хууль зүйн туслалцаа үзүүлэх 2006 тоот гэрээний 3.1.5, 4.6-д “Үйлчлүүлэгч тал үйлчлэгч талд гэрээнд заасан хугацаанд үйлчилгээний төлбөрийг төлөөгүй, үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг хүлээнэ”, мөн гэрээний 1.5-д “ Үйлчлүүлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагчтай эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх зэрэг нь хууль зүйн туслалцаа үзүүлсэнд тооцно” гэж заажээ. “Э” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой байсан ч энэ үүргээ биелүүлээгүй 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 89 хоногт 5.000.000 төгрөгийн 0.5 хувийн алданги 2.225.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 223 хоногт 4.000.000 төгрөгийн 0.5 хувийн алданги 4.660.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 102 хоногт 3.500.000 төгрөгийн алданги 1.785.000 төгрөг, нийт алданги 8.670.000 төгрөгийн алданги хуримтлагдсан хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 3.500.000 төгрөгийн 50 хувь болох 1.750.000 төгрөгийн алдангийн хамт шаардах эрхтэй байна. Манай хуулийн фирм нь “Э” ХХК руу төлбөр төлөхийг шаардаж амаар болон бичгээр удааа дараа мэдэгдэл хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Э ХХК-иас хууль зүйн туслалцаа үзүүлэх 2006 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 3.500.000 төгрөг, алданги 1.750.000 төгрөг нийт 5.250.000 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100.533 төгрөгийн хамт гаргуулж Ө ХХН-д олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харин хариуцагчийн төлбөрийг 2019 оны 6 дугаар сараас график гарган төлнө гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Манай Э ХХК нь барилга угсралт, засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ба манай үйл ажиллагаа нь улирлын чанартай явагддаг тул дээрх нэхэмжилсэн үндсэн төлбөр 3.500.000 төгрөг, алданги 1.750.000 төгрөг, нийт 5.250.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сараас хойш график гарган төлөх хүсэлтэй байна. Учир нь барилгын угсралтын үйл ажиллагаа улирлын чанартайгаар эхэлдэг тул энэ хугацаанд төлж барагдуулахыг хүсэж байна. Төлбөр тооцоогоо дуусгаагүй нь үнэн болно. Манай компани хүнд байдалд байгаа гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ө ХХН -ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК -д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

             Ө ХХН , “Э” ХХК -ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2006 дугаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулагдсан, уг гэрээний дагуу Ө ХХН -өөс үйлчлүүлэгч “Э” ХХК -д хууль зүйн туслалцаа /үйлчилгээ/ үзүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, “Э” ХХК -иас үйлчилгээний хөлсөнд нийт 8.000.000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 3.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 5.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн байхаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг төлж, 3.500.000 төгрөгийг Ө ХХН -д төлөөгүй талаар зохигчид маргаагүй болно.

 

            Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хууль зүйн туслалцаа, үйлчилгээний үлдэгдэл хөлсөнд 3.500.000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК -иас гаргуулан нэхэмжлэгч Ө ХХН -д олгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцэж байна. 

 

            Мөн гэрээний 3.1.5, 4.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Э” ХХК -иас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 1.750.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХН -д олгох нь зүйтэй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК -иас гэрээний үүргийн гүйцэтгэлд хууль зүйн туслалцаа, үйлчилгээний үлдэгдэл хөлсөнд 3.500.000 төгрөг, алданги 1.750.000 төгрөг, нийт 5.250.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХН -д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК -иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.250.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХН -д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ХХН -өөс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 100.533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 100.533 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД