Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 135/шш2022/01586

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/01586

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2022/01587/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дүгээр баг, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух Х овогтой Сийн Д /рд: Т*40*****, утас: 99******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дугаар баг, ****** хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух Б овогт Т Б /рд: М*92******, утас: 95******/-д холбогдох,

22,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Т.Бийн хүсэлтээр байр авах гэж байсан мөнгөнөөсөө 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлсэн. Хэдэн сар хүү өгч байгаад хугацаа чинь дууслаа, захиалсан байр ашиглалтад орох гэж байна мөнгөө авъя гэсэн. Намайг мөнгөний хүүг нь багасга, би сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн. Гэтэл сүүлийн 2 сард үндсэн мөнгө болон хүүгээ өгөөгүй. Би 83 нас хүртлээ хуримтлуулсан мөнгөөрөө байр авах гэтэл мөнгөө буцааж авч чадахгүй байсан учраас шүүхэд хандсан. Т.Б нь 7,000,000 төгрөгөөр машин авах гэж байна, та түр мөнгөө зээлээч гэхэд нь тусдаа гэрээ хийгээд мөнгө зээлсэн. Энэ талаар хоорондоо тохиролцоод дууссан ямар ч гомдол хэлэлцээр байхгүй. 30,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөг орчмыг нь өгсөн, үндсэн зээлээс 21,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Сүүлийн 2 сарын 2,5 хувийн хүүг төлөөгүй тул энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл бичсэн. Алданги гаргуулахаар ямар нэгэн юм бичээгүй. Захиалсан байраа алдахад хүрээд чи мөнгөө өгөөч ээ гэж гуйж очиход танд миний машин, лангуу байна та юунд яараа вэ, хүлээж бай гэсэн. Мөнгө бүтэхгүй болохоор хуулийн дагуу шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Т.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би С.Доос 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сард авсан нь үнэн. Надад байранд өгөх гэж байгаа мөнгийг би чамд өгөх гэж байна гэж анхнаасаа хэлээгүй. Угаасаа хүүтэй мөнгө өгдөг байсан. Би хүүтэй мөнгө зээлсэн. Тохирсон хугацаандаа сар болгон уг мөнгөө өгсөн. Тэгсэн сүүлд 2022 оны 08 дугаар сард зах дээр ирж орилоод, луйварчнаар дуудсан. Тэгэхээр нь та өгдөг газраа өг, явах газраараа явъя гэж хэлсэн. Би энэ хүний мөнгийг хэзээ ч саатуулаагүй, тогтмол сар болгон мөнгийг нь өгдөг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөнгө өгөөд, 8 дугаар сараас хойш би төртлөө хүүг нь өгье гэхэд тийм юм байхгүй үндсэн мөнгөө авъя гэсэн. Би С.Дийг луйвардсан юм байхгүй, мөнгөө өгөх цагтаа өгдөг л байсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 270,830 төгрөг төлсөн баримт, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн 1190 дугаартай зээлийн гэрээ, талуудын иргэний үнэмлэхийн хуулбарууд, бичиг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тайлбар өгөх тухай, шүүхийн мэдэгдэх хуудас, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, шүүгч, даргалагч томилсон Ерөнхий шүүгчийн захирамж, С.Дийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, битүүмжлэх хүсэлтэд хариу өгөх тухай, хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэргийн 23-32 хуудаст авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, С.Дийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлт, хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгасан зөвлөгөөний тогтоол, Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг, иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Т.Бөөс зээлж авсан 10,925,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дт олгож, илүү нэхэмжилсэн 11,650,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие нь Т.Бийн хүсэлтээр байр авах гэж байсан мөнгөнөөсөө 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлсэн. Хэдэн сар хүү өгч байгаад хугацаа чинь дууслаа, захиалсан байр ашиглалтад орох гэж байна мөнгөө авъя гэсэн. Намайг мөнгөний хүүг нь багасга, би сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн. Гэтэл сүүлийн 2 сард үндсэн мөнгө болон хүүгээ өгөөгүй. 30,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөг орчмыг нь өгсөн, үндсэн зээлээс 21,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Сүүлийн 2 сарын 2,5 хувийн хүүг төлөөгүй тул энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

3.Хариуцагч Т.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би С.Доос 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сард авсан нь үнэн. Надад байранд өгөх гэж байгаа мөнгийг би чамд өгөх гэж байна гэж анхнаасаа хэлээгүй. Угаасаа хүүтэй мөнгө өгдөг байсан. Би хүүтэй мөнгө зээлсэн. Тохирсон хугацаандаа сар болгон уг мөнгөө өгсөн. Тэгсэн сүүлд 2022 оны 08 дугаар сард зах дээр ирж орилоод, луйварчнаар дуудсан. Тэгэхээр нь та өгдөг газраа өг, явах газраараа явъя гэж хэлсэн. Би энэ хүний мөнгийг хэзээ ч саатуулаагүй, тогтмол сар болгон мөнгийг нь өгдөг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөнгө өгөөд, 8 дугаар сараас хойш би төртлөө хүүг нь өгье гэхэд тийм юм байхгүй үндсэн мөнгөө авъя гэсэн. Би С.Дийг луйвардсан юм байхгүй, мөнгөө өгөх цагтаа өгдөг л байсан гэж маргажээ.

4.Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, хариуцагч Т.Бийн Хаан банкны 5029****091 дугаартай депозит дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч С.Дийн Хаан банкны 5055****349  дугаар дансаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 23,000,000 төгрөг, мөн 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгөөр хоёр удаа нийт 30,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч С.Доос хариуцагч Т.Б нь мөнгө зээлдэж авсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байна. 

Учир нь, хариуцагч Т.Б Хаан банкны 502***4091 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021.08.07-ны өдөр 6,110,000 төгрөг, 2021.09.10-ны өдөр 2,460,000 төгрөг, 2021.10.15-ны өдөр 810,000 төгрөг, 2021.11.14-ний өдөр 960,000 төгрөг, 2021.12.13-ны өдөр 625,000 төгрөг, 2022.01.05-ны өдөр 625,000 төгрөг, 2022.01.13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022.08.08-нны өдөр 625,000 төгрөг, 2022.03.06-ны өдөр 625,000 төгрөг, 2022.04.21-ний өдөр 1,700,000 төгрөг, 2022.04.29-ний өдөр 800,000 төгрөг, 2022.05.26-ны өдөр 500,000 төгрөг, 2022.05.31-ний өдөр 500,000 төгрөг, 2022.05.17-ны өдөр 562,500 төгрөг, 2022.06.19-ний өдөр 537,500 төгрөг, 2022.07.31-ний 535,000 төгрөг, нийт 19,975,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Дийн Хаан банкны 505***7349 дугаар дансанд төлсөн гэсэн баримт гаргаж өгсөн, нэхэмжлэгч нь хэдийг хүүд нь авсан хэдийг үндсэн зээлээс авсан бэ гэдгээ тодорхойлж чадаагүй бөгөөд энэ талаар бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

 

6.Нэхэмжлэгч, хариуцагч нар 1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч нэхэмжлэгчид 19,975,000 төгрөг төлсөн гэдэгт талууд маргаагүй, 10,025,000 төгрөг, нэг сарын хүү 900,000 төгрөгийн хамт хариуцагч Т.Бүрэнчөдөрөөс гаргуулж, нэхэмжлэгч С.Дашдондогт олгож шийдвэрлэлээ.

7.Учир нь талууд 1 сарын хугацаатай гэж тохирсон бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэнтэй талуудын хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ нийцсэн байх тул 1 сарын хүү буюу гүйцэтгээгүй үүргийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

8.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчтай 2021 оны 07 дугаар сарын 01ий өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул хариуцагч Т.Бөөс зээлийн гэрээний үүрэгт 10,925,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дт олгож, илүү нэхэмжилсэн 11,650,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 10,925,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 189,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

10.Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг хавсаргаж өгсөн боловч барьцааны гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд өгнө гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаагүй, барьцааны гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Бөөс зээлийн гэрээний үүрэгт 10,925,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11,650,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Доос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 189,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дт олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС