Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00102

 

С.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 1586 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн төлбөрийн үлдэгдэл 22,575,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч С.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, хариуцагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие хариуцагч Т.*******ийн хүсэлтээр байр авах гэж байсан мөнгөнөөсөө 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлсэн. Хэдэн сар хүү өгч байгаад хугацаа чинь дууслаа, захиалсан байр ашиглалтад орох гэж байна мөнгөө авъя гэтэл намайг мөнгөний хүүг нь багасга, би сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн. Гэтэл сүүлийн 2 сард үндсэн мөнгө болон хүүгээ өгөөгүй.  Т.******* нь 7,000,000 төгрөгөөр машин авах гэж байна, та түр мөнгөө зээлээч гэхэд нь тусдаа гэрээ хийгээд мөнгө зээлсэн. Энэ талаар хоорондоо тохиролцоод дууссан ямар ч гомдол хэлэлцээр байхгүй. 30,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөг орчмыг нь өгсөн, үндсэн зээлээс 21,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд зээлдүүлсэн 21,500,000 төгрөг, 2 сарын хүү 1,075,000 төгрөг, нийт 22,575,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Би С.*******оос 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 1 сарын хугацаатай зээлсэн нь үнэн.

Би 20,599,500 төгрөгийг эргүүлэн төлсөн. Нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.*******өөс зээлийн гэрээний үүрэгт 10,925,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11,650,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 189,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч С.******* давж заалдах гомдолдоо:

4.1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Т.******* нь өмнө 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөгийн зээл авч байсан энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дугаар хуудсанд дурдсан 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 6,110,000 төгрөг гэсэн гүйлгээ нь өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр юм. Гэтэл шүүх 30,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцсон нь үндэслэлгүй юм.

4.3. Шүүхийн шийдвэрт тусгагдсан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1,700,000 төгрөг нь 4 ширхэг тогоо худалдаж авсан мөнгө юм. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусахад Т.******* хүүг нь багасгаад сар бүр 5,000,000 төгрөг төлж барагдуулъя гэсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээг шүүхэд өгөх боломж олдоогүй, өөр баримт өгч болно гэж хэлээгүй, шүүх хурал орой 18:00 цагт эхэлсэн. Хэрэл эхлэхээс 3 минутын өмнө шүүхийн ажилтан баримт дээр гарын үсэг зур гээд зуруулсан. Т.*******ийн дансны хуулгыг харуулаагүй. Харсан байсан бол энд бичиж байгаа тайлбараа хурал дээр хэлж нотлох баримтыг гаргаж өгөх байсан.

4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримт гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль бус учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Дархан-уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх С.*******ийн нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 21,500,000 төгрөг, 2 сарын хүү 1,075,000 төгрөг нийт 22,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч С.*******ийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч. Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 08 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн байна.

            Хэрэг үүсгэсэн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар зохигчдод шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлаж өгөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан явуулах хүртэлх 70 хоногийн хугацаанд хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч С.*******т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг тодорхой тайлбарлаж өгөөгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, шүүх хуралдаан болох 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэлбэрийн төдий танилцуулж, холбогдох баримтуудад нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 15-19, 50 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдоно.

2. Нэхэмжлэгч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 2022 оны 09 дүгээр сарын 02, 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тодорхой үндэслэл бүхий хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн эдгээр хүсэлтүүдийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн  боловч энэхүү захирамжаа хүсэлт гаргагчид хүргүүлсэн, мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар хүсэлт гаргагч нь тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрх нь хязгаарлагджээ.

3. Хэргийн 17 дугаар талд авагдсан Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт хэзээ, хэрхэн үйлдэгдсэн нь тодорхойгүй буюу огноогүй үйлдэгдсэн байна.

4. Анхан шатны шүүх ийнхүү хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хуульд заасны дагуу бүрэн эдлүүлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим алдагдсан гэж үзнэ.

5. Иймд нэхэмжлэгчийн “... гэрээг шүүхэд өгөх боломж олдоогүй, шүүхээс надад өөр баримт өгч болно гэж хэлээгүй, шүүх хурал эхлэхээс гуравхан минутын өмнө шүүхийн ажилтан нугалсан баримт дээр энд зур гэж хэлээд гарын үсэг зуруулсан, миний нотлох баримт гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй...” гэсэн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх бөгөөд  анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч С.*******ийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 1586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Я.ТУУЛ

                                                                        ШҮҮГЧИД                                        Х.БАЙГАЛМАА

                                                                                                                                Л.АМАРСАНАА