Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00451

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00109 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СГ, З.Д нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 280 000 төгрөг, ажил гүйцэтгэхэд ашиглаж байсан багаж, хэрэгслийн үнэ 440 000 төгрөг, нийт 1 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 6 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч СГ түүний өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын10-ны өдөр СГтэй гэрээ байгуулж, давхар холбосон нерж шат хийж гүйцэтгэх ажлыг 8 080 000 төгрөгөөр хийхээр тохирсон. Ажлыг захиалагчийн ажлын байранд гүйцэтгэх нөхцөл бүрдээгүйгээс хугацаа хойшлогдож, дахин 2015.1.12-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, бүрэн хийж гүйцэтгэсэн. Гэтэл төлбөрийг өгөхгүй, хийж гүйцэтгэсэн ажлыг дутуу гэж 2016.6.28-ны өдөр З.Д тодотгол гэрээ байгуулж, ажлыг 2015 онд эхний удаа, 2016 онд дахин хүлээн авсан. Ажлын хөлсний үлдэгдэл 1 280 000 төгрөгийг төлөөгүй. Мөн ажлыг гүйцэтгэхдээ 170 000 төгрөгийн том баллон, 130 000 төгрөгийн аргон хий, 140 000 төгрөгийн 35 метрийн гагнуурын кабел утас ашиглаж байсныг буцаан аваагүй эдгээрийн үнэд нийт 440 000 төгрөг буюу хариуцагч нараас бүгд 1 720 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Давхар холбосон шат хийлгэх ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Урьдчилгаанд 6 500 000 төгрөг төлсөн боловч нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн 2015.1.12-ны өдөр нэмэлт гэрээ хийсэн боловч энэ гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Улмаар 2016.6.28-нд тодотгол гэрээг хийх үедээ ажлын доголдлыг арилгах талаар тусгасан боловч энэ доголдлоо арилгаагүй. Иймд гэрээг цуцалж, төлсөн 6 500 000 төгрөгөө буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хийсэн шат нь чанарын шаардлага хангаагүй, шил нь хөдөлгөөнтэй, ганхаад байсан учир бид өөр этгээдтэй гэрээ хийж, уг шатыг буулгаж, дахин гүйцэтгүүлж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Манай компани Монгол улсын гагнуурын холбоонд бүртгэлтэй. Компанийн үндсэн үйл ажиллагаа засвар хийх гэж байгаа. Хийсэн ажлыг нэхэмжлэгч тал нураасан. Гэрээнд чанар, өнгө үзэмжийн талаар нэмэлт шаардлага тавигдаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар СГ, З.Д нараас 1 280 000 төгрөгийг гаргуулж О ХХК-д олгож, О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 440 000 төгрөгт холбогдох хэсэг болон ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, О ХХК-аас 6 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 42 470 төгрөг, хариуцагч нараас төлсөн 118 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээж авсан хүлээлгэж өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй. Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан үйл баримт болох гэрээний нэмэлтэд үлдэгдэл төлбөр 1 580 000 төгрөгийг  2014.03.20-ны өдөр  ажлыг 100% хийж дуусган захиалагч талын коммист хүлээлгэж өгсний дараа тооцоог шилжүүлэхээр тохиролцсон ч нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Гэтэл шүүх хариуцагч нарыг ажлын үр дүнг хүлээж авсан гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч давхар холбосон шат утсарч,үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэггэй бөгөөд нэхэмжлэгч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Давхар холбосон шат нь ашиглах боломжгүй ганхах, гуйвах ажлын гүйцэтгэл дутуу байсан зэрэг нь шүүхээс явуулсан үзлэгээр тогтоогдсон бөгөөд биет байдлын доголдолтой байгаа нь хэрэгт авагдсан гэрээнүүдээс, 2016 оны тодотгол гэрээнээс тодорхой харагдана. Мөн  хэргийн 6 дугаар талд авагдсан тодотгол гэрээний үед угсрагдсан, шилэн хаалт хийсэн 2 ширхэг нь хагарсаныг нэмж захилахаар тохирсныг үзвэл ажлыг хүлээж авсан хэмээн үзсэн учир үр дүнгийн талаар гомдлын шаардлага гаргах эрхгүй хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй. Нөгөөтэйгүүр /хх-6/ дутаар талд авагдсан баримтыг үнэлэхдээ үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй. Хариуцагч /хх-6/ дугаар талд авагдсан баримтаар ажлын дутууг гүйцээхийг Тодотгол гэрээгээр шаардсан байхад гүйцээгээгүй.  Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,  ажлын үр дүнг хүлээн аваагүй, хүлээн авах үр дүн үүсээгүй учир хариуцагч гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр сөрөг шаардлага гарган мэтгэлцсэн боловч шүүх хүлээн авч үнэлж дугнээгүй. Хэргийн 3 дугаар тал дээр "О" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан бөгөөд үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй болох нь харагдана. Үйл ажиллагааны чиглэлээ зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Гадаад худалдаа, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг компани хийж гүйцэтгэх боломжтой эсэх талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт шийдлийн  болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч СГ, З.Д нарт холбогдуулан давхар холбосон нерж шат хийж гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1 280 000 төгрөг, ажил гүйцэтгэж байх үед хариуцагч нарын эзэмшилд үлдсэн гэх баллон 170 000 төгрөг, 130 000 төгрөгийн аргон хий, 140 000 төгрөгийн 35 метрийн гагнуурын кабел утас ашиглаж байсныг буцаан аваагүй тул эдгээрийн үнэд нийт 440 000 төгрөг буюу нийт 1 720 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. / хх-ийн 1, 76/

 

Зохигчдын хооронд давхар холбосон нерж шат хийж гүйцэтгүүлэхээр нэг ажлын хувьд 3 удаагийн гэрээ байгуулагдсанд, уг гэрээгээр тодорхой ажил хийгдсэнд, 6 500 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас ажлын хөлсний урьдчилгаанд авсанд, 1 280 000 төгрөгийн ажлын хөлс төлөгдөөгүй үлдсэн үйл баримтад маргаангүй.

 

Мөн ажилд хэрэглэж байсан аргон хий бүхий том баллон 130 000 төгрөг, баллон 170 000 төгрөг, 35 м 10 жл-тэй гагнуурын кабель утас 140 000 төгрөг нийт 440 000 төгрөгний шаардлага хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн “тодотгол гэрээ” гэх баримтад шатны ажлын үр дүн доголдолтой эсэх асуудлаар маргажээ. /хх6/

 

Нэхэмжлэгч давхар холбосон нерж шатыг бүрэн хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл, үндэслэлээ нотлох үүрэгтэй юм. Нэхэмжлэгч давхар холбосон нержэн шатыг бүрэн хийж гүйцэтгэж, тодотгол гэрээгээр тохиролцсон дутууг гүйцээсэн гэдгээ нотлох үүрэгтэй юм. Хэргийн баримтаар “тодотгол гэрээ” гэх бичгийн баримтад дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Харин хариуцагч нь шатыг бүрэн буулгаж өөр этгээдээр шинээр шатны ажлыг гүйцэтгүүлж байгаа үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. Гэтэл хэргийн баримтаар ажлын дутууг гүйцээсэн, хүлээлгэн өгсөн гэх байдал нотлогдоогүй тул мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх үүрэгтэй тул дутуу ажлын хөлсний үлдэгдэл 1 280 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

Талууд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хоёр тал байлцан шатны ажлын дутууг гүйцээхээр тохиролцсон боловч хэрэгжээгүй байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөх юм. Шатны дутууг гүйцээж үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх хариуцагчийн тайлбар нь сөрөг үйл баримт бөгөөд сөрөг үйл баримтыг хариуцагч нотлох үүрэг хүлээхгүй, харин “дутууг гүйцээсэн” гэж баталж буй нэхэмжлэгч талд нотлох үүрэг ногдох юм. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул 1 280 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч нь ажлын үр дүнгийн ихэнхи хэсгийг буюу 6 500 000 төгрөгийн хэмжээнд ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлээр хариуцагч нь ажлын үр дүн доголдолтойн улмаас гэрээг цуцалж, нэхэмжлэгчид төлсөн хөлс 6 500 000 төгрөгөө буцаан гаргуулна гэсэн агуулгаар шаардсан. Хариуцагч энэ талаар тайлбар гаргаж сөрөг нэхэмжлэлдээ дурдаж байгаа хэдий ч ажлын үр дүн бүхэлдээ доголдолтой байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Үзлэгийн баримтаар ажлын үр дүн буюу шатыг нэхэмжлэгч тал буулгасан учраас шинжээч томилуулж ажлын үр дүн шаардлага хангаж байсан эсэхийг нотлох, тогтоох боломжгүй болсноос гадна шинжээч томилуулах талаар талуудаас хүсэлт гараагүй байна.

 

Мөн барилгын шат угсрах тусгай зөвшөөрөл нэхэмжлэгчид байхгүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Талууд ажлын ихэнхи хэсгийг буюу 6 500 000 төгрөгийн хэмжээнд гүйцэтгэсний дараа, мөн шатыг нэгэнт буулгасны дараа “ нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлгүй байсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй, ач холбогдолгүй болжээ. Хэрэгт барилгын дотор шатыг барихад тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх талаар баримт авагдаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00109 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч СГ, З.Д нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “О” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 6 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуяны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД