Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01156

 

 

 

 

  2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01156

         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 1-р байр, 03 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /2863421/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 22-р байр, 10а тоот хаягт байршилтай, “” ХХК /рд:2854791/-д холбогдох, 

 

1,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“” ХХК нь Гадаад худалдаа, барилгын захиалгат хийц, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “” ХХК-тай давхар холбосон нерж шат хийж гүйцэтгэх гэрээг 8,080,000 төгрөгийн гэрээ байгуулсан ба захиалагч “” ХХК-ийн байранд ажил хийж гүйцэтгэх нөхцөл бүрдээгүйн улмаас ажил хойшилж хүлээгдсэн ба 2015 оны 01 сарын 12-ны өдрийн 2 тал тохиролцсон гэрээний нэмэлтийг үндэслэн манай “” ХХК уг гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн билээ.

Захиалагч “” ХХК нь тус гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг өгөлгүй хүлээлгэж санхүүгийн төлбөрийн боломжгүй гэж байснаа бидний хийж гүйцэтгэсэн ажлыг дутуу байна хэмээн 2016 оны 06 сарын 28-ны өдөр Тодотгол гэрээ хийгээд гэрээт ажлыг 2015 онд эхний удаа, 2016 онд хоёр дахь удаагаа хүлээн авсан билээ.

Гэтэл тус компани гэрээт ажлын төлбөрийн үлдэгдэл 1,280,000 төгрөг болон тус ажилд хэрэглэгдэж байсан аргон хий бүхий том баллон хий 130,000 төгрөг, баллон 170,000 төгрөг, 35 метр гагнуурын кабель 140,000 төгрөг, нийт 1,720,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 1,280,000 төгрөг, ажил гүйцэтгэхэд ашиглаад буцаан аваагүй эд хөрөнгө, материалын үнэ 440,000 төгрөг, нийт 1,720,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талууд 2014 оны 03 сарын 20-ны өдөр “Захиалгат ажлын гэрээ” байгуулж, захиалагч “” ХХК нь ажлын хөлс 8,080,000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч “” ХХК нь шатны никель хаалт үйлдвэрлэх, угсрах, суурилуулах ажлыг 2014 оны 04 сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Иймд ажил гүйцэтгэгч “” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагч “” ХХК-иас хэлэлцэн тохирсон хөлс төлөхийг шаардах эрхтэй.

 

Талууд 2015 оны 01 сарын 12-ны өдөр “Гэрээний нэмэлт” гэх баримт үйлдэж, ажил гүйцэтгэх хугацааг сунгасан байх ба 2016 оны 06 сарын 28-ны өдөр “Тодотгол гэрээ” гэх баримт үйлдэж, “” ХХК нь ажлын дутууг гүйцээх, “” ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл 1,280,000 төгрөгийг төлөх талаар харилцан тохиролцсон байна.

 

Захиалагч “” ХХК нь гүйцэтгэгч “” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 2 удаа хүлээн авсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг ба хариуцагч үүнийг няцаагаагүйгээс гадна хэрэгт авагдсан фото зургаас үзэхэд гэрээнд заасан шатны никель хаалт үйлдвэрлэх, угсрах, суурилуулах ажил хийгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 04 сарын 26-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй учир мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 1,280,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хэрэгт аргон хий 130,000 төгрөг, баллон 170,000 төгрөг, гагнуурын кабель 140,000 төгрөг болох талаар баримт авагдаагүй хэдий ч хариуцагч уг шаардлагын тухайд маргаагүй учир ажил гүйцэтгэхэд ашиглаад буцаан аваагүй эд хөрөнгө, материалын үнэ 440,000 төгрөгийн мөн адил хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Хариуцагч талд шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 7 хоногийн өмнө буюу 2018 оны 05 сарын 11-ний өдөр мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “” ХХК-иас 1,720,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,470  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 42,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.