Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2022/02921

 

 

 

 

 

 

 

 

 

 2022       10         14                                            182/ШШ2022/02921

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Л-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,727,143 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Хариуцагч С.Л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Л нь манай компанитай 3 удаагийн зээлийн гэрээ байгуулж, 2 зурагт, 1 зурагтын дэлгэцийг зээлээр худалдан авсан байдаг.

- 2021.05.27-ны өдөр 3006 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Aiwa JU 55DS190NS загварын зурагтыг 18 сарын хугацаатай, жилийн 9,6%-ийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 5.000 төгрөгийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож 4.046.000 төгрөгөөр худалдан авч, гэртээ хүргүүлэн авсан. Гэвч Aiwa JU55DS190NS загварын зурагтыг зээлээр худалдан авснаас хойш 1.210.877 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй байна. Иймд дээрх гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр 2.996.819 төгрөг, 6 сарын хүү 194.352 төгрөг, алданги хоног тутам 5.000 төгрөг гэж тохиролцсоны дагуу 2021.11.25-ны өдрөөс 2022.04.15-ны өдөр хүртэлх 150 хоногийн алданги 750.000 төгрөг, нийт 3.941.171 төгрөг болсон байна.

- 2021.06.03-ны өдөр 3017 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтын дэлгэцийг 10 сарын хугацаатай хүүгүй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 5.000 төгрөгийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож 1.200.000 төгрөгөөр худалдан авч, гэртээ хүргүүлэн авсан. Гэвч Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтын дэлгэцийг зээлээр худалдан авснаас хойш С.Л нь 480.000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Тус гэрээний үлдэгдэл төлбөр 720.000 төгрөг, алданги хоног тутам 5.000 төгрөг гэж тохиролцсоны дагуу 2021.11.05-ны өдрөөс 2022.04.15-ны өдөр хүртэлх 180 хоногийн 900.000 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-р зүйлд заасныг үндэслэн үндсэн үнийн дүнгийн 50 %-аар тооцож 360.000 төгрөг болгож, нийт 1.080.000 төгрөг болсон байна.

- 2021.06.06-ны өдөр 3023 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтыг 18 сарын хугацаатай жилийн 9,6%-н хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 5.000 төгрөгийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож 2.023.000 төгрөгөөр худалдан авч, уг зурагтыг мөн адил гэртээ хүргүүлэн авсан. Гэвч Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтын дэлгэцийг зээлээр худалдан авснаас хойш С.Л нь 728.508 төгрөг төлснөөс өөр төлөөлт хийгээгүй, төлбөр төлөх талаар ямар ч санаачилга гаргахгүй алга болсон. Тус гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр 1.391.596 төгрөг, хүү 64.736 төгрөг, алданги хоног тутам 5.000 төгрөг гэж тохиролцсоны дагуу 2022.01.05-ны өдрөөс 2022.04.15-ны өдөр хүртэл 90 хоногийн 450.000 төгрөг нийт, 1.903.332 төгрөг болсон байна.

Иймд 3 гэрээний дагуу хариуцагч С.Л нь нийт 6,927,143 төгрөгийг манай байгууллагад төлөхөөр байна. Хэдийгээр хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй боловч манай байгууллагын зүгээс алдангийг 200.000 төгрөг багасгаж, нийт шаардлагаа 6,727,143 төгрөг болгож байна. Тиймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар хариуцагч С.Лаас  6,727,143 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч С.Л шүүхэд ямар нэгэн бичгийн тайлбар, татгалзлыг нотолсон баримтуудыг ирүүлээгүй байна.

 

3.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021.06.03, 2021.05.27, 2021.06.06-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүд, зээл төлөлтийн хуваариуд, бараа хүлээлгэн өгсөн болон баталгааны баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХЭ ХХК нь хариуцагч С.Лд холбогдуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,927,143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6,727,143 төгрөг болгон багасгасан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талын  гарган өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1.Зохигчдын хооронд дараах 3 гэрээ байгуулагджээ. Үүнд:

1.1. 2021.05.27-ны өдрийн 3006 дугаар зээлийн гэрээгээр хариуцагч С.Л нь 4,046,000 төгрөгийн үнэтэй, Aiwa JU55DS190NS загварын зурагтыг, 18 сарын хугацаатай, жилийн 9,6%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 5000 төгрөгийн алданги төлөхөөр нэхэмжлэгч ХЭ ХХК-иас худалдан авч, төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөх, нэхэмжлэгч ХЭ ХХК нь зурагтыг хариуцагч С.Лд хүлээлгэн өгөх үүргийг,

1.2. 2021.06.03-ны өдрийн 3017 дугаар зээлийн гэрээгээр хариуцагч С.Л нь 1,200,000 төгрөгийн үнэтэй, Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтын дэлгэцийг, 10 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутам 5000 төгрөгийн алданги төлөхөөр нэхэмжлэгч ХЭ ХХК-иас худалдан авч, төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөх, нэхэмжлэгч ХЭ ХХК нь зурагтыг хариуцагч С.Лд хүлээлгэн өгөх үүргийг,

1.3. 2021.06.06-ны өдрийн 3023 дугаар зээлийн гэрээгээр хариуцагч С.Л нь 2,023,000 төгрөгийн үнэтэй, Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтыг, 18 сарын хугацаатай, жилийн 9,6%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 5000 төгрөгийн алданги төлөхөөр нэхэмжлэгч ХЭ ХХК-иас худалдан авч, төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөх, нэхэмжлэгч ХЭ ХХК нь зурагтыг хариуцагч С.Лд хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээр дурдсан гэрээнүүд нь “зээлийн гэрээ” нэртэй байх боловч нэг талаас үнэ төлөхөөс өмнө бараа бүтээгдэхүүнийг нөгөө талдаа шилжүүлж байгаа, нөгөө тал нь төлбөрийг тодорхой хугацааны туршид, хэсэгчилэн, хүүтэй төлөх үүргийг хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжид илүү нийцсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа байх ба, уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 263.1, 263.2-т заасан шаардлагад нийцжээ.

 

2.Нэхэмжлэгч ХЭ ХХК нь дээрх гэрээнүүд, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.3-т зааснаар нь гэрээний зүйл болсон Aiwa JU55DS190NS загварын, 55 инчийн, 4к ухаалаг зурагт, Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтын дэлгэц, Aiwa JU55DS190NS webOS загварын 55 инчийн, 4к ухаалаг зурагтыг 2021.05.27, 2021.06.03, 2021.06.06-ны өдрүүдэд хариуцагч С.Лын оршин суугаа хаягаар тус тус хүргэн, түүнд баталгааны баримтын хамт хүлээлгэн өгчээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ХЭ ХХК нь гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар, гэрээнд заасан хугацааны дотор бүрэн биелүүлсэн байхад хариуцагч С.Л нь гэрээний дагуу төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу, хүүгийн хамт төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

 

3.Тодруулбал, хариуцагч С.Л нь 2021.05.27-ны өдрийн 3006 дугаар зээлийн гэрээний дагуу 1,210,877 төгрөг төлж, 2021.11.25-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, 2021.06.03-ны өдрийн 3017 дугаар зээлийн гэрээний дагуу 480,000 төгрөг төлж, 2021.10.05-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, 2021.06.06-ны өдрийн 3023 дугаар зээлийн гэрээний дагуу 728,508 төгрөг төлж, 2022.01.15-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, зээлийн үлдэгдэлтэй.

Нэхэмжлэгч ХЭ ХХК нь энэхүү зээлийн гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлүүлэх талаар хариуцагч С.Лд шаардлага тавьсан байх боловч үр дүнд хүрээгүй, тэрээр 2022.04.27-ны өдөр шүүхэд хандсанаар 2021.05.27-ны өдрийн зээлийн гэрээ, 2021.06.06-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар тус гэрээнүүд цуцлагдаж, харин 2021.06.03-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2022.06.03-ны өдөр дууссан байна.

 

4.Иймд нэхэмжлэгч ХЭ ХХК-нд гэрээ болон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг хариуцагч С.Лаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 6,727,143 төгрөгөө, 2021.05.27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2,996,819 төгрөг, 6 сарын хүү 194,352 төгрөг, алданги 2021.11.25-ны өдрөөс 2022.04.15-ны өдөр хүртэлх 150 хоногийн 750.000 төгрөг, нийт 3.941.171 төгрөг гэж,

- 2021.06.03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 720.000 төгрөг, алданги 2021.11.05-ны өдрөөс 2022.04.15-ны өдөр хүртэлх 180 хоногийн 900,000 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50%-аар тооцож 360.000 төгрөг болгож, нийт 1.080.000 төгрөг гэж,

- 2021.06.06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1.391.596 төгрөг, хүү 64.736 төгрөг, алданги 2022.01.05-ны өдрөөс 2022.04.15-ны өдөр хүртэл 90 хоногийн 450.000 төгрөг, нийт 1.903.332 төгрөг, үүнээс алдангийг 200,000 төгрөгөөр багасгасан гэж задлан тайлбарлав.

 

5.Харин шүүх дээрх тооцооллыг зээлийн гэрээнүүд, Иргэний хуульд нийцүүлэн шалгаж үзвэл,

5.1. 2021.05.27-ны өдрийн 3006 дугаар зээлийн гэрээний хувьд,

- үндсэн зээлийн үлдэгдэл 2,835,123 төгрөг,

/зээлийн дүн 4,046,000 төг – төлсөн 1,210,877 төг/

- хүүгийн үлдэгдэл 76,130 төгрөг,

/жилийн 9,6% : 18 сар = 1 сарын хүү 0.53%. зээлийн үлдэгдэл 2,835,123 * 0,53% = 1 сарын 15,026 төг. Зээлийн төлөлт зогссон 2021.11.25-ны өдрөөс зээлийн гэрээ цуцлагдсан 2022.04.27-ны өдрийг хүртэл тооцвол, 5 сар /15,026 төг * 5 сар = 75,130 төг/, 2 хоног /15,026 төг : 30 хон = 500 төг * 2 хон = 1000 төг/

Нийт 2,911,253 /2,835,123 төг + 76,130 төг/ төгрөг.

 

5.2. 2021.06.03-ны өдрийн 3017 дугаар зээлийн гэрээний хувьд,

- үндсэн зээлийн үлдэгдэл 720,000 /зээлийн дүн 1,200,000 төг – төлсөн 480,000 төг/ төгрөг.

 

5.3. 2021.06.06-ны өдрийн 3023 дугаар зээлийн гэрээний хувьд,

- үндсэн зээлийн үлдэгдэл 1,294,492 төгрөг,

/үндсэн зээлийн дүн 2,023,000 төг – төлсөн 728,508 төг/

- хүүгийн үлдэгдэл 23,316 төгрөг,

/жилийн 9,6% : 18 сар = 1 сарын хүү 0.53%. зээлийн үлдэгдэл 1,294,492 * 0,53% = 1 сарын 6860 төг. Зээлийн төлөлт зогссон 2022.01.15-ны өдрөөс зээлийн гэрээ цуцлагдсан 2022.04.27-ны өдрийг хүртэл тооцвол, 3 сар /6860 төг * 3 сар = 20,580 төг/, 12 хоног /6860 төг : 30 хон = 228 төг * 12 хон = 2736 төг/

Нийт 1,317,808 /1,294,492 төг + 23,316 төг/ төгрөг.

 

Бүгд 4,949,061 /2,911,253 төг + 720,000 төг + 1,317,808/ төгрөг гэж тооцогдсон тул уг төлбөрийг хариуцагч С.Л хариуцан төлөх үүрэгтэй.

 

5.4.Харин зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан “хугацаа хэтэрсэн хоног тутамд 5000 төгрөгийн алданги тооцно” гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн хуулийн зохицуулалтад нийцээгүй байх ба, нэхэмжлэгч тал 5000 төгрөгийн алданги нь гүйцэтгээгүй үүргийн хэдэн төгрөгийн, хэдэн хувь болохыг тодруулж чадаагүй болно.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч тал алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч тал нэмэлт үүрэг болох алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

6.Шүүх хариуцагч С.Лд 2022.05.26-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх, үүргийг нь танилцуулан, 2022.06.09-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч С.Л нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч С.Лыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагч С.Лаас дурдсан гурван зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн үлдэгдэлд нийт 4,949,061 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХЭ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,778,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч ХЭ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 125,785 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Лаас 94,135 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХЭ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Лаас 4,949,061 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХЭ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,778,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ХЭ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 125,785 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Лаас 94,135 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХЭ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА