Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02141

 

 

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02141

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/02921 дугаар шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б-д холбогдох,

зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,727,143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Б- нь манай компанитай 3 удаагийн зээлийн гэрээ байгуулж, 2 зурагт, 1 зурагтын дэлгэцийг зээлээр худалдан авсан.

1.1. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 3006 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Aiwa JU 55DS190NS загварын зурагтыг 18 сарын хугацаатай, жилийн 9,6 хувийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 5,000 төгрөгийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож 4,046,000 төгрөгөөр Б- худалдан авсан. 1,210,877 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Иймд дээрх гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр 2,996,819 төгрөг, 6 сарын хүү 194,352 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 150 хоногийн алданги 750,000 төгрөг, нийт 3,941,171 төгрөгийг Б- төлөх үүрэгтэй.

1.2. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 3017 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтын дэлгэцийг 10 сарын хугацаатай хүүгүй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 5,000 төгрөгийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож 1,200,000 төгрөгөөр Б- худалдан авсан. 480,000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Тус гэрээний үлдэгдэл төлбөр 720,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 180 хоногийн алданги 900,000 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн үндсэн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 360,000 төгрөг болгож, нийт 1,080,000 төгрөгийг Б- төлөх үүрэгтэй.

1.3. 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3023 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтыг 18 сарын хугацаатай жилийн 9,6 хувийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 5,000 төгрөгийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож 2,023,000 төгрөгөөр худалдан авсан. 728,508 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Тус гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр 1,391,596 төгрөг, хүү 64,736 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 90 хоногийн алданги 450,000 төгрөг нийт, 1,903,332 төгрөг болсон байна.

1.4. Иймд 3 гэрээний дагуу хариуцагч Б- нь нийт 6,927,143 төгрөгийг манай байгууллагад төлөхөөр байна. Манай байгууллагын зүгээс алдангийг 200,000 төгрөг багасгаж, нийт шаардлагаа 6,727,143 төгрөг болгож байна. Тиймээс хариуцагч Б-аас 6,727,143 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

2. Хариуцагч шүүхэд татгалзал, тайлбар ирүүлээгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-аас 4,949,061 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,778,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 125,785 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 94,135 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 3 гэрээний үүрэгт нийт 1,560,000 төгрөгийн алданги, үндсэн төлбөрөөс 200,000 төгрөг хасч нийт 1,760,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт алдангиас 200,000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаас хасахыг зөвшөөрсөн болохоос алдангийг бүхэлд хэрэгсэхгүй болгоод үндсэн төлбөрөөс 200,000 төгрөгийг хасч тооцох тухай нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй болно.

Учир нь 1 хоногийн 5,000 төгрөгийн алданги 0.177 хувь болж байгаа нь хууль зөрчөөгүй, хуульд зааснаас бага байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-д холбогдуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,927,143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6,727,143 төгрөг болгон багасгасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүнчлэн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гаргасан нотлох баримтыг үнэлсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

3. Б- нь А ХХК-аас 2021 оны 5 дугаар сарын 27, 6 дугаар сарын 03, 06-ны өдрүүдэд 3 удаа гэрээ байгуулж нийт 7,269,000 төгрөгийн үнэ бүхий Aiwa JU55DS190NS загварын зурагт, Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтын дэлгэц, Aiwa JU55DS190NS webOS загварын зурагтыг тус тус худалдан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Талууд гэрээгээ зээлийн гэж нэрлэсэн боловч харилцан хүлээх үүргийг тодорхойлбол худалдагч нь эд хөрөнгийн өмчлөлийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээсэн байх бөгөөд гэрээний үнэд хүү төлөхөөр тохирсон байдлыг харгалзан талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Анхан шатны шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үнэ, хүүд 4,949,061 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангид 1,778,082 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээс алданги хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргажээ.

 

4.1 Талуудын 2021 оны 5 дугаар сарын 27, 6 дугаар сарын 03, 06-ны өдөр байгуулсан 3006, 3017, 3023 дугаартай гэрээний 2.3 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн хоног тутамд 5,000 төгрөгийн алданги тооцно гэж тус тус тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх зохицуулалтыг гэрээнд нэг бүрчлэн тусгаагүй байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний 1.2.2-т Алданги-Зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон анзыг гэж, 2.9-д Зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх алданги, үндсэн хүүг, зээлийн дүнгээс тохиролцсон хэмжээгээр төлнө гэж, 3.2.3-т Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги, зээлийн хүү, үндсэн зээл, зээлтэй холбогдон гарсан төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй гэж тус тус заасныг гэрээний 2.3 дахь хэсгийн агуулгатай харьцуулан дүгнэвэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хуульд заасан хувь хэмжээний хүрээнд алдангийг тооцохоор талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Түүнчлэн хоног тутамд төлөх алдангийг мөнгөн хөрөнгөөр тодорхойлсон хэмжээ нь хувь хэмжээгээр тодорхойлох журмын зохицуулалтын дотор багтаж байгаа тул энэ хэргийн хүрээнд уг тохиролцоог хүчинтэй гэж дүгнэлээ.

 

4.2 Иймд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3006 тоот гэрээний алданги 750,000 /5,000 төгрөг150 хоног/ төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3017 тоот гэрээний алданги 360,000 /5,000 төгрөг180 хоног=900,000 төгрөг байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох/ төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3023 тоот гэрээний алданги 450,000 /5,000 төгрөг90хоног/ төгрөг, нийт 1,560,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Үүнээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 200,000 төгрөгийн алданги гаргуулахаас татгалзаж нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулсан байх тул алданги 1,560,000 төгрөгөөс дээрх 200,000 төгрөгийг хасч тооцвол 1,360,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Харин анхан шатны шүүх үндсэн төлбөр, хүүгийн шаардлагыг шийдвэрлэхдээ 200,000 төгрөгийг хасч тооцоогүй байх тул алданги 200,000 төгрөг гаргуулахаас татгалзсан байхад шүүх үүнийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

5. Дээрх дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 4,949,061 төгрөг, алданги 1,360,000 төгрөг, нийт 6,309,061 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 418,082 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/02921 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 4,949,061 гэснийг 6,309,061 гэж, 1,778,082 гэснийг 418,082 гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтад 94,132 гэснийг 115,895 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ