Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 836

 

                                           Ц.Б-ын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 184/ШШ2019/00587 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЭХ” ХХК--д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1 200 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цацралт, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б- түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б- нь 2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Москва комплекс” ХХК-д цахилгааны инженерээр ажилд орсон. 2018 оны 4 дүгээр сараас  “ЭХ” ХХК--д шилжүүлсэн. Тус байгууллагын зүгээс намайг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс чамайг халсан гэж хэлээд ажиллуулаагүй, ажлаас халагдсан тушаалыг одоог хүртэл гаргаж өгөөгүй байна. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус компанид ажлаас халсан тушаал гаргаж өгөхийг хүссэн өргөдөл гаргаж өгсөн боловч одоо хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Би “ЭХ” ХХК--д 2018 оны 4 дүгээр сараас шилжин ажиллахдаа сарын 1 200 000 төгрөгийн цалин авдаг, сардаа цалинг 2 тасалж өгдөг бөгөөд сарын урьдчилгаа цалинг сарын сүүлээр, үлдэх цалинг дараа сарын эхний долоо хоногт авдаг байсан. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг төлөлтөөс харахад сарын цалинг 1 200 000 төгрөгөөс бага бичсэн байдаг. Мөн ажлаас халагдсаны тэтгэмж авах гэхээр тушаалаа авч ир гэж хүлээсээр ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохирч байна. “ЭХ” ХХК- нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс байдаггүй, “Москва комплекс” ХХК-ийн охин компани бөгөөд нэг захиралтай болно. Иймд “ЭХ" ХХК-д цахилгааны инженер ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 1 200 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 800 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цацралт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б- нь 2014 оны 10 дугаар сарын 4-ны өдөр тус компанийн мод боловсруулах үйлдвэрт цахилгааны инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Ажилд орсон 2014 оны 11,12 дугаар саруудад ажлын цагийг 100 хувь ажиллаж, 2015 оны 3 дугаар сараас эхлэн ар гэрийн гачигдалтай гэдэг шалтгаанаар өдөрт 4 цаг, сар тутам 21-136 цаг хүртэлх хэмжээгээр ажил тасалж байсан бөгөөд компанийн захиргаанаас түүний ар гэрийн гачигдлыг нь харгалзан үзэж тасалсан цагуудыг нь цалинтай чөлөө болгох хэлбэрээр бодит дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн билээ. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ц.Б- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй, худлаа шалтаг тоочин үдээс хойшхи ажлын цагийг тасалсны төлөө компанийн удирдлагаас өгсөн зэмлэл шаардлагад ихэд эмзэглэн уурлаж, хашхичин ажил хаяж явсан бөгөөд энэ өдрөөс хойш 11 хоног дур мэдэн ажил тасалж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ирж халагдах өргөдлөө өгсөн. Тус компанийн захиргаа болон Ц.Б-ын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.4-т Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж, 8.8-д Ажлаас халагдаж, чөлөөлөгдөж байгаа ажилтан тойрох хуудсаа бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас халсан, чөлөөлсөн тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээг хүлээлгэн өгнө гэж, 8.9-д ... гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажилтан нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэх үүрэгтэй. Ажил үүргээ хэвийн гүйцэтгээгүй тохиолдолд цалин хөлс олгохгүй гэж тус тус заасан. Дээрх Хөдөлмөрийн гэрээний 8.4-т заасны дагуу Ц.Б-ын ажлын байраа орхих эрх нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээгдэх ёстой байсан бөгөөд нөгөө талаар тэрээр өргөдлөө өгсний дараа өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаалаа албан ёсоор дараагийн хүнд болон компанийн захиргаанд хүлээлгэн өгч, тойрох хуудсыг холбогдох албан тушаалтнуудаар бөглүүлэн, санхүүтэй эцсийн тооцоо хийж, зөрчилгүй тохиолдолд ажлаас халагдах тушаалаа гаргуулах шаардлагатай байсан бөгөөд тэрээр энэ өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байх үүрэгтэй байсан. Бидний хувьд Ц.Б-ын дээрх шаардлагуудыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь өндөр хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан ахлах инженер хүн, хариуцлагатай цаг үед эрхэлж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөлгүйгээр ажил хаяж явснаас үүдэн, түүний хариуцан ажиллаж байсан нэгж хэсэг дээр өвлийн улиралд авар, осол гарч, бид их хэмжээний бодит хохирол амсаад байсан тэр цаг үед, түүнд ажлаас халагдсан тушаалыг нь хууль зөрчиж, нөхөн гаргах үндэслэл байхгүй юм. Бидний зүгээс Ц.Б-ын хөдөлмөрлөх эрхийг санаатайгаар зөрчиж, ажлаас үндэслэлгүйгээр халсан үйлдэл хийгээгүй бөгөөд өнөөдөр ч гэсэн тэрээр эрхэлж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн тохиолдолд бид түүний нэхэмжилсэн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ыг “ЭХ” ХХК--ийн цахилгааны инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 200 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 334 867 төгрөг гаргуулж, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ЭХ” ХХК--д даалгаж, ээлжийн амралтын олговорт үлдэх 465 133 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “ЭХ” ХХК--аас 109 707 (70 200+39 507) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Батсүх давж заалдах гомдолдоо:

... Ц.Б- нь 2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Москва комплекс ХХК-д цахилгааны инженерээр анхлан ажилд томилогдсон. Ийнхүү ажилд томилогдсоноос хойш ажил таслах, өвчтэй гэх шалтгаан тоочиж, чөлөө авах асуудлыг байнга гаргаж ирсэн.

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажил олгогчийн зүгээс өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж байгаатай холбогдуулан удирдлагын зүгээс шаардлага тавихад уурлан бухимдаж, ажлаа хаяж явсан. Үүнээс хойш 11 хоногийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр "Москва комплекс" ХХК-ийн захиргаанд өргөдөл гаргаж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө илэрхийлсэн.

Энэхүү өргөдлөөс харвал “ЭХ” ХХК--ийн ажилтан Ц.Б- нь тусдаа хуулийн этгээд болох Москва комплекс ХХК-д хандан өргөдөл гаргаж буй нь ойлгомжгүй байх бөгөөд нөгөө талаар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр түүнийг ажлаас халсан тухай ямар нэгэн тушаал шийдвэр “ЭХ” ХХК--ийн зүгээс огт гараагүй болно.

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр намайг халсан гэх тайлбарыг шүүхэд гаргаж байх бөгөөд хариуцагчийн зүгээс түүнийг тухайн үед халсан тухай тушаал албан ёсоор гаргаагүй, харин удирдлагын зүгээс ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан шаардлагын хариуд ажилдаа ирэлгүй явсаар 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасныг ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хариуцсан ажлаа хүлээлцэж, тойрох хуудсыг зуруулсны дараа ажлаас халагдах тушаалаа гардаж авахыг хүсэж зөвлөсөн. Энэ талаар ч шүүхэд тайлбар гаргахдаа маш тодорхой дурдсан.

Нэхэмжлэгч тал нь хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байхад, ажил олгогчийг буюу манай компанийг огт нотлох баримтгүйгээр илт үндэслэлгүй буруутган хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, "Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн шийдвэрийг шүүхээс гаргасан нь бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын цалингаа авч чадаагүй учраас уг цалин болох 1 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Мөн энэхүү шаардлагаа нотлох зорилгоор өөрийн худалдаа хөгжлийн банкны 473011709 тоот дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Уг дансны хуулгаас харвал Ц.Б-ад “ЭХ” ХХК--аас 2018 оны 8 дугаар сарын цалингийн урьдчилгаанд 580 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм.

Хавтаст хэрэгт энэхүү нотлох баримт байсаар байтал шүүгч нь ажил олгогчийг илтэд буруутгаж, 2018 оны 8 дугаар сарын цалинд 1 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг огт хангаагүй үндэслэлгүй болохыг маш тодорхой нотолж байгаа юм. Нөгөө талаар Ц.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн “ЭХ” ХХК--д ажиллаж эхэлсэн бөгөөд шүүхээс манай компанийн дотоод журмыг гаргуулахгүйгээр маргааныг шийдвэрлэж, ээлжийн амралтын олговорт 334 867 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Нөгөө талаар өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул ээлжийн амралтын олговор олгох нөхцөл, үндэслэл бүрдээгүй байхад шүүхээс ээлжийн амралтын нөхөн олговор олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2 дахь хэсэгт гомдол гаргах хугацааг 30 хоног байхаар зохицуулсан. Ц.Б- нь шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан. Энэхүү хугацааг Ц.Б- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад шүүхээс "... ажлаас халсан тушаалыг бичгээр гардан аваагүй байна..." гэх үндэслэлийг заан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэсэн гэжээ.

Тушаал гаргаагүй гэх үндэслэл нь нэг талаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд хэрвээ нэхэмжлэгч талд хүндэтгэн үзэх үндэслэл бүхий шалтгаан байгаа бол шүүхэд энэ талаарх баримтаа нэхэмжлэгч тал өөрөө гаргаж өгч, шийдвэрлүүлэх ёстой. Анхан шатны шүүх огт халагдаагүй ажилтныг ажилд нь эргүүлэн тогтоосон, цалингийн зарим хэсгийг олгосоор байтал дахин олгохоор шийдвэрлэсэн болон хавтаст хэрэгт авагдаагүй, огт байхгүй зүйлээр хугацааг сэргээн шийдвэрлэж, ажил олгогчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 184/ШШ2019/00587 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахдаа буруу тооцсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч “ЭХ” ХХК--д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1 200 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажил олгогч 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллуулаагүй, ажлаас халсан шийдвэрээ гаргаж өгөөгүй” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “Ц.Б- дур мэдэн 11 хоног ажлаа хаяж явсан, ажлаас халагдах өргөдлөө өгсөн боловч тойрох хуудсаа бөглүүлж, санхүүгийн тооцоо хийгээгүй” гэсэн тайлбар гарган маргаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай тушаал гаргаагүй болохоо үгүйсгээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч “ЭХ” ХХК- нь ажилтан Ц.Б-тай 2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан, цахилгааны инженерээр ажиллуулсан, нэг сарын цалин 1 200 000 төгрөгөөр болох нь тогтоогдсон үйл баримт байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж заасан байх бөгөөд ажил олгогч байгууллага ажилтанг ажлаас нь чөлөөлөх тушаалаа хуульд заасан журмын дагуу гаргаагүй байгааг анхан шатны шүүх хууль зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Учир нь, ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, түүнтэй холбогдох тооцоог хийж дуусгах нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ажилтныг ажлаас халсан тушаал гаргахгүй, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй цалин хөлс олгохгүй ажилтны эрх ашгийг хохироож байгааг ажлаас халсантай адилтган үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын мөнгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Ажил олгогч хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээдэг тул шүүх нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалттай нийцжээ. 

 

Хариуцагч байгууллага давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ... шүүх нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгохдоо нэхэмжлэгчийн уг сарын цалинд 580 000 төгрөг авсныг хасч тооцоогүй гэж заасан гомдлыг хангах боломжтой байна. Учир нь, хэргийн дугаар талд ажил олгогчоос нэхэмжлэгч Ц.Б-ын 2018 оны 8 дугаар сарын цалинд 580 000 төгрөг /2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр/ шилжүүлэн баримт хэрэгт авагдсан, уг мөнгийг авсан болохоо нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул түүнд олгосон 8 дугаар сарын цалинтай тэнцэх олговроос дээрх мөнгийг хасч 620 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт ажилтныг буруу халсан үеийн олговрыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримталсан атлаа мөн хуулийн 128 дугаар хуулийн 128.1.5 дахь заалтыг давхар баримталсан нь оновчтой биш байна гэж үзлээ.    

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 184/ШШ2019/00587 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаас “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5” гэснийг хасаж, “... 1 200 000 төгрөг” гэснийг “... 620 000 төгрөг ...” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтын “... 109 707 төгрөг”  гэснийг “ ...97 666 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 707 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

      ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО