Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2019/00587

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1,200,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр М ХХК-д Цахилгааны инженерээр ажилд орсон. 2018 оны 4 дүгээр сараас Э ХХК-д шилжүүлсэн. Тус байгууллагын зүгээс намайг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажиллуулахгүй, чамайг халсан гэж хэлээд ажиллуулаагүй, ажлаас халагдсан тушаалыг одоог хүртэл гаргаж өгөөгүй байна. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус компанид ажлаас халсан тушаал гаргаж өгөхийг хүссэн өргөдөл гаргаж өгсөн боловч одоо хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Би Э ХХК-д 2018 оны 4 дүгээр сараас шилжин ажиллахдаа сарын 1,200,000 төгрөгийн цалин авдаг, сардаа цалинг 2 тасалж өгдөг бөгөөд сарын урьдчилгаа цалинг сарын сүүлээр, үлдэх цалинг дараа сарын эхний долоо хоногт авдаг байсан. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг төлөлтөөс харахад сарын цалинг 1,200,000 төгрөгөөс бага бичсэн байдаг. Мөн ажлаас халагдсаны тэтгэмж авах гэхээр тушаалаа авч ир гэж хүлээсээр ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохирч байна. Э ХХК нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс байдаггүй, М ХХК-ийн охин компани бөгөөд нэг захиралтай болно. Иймд Э ХХК-д цахилгааны инженер ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 1,200,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 800,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2014 оны 10 дугаар сарын 04-ны өдөр тус компанийн мод боловсруулах үйлдвэрт цахилгааны инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд ажилд орсон 2014 оны 11,12-р саруудад ажлын цагийг 100 хувь ажиллаж, 2015 оны 3-р сараас эхлэн ар гэрийн гачигдалтай гэдэг шалтгаанаар өдөрт 4 цаг, сар тутам 21-136 цаг хүртэлх хэмжээгээр ажил тасалж байсан бөгөөд компанийн захиргаанаас түүний ар гэрийн гачигдлыг нь харгалзан үзэж, тасалсан цагуудыг нь цалинтай чөлөө болгох хэлбэрээр бодит дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн билээ. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ц.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй, худлаа шалтаг тоочин үдээс хойших ажлын цагийг тасалсны төлөө компанийн удирдлагаас өгсөн зэмлэл шаардлагад ихэд эмзэглэн уурлаж, хашхичан ажил хаяж явсан бөгөөд энэ өдрөөс хойш 11 хоног сураг чимээгүй, дур мэдэн ажил тасалж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ирж халагдах өргөдлөө өгсөн. Тус компанийн захиргаа болон Ц.Б-н хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.4-т Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж, 8.8-д Ажлаас халагдаж, чөлөөлөгдөж байгаа ажилтан тойрох хуудсаа бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас халсан, чөлөөлсөн тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээг хүлээлгэн өгнө гэж, 8.9-д ....Гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажилтан нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэх үүрэгтэй. Ажил үүргээ хэвийн гүйцэтгээгүй тохиолдолд цалин хөлс олгохгүй гэж тус тус заажээ. Дээрх Хөдөлмөрийн гэрээний 8.4-т заасны дагуу Ц.Б-н ажлын байраа орхих эрх нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээгдэх ёстой байсан бөгөөд нөгөө талаар тэрээр өргөдлөө өгсний дараа өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаалаа албан ёсоор дараагийн хүнд болон компанийн захиргаанд хүлээлгэн өгч, тойрох хуудас аван холбогдох албан тушаалтнуудаар бөглүүлэн, санхүүтэй эцсийн тооцоо хийж, зөрчилгүй тохиолдолд ажлаас халагдах тушаалаа гаргуулах шаардлагатай байсан бөгөөд тэрээр энэ өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байх үүрэгтэй байсан. Гэтэл Ц.Б нь өөрийн эрхэлж байсан өндөр нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалын хийх ёстой байсан ажил үүргээ биелүүлээгүйгээс, өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ хүлээлгэн өгч, тойрох хуудсаа зуруулж, халагдсан тушаалаа гаргуулан авах нэр нүүргүй болж, шүүх, цагдаагийн байгууллагаар явж, худал мэдүүлэг өгөн биднээс их хэмжээний нөхөн төлбөр авахаар санаархаж байна. Бидний хувьд Ц.Б-н дээрх шаардлагуудыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь өндөр хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан ахлах инженер хүн, хариуцлагатай цаг үед эрхэлж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөлгүйгээр ажил хаяж явснаас үүдэн, түүний хариуцан ажиллаж байсан нэгж хэсэг дээр өвлийн улиралд авар, осол гарч, бид их хэмжээний бодит хохирол амсаад байсан тэр цаг үед, түүнд ажлаас халагдсан тушаалыг нь хууль зөрчиж, нөхөн гаргах үндэслэл байхгүй юм. Бидний зүгээс Ц.Б-н хөдөлмөрлөх эрхийг санаатайгаар зөрчиж, ажлаас үндэслэлгүйгээр халсан үйлдэл хийгээгүй бөгөөд өнөөдөр ч гэсэн тэрээр эрхэлж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн тохиолдолд бид түүний нэхэмжилсэн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б /цаашид нэхэмжлэгч, ажилтан гэх/ нь хариуцагч Э ХХК /цаашид хариуцагч, ажил олгогч гэх/-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1,200,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэг. Хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар

Ц.Б болон Э ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2014/02 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ. /хх-85-90/

Ц.Б болон М ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2014/02 тоот Хөдөлмөрийн гэрээ мөн байгуулагджээ. /хх-58-62/

М ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ажилд томилох тухай 33 дугаар тушаалаар Ц.Б-ыг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс үйлдвэрт цахилгааны инженерийн ажилд томилжээ. /хх-63/

М ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тушаалаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг тогтоолыг үндэслэн хавсралтад дурдан ажилтны хувийн хэрэг, бусад баримтыг хүлээн авч, тушаал гарган, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг гүйцэтгэхийг компанийн нягтлан бодогчид даалгажээ. /хх-68-73/

Э ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10, 11 дүгээр тушаалаар Ц.Б-ын нэр бүхий хавсралтад дурдсан ажилтнуудыг компанийн хүний нөөцийн албанд бүртгэж, Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин олгохыг зөвшөөрчээ. /хх-74-75/

Нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд М ХХК-аас, 2018 оны 4 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл хугацаанд Э ХХК-аас цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байжээ. /хх-6, 25-33/

Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Б нь М ХХК болон Э ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус Хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэдий ч цалин олголт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон тушаалуудыг үндэслэн Ц.Б нь М ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс, Э ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Хоёр. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон талаар

Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр /тушаал/ гараагүй, Ц.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халсан тушаалыг гаргаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан үйл баримтад талууд маргаагүй. /хх-5/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг ажил олгогч 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс ажиллуулаагүй, ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажиллуулаагүй шалтгааныг одоог хүртэл мэдээгүй гэсэн бол хариуцагч татгалзлын үндэслэлийг ажилтан 11 хоног ажил тасалж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил хүлээлцсэний дараа ажлаас чөлөөлөх тушаал гаргахаар заасан байдаг тул уг тушаал гаргаагүй түүнчлэн ажлын цаг тасалдаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэж маргажээ.

Ажилтны 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан Миний бие Ц.Б нь тус компанид . . . ажиллаж байсан боловч 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Тус өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 12 хоногийн турш ямар шалтгаанаар халсан мөн халагдсан тухай тушаал гараагүй. Тиймээс ямар үндэслэлээр яагаад халагдсан тухай тушаалыг гаргаж өгнө үү. гэх өргөдөл, 2018 оны 9 дүгээр сарын цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байдлаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй байна. /хх-6, 80/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт Э ХХК нь М ХХК-ийн охин компани ба гүйцэтгэх захирал, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, нягтлан бодогч нь дээрх 2 компанийн ажлыг хавсран гүйцэтгэдэг хэмээн тайлбарласныг үндэслэн Ц.Б-н өргөдөлд М ХХК-ийн захиргаанд гэж хаягласан хэдий ч Э ХХК-д гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана. гэсэн нь ажлаас чөлөөлөх тухай тушаал ажил хүлээлцэх үйл явцын өмнө гарсан байх агуулгатай учир хариуцагчийн гаргасан ажилтан ажил хүлээлцээгүйн улмаас ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй гэх тайлбар хуульд нийцэхгүй.

Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан ажилтан хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалт муу, өгсөн үүрэг даалгаврыг үл хүндэтгэдэг, ажлын гүйцэтгэл, чадвар муу гэх үндэслэл нь 2018 оны 8 дугаар 31-ний өдрөөс ажилтныг ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх шалтгаан болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймээс ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэж, ийнхүү ажлаас халсан нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд нь эргүүлэн тогтоох шаардлагыг хангах үндэслэлтэй.

Гурав. Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд

Нэхэмжлэгчийг 1,200,000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан тухай хариуцагч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Ээлжийн амралтын олговорт 2018 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд цалин хөлснөөс тооцон 800,000 төгрөгийг шаарджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохоор заасан байдаг бөгөөд олговрын хэмжээг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралтын олговор тооцох журам-д зааснаар тогтооно. Нэхэмжлэгчийн цалин хөлсийг 1,200,000 төгрөгөөр тооцон, ээлжийн амралтын биеэр эдлэх хугацааг Э ХХК-д шилжүүлсэн ажилтан, ажиллагсдын жагсаалтад зааснаар 11,3 жил ажилласан гэснийг үндэслэн 20 өдрөөр тооцоход 334,867 төгрөг (1,200,000/21.5)-ийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Ажилтныг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажил олгогч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгогдож буй цалин хөлснөөс суутган нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийх үүргийг хүлээнэ.

Дөрөв. Гомдол гаргах хугацааны талаар

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бол нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ажлаас халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг бичгээр хүлээн аваагүй тул заасан хугацаанд шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Иймд шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ыг Э ХХК-ийн цахилгааны инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,200,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 334,867 төгрөг гаргуулж, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Э ХХК-д даалгаж, ээлжийн амралтын олговорт үлдэх 465,133 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Э ХХК-аас 109,707 (70200+39507) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН