Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/03209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Х.Ө- ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ү ХХК-д холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго,

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Амарсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ө- нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Х.Ө- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б/58 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бөгөөд энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дах хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэж заасан байхад ямар зүйл заалтаар цуцалж байгаа нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бөгөөд энэ зүйлд “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3 дах заалтуудын алийг нь үндэслэж тушаал гаргасан нь тодорхойгүй байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн болон холбогдох гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, Хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан тушаал гаргана гэх заалтыг зөрчиж хууль бус тушаал гаргаж үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Хуулийн зөвлөхийн ажлын байр одоо ч хэрэгцээтэй байгаа бөгөөд Х.Ө-ийн хуулийн зөвлөхийн ажлыг төлөөлөгч Ж.Амарсайхан хийгээд шүүхэд ирээд байж байна. Иймд Х.Ө-ийг Үийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 8,474,162 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

2.Хариуцагч Ү ХХК шүүхэд болон төлөөлөгч Ж.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлөн удирдах зөвлөлийн Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирлын Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/30 дугаар тогтоолоор компанийн бүтцийг шинэчлэн баталсан. Мөн түүнчлэн гүйцэтгэх захирлын Компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангиллыг батлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар ажилтнуудын албан тушаалын нэршил, бүтэц, ангиллыг баталсан. Ингэснээр ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагууд, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж баталж ажиллах болсон бөгөөд дээрх гүйцэтгэх захирлын Б/31 дүгээр тушаал батлагдсанаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Компанийн бүтцээс ажлын байр хасах тухай Б/33 дугаар тушаалаар Захиргаа санхүүгийн албанд харъяалагдаж байсан хуулийн зөвлөхийн орон тоог хассан. Хуулийн зөвлөхийн орон тоог хасахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, Ү ХХК-ийн дүрмийн 8.1, 8.10.9, 8.10.11 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.13 дахь хэсгийн заалтуудыг үндэслэсэн. Иймд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Х.Ө-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.19, 4.1.22, 6.16 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэлийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гардуулан өгч бичгээр мэдэгдсэн. Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Х.Ө-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг компанийн бүтцийг шинэчлэн батлагдаж, хуулийн зөвлөхийн ажлын байр бүтцээс хасагдсан үндэслэлээр дуусгавар болгосон гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хөдөлмөрийн гэрээ, Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/58 тоот тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлт /хавтаст хэргийн 7 дахь тал/ зэргийг, хариуцагчаас Улсын бүртгэлийн 9011596037 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ, Ү ХХК-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, хавсралт /хавтаст хэргийн 26-54 дэх тал/, Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 7 дугаар тогтоол, хавсралт /хавтаст хэргийн 55-57 дахь тал/, Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/30 дугаар тушаал, түүний хавсралт, гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 дугаар тушаал, түүний хавсралт /хавтаст хэргийн 60-63 дахь тал/, гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/58 тоот тушаал, Мэдэгдэх хуудас, хариу тайлбар зэргийг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/41 дугаар тушаал, түүний хавсралтууд /хавтаст хэргийн 80-81 дэх тал/, Хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 84-90 дэх тал/, Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 дугаар тушаал, Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаал, түүний хавсралт /хавтаст хэргийн 102-104 дэх тал, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/46 дугаар Хөдөлмөрийн дотоод журам, хавсралт /хавтаст хэргийн 105-125 дахь тал /, Олон улсын эрх зүйч ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 126-130 дахь тал/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Х.Ө-ийн гаргасан Ү ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Х.Ө- нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтаар цуцалж байгаа нь тодорхойгүй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ажилтан Х.Ө-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг компанийн бүтэц шинэчлэн батлагдаж, хуулийн зөвлөхийн ажлын байр бүтцээс хасагдсан үндэслэлээр дуусгавар болгосон тул гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/58 дугаар тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/58 тоот тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлт, Ү ХХК-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, хавсралт, Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын 7 дугаар тогтоол, хавсралт, Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/30 дугаар тушаал, түүний хавсралт, гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний Б/31 дугаар тушаал, түүний хавсралт, гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/58 тоот тушаал, Мэдэгдэх хуудас, Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/41 дугаар тушаал, түүний хавсралтууд, Хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт, Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 дугаартушаал, Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаал, түүний хавсралт, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/46 дугаар Хөдөлмөрийн дотоод журам, хавсралт, Олон улсын эрх зүйч ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Ажил олгогч нь  Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалт, Ү ХХК-ийн дүрмийн 8.1, 8.10.9, дэх хэсэг, Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн Компанийн бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 3.19, 4.1.22, 6.16 дахь хэсэг, гүйцэтгэх захирлын Компанийн бүтцээс ажлын байр хасах тухай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаал, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлийг үндэслэн хуулийн зөвлөх ажилтай Х.Ө-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр цуцалж шийдвэрлэсэн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн Б/58 тоот тушаал үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

8.Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнө “Мэдэгдэл” хүргүүлсэн байх ба талууд энэ талаар маргаагүй. /хавтаст хэргийн 68 дахь тал/

 

9.Ажилтан Х.Ө-ийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ү ХХК-ийн хуулийн зөвлөх гэх ажил, албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

 

10.Хариуцагч Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03  дугаар тогтоолоор Ү ХХК-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, хавсралтаар Ү ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, компанийн батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд ажлын байрны зохион байгуулалт хийх эрхийг гүйцэтгэх захирал Ш.Лхагвад олгосон байна. /хавтаст хэргийн 102 дахь тал/

 

11.Ажил олгогч Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03  дугаар тогтоолоор Ү ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг Гүйцэтгэх захирал, дэд захирал гэх босоо удирдлагатай, гүйцэтгэх захирлын харьяанд Бизнесийн үйл ажиллагааны хөгжлийн газар, Хууль эрх зүй, санхүүгийн газар, Мэдээлэл технологийн газрыг шинээр байгуулж, Захиргаа, хууль эрх зүй, санхүүгийн газар нь дотроо Захиргаа, аж ахуйн алба, Бодлого төлөвлөлт, Хууль эрх зүй, санхүүгийн албатай,  Бодлого төлөвлөлт, Хууль эрх зүй, санхүүгийн алба нь ерөнхий нягтлан бодогч 1, бодлого төлөвлөлт, мөнгөн хөрөнгийн удирдлага хариуцсан ажилтан 1, эрсдэлийн удирдлага хариуцсан ажилтан 1, тооцооны нягтлан бодогч 1, олон улсын эрх зүйч 1, маркетинг, хэвлэлийн төлөөлөгч 1 байхаар зурагдаж, гүйцэтгэх захиралд ажлаа тайлагнаж үйл ажиллагаа нь шат дараалсан байдлаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байна. /хавтаст хэргийн 103-104 дэх тал/

 

12.Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан хуулийн зөвлөхийн эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд Олон улсын эрх зүйч нэршлээр байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал: Олон улсын эрх зүйч албан тушаал, ажлын байрны  тодорхойлолтод “Олон улсын эрх зүйчийн албан тушаалын зорилго нь Компанийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр дэмжин ажиллах, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэт цаасны зах зээлд  дэх бүтээгдэхүүний тогтолцоо, сүлжээ, түүнд оролцогч субъектууд, тэдний эрх үүрэг, онцлог зохицуулалт, дүрэм журмыг судалж дотоодын зах зээлд нэвтрүүлэх санал боловсруулж, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдын гэрээ контрактын төслийг олон улсын гэрээ, конвенци, Монгол улсын хууль, журамд нийцүүлэн боловсруулах ажлыг мэргэжлийн түвшинд шуурхай хангах замаар үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд оршино” гэж, албан тушаалд тавигдах тусгай шаардлага мэргэжил “Олон улсын харилцаа, олон улсын бизнесийн удирдлага” гэж тодорхойлжээ. /хавтаст хэргийн 126-130 дахь тал/

 

13.Мөн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/41 тоот тушаалаар Компанийн бүтцэд шинээр бий болсон Захиргаа, хууль эрх зүй, санхүүгийн газрын олон улсын эрх зүйчийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах тухай зарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон компанийн цахим хуудсанд байршуулан зарлахыг маркетинг, хэвлэлийн төлөөлөгчид даалгаж, олон улсын эрх зүйчийн ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлагыг нэгдүгээр, ажилтан сонгон шалгаруулах зарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байх ба хариуцагчийн төлөөлөгч нь олон улсын эрх зүйчийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулалт явагдсан гэж тайлбарлав.

 

14.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШҮ2022/09812 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас Олон улсын эрх зүйчийн болон Хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтыг гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч тал хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтыг хувийн хэргээс авсан боловч гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй хувийг олсон, өөр баримт олдохгүй  байна гэж тайлбарлаж, нэхэмжлэгч тал мөн ажлын байрны тодорхойлолт байхгүй гэж мэтгэлцэж байх тул хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ. /хавтаст хэргийн 84-90 дэх тал/ 

 

15.Нэхэмжлэгч нь хариуцагч Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 7  дугаар тогтоолоор Ү ХХК-ийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолд Олон улсын эрх зүйч, хуулийн зөвлөх гэсэн ажлын байр байгаа гэж маргаж байна.

 

16.Ажил олгогчийн дээрх тогтоолын үндэслэлийг харахад Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 7  дугаар тогтоолын 1 дэх заалтад Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03  дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ү ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооноос “Дэд захирал”-ын орон тоог хасч, орон тоог шинэчлэн батлахаар зохицуулалт хийгдсэн байжээ. /хавтаст хэргийн 55-57 дахьтал/

         

17.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан тул Хуулийн зөвлөх ажилтай Х.Ө-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр цуцалж шийдвэрлэсэн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/58 тоот тушаал үндэслэлтэй байна.

 

18.Иймд Ү ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,474,162 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

19.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоногэж зааснаар нэхэмжлэгч Х.Ө- нь 2022 оны 06 дугаар сарын  08-ны  өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,768,878 төгрөг:21,5=өдөрт 82,273 төгрөг х 103 өдөр/ нийт  8,474,162 төгрөгийг шаардсан тооцооллыг нягтлан үзэхэд үндэслэлтэй тооцсон байна.

 

20.Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч Х.Ө- нь маргаан таслах комисс байхгүй гэх тайлбар гаргажээ. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он, цаашид Хөдөлмөрийн тухай хууль гэх/-ийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

21.Нэхэмжлэгч Х.Ө-ийн нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг тооцож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1,  43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ү ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,474,162 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ