Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00026

 

 

 

 

 

 

 

 

2022 12 23 210/МА2023/00026

 

 

*.*ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/03142 дугаар шийдвэртэй,

*.*ийн нэхэмжлэлтэй

*** ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *.*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ажил олгогчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бөгөөд энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлгүй.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэж заасан байхад 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр тушаал гаргасан нь тодорхойгүй байна.

*.*ийн эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлын байр хариуцагч байгууллагад одоо ч хэрэгцээтэй байгаа бөгөөд түүний ажлыг төлөөлөгч *.*** хийж байна. Иймд *.*ийг *** ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 8,474,162 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/**** дугаар тогтоолоор компанийн бүтцийг шинэчлэн баталсан.

Мөн өдрийн Б/**дугаар Компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангиллыг батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудын албан тушаалын нэршил, бүтэц, ангиллыг баталсан. Ингэснээр ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагууд, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж баталж ажиллах болсон.

Дээрх тушаал батлагдсанаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Компанийн бүтцээс ажлын байр хасах тухай Б/00 дугаар тушаалаар Захиргаа санхүүгийн албанд харьяалагдаж байсан хуулийн зөвлөхийн орон тоог хассан. Хуулийн зөвлөхийн орон тоог хасахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, *** ХХК-ийн дүрмийн 8.1, 8.10.9, 8.10.11 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.13 дахь хэсгийн заалтуудыг үндэслэсэн.

Хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан *.*ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.19, 4.1.22, 6.16 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гардуулан өгч бичгээр мэдэгдсэн.

Иймд гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалаар компанийн бүтцийг шинэчлэн батлагдаж, хуулийн зөвлөхийн ажлын байр бүтцээс хасагдсан үндэслэлээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан *.*ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,474,162 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *.*ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч тал 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалын үндэслэлээ дурдаагүй нь хууль бус байхад шүүгч тушаалыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг дурдсан нь хууль бус тушаал гэдгийг нотолж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгааг ажил олгогч дурдаагүй. Энэ нь Улсын Дээд шүүхийн зөвлөмжийг зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн. Хуулийн заалт үндэслэж тушаал гаргадаг байтал мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг зөрчиж ажилтанд тэтгэмж олгоогүй байхад шүүгч тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг дордуулсан шийдвэр гаргасан.

4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... орон тоо хасагдсан гэх боловч хуулийн зөвлөхийн ажил, ажлын байр хэвээрээ байгаа талаар тайлбарласан боловч шүүх шийдвэртээ хуулийн зөвлөхийн ажлын байр одоо ч хэрэгцээтэй гэж зөрүү бичсэн. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүрэн тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

4.4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас Олон Улсын эрх зүйчийн болон хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтыг хувийн хэргээс авсан боловч гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн атлаа шийдвэртээ Олон улсын эрх зүйчийн ажлын байрны тодорхойлолтыг ямар нотлох баримттай харьцуулан дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Ажил олгогч нь ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж ажилтанд өгөх үүрэгтэй байхад энэ асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

4.5. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/41 дугаар тушаалын хавсралтаар баталсан Олон улсын эрх зүйчийн ажлын байрын тодорхойлолтод байсан хуулийн зөвлөхийн хийж байсан ажил үүрэгтэй давхардсан хэсэг болох гэрээний төслийг боловсруулна, компанийн бичиг баримтууд эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа дүгнэлт гаргах, компанийн дотоодын болон олон улсын гэрээ хэлцэлд төлөөлж оролцоно гэх мэт хэсгүүдийг хариуцагч зассан.

4.6. Хариуцагч байгууллагын ТУЗ-ын хурлын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0 тоот тогтоолын 2 дахь хэсэгт компанийн батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд ажлын байрны зохион байгуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлэх, компанийн ажилтан алба хаагчдын эрх ашгийг хохироохгүй байх зарчмыг баримтлан ажиллахыг үүрэг болгосугай. гэж, 2 дугаар хавсралтаар Бодлого төлөвлөлт хууль эрх зүй, санхүүгийн албан олон улсын эрх зүйч, хуулийн зөвлөх /1/ гэж батлагдсан нь энэхүү 2 албан тушаалын аль нь ч ажиллаж болохоор батлагдсаныг нотолж байна. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуулийн зөвлөхийн ажлын байрыг хассан тушаал гарсан гэх боловч нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсээр байсан. Иргэний хуулийн хэрэглээнд хууль тогтоомжийн сүүлд хүчин төгөлдөр болсныг хэрэглэнэ гэсэн суурь зарчимтай тул 2022 оны 04 дүгээр сарын тушаал, шийдвэрүүд үндэслэлгүй.

4.7. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох ба тухайн байгууллагын бүтэц 39 байснаа 41 болсон байхад орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийг халахын тулд зохион байгуулалттайгаар хийсэн ажил юм.

4.8. Мөн хариуцагч нь шүүх хуралдааны явцад хуулийн зөвлөхийн ажлын байр хэвээр байгааг хүлээн зөвшөөрсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасан нөхцөл байдал бий болсон гэдэг ч тайлбарлахдаа ажилдаа тэнцэхгүй байсан гэдэг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг бүрэн үнэлж маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. *** ХХК нь Монгол улсын хэмжээнд компаниудын хувьцаа, мөн Засгийн газар, компаниудын гаргасан бонд гэх мэт үнэт цаасыг бүртгэж, хадгалан өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч шилжүүлж, төлбөр тооцоог хийдэг. Өөрөөр хэлбэл, манай байгууллага нь хөрөнгийн зах зээлийн суурь байгууллага юм.

Манай байгууллагаас гарсан тушаал шийдвэрүүд нь төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол шийдвэрүүд байна. Мөн ажилчдын албан тушаалын нэршил, ангиллыг тушаалаар баталгаажуулж, хуулийн зөвлөхийн орон тоог хассан. Учир нь шинэ бүтээгдэхүүнийг гадаад хэлээр ойлгодог, гадаадын их сургуульд магистраас доошгүй зэрэгтэй хүн хэрэгтэй байна. Гэтэл хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан *.*ийн боловсролын түвшин хүрэхгүй байна.

Манай байгууллагад шинэ бүтээгдэхүүнийг оруулж ирэх чадвартай, олон улсын эрх зүйч мэргэжилтэй хүн хэрэгтэй байна. Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 118 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын мэргэжлийн ангилалд 0000 буюу олон улсын эрх зүйч гэж заасан.

5.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор компанийн бүтэц, орон тоог баталсан. Тухайн тогтоолыг *.*ийг ажиллаж байхдаа гаргасан боловч баталгаажуулаагүй байсан ба баримтыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх гэхээр тамга тэмдэг, гарын үсэггүй байсан.

5.3. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан бүтцээр нийт 39 орон тоо байсныг 41 орон тоотой болгосон. Учир нь мөнгөн хөрөнгийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн хүн хэрэгтэй байна гэж төлөөлөн удирдах зөвлөлтэй ярилцаж, 2 орон тоо нэмсэн. Төрийн хэмнэлтийн хуулиар дэд захирлын орон тоог цомхотгох асуудал яригдаж, төлөөлөн удирдах зөвлөлөөр дахин хэлэлцүүлж, дэд захирлын орон тоог хассан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас халсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч *.* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гомдлоо шүүхэд гаргасан ба анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэж дүгнэсэн нь зөв байна.

4. *** ХХК-д *.* нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тус байгууллагын хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.

4.а. *.*ийг ажлаас чөлөөлсөн *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалд компанийн бүтцээс ажлын байр хасах тухай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/00 дугаар тушаал болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болгон цуцалсан байна. /хх 5/

Дээрх тушаалд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй боловч гүйцэтгэх захирлын компанийн бүтцээс ажлын байр хасах тухай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/00 дугаар тушаалыг баримталсан нь *.*ийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн агуулгатай байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Анхан шатны шүүх ажил олгогчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

5.а. Учир нь *** ХХК-ийн дүрмийн 7.4.4-д Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын дээд хязгаарыг батлах гэж Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээг тодорхойлжээ. /хх26-37/

Дээрх дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд *** ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог хавсралтаар батлахдаа Захиргаа, хууль эрх зүй, санхүүгийн газрын Бодлого төлөвлөлт, хууль эрх зүй, санхүүгийн албанд Олон улсын эрх зүйчийн ажлын байрыг баталсан байна. /хх 103-104/

Үүнээс гадна *** ХХК-ийн дүрмийн 8.10.9-д Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, өөрчлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, шагнаж урамшуулах сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн дотоод журам заавар гарган мөрдүүлэх болон эрх хэмжээний бусад асуудлаар журам батална гэж компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг тодорхойлсон.

Гэтэл хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/00 дугаар тушаалаар компанийн бүтцээс Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны кастодиан, Захиргаа, санхүүгийн албаны хуулийн зөвлөхийн ажлын байрыг тус тус хассан нь тус компанийн дүрмээр гүйцэтгэх удирдлагад олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. /хх 93/

6. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага хуулийн зөвлөхийн орон тоог бүтцээс хасаагүй хэвээр байгаа, олон улсын эрх зүйч гэсэн нэршлээр орон тоог баталсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуулийн зөвлөхийн орон тоог бүтцээс хасч, оронд нь олон улсын эрх зүйчийн орон тоог баталсан, уг ажлын байранд тавигдах шалгуур, хийж гүйцэтгэх ажил үүрэг өөр гэж талууд зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцэж байна.

6.а. Нэхэмжлэгчийн хүсэлтээр ажлаас халагдахаас өмнө ажиллаж байсан хуулийн зөвлөхийн болон шинээр батлагдсан олон улсын эрх зүйчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн боловч өмнөх хуулийн зөвлөхийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг тус компанийн гүйцэтгэх захирал батлаагүй байна.

6.б. Харин хариуцагч байгууллагаас олон улсын эрх зүйчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг шүүхийн журмаар гаргуулан ирүүлснийг нэхэмжлэгч уг ажлын байрны тодорхойлолтыг боловсруулснаас өөрчлөгдсөн байдлаар шүүхэд ирүүлсэн гэж маргасан.

Зохигчид өмнөх хуулийн зөвлөхийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг батлаагүйгээс уг ажлын байрны албан тушаалд тавигдах шаардлага болон албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг шүүхэд ирүүлсэн олон улсын эрх зүйчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэх боломжгүй тул эдгээр албан тушаалын ажлын байрны тодорхойлолтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

6.в. Мөн *** ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооноос дэд захирлын орон тоог хасаж, компанийн бүтцийг шинэчлэн батлахдаа Захиргаа, хууль эрх зүй, санхүүгийн газрын Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн санхүүгийн албанд Олон улсын эрх зүйч, хуулийн зөвлөхийн орон тоог 1 байхаар тусгажээ. /хх 56-57/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн дагуух ажил үүргийг хийж байгаа гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.

6.г. Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл хуулийн зөвлөхийн ажлын байрыг бодитойгоор хассан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Олон улсын эрх зүйч, хуулийн зөвлөхийн ажлыг хавсарсан чиг үүрэг бүхий ажлын байр гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, ажлын байрны нэршил өөрчлөгдсөнийг бодитойгоор орон тоо хассан гэж үзэхгүй. Энэ үндэслэлээр бодитойгоор орон тоо хасаагүй байхад ажлын байрны нэршлийг өөрчлөн нэхэмжлэгчийг ажлаас халсан гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

Нэхэмжлэгч *.*ийн ажиллаж байсан хуулийн зөвлөхийн албан тушаал нь олон улсын эрх зүйч, хуулийн зөвлөх болж өөрчлөгдсөн байх тул 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар *.*ийг уг ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч *** ХХК-д даалгаж шийдвэрлэв.

7. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор заасан тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт дахь 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсний дундаж 1,768,878 төгрөгийг түүний ажилгүй байсан 103 хоногийн хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны олговорт 8,474,162 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

8. Мөн нэхэмжлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах нь 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцнэ.

9. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 150,537 төгрөг гаргуулж улсын орлогод оруулна.

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/03142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан *.*ийг *** ХХК-ийн Олон Улсын эрх зүйч, хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,474,162 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...дурдсугай. гэснийг ...дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** ХХК-аас 150,537 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *.*ийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ