Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2022/03271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт байрлах Ш-ын харьяа, Б албанд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Отгонцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай * тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ц-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднаанямбуу,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, Д.Намдаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Ш-ын харьяа, Б албанд холбогдуулан Б албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Отгонцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай * тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Д.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182ЛШШ2019/00199 тоот шийдвэрээр Б.Лхагва-Очироос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Б.Лхагва-Очир нь хүүхдээ 18 насанд хүрч оюутан болоход нь төлбөрийг бөөнөөр нь сургалтын төлбөр болгон өгнө гэсэн боловч хэлсэн амлалтдаа хүрээгүй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/Ш32022/10458 тоот захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Б алба гүйцэтгэхээр хүлээн авсан бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхэд 18 нас хүртэлх хугацаанд төлөгдвөл зохих хуримтлагдсан төлбөрийн үлдэгдэл нь 5,573,400 төгрөг болохыг ажиллагааг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Д.Намдаг тооцож гаргасан. Гэтэл Б албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Отгонцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай * тоот тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.6 буюу тэжээн тэтгүүлэгч Л.Мөнгөнзулыг 18 насанд хүрсэн үндэслэлээр дуусгавар болгосон. Тэжээн тэтгүүлэгч хүүхэд Л.Мөнгөнзул нь насанд хүрсэн боловч 18 нас хүртэлх хугацаанд тэжээн тэтгүүлэхтэй холбоотой тэтгэлгийн үлдэгдэл төлбөр төлөгдөж дуусаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.6-д заасан гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэх үндэслэл нь зөвхөн насны ойлголт биш бөгөөд Л.Мөнгөнзулыг шүүхийн шийдвэр гарснаас хойш 18 нас хүртэлх хугацаанд тэжээн тэтгэвэл зохих буюу төлбөл зохих тэтгэлэг бүрэн төлөгдөж дуусаагүй тохиолдолд тэрхүү төлбөрийн үлдэгдлийг хүүхэд 18 насанд хүрсэн эсэхээс үл хамааран барагдуулах ажиллагаа дуустал нь хийх байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гээд мөн зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу зохих шатны байгууллага, албан тушаалтнуудад гомдлоо гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзсан. Иймд Б албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Отгонцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай * тоот тогтоолыг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ш-ын харьяа, Б алба шүүхэд болон төлөөлөгч Ц.Отгонцэцэг, Д.Намдаг нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр арын 28-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр Батсүрэнгийн Лхагва-Очироос 1 /нэг/ хүүхдийн тэтгэлэг гаргуулж Д.Ц-д олгохоор шийдвэрлэжээ. Тэтгүүлэгч хүүхэд болох Л.Мөнгөнзул 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 насанд хүрсэн байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн * дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00199 дүгээр шийдвэрийн хуулбар, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2022/10458 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 766 дугаар гүйцэтгэх хуудас хуулбар, төлбөрийн тооцоолол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн * тоот тогтоол, Б албаны 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3/2684 тоот албан бичиг , Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2113 тоот албан бичиг, Хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг баримтыг, хариуцагчаас хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Ш-ын харьяа, Б албанд холбогдуулан Б албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Отгонцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай  * тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тэжээн тэтгүүлэгч хүүхэд Л.Мөнгөнзул шүүхийн шийдвэр гарснаас хойш 18 нас хүртэлх хугацаанд тэжээн тэтгэвэл зохих буюу төлбөл зохих тэтгэлэг бүрэн төлөгдөж дуусаагүй байхад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай * тоот тогтоол гаргасан буруу” гэж тайлбарлав.

2.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тэжээн тэтгүүлэгч хүүхэд болох Л.Мөнгөнзул 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 насанд хүрсэн байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн * дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэ ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн * тоот тогтоол, Төлбөрийн тооцоолол, Б албаны 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3/2684 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2113 тоот албан бичиг, Хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр арын 28-ны өдрийн 182/ШШ2019/00199 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Лхагва-Очир, Д.Ц- нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Л.Мөнгөнзулыг эх Д.Ц-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Л.Мөнгөнзулыг 11-16 /суралцаж байгаа бол 18/-нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Б.Лхагва-Очироор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй” гэж шийдвэрлэж, дээрх шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2022/10458 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ГХ2022/00766 дугаар Гүйцэтгэх хуудас бичигдэн, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн зохих ажиллагааг явуулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана” гэж, мөн хуулийн 29.1.6 дахь хэсэгт заасан гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон үндэслэлээр хариуцагч Б албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Отгонцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай * тоот тогтоол үндэслэл бүхий байна гэж үзлээ.

6.Өөрөөр хэлбэл, тэжээн тэтгүүлэгч хүүхэд  болох 2003 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Л.Мөнгөнзул 18 насанд хүрсэн гэх үндэслэлээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагджээ.

7.Нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай * тоот тогтоолыг хүчингүй болгосноор төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэг 5,573,400 төгрөгийг шаардах эрх үүснэ” гэж тайлбарлав.

8.Хариуцагч талаас гаргасан “Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэж зааснаар шүүхэд хандах эрхтэй гэсэн хариуг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/2684 тоот албан бичгээр өгсөн” гэх  тайлбар нь үндэслэлтэй байна.

09.Тодруулбал, нэхэмжлэгч Д.Ц- нь шүүхийн шийдвэрээр олгогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хандаж, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Гүйцэтгэх хуудас бичигдэх үед тэтгэлэг авагч 2003 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Л.Мөнгөнзул 18 насанд хүрсэн байжээ. Үүнд хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг буруутгах боломжгүй гэж үзнэ.

10.Хариуцагч Ш-ын харьяа, Б албанд холбогдуулан Б албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Отгонцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай * тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

11.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ш-ын харьяа, Б албанд холбогдох Б албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Отгонцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай * тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ