Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00155

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/03271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ц-гийн хариуцагч Б-нд холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Шүүхийн шийдвэрээр Б.Л-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Б.Л- нь хүүхдээ 18 насанд хүрч оюутан болоход нь төлбөрийг бөөнөөр нь сургалтын төлбөр болгон өгнө гэсэн боловч хэлсэн амлалтдаа хүрээгүй. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхэд 18 нас хүртэлх хугацаанд төлөгдвөл зохих хуримтлагдсан төлбөрийн үлдэгдэл нь 5,573,400 төгрөг болохыг ажиллагааг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч тооцож гаргасан. Гэтэл Б-ны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.О-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 9/102 тоот тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 буюу тэжээн тэтгүүлэгч Л.М-ыг 18 насанд хүрсэн үндэслэлээр дуусгавар болгосон. Тэжээн тэтгүүлэгч хүүхэд Л.М- нь насанд хүрсэн боловч 18 нас хүртэлх хугацаанд тэжээн тэтгүүлэхтэй холбоотой тэтгэлгийн үлдэгдэл төлбөр төлөгдөж дуусаагүй. Иймд Б-ны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.О-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 9/102 тоот тогтоолыг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр арын 28-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр Батсүрэнгийн Л-оос 1 /нэг/ хүүхдийн тэтгэлэг гаргуулж Д.Ц-д олгохоор шийдвэрлэжээ. Тэтгүүлэгч хүүхэд болох Л.М- 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 насанд хүрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 05-ны едрийн 9/102 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.О-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай 9/102 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а.Шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхэд 18 нас хүртэлх хугацаанд төлөгдвөл зохих хуримтлагдсан төлбөрийн үлдэгдэл нь 5,573,400 төгрөг болохыг шийдвэр гүйцэтгэгч тооцож гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасан гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэх үндэслэл нь зөвхөн насны ойлголт биш бөгөөд Л.М-ыг шүүхийн шийдвэр гарснаас хойш 18 нас хүртэлх хугацаанд тэжээн тэтгэвэл зохих буюу төлбөл зохих тэтгэлэг бүрэн төлөгдөж дуусаагүй, төлөгдөөгүй тэтгэлэг байгаа тохиолдолд тэрхүү төлбөрийн үлдэгдлийг хүүхэд 18 насанд хүрсэн эсэхээс үл хамааран хариуцагчаас нөхөн гаргуулах ажиллагааг явуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна гэж заасантай нийцнэ гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Л.М- 18 насанд хүрсэн боловч түүний эцэг Б.Л-оос 18 нас хүртэлх хугацаанд тэжээн тэтгэх үүрэг бүрэн дуусаагүй буюу төлбөрийн үлдэгдэлтэй, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байгаа тул хүүхдийн эрх ашгийн үүднээс хууль тогтоогч дээр дурдсанаар төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр буюу хүүхэд 18 насанд хүрсэн ч гаргуулах ажиллагааг хийж дуусгахаар зохицуулсан байна гэж үзэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг үндэслэлийг зааж мэтгэлцсэн. Харин хариуцагчаас шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дэх хэсэгт заасныг үндэслэн, хүүхдийг 18 нас хүртэлх хуримтлагдсан тэтгэлэг болох 5,573,400 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гарган дахин шийдвэр гаргуулсны үндсэн дээр авах боломжтой гэж тайлбарлаж байгаа нь бидний тохиолдолд нийцэхгүй бөгөөд хэрэв дээрх төлбөрийг дахин гаргуулахаар шүүхэд хандвал нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах юм. Бидний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6 Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нохон гаргуулна гэсэн заалт болохыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт удаа дараа илэрхийлсэн боловч шүүхээс шийдвэр гаргахдаа уг зүйл заалтад ямарч дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэхэд тэтгэлэг авагч 18 насанд хүрсэн байжээ. Үүнд хариуцагч байгууллагыг буруутгах аргагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Гэтэл хариуцагч байгууллага гүйцэтгэх хуудас нь хүүхдийг 18 насанд хүрсний дараа бичигдсэн үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгоогүй, харин ч 18 насанд хүрсний дараа бичигдсэн албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсыг хүлээн авч үлдэгдэл төлбөрийг тооцон гаргах, төлбөр төлөгчтэй холбогдох зэрэг ажиллагааг хийсэн. Мөн хариуцагч талаас ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар тодорхой хариултыг өгөөгүй бөгөөд 18 нас хүрсэн л бол нэг ч төгрөгийн тэтгэлэг гаргуулаагүй байсан ч ажиллагааг дуусгавар болгоно гэх агуулгаар маргаж байгаа нь хүүхдийн эрх ашиг хохирч үлдэх, 18 нас хүртэл хугацаанд тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл байдал бий болох юм. Тийм ч учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагааг тусгайлан зохицуулж, хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулах ажиллагааг хийхээр зохицуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Л.М- нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 насанд хүрсэн байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд түүний гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Б-нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.а.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00199 дугаар шийдвэрээр Б.Л-, Д.Ц- нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Л.М-ыг эх Д.Ц-гийн асрамжид үлдээж, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Б.Л-оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 4-5-р тал/

3.б.Нэхэмжлэгч Д.Ц- нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүх 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 182/ГХ2022/00766 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 7-р тал/

3.в.Хариуцагч байгууллагын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9/102 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор, төлбөр төлөгч Б.Л-т холбогдох 22350679 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-т заасан гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон үндэслэлээр дуусгавар болсонд тооцжээ. /хх-ийн 9-р тал/

3.г.Улмаар нэхэмжлэгч Д.Ц- нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон нь хуульд нийцсэн гэх хариуг өгсөн ба нэхэмжлэгч Д.Ц- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

3.д.Тэжээн тэтгүүлэгч Л.М- нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 нас хүрсэн байх бөгөөд тус өдрийн байдлаар тэтгэлэг төлөгч Б.Л-ын төлбөл зохих тэтгэлэг 5,573,400 төгрөг болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тооцооллын хүснэгтээр тогтоогджээ. /хх-ийн 8-р тал/

3.е.Гүйцэтэх баримт бичигт зааснаар буюу тэжээн тэтгүүлэгч 18 нас хүрснээр тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох хэдий ч энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлд шууд хамаарахгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлөгдөөгүй тэтгэлгийг төлүүлэх арга хэмжээг авах учиртай.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна гэж заасан буюу хариуцагч байгууллага нь төлөгдөөгүй тэтгэлэг болох 5,573,400 төгрөгийг нөхөн гаргуулах арга хэмжээ авалгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6 дахь хэсэгт төлөгдөөгүй тэтгэлгийг хугацаа харгалзахгүй нөхөн гаргуулах агуулга тусгагдсан байх тул нэхэмжлэгч Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэлэг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргуулж болно гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

4.Иймд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9/102 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол хууль зүйн үндэслэлгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.18-т зааснаар тус тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/03271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.18-т зааснаар Б-ны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9/102 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгосугай гэж,

2 дах заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай. гэж,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ