Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2019/00220/И |
Дугаар | 182/ШШ2022/03336 |
Огноо | 2022-11-16 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2022/03336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, Н ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод байрлах, Д ХХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээг цуцласнаас учирсан хохиролд 13,710,817 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунтүлхүүр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Довчин нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,710,817 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунтүлхүүр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХК нь өөрийн салбар дэлгүүр болох Эко экспресс-Залуу монгол, Эко экспресс-120 мянгат дэлгүүрүүдийн барилгын гадна талын үүдний хэсэгт засвар шинэчлэл хийх ажлын хүрээнд Д ХХК-тай NR/18/290, NR/18/291 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Гэрээнд зааснаар дээрх дэлгүүрүүдийн гадна тамбур, дээврийн засвар, фасадны ажлыг чанартай өндөр түвшинд хугацаанд нь хийж гүйцэтгэх буюу 2018.09.21-ний өдрөөс 2018.10.01-ний өдрийг хүртэл хуанлийн 10 хоногт багтаан хийж дуусгахаар гэрээ байгуулж Н ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч талд төлбөрийн 50 хувь болох гэрээ тус бүрд 7,450,000 төгрөг нийт 14,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал Д ХХК нь ажлаа бүрэн дуусгалгүй гэрээний үүргээ зөрчин ажлаа хаяж явсан ба манай компанийн зүгээс NR/18/290 тоот гэрээний ажлын гүйцэтгэл 32.1 хувьтай, NR/18/291 тоот гэрээний гүйцэтгэл 25.6 хувьтайгаар гүйцэтгэсэн ажлыг нь дүгнэн хүлээн авсан. Ингээд өөр компаниар ажлыг хийлгэж дуусгасан. Хариуцагч талд тооцоо хийж, зөрүү төлбөрийг буцаан төлүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд актанд тусгаснаар 290 тоот гэрээний хувьд хариуцагч Д ХХК-иас урьдчилгааны зөрүү дүн 2,664,440 төгрөг, алданги 9 хоног 0,3 хувиар тооцож 402,300 төгрөг, торгууль 20 хувь буюу 2,980,000 төгрөг, нийт 6,046,740 төгрөг, 291 тоот гэрээний хувьд урьдчилгааны зөрүү дүн 3,623,392 төгрөг, алданги 9 хоног 0,3 хувиар тооцож 402,300 төгрөг, торгууль 20 хувь буюу 2,980,000 төгрөг, нийт 7,005,692 төгрөг, бүгд 13,710,813 төгрөгийг Иргэний хуулийн 343.1, 343.2-т зааснаар гаргуулна. Алданги гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
2.Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх хоёр гэрээний дагуу Залуу монгол Эко экспресс салбар дэлгүүрийн гадна тамбур, фасадны ажил, 120 мянгант Эко экспресс салбар дэлгүүрийн дээврийн засвар, гадна тамбур, фасадны ажлыг тус тус хийгдэхээр байсан. Эдгээр ажлын нийт үнийн дүнгийн урьдчилгаа 50 хувь болох 14,000,000 төгрөг авсан. Харин бид тухайн 14,000,000 төгрөгт таарсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу Залуу монгол салбарт 46 ажлын даалгавар бичигдсэнээс зохих ажлууд хийгдсэн, 120 мянгат салбар дэлгүүрт нийт 63 ажлын даалгавар бичигдсэнээс мөн зохих ажил хийгдсэн. Д ХХК нь Н ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээний 1.1-т зааснаар энэхүү гэрээний салшгүй хэсэг болох ажлын даалгавар болон зураг төсөл нь өгөгдөлдөө буруу өгөгдөж, Н ХХК-ийн энэ ажилд зориулагдсан хяналтын төсөв хийгдээгүй, гэрээ баталгаажиж хавсрагдаагүй, Н ХХК-ийн зургийн инженер н.Мөнх-Эрдэнэ, барилгын хяналтын инженер н.Цолмон нарын буруутай үйлдлээс шалтгаалан ажил цааш үргэлжлэх боломжгүй болсон. Тухайлбал, зургийн инженер нь ажлын явц дунд буруу зураг төсөл гаргасан болохоо мэдэгдэж, зургаа өөрчилж манай компани руу шилжүүлсэн урьдчилгаа 14,900,000 төгрөг гэрээнд заасан ажлын хаана ч хүрээгүй. Үүнээс гадна хоёр банз солих ажлын оронд дээврийн ажил солих ажил хийгдэж явсан. Хамгийн гол нь гэрээний салшгүй хэсэг болох хяналтын төсөв байхгүй байсан учир ажил цааш үргэлжлэх ямар ч боломжгүй болсон. Бид хяналтын төсөв Н ХХК-иас шаардсан боловч өгөөгүй. Тэгээд үл ойлголцол бий болсон. Захиалагч тал хуульд байхгүй алданги, торгуулийг зэрэг авахаар гэрээнд тусгасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээ хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч тал гэрээ цуцлагдсан талаар мэдэгдэж байсан ба нэхэмжлэлийн шаардлага дээрээ ч гэрээ цуцлагдсан талаар тодорхой тусгасан. Нэхэмжлэгч талын зүгээс өөрөө акт үйлдэж манай хийсэн ажлыг хувиар илэрхийлсэн байгааг зөвшөөрөхгүй. Гэрээнд заасантай ч нийцэхгүй, актанд хоёр тал гарын үсэг зурах байсан. Тийм учраас энэхүү актаа үндэслэн урьдчилгаанд илүү мөнгө өгсөн гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээг цуцлагдсан талаар манайх маргасан зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн NR/18/290, NR/18/291 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн даалгаврын жагсаалт, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх хариуцагч Д ХХК-ийн хийсэн ажлыг харуулсан гэх гэрэл зургууд , Н ХХК-иас Д ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд, ажил гүйцэтгэгчийг сонгосон тухай баримтууд, Д ХХК-иас үнийн санал болон хамтран ажиллах санал хүргүүлсэн тухай баримтууд, Д ХХК-ийн ажлыг хийхтэй холбоотойгоор гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн төсөв, Н ХХК-ийн Их тамир констракшн ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох баримтууд, Д ХХК-ийн болон Б.Алтансүхийн Хаан банкны депозит дансны хуулгууд зэрэг баримтуудыг, хариуцагчаас Депозит дансны хуулга, Д ХХК-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай дэвтэр, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянмогод ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, тайланг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлээс 4,823,561 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 8,887,256 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,710,817 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа “ажил гүйцэтгэх гэрээг цуцласнаас учирсан хохирол буюу гэрээний урьдчилгаанд илүү шилжүүлсэн 6,287,832 төгрөг, алданги 1,462,985 төгрөг, торгууль 5,960,000 төгрөг, нийт 13,710,817 төгрөг гаргуулахаар тодруулсан.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч тал гэрээнд заасны дагуу ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, түүний буруутай шалтгаанаар гэрээ цуцлагдсан бөгөөд бид хийсэн хэмжээнд нь ажлыг хүлээн авч, өөр байгууллагаар ажлыг үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан, харин хариуцагчид урьдчилгаанд илүү мөнгө өгсөн бөгөөд ирж тооцоо хийхийг мэдэгдсэн боловч ирээгүй учир илүү өгсөн мөнгөө, торгуулийн хамт буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээний урьдчилгаанд авсан 14,900,000 төгрөгийн хэмжээнд зохих ажлаа хийсэн, нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, анх ажлын талбар дээр очиход л ажлын хийгдэх процесс буюу төсөвт тусгагдаагүй зардал гарах, хугацаа шаардах ажил байсан, үүнийг нэхэмжлэгчид бодит байдлаар нь хэлж, төсвөө нэмэх шаардлагатай гэхэд зөвшөөрөөгүй, тиймээс гэрээ цуцлагдсан, урьдчилгаа мөнгөнөөс буцаах боломжгүй, тэгээд ч анзыг давхардуулан шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн NR/18/290, NR/18/291 дугаар ажил гүйцэтгэх гэрээнүүд /хавтаст хэргийн 4-11 дэх тал/, төлбөрийн даалгаврын жагсаалт, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх хариуцагч Д ХХК-ийн хийсэн ажлыг харуулсан гэх гэрэл зургууд, Н ХХК-иас Д ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд, ажил гүйцэтгэгчийг сонгосон тухай баримтууд, Д ХХК-иас үнийн санал болон хамтран ажиллах санал хүргүүлсэн тухай баримтууд, Д ХХК-иас ажлыг хийхтэй холбоотойгоор гаргасан 2018.09.18-ны өдрийн төсөв, Н ХХК-ийн Их тамир констракшн ХХК-тай байгуулсан 2018.10.09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох баримтууд, Д ХХК-ийн болон Б.Алтансүх-ийн ХААН банкны депозит дансны хуулгууд /2 дахь хавтаст хэргийн 8-17 тал/, Д ХХК-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай дэвтэр /2 дахь хавтаст хэргийн 104-119 тал/, шинжээч Баянмогод ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, тайлан зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Н ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Залуу Монгол, 120 мянгат салбарын Эко экспресс дэлгүүрүүдийн гадна фасадны засварын ажилтай холбоотойгоор сонгон шалгаруулалт зарласан байх бөгөөд хариуцагч Д ХХК нь ажил тус бүрийг 8-10 хоногт, 14,900,000 төгрөгөнд багтааж хийж гүйцэтгэх хамгийн бага үнийг санал болгосноор сонгогджээ.
8.Ийнхүү зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр NR/18/290, NR/18/291 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдсан байх бөгөөд 290 дугаар гэрээгээр нэхэмжлэгч Н ХХК-ийн захиалгын дагуу хариуцагч Д ХХК нь Залуу монгол салбар, Эко экспресс дэлгүүрийн гадна тамбур, фасадны ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Н ХХК нь төлбөрт 14,900,000 төгрөгийг төлөх үүргийг, 291 дугаар гэрээгээр нэхэмжлэгч Н ХХК-ийн захиалгын дагуу хариуцагч Д ХХК нь 120 мянгат салбар, Эко экспресс дэлгүүрийн гадна тамбур, дээврийн засвар, фасадны ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Н ХХК нь төлбөрт 14,900,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ” гэж харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
9.Нэхэмжлэгч Н ХХК нь дээрх гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр тус бүрт 7,450,000 төгрөг, нийт 14,900,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 24, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хариуцагч Д ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Д ХХК нь гэрээнүүдийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан ажлуудыг буюу хуучин довжоо, саравчыг буулгаж ханын өнгөн хэсгийг хусах, шинээр довжоо угсарахад зориулж хэв хашмал бэлдэх, дүүргэлт хийх, шатны марш болон амрах тавцангийн арматур бэлдэх, логоны суурь цутгах, дээврийн хуучирсан банзуудыг буулгаж шинээр солих зэрэг ажлуудыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хийжээ.
10.Хариуцагч Д ХХК нь дээрх ажлуудыг хийх явцад нэхэмжлэгч байгууллагаас зургийг өөрчлөх, зарим тооцоолоогүй ажлуудыг нэмж хийх, төсөв нэмэгдэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Н ХХК-тай уулзалт хийсэн гэх боловч тодорхой үр дүнд хүрээгүй байх бөгөөд хариуцагч Д ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй, нэхэмжлэгч Н ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Д ХХК-д ажлаа хугацаанд нь чанартай хийж хүлээлгэн өгөхийг хүссэн албан бичгийг, түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Н ХХК нь 290, 291 тоот гэрээнүүдийг нэг талын санаачилгаар дүгнэж акт үйлдсэн байх бөгөөд уг актандаа 290 тоот гэрээний хувьд хариуцагч Д ХХК-ийг 32,1 хувийн ажил хийсэн, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш ажиллаагүй, иймд урьдчилгааны зөрүү дүн 2,664,440 төгрөг, алданги 9 хоног 0,3 хувиар тооцож 402,300 төгрөг, торгууль 20 хувь буюу 2,980,000 төгрөг, нийт 6,046,740 төгрөгийг буцаан авахаар, 291 тоот гэрээний хувьд хариуцагч Д ХХК-ийг 25,6 хувийн ажил хийсэн, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаагүй, иймд урьдчилгааны зөрүү дүн 3,623,392 төгрөг, алданги 9 хоног 0,3 хувиар тооцож 402,300 төгрөг, торгууль 20 хувь буюу 2,980,000 төгрөг, нийт 7,005,692 төгрөгийг буцаан авахаар шийдвэрлэсэн гэж тусгажээ.
11.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
12.Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШЗ2022/04372 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээч Баянмогод ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, тайланд “...Д ХХК нь Залуу монгол салбар, Эко экспресс NR/18/290 хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ гэрээгээр 2,823,231 төгрөг, Үнэлгээ нэмэлтээр 232,471 төгрөг, гэрээ болон нэмэлтээр хийсэн ажлын үнэлгээ 3,055,702 төгрөг, 120 мянгат салбар, Эко экспресс NR/18/291 гүйцэтгэсэн ажлын үнэлгээ гэрээгээр 6,426,840 төгрөг, Үнэлгээ нэмэлтээр 497,824 төгрөг, гэрээ болон нэмэлтээр хийсэн ажлын үнэлгээ 6,924,664 төгрөг нийт үнэлгээ 9,980,366 төгрөг...” гэж тогтоосон, мөн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “...Барилга угсралтын ажлын дэвтрийн хувьд захиалагч байгууллагын тамга тэмдэггүй, дээр нь захиалагчийн хяналтын инженер хийсэн ажлыг дүгнэж, заавар зөвлөгөө өгч гарын үсэг огт зураагүй тул хүчинтэйд тооцох боломжгүй юм. Дансны хуулгаар зардлыг тооцох боломжгүй тул Д ХХК-иас холбогдох зардлын баримтуудаа өгөхийг хүссэн боловч өгөөгүй болно” гэжээ. /хавтас хэргийн 133-146 тал/
13.Хариуцагч Д ХХК нь гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хийсэн ажлаа нэхэмжлэгч Н ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар талууд ажлыг хоёр талаасаа дүгнэсэн актгүй байх боловч шинжээч Баянмогод ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, тайлангаар гүйцэтгэгчийн хийсэн ажлын нийт үнэлгээ 9,980,366 төгрөг гэж тогтоосон дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
14.Талууд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн NR/18/290, NR/18/291 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 7.6-т “Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байхдаа гэрээг цуцалсан, гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс захиалагч гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх бөгөөд гэрээний гийт дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээнэ” гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж зохицуулсан.
15.Хариуцагч Д ХХК-ийн хийсэн ажлын нийт үнэлгээ 9,980,366 төгрөг гэж тогтоогдсон тул урьдчилгаанд авсан 14,000,000 төгрөгөөс хасч үлдэх 4,019,634 төгрөг, торгууль 803,926 төгрөг нийт 4,823,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,887,256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь гэрч П.Цолмон, Э.Мөнхбат нараас мэдүүлэг авах ажиллагааг зөвтгөж дахин явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2022/13749 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авах ажиллагааг явуулахаар гэрч П.Цолмон, Э.Мөнхбат нарт шүүхийн “Мэдэгдэх хуудас” хүргүүлсэн боловч гэрч П.Цолмон нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж 13 байр 98 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх, гэрч Э.Мөнхбат нь Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалант 4 гудамж, 103 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадлагааг ирүүлсэн.
Мөн гэрч П.Цолмонгийн 89886101 дугаарын харилцах утас ашиглалтад байхгүй, 91101206 дугаарын утас орох ярианы эрх хаагдсан, гэрч Э.Мөнхбатын 89059339 дугаарын харилцах утас огт авахгүй байсан болох нь шүүгчийн туслахын тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул гэрчээс мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлэх боломжгүй байна.
17.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй Хатанцамхаг ХХК-д холбогдох шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор хурал давхацсан, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2022/14177 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломж олгохоор шийдвэрлэсэн.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд Эрэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох тул хурал давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг дахин ирүүлсэн нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчийн хувьд шүүх хурал давхацсан гэх үндэслэл хамааралтай бөгөөд харин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн хувьд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын хүсэлт үндэслэлгүй бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
18.Нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,505 төгрөгийг Улсын орогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 92,127 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 4,823,561 /дөрвөн сая найман зуун хорин гурван мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,887,256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,505 төгрөгийг Улсын орогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 92,127 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛаж