Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00068

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00427 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 863 дугаар магадлалтай, 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 13,710,817 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, өмгөөлөгч П.Итгэл нарын хамтран гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас учирсан хохиролд 13,710,817 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, мэтгэлцжээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00427 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар ******* ХХК-д холбогдох гэрээ цуцалснаас учирсан хохиролд 13,710,817 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 226,505 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 863 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,505 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, өмгөөлөгч П.Итгэл нар хамтран гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардсан нэхэмжлэл гаргаж маргасан байхад давж заалдах шатны шүүх Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй, бодитоор гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээний талаар маргасан байна. Энэ тохиолдолд маргааны үйл баримтыг тогтооход тусгай мэдлэг шаардахаар байхад шүүх хариуцагчийг шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан гэх үндэслэлээр хүсэлт гаргаагүйд тооцон, хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн болно. Учир нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 6.2-т зааснаар зохигчид ажлыг хоёр талаасаа дүгнэсэн актгүй боловч ******* ХХК-ийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас ******* ХХК-д хохирол учирсан болох, хэдий хэмжээний ажил хийлгэсэн, ажлын хөлсний урьдчилгаа, алданги, торгуулиар хэрхэн хохирсон болохыг буюу ******* ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч өөрсдөө нотолж чадаагүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, өмгөөлөгч П.Итгэл нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан. 

7. Нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас учирсан хохиролд 13,710,817 төгрөг гаргуулахыг хариуцагчаас шаардсан байх бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй, бодитоор гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээ, урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх эсэх нь маргааны зүйл болжээ. 

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг. 

Давж заалдах шатны шүүх ...маргааны үйл баримтыг тогтооход тусгай мэдлэг шаардахаар байхад анхан шатны шүүх хариуцагчийг шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан гэх үндэслэлээр хүсэлт гаргаагүйд тооцон, хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, мэдүүлэг өгсөн болон өгөөгүй гэрчүүдийг хоорондоо харьцахгүй байх нөхцөлөөр хангаж гэрч П.Цолмон, Э.Мөнхбат нараас мэдүүлэг авсан гэж үзэх боломжгүй, гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан журмыг зөрчсөн... талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.  

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч тал гэрээнд заасны дагуу ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, түүний буруутай шалтгаанаар гэрээ цуцлагдсан бөгөөд бид хийсэн хэмжээнд нь ажлыг хүлээн авч, өөр байгууллагаар ажлыг үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан, харин хариуцагчид урьдчилгаанд илүү мөнгө өгсөн бөгөөд ирж тооцоо хийхийг мэдэгдсэн боловч ирээгүй учир илүү өгсөн мөнгөө алданги, торгуулийн хамт буцаан шаардах эрхтэй... гэжээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэрээний урьдчилгаанд авсан 14,900,000 төгрөгийн хэмжээнд зохих ажлаа хийсэн, нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, анх ажлын талбар дээр очиход л ажлын хийгдэх процесс буюу төсөвт тусгагдаагүй зардал гарах, хугацаа шаардах ажил байсан, үүнийг нэхэмжлэгчид бодит байдлаар нь хэлж, төсвөө нэмэх шаардлагатай гэхэд зөвшөөрөөгүй, тиймээс гэрээ цуцлагдсан, урьдчилгаа мөнгөнөөс буцаах боломжгүй, анз давхардуулан шаардах хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргажээ.  

Талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохигч өөр өөр байдлаар тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээ, чанарыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна.  

Энэ байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн тул тус шүүхийн алдааг залруулан, хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Иймээс давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, өмгөөлөгч П.Итгэл нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 863 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, өмгөөлөгч П.Итгэл нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,505 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Г.БАНЗРАГЧ

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН               Г.АЛТАНЧИМЭГ

                                                                ШҮҮГЧИД               П.ЗОЛЗАЯА

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД