Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2022/01013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2022/01013/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хотын ... дүүргийн ... дугаар хорооны Үндсэн хуулийн гудамжны ... Рокмон бюлдинг ... тоотод оршин байх И.И.К ББСБ ХХК / утас:.../-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дугаар багийн ... дугаар хэсгийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Ц.С / утас .../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 6,389,084.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, С.М, хариуцагч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.И.К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

...Иргэн Ц.С нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ... тоот зээлийн гэрээг И.И.К ББСБ ХХК-т байгуулж, 4,841,910 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж авсан байгаа.

Зээлдэгч нь манай байгууллагаас авсан зээлээр С.и ХХК-иас ipad pro 11 zpa загварын таблет худалдаж авсан бөгөөд зээлийн гэрээгээр авах мөнгөө С.и ХХК-ийн Хаан банкны ... тоот дансаар хүлээн авах хүсэлт гаргасны дагуу уг дансанд мөнгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй. Иймд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Зээлийн гэрээний 4 дүгүээр зүйлийн 4.2.3-д заасныг ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн

Үндсэн зээлийн үлдэгдэл 4,841,910 төгрөг, зээлийн хүү 1,507,837.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,737.22 төгрөг, нотариатын зардал 7,600 төгрөг нийт 6,389,084.32 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ц.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Тухайн үед зээл авч байхдаа эрсдэлээ бодсон. Ямар нэгэн юм болбол би өөрөө төлнө гэсэн зорилготой байсан. Ковидын үед давхцах, хил гааль хүртэл хаалттай байсан учраас бараа маань орж ирэхгүй байсан. Миний бизнес одоо л гайгүй болж байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ц.С нь И.И.К ББСБ ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 4,841,910 төгрөгийг ipad pro 11 zpa загварын таблет худалдан авах зориулалтаар сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, хариуцагчийн зээл хүссэн өргөдөл зэрэг баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч И.И.К ББСБ ХХК нь хариуцагч Ц.С нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлж барагдуулахгүй, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч талтай байгуулсан  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ц.Сгаас зээлийн үндсэн төлбөр 4,841,910 төгрөг, хүү 1,507,837.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,737.22 төгрөг, нийт 6,389,084.32 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ...Зээлийн үнийн дүн дээр маргаан байхгүй. Звөшөөрөхгүй байх шалтгаан нь ББСБайгууллага нь надад боломжит хугацаа хэлэхгүй байна... гэж тайлбарлаж байх боловч түүний гаргаж байгаа тайлбар нь уг төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй болно.

Иймд хариуцагч Ц.С-гаас зээлийн төлбөр 6,389,084.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.И.К ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.С-гаас зээлийн төлбөр 6,389,084.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.И.К ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,176 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 117,176 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.И.К ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА